Тархины гэмтэл аваад гоц авьяастан болсон хүмүүсийн итгэмээргүй түүх

Юу биднийг гоц ухаантан болгодог вэ? Тархины төрөлхийн өвөрмөц бүтэц үү? эсвэл бидний мэдэхгүй өөр механизм байдаг юм болов уу. Гэтэл түүхэнд гэнэтийн осолд орж хүнд гэмтэл авсныхаа ачаар зарим нэг чадварыг төгс эзэмшиж, гайхалтай авьяас чадварыг олж авсан хүмүүс олон байдаг. Ингээд гоц авьяас үнэтэй ирдэг гэдгийг нотлох дараах хүмүүстэй танилцацгаая.

Тархины гэмтэл аваад гоц авьяастан болсон хүмүүсийн итгэмээргүй түүх
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Дерек Амато(Derek Amato) - Хөгжмийн гоц авьяастан

2006 онд Колорадо мужийн Денвер хотын оршин суугч Дерек Амато гүехэн устай бассейн руу шумбахдаа ёроолыг нь толгойгоороо мөргөөд ухаан алдчихжээ. Энэ үйл явдлын дараа тэрээр ухаан самуурч, ихэд айсан байдалтайгаар эмнэлэгт сэргэсэн байна. Ийм тохиолдолд ихэнхдээ үе мөч мэдээгүй болох, саажих эрсдэлтэй байдаг байв. 

Дерекийг ч мөн аюул тойрсонгүй. Тэрээр сонсголын бэрхшээлтэй болж, ой санамж нь муудаж, байнга толгой нь өвддөг болж хоцорчээ. Гэхдээ Дерек үүнийг өөрт нь тохиолдсон хамгийн азтай явдал гэж үздэг бөгөөд учир нь гэмтэл түүнд хөгжмийн гайхамшигтай авьяасыг авчирсан юм.

Дерек Амато(Derek Amato) - Хөгжмийн гоц авьяастан

Ослын дараахнаас түүний нүдэнд хар цагаан дүрсүүд эрээлжлэн харагдаж хөгжмийн нотууд тасралтгүй урсаж эхэлжээ Дерек хөгжмийн зэмсэг огт сонирхолгүй, тоглож сурч байгаагүй хэрнээ төгөлдөр хуурын ард суугаад хэдэн жил хичээллэж байж сурдаг хэцүү аялгуунуудыг шуудхан тоглох чадвартай болчихсон байв. Яаж ингэж тоглож чадаад байгаагаа тэрээр өөрөө ч хэлж мэддэггүй бөгөөд ямартай ч ийм авьяас заяасанд өдөр бүр талархаж явдгаа дурдсан байна. 

2 Жэйсон Пэйжет (Jason Padgett) - Математикийг "хардаг" хүн

2002 оны нэгэн орой тавилгын дэлгүүрийн худалдагч Жэйсон Пэйжет уушийн газраас гарч явтал хоёр танхай этгээд санамсаргүй байхад нь цохин унагажээ. Газарт унасан байхад нь нөгөө хоёр этгээд дахин толгой руу нь хэд хэдэн удаа өшиглөсөн байна. Зодуулж байх үед эхлээд түүний нүдэнд хурц цагаан гэрэл гялсхийсэн бөгөөд дараагаар нь ухаан балартан муужирч унажээ. Харин Пэйжет цементэн дээр цусанд будагдсан, ихэд цочирдсон байдалтай сэрснээ л санадаг байна. Ингээд Пэйжет ямар ч учир утгагүй гэмт хэргийн золиос болохын хажуугаар тархи хөдлөлт, харааны гажигтай болон үлдсэн гэдэг. 

Үр дүнд нь түүний хараа хэвийн боловч нүдэнд нь бүх зүйл янз бүрийн шугам, хэлбэр дүрсүүдэд хуваагдан үзэгдэх болжээ. Пэйжет эхэндээ тэдгээр нь математикийн томьёонуудын геометр илэрхийлэл гэдгийг ахлах сургуулиа дүүргэлгүй орхисон  учраас үнэндээ мэдээгүй байна. 

