Сурталчилгаа (15)
Хаах

"Хаадын тоглоом" кино юунаас санаа авсан бэ?

2018-10-12, 16:44
5,407

Зохиолч Жорж Мартиний ижил нэртэй романаас сэдэвлэсэн HBO телевизийн "Хаадын тоглоом" цуврал итгэмээргүй амжилтанд хүрч, дэлхий дахины сая сая үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Тус уран бүтээл дээр харгис хүчирхийлэл, уянгын халил, ид шид гэх мэт зохиомол, хэтрүүлэгтэй явдлууд олон гарах ч тэр болгоны ард түүхэн үнэн бодит зүйлс нуугдаж байдаг гэнэ. Ингээд та бүгдэд Мартины уран сэтгэмжээр бүтсэн ертөнц дэх түүхэнд бодитоор оршин байсан зарим ухагдахуун, эд юмс, газар орон, хүмүүс зэргээс сонирхуулъя.

"Хаадын тоглоом" кино юунаас санаа авсан бэ?

1 Феодализм

Вестерос нь феодалын засаглалтай бөгөөд хараат тогтолцоот долоон хаант улсыг нийслэл Кингс Лэндинг(King’s Landing)–ээс удирдан захирдаг. Эдгээр хараат улсууд дунд Хойд хаант улс (Старкийн удам захирдаг) болон Баратеоны удмынхантай ураг барилдсан Ланнистерийнханы захирдаг "Вестерландын хаант улс" бий. Хараат улсын хаадын харьяанд сурвалжтан ноёд болон тэдний хамжлагат ардууд багтана. Кинонд тэрхүү ноёдыг “тугчид” буюу “bannermen” гэж нэрлэдэг. Улсууд эхэндээ тусгаар тогтносон байсан бөгөөд олон зууны турш үргэлжилсэн цуст дайсагнал, өс хонзонгийн уршгаар засаглал нь ялзран доройтжээ.

Таваас арван хоёрдугаар зууны хооронд баруун Европт ноёлж байсан засаглалын хэлбэр болох феодализмын гол зарчмуудыг Мартин уран бүтээлдээ ийнхүү тусгасан байна.

Феодализм

2 Туршуул

Элизабет хатны туршуулын албаны толгойлогч байсан Фрэнсис Валсингхэм(Francis Walsingham)-ийн олон онцлогийг "GOT" цуврал дээр гардаг Варисийн(Varys) дүр өөртөө агуулсан байдаг. “Цуу ярианы мастер” хочтой байсан тэрээр улс даяар тарсан туршуулууд, тагнуулчдаасаа мэдээлэл цуглуулж, түүнийгээ ашиглан өөрт нь хэрэг болох хэн бүхнийг дарамтлан эрхэндээ оруулдаг байжээ.  Валсингхэмийн нэгэн адил Варис өөрийнхөө зальхай явдлыг улс орныхоо тусын тулд хэмээн зөвтгөдөг. Тийм ч байх талтай. Нэг нь Шотландын хатан хааны, нөгөө нь Таргарьений хатан хааны төрийн ээдрээт явдлыг зохицуулж, улс төрийн тогтвортой байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулсан нь үнэн юм.

Туршуул

3 Нүүдэлчид

“Луунуудын эх” Дэнирис (Daenerys) -ийн бэр болж очдог овгийн зохион байгуулалттай нүүдэлчин Дотракичууд (Dothraki) адуунд түшиглэсэн аж ахуй эрхэлж, уналга тээвэр, хоол хүнсний хэрэгцээгээ хангахын сацуу морийг бэлгэ тэмдгээ болгосон байдаг. Энэ нь олон зууны турш нүүдлийн мал аж ахуй эрхлэн аж төрсөн, моринд гарамгай монголчуудтай төстэй. Монголчууд дотракичуудтай адил овог, аймгуудад хуваагдсан засаг захиргаатай байсан. Тэр тусмаа Чингис хааны үеийн монгол орны онцлог дотракичуудын амьдралаас илүүтэйгээр харагддаг.

Нүүдэлчид

4 Цус ойртолт

Вестерост цус ойртох явдлыг ихэд цээрлэдэг ч Церсей (Cersei Lannister) болон Жэйм Ланнистер (Jaime Lannister) хоёр хоорондоо учир ургуулж, гурван ч хүүхэд төрүүлдэг(нөхөр Робертийнх нь хүүхдүүд гэж мэхэлдэг). Хэдийгээр Церсей ахтайгаа дурлалцсан явдлаа бусдаас нуудаг ч иймэрхүү зориг зүрх тийм ч олон газар гараад байдаггүй. Дэнирисийн харьяалагддаг Таргарьений удам цус ойртсон гэрлэлтээрээ алдартай. Харин бодит түүхэнд Арсиной II(Arsinoe II) өөрийн ах Птолемей II(Ptolemy II)-тэй гэрлэн хамтдаа Египетийг удирдаж, “ах дүүсийн дурлал” гээч зүйлийн үндсийг тавьж байжээ. Хос хоёр түүхэнд “Филадельфой” гэсэн нэрээрээ алдаршжээ. Үүнээс хойш энэ нь Египетэд заншил болон тогтож улмаар Грект очжээ.