Жэйсон Пэйжет (Jason Padgett) - Математикийг "хардаг" хүн

Яагаад ч юм тархины гэмтэл түүнд математикийн ухааныг шууд нүдэндээ дүрслэн харах чадварыг өгчээ. Эрдэмтэд Пэйжетэд хэд хэдэн тэгшитгэл үзүүлээд тархинд нь бичлэг хийхэд түүний тархин дах харааны төв эрс идэвхжиж байгаа нь ажиглагдсан юм. Тэрээр тоог бодит дүрс болгон харж байв. Хожим Жэйсон Пэйжет нь өөрийн энэхүү тайлбарлашгүй төлөв байдлын талаар илүү ихийг мэдэхээр коллежид суралцсан байна.

3 Жон Саркин (Jon Sarkin) - Авьяаслаг зураач

Гучаад нас хүртлээ Жон Саркин жирийн л амьдралтай, жирийн л эр байлаа. Тэрээр бариа засалчийн мэргэжлийг чадварлаг эзэмшсэн, гэр бүлтэй, гольфийн спортоор хичээллэдэг нэгэн байв. Гэтэл нэг л өдөр Саркин үхлийн үүдийг татаад буцсан юм. 

1988 онд гольфийн тэмцээний үеэр Саркины тархинд цус харвасан юм. Эмнэлэгт яаралтай хүргэгдсэний дараа түүний биеийн байдал ихэд хүндэрч, эмч нар мэс засал хийн тархиных нь нэг хэсгийг авч хаяхаас өөр аргагүй болжээ. Харин Саркиныг ухаан ороход түүнд бариа заслын эрдмээс нь юу ч үлдсэнгүй харин дүрслэх урлагийн авьяас орыг нь эзэлсэн байжээ. 

Жон Саркин (Jon Sarkin) - Авьяаслаг зураач

Эхэндээ тэрээр жигтэй цуврал зүүд зүүдэлдэг байснаа удалгүй түүнийгээ бодит амьдралд өнгө будгаар илэрхийлэх болов. Саркин өмнөх ажлаа орхин бүр мөсөн уран бүтээлч болж, уран зураг, баримал аль алиныг нь сонирхож эхэлжээ. Түүний гайхалтай түүх болоод уран бүтээлүүд хэвлэл мэдээллийн анхаарлыг татах хүртэл тийм ч удаан хугацаа өнгөрсөнгүй. Тархинаас нь авсан өчүүхэн хэсэг яагаад ч юм Жон Саркинийг огт өөр нэгэн болгожээ. Өнөөдөр, тэрхүү явдлаас бараг гучин жилийн дараа ч Саркин уран бүтээлээ туурвисаар байгаа бөгөөд түүний бүтээлүүд дэлхийн олон галерейд дэлгэгдсэн байна.

4 Лей Эрсег(Leigh Erceg)-Математикийг урлагтай хослуулагч

2009 онд 49 настай Лей Эрсег өөрийнхөө эдлэн газарт явж байхдаа нэгэн жалга руу уначихжээ. Тархи, нугасандаа хүнд гэмтэл авсан тэрээр үлдсэн амьдралаа тэргэнцэр дээр өнгөрүүлэхээс өөр сонголтгүй болсон байв. Гэтэл гайхамшиг тохиож түүний нуруу эдгэрчээ. Харин бүр ч гайхамшигтай нэг зүйл болсон нь түүний ер бусын өөрчлөлт байв.

Ослын дараа Эрсег өөрийгөө хэн гэдгийг огт мэдэхгүй байгаад зогсохгүй ээжийгээ ч тэр, хүүхэд насаа ч тэр, ер нь жалга руу унахынхаа өмнөх өөрийн амьдралаас юуг ч санахгүй байлаа. Ой санамжтай нь хамт бас түүний сэтгэл хөдлөл алга болжээ. Одоо ч тэрээр хэзээ инээмсэглэх ёстойгоо мэдэх боловч яагаад инээмсэглэж буйгаа огт мэддэггүй байна. 

Лей Эрсег(Leigh Erceg)-Математикийг урлагтай хослуулагч

Гэвч ослын дараа түүний ой ухаанд гарсан хоосон зайг цоо шинэ чадваруудын цогц дүүргэсэн юм. Тэрээр математик, урлаг хоёрыг хачирхалтайгаар хослуулсан бөгөөд өөрөөр хэлбэл шинээр олсон тооны ухааны сонирхлоо уран зургаар илэрхийлэх болжээ. Зурсан зургаа тэрээр математикийн тэгшитгэлээс гаргаж авсан дүрс гэж тайлбарладаг аж. 

5 Mr. Z - Гайхалтай ой санамж

Тархины хүнд гэмтэл авснаас болоод ховор чадвар эзэмшсэн цөөхөн хүнийг ямар механизм ийм байдалд хүргэв гэдгийг эрдэмтэд одоо хүртэл олоогүй л байна. Иймэрхүү үзэгдлүүд хэдэн арван жилийн турш бүртгэгдэж байсан ч судалгааны ажил үргэлж мухардалд хүрч байжээ.

80-аад оны үед нэгэн сэтгэл зүйч нэрийг нь зөвхөн Mr.Z хэмээн тэмдэглэсэн нэгэн өвчтөний талаар тэмдэглэл бичсэн байв. Mr.Z-г есөн настай байхад нь гэрт нь нэвтэрсэн дээрэмчин духан тус газарт нь бууджээ. Сум толгойгоор нь нэвт гарсан бөгөөд үүнээс болж хүү хэлгүй болж, биеийнхээ нэг талын мэдээг бүрэн алдсан юм. Хэдийгээр Mr.Z логик сэтгэлгээний ямар ч чадваргүй болж үлдсэн ч тэрээр ямар ч юмыг бүрэн задлаад буцааж нийлүүлээд бүтэн болгочихдог жигтэй авьяастай болсон байжээ. 

Үүнээс гадна тэрээр янз бүрийн баримтыг гайхалтай тод санаж байв. Ганцхан удаа очсон газрынхаа гудамжны нэрийг ч гайхмаар тод санадаг байсан юм. Харамсалтай нь Mr.Z энэхүү ховор чадваруудыг эзэмшсэн боловч түүний хөгжлийн бэрхшээл насанд хүрсэн хойно нь ч арилаагүй юм.

Mr. Z - Гайхалтай ой санамж

6 Франко Магнани (Franco Magnani) - Хүүхэд насныхаа дурсамжийг буулгагч

1960-аад оны үед Сан-Франциско хотын оршин суугч Итали гаралтай Франко Магнани гэнэтийн бөгөөд учир битүүлэг өвчнөөр шаналах болжээ. Тэрээр өндрөөр халууран хэвтэрт орж сүүлдээ дэмийрч эхэлсэн байна. Өвдөж байхдаа тэрээр арваад жилийн өмнө орхисон Италийн Понтито дахь төрөлх гэрээ, хүүхэд насаа эргэн зүүдэлдэг байв. Сэрснийхээ дараа Магнани өөрийн зүүдэндээ үзсэн болгоноо зурж эхэлсэн байна. 

Магнани өөрийн төрж өссөн тосгоны дүр төрх, тэнд харсан агшин бүрийг яг байснаар нь гайхалтайгаар зурж байв. Ямартай ч өндрөөр халууран, таталтын шинж тэмдэг үүссэн нь түүний тархин дахь ямар нэгэн зүйлийг ажиллагаанд оруулж, хүүхэд насныхаа бүхий л явдлыг нэг бүрчлэн эргэн санах боломжийг олгосон бололтой. 

Түүний өвдсөнөөс хорин жилийн дараа нэгэн зурагчин Понтито руу аялж Магнанигийн зурсантай яг ижил дүр байдлыг гэрэл зургийн дурандаа буулган буцаж ирсэн байна. 