Цус ойртолт

5 Хана хэрэм

Тэс цуврал дээр “Шөнийн харуулуудын” хамгаалдаг, Вестеросыг хойд зүгийн зэрлэгүүдийн нутгаас тусгаарладаг “Хана” нэртэй аварга том бэхлэлт гардаг. Энэ нь Хятадын хаант улсуудыг нүүдэлчдийн довтолгооноос хамгаалах зорилготой баригдсан Хятадын Цагаан хэрэмтэй төстэй. Үнэндээ зохиолч Мартин Британи дахь ромчуудын бэхлэлт болгож барьсан Адрианы хананаас санаа авчээ. “Хаан ширээний тоглоом” дахь тус хана хэрэм ид шидтэй, мөсөөр баригдсан ч гэсэн үр ашгаа өгөх тал дээр хятадын Цагаан хэрэмнээс төдийлөн дээрдсэнгүй, зохиолын турш хэд хэдэн удаа эвдэгддэг.

Хана хэрэм

6 Эрүү шүүлт

Вестеросын нийгмийн салшгүй нэг хэсэг бол эрүү шүүлт. “Хаан ширээний тоглоом”-ын нэг анги дээрх хохирогчийн гэдэс рүү амьд харх хийж дотроос нь идүүлдэг эсвэл хүнийг хөнгөлдөг аймшигтай хэсгүүд үзэгчдийг ангайлгаж, цахим орчинд ихээр яригдсан. Дэлхийн түүхэнд эрүү шүүлт хийж байсан баримтууд эртний Египет, Грект анх бүртгэгдсэн байдаг. Ихэнх орнууд 20-р зууны эхээр энэхүү шийтгэлийн төрлийг халсан (зарим нь нэр төдий) байна.

Эрүү шүүлт

7 Цаазын ял

Цувралын эхний анги дээр Нед Старк хариуцлага алдсан шөнийн харуулын толгойг авдаг бол өөрөө эхний сезоны төгсгөл хэсэгт Жоффри хааны тушаалаар мөн бөндгөрөө алддаг билээ. Вестерост цаазын ял нь хэрэг үйлдэгсдэд оногдуулах ганц оновчтой шийтгэл бөгөөд шүүх хурал ч тэр болгон хэрэг болоод байдаггүй. "Цусыг цусаар" хэмээх зарчим вавилоны "Хаммурапийн хууль"-иас эхлээд ямар ч иргэншилд хүчин төгөлдөр хэрэгжиж байв. Гэхдээ хэрэгтнүүдийг ямар аргаар цаазлах эсэх нь өдгөө хүртэл маргааны сэдэв байсаар байна.

Цаазын ял

8 Луунууд

"Хаан ширээний тоглоом" дээр лууг нэгэн зууны өмнө устсан гэж үзэж байсан ч Дэнирис Таргарьен түймрийн дунд орж гурван өндөгнөөс луу дахин төрүүлж чаддаг. Таргарьений удмынхан бас луу унадгаараа нэртэй. Дэлхийн түүхэнд газар орноосоо шалтгаалан домгийн амьтан лууг сайн муу аль алиных нь бэлгэдэл болгодог байв. Хятадууд лууг шүтэн биширч, хаан ширээний бэлгэ тэмдгээ болгосон бол Египет, Грек, Ромчууд харин эмээж, зэвүүцэнгүй ханддаг байсан нь дундад зуунд бас үлдэн хоцорч луу нь нүгэл хилэнцийн бэлгэдэл болсон байдаг.

Луунууд

9 Аварга чононууд

Цувралын эхэнд Старкын хүүхдүүд аварга чонын хүүр олж өнчирсөн бэлтрэгүүдийг нь авч тэжээдэг. Хожим тэдгээр бэлтрэгүүд Старкын гэр бүлийнхний үнэнч нөхөд, хамгаалагч нар нь болдог. Дэлхийд плейстоцений үед амьдарч байсан эдгээр амьтад өнөөгийн саарал чоноос биеэр том ч цуврал дээр гардаг шиг тийм том байсангүй. Өдгөө устаж үгүй болсон балар эртний амьтад дундаас аварга чонын  үлдэгдлүүд хамгийн ихээр олддог байна.

Аварга чононууд

12
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()