Франко Магнани (Franco Magnani) - Хүүхэд насныхаа дурсамжийг буулгагч

7 Антони Сикориа(Anthony Cicoria) - Хөгжим тоглох дон

1994 онд доктор Антони Сикориа утсаар яриад дөнгөж дуустал гэнэт нүд сохлом хурц гэрэл гялсхийн утсан дээр нь бууж, дараа нь нүүрэн дээр нь ойн цохих мэт болжээ. Тэрээр их хүчинд автагдан арагшаа шидэгдсэн бөгөөд өөрийнх ярьснаар сүнс нь тэр дороо биенээсээ гарчихсан аж. Тэрээр өөрийн амьгүй болсон биеийг хүмүүс бүчиж, аврахыг оролдож байгааг хажуунаас нь хараад зогсож байснаа санадаг байна. Дараа нь биерүүгээ буцаад орсон гэж тэрээр дурсдаг. Учир нь Сикориа аянганд цохиулсан байжээ.

Дараачийн хэдэн сарын турш Антони Сикориа хэвийн амьдралдаа эргэж орохыг хичээсэн ч болсонгүй, нэг л хэвийн бус байв. Өөрийн ажилдаа төвлөрч чадахгүйн зэрэгцээ ой санамж нь орон гаран байжээ. Гэвч удалгүй тэдгээр асуудлууд арилж, амьдрал нь хэвийн урсгалдаа орсон ч түүний өмнө дахин нэг гэнэтийн зүйл гарч ирсэн нь хөгжим зохиох дийлдэшгүй их хүсэл байлаа.

Антони Сикориа(Anthony Cicoria) - Хөгжим тоглох дон

Хүсэл сонирхол нь сүүлдээ донтолт болон хувирчээ. Түүний зүүдэнд байнга хөгжим сонсогддог болсон бөгөөд тэрээр төгөлдөр хуур тоглож мэддэггүй байсан тул толгойноосоо тэрхүү хөгжмийг гаргаж чадахгүй байв. Ингээд Сикориа хүнээс төгөлдөр хуур гуйж аван өөрөө тоглож сурч эхэлсэн байна. Сурах тусам нь донтолт нь ихсэж байлаа. Зав гарвал л тоглож, хөгжимгүйгээр байж сууж чадахаа больжээ. Эхнэр нь салаад явсан ч гэсэн Сикориа тоглосоор л байв.

Оливер Сакс хэмээх мэдрэлийн эмч түүн дээр судалгаа хийж үзээд түүний зан чанар эрс өөрчлөгдөхийн хажуугаар хөгжмийн авьяас нь гэнэт илэрсэн явдал нь аянганд цохиулснаас үүдэлтэй тархины түр зуурын цус харвалтаас болсон бололтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гэвч энэхүү дүгнэлт нь яагаад ийм өөрчлөлтүүд гарсныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүрэн тайлбарлаж чадахгүй байгаа юм.

8 Хитер Томпсон(Heather Thompson) - Зураачийн амьдралыг сонгосон нь

Хитер Томпсон 2011 оны гуравдугаар сард худалдаж авсан бараагаа машиныхаа тээш рүү хийж байхдаа хаалганд нь толгойгоо цохиулан ухаан алджээ. Эмчийн үзлэгээр "тархины хөнгөн гэмтэл" авсан гэх онош гарсан юм.

Ноцтой гэмтэл биш бололтой байсан ч Томпсон тэр явдлын дараа нэг л өөр болчихсон мэт байжээ. Түүнд гэрэл хэтэрхий хурц, өнгүүд маш тодоор ялгаран харагддаг болов. Ингээд тэрээр энэхүү хэт мэдрэг байдлаасаа салахын тулд хувийн компаний захирлын ажлаа мөн гэр бүлээ орхиж харанхуй өрөөнд өөрийгөө түгжин суух болсон байна. Энгийн зүйл хийхэд л үхтлээ ядарч байсан тул Томпсон өдөржингөө унтдаг байв. Ганц болгоомжгүй явдал ийнхүү түүний амьдралыг там болгох нь тэр.

Тэгтэл хөрш нь түүнд санаа тавьж хэдэн хуучин бийр багс авчран өгч тайвшрахын тулд зураг зурахыг санал болгожээ. Томпсон үүнд шоолонгуй хандаж байсан ч нэг удаа зурж үзсэнийхээ дараа бийрнээс дахиж салаагүй байна. Антони Сикориа, Жон Саркин нарын нэгэн адил тархины гэмтэл түүнийг огт өөр хүн болгосон аж. Нэгэн цагт компаний захирал байсан Томпсон нөхрөөсөө салж, хотоосоо нүүн өөр газар очиж зураачийн амьдралаар амьдрах болжээ. Амьдралдаа өмнө нь хэзээ ч ийм жаргалтай байсангүй гэж тэрээр өгүүлсэн байна.

Хитер Томпсон(Heather Thompson) - Зураачийн амьдралыг сонгосон нь

9 Орландо Серрелл(Orlando Serrell) - Их Мэдэгч

"Их мэдэгчийн синдром" гэх зүйлийн амьд жишээ нь Орландо Серрелл юм. Тэрээр 1979 онд хүүхэд байхдаа бейсбол тоглож байгаад толгой руугаа бөмбөгөөр цохиулчихжээ. Серрелл дүйнгэтэн газарт унаснаа удалгүй босч тоглолтоо үргэлжлүүлсэн байна. Гэвч Серрелл амьдрал нь орвонгоороо өөрчлөгдөх гэж байгааг тэр үед огт мэдсэнгүй. 

Эхлээд түүний толгой өвдөж эхэлжээ. Хэдэн өдрийн турш түүний толгой нүдийг нь харанхуйлтал лугшин, задрах шахам өвджээ. Тэгж байгаад толгойн өвчин нь арилтал Орландо бүхий л зүйлийг санах болсноо мэдсэн байна. Өөрийн амьдралын өдөр болгоныг, ямар хувцас өмссөн, цаг агаар хэр байсан, өглөөний цайнд юу идсэнээ бүгдийг нь тодорхой санаж байжээ. 

Орландо Серрелл(Orlando Serrell) - Их Мэдэгч

Серреллийн толгойг цохисон бөмбөг түүнд ой санамжаас гадна ирээдүйг тооцоолох чадварыг өгчээ. Тэрээр ямар ч огноог хэдэн зуун жилийн дараа байсан ч хамаагүй долоо хоногийн аль гарагт тохиохыг тэр дор нь тооцоолдог байв. Өдгөө 37 настай тэрээр тархины гэмтэл хүний оюун ухаанд хэрхэн нөлөөлдгийг судалж буй эрдэмтдэд туслан ажиллаж байна.

10 Жим Кэролло(Jim Carollo)

Жим Кэролло 14 настайдаа автомашины осолд орж ээж нь нас баран өөрөө комд орсон байна. Тархиндаа хүнд гэмтэл авсан байсан тул эмч нар түүнийг хэдхэн долоо хоногийн настай гэж үзэж байв. 

Гэвч гайхалтай зүйл тохиолдон тэрээр амьд үлдэж чаджээ. Зургаан долоо хоногийн дараа тэрээр ухаан орж удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээнд хамрагджээ. Удалгүй тэрээр сургуульдаа эргэн сурах боломжтой болсон ч хэзээ ч өмнөх шигээ байж чадахгүй гэдгээ ухаарсан байна.

Осол болохоос өмнө Кэролло математикт сонирхолтой байсан бол ослын дараа математикийн бодлогууд түүнд хүүхдийн тоглоом мэт санагдах болжээ. Тэрээр ахлах сургуулийн геометрийн шалгалтанд юу ч бэлдэлгүйгээр тэнцэв. Дараа нь Кэролло шууд интеграл ба дифференциал тоолол үзэх болж, бүх л шалгалтыг хялбархан давж байв. Тоог хараад л тогтоочихдог болов. "Пи" тооны эхний 200 оронг тэрээр ердөө ганц өдрийн дотор л цээжилжээ. Кэроллогийн толгойд өдөр ирэх тусам тоо улам ихээр, төгсгөлгүйгээр эргэлдэх болсон байна. 

Ослын дараах түүний амьдралд тоо яг л найз шиг үргэлж хамт байж тайвширлыг өгдөг байсныг өдгөө 39 настай Жим Кэролло дурссан байна.

Жим Кэролло(Jim Carollo)

18
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()