Сурталчилгаа (15)
Хаах

Хэрхэн өөдрөг сэтгэлгээтэй болж сайхан амьдрах вэ?

Америкийн судлаач Даниель Голмэн (Daniel Goleman)-ы 1995 онд бичсэн "Emotional Intelligence" номонд бид өөрсдийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хянаж сурах нь "IQ" өндөртэй байхаас илүү амжилтанд хүргэж чадахыг онцолсон байдаг. Хүн дан ганц өндөр потенциалтай байснаараа бүх зүйлийг шийдэж чадахгүй бөгөөд бидний толгойд эргэлдэж байгаа мянга, мянган бодлоо цэгцэлж байж амьдралд хөл алдахгүй явж чадна. Ингээд сэтгэл хөдлөлөө хэрхэн хянаж сурах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.

Хэрхэн өөдрөг сэтгэлгээтэй болж сайхан амьдрах вэ?

1 Хэрхэн эерэгээр бодох вэ

Та биднийг амжилтад хүрэхэд сөрөг, гутранги бодлууд үргэлж саад болж байдаг.

Өмнөх бүтэлгүйтэл биднийг урагш алхахад саад болж, дахин алдах вий гэсэн айдсыг төрүүлж байдаг. Харин та өмнө нь бүтэлгүйтсэн байж болох ч түүнээсээ болоод өмнөө гарч ирж буй өөр боломжуудыг ч мөн саат тотгор мэт харах хэрэггүй.

Таагүй сөрөг бодлууд нь бүтэлгүйтэл, саад бэрхшээл авчирдаг бол өөдрөг, сайхан бодлууд нь туршлага, амжилтыг авчирдаг. Эерэг бодолтой хүн өөрийн бүтэлгүйтлийг амьдралын туршлага мэтээр харж чаддаг учраас өөрийн зорилго мөрөөдөлд хаалт хийдэггүй байна.

Энгийн жишээ авъя л даа. Таны хамгийн дуртай өмдөнд тань жижигхэн нүх гарчихсан байлаа гэж бодоход та түүнийг урагдчихлаа гэж гутрахын оронд, магадгүй шинэ загвартай болгож өөрчлөх талаар бодож үзэж болох юм.

Өөдрөгөөр сэтгэх анхны алхмууд:

1. Дотоод сэтгэлтэйгээ ярилцаж сур

Өөрөө өөртөө “Би үүнийг илүү сайн хийж чадна”, “Дараа би илүү сайн хичээнэ” гэх зэргээр хэлж урам хайрлаж бай. Судалгаагаар энэ нь бүтээлч чанараа хөгжүүлж, эрч хүчтэй ажиллан, асуудлыг шийдэх үр дүнтэй арга болох нь батлагджээ. Хамгийн гол нь юу ярьж байгаадаа итгэлтэй бай. Энэ бол ид шид биш, харин өөрөө өөрийгөө сэтгэлзүйн хувьд бэлтгэж байгаа гол тулгуур нь юм.

2. Сөрөг бодлоо төв үзэлд шилжүүл

Муу зүйл хийж байна гэж өөрийгөө бүү зовоо, магадгүй хэдхэн хормын дараа ч сайн зүйл болж болно шүү дээ. Өөрийгөө битгий хүчил.

3. Сөрөг бодол бол зүгээр л нэг "бодол" гэдгийг ойлго

Сөрөг ч бай эерэг ч бай зарим зүйлийг зүгээр л түр зуурын бодол гэж итгэж сур. Ингэснээр сэтгэлийн зөрчил багасна.

Хэрхэн эерэгээр бодох вэ

2 Айдас, зовнилоо хэрхэн даван туулах вэ

Бүтэлгүйтлээ даван туулж чадаагүйгээс толгой доторх хэчнээн хэрэгтэй төсөл, шинэ санаагаа алдаж байгаагаа та төсөөлөх ч гүй биз. Зохион бүтээгч болгон алдаанаасаа айж, санаагаа орхидог байсан бол та энэ өгүүллийг зөөврийн компьютер, гар утасны дэлгэцээс уншиж суухгүй, ажилдаа ч машинаар явахгүй л байсан байх.

1. Алдаж байна гэдэг нь харин ч таныг зогсонги нэгэн биш гэдгийн баталгаа юм

Юу ч хийхгүй байгаа үед алдаа гардаггүй. Тиймээс бүтэлгүйтлээ тэвчиж түүнээсээ суралц.

2. Алдаа таныг туршлагатай болгоно

Алдаагаа бүү давт. Өөрийнхөө сул талыг олж харж, дараагийн удаад өөрөөр хий. Бүтэлгүйтэл бүхэн үнэтэй сургамж байдгийг санах хэрэгтэй.

Өөрөө, өөртөө асуулт тавь:

  • Энэ бүтэлгүйтэл надад ямар сургамж өгөв?
  • Үүнийг хийхэд надад ямар ашигтай  вэ?
  • Энд ямар давуу тал байгаа вэ?

Энэ бүхний эцэст ашигтай байж болох ямар нэгэн зүйл олж харах л болно.

3. Алдаагаа өөртэйгөө холбож бодох хэрэггүй

Ямар нэг зүйл болж бүтэхгүй байхад юм уу, алдаа гаргавал өөрийгөө бүтэлгүй амьтан гэж бүү бод. Түүнээсээ сургамж авч, айдсаа холдуулж чадвал нөхцөл байдал давтагдахгүй.

Айдас, зовнилоо хэрхэн даван туулах вэ

4. Бэрхшээлийг даван туулж, шийдвэрлэхэд бэлтгэ

Сөрөг байдлыг даван туулахад ганцхан эерэг хандлагатай байх нь хангалтгүй гэдгийг эрдэмтэд тогтоожээ.

Судалгаанд оролцогчдоос дараа долоо хоногт болох гэж байгаа үйл явдлын талаар асуухад эхний хэсгийнхэн өөдрөгөөр хариулж төлөвлөгөө гаргаж байв. Харин хоёр дахь бүлгийнхэн зайлшгүй шаардлагатай ажил, очихоос л биш гэсэн хандлага гаргаж байжээ. Өөдрөгөөр харж байсан эхний хэсгийнхэн болж буй үйл явдалд эрч хүчтэй оролцож байсан бол саад тотгор мэт харсан хэсгийн хүмүүс бүтээмж муутай байв.

5. Асуудалд биш харин түүнийг хэрхэн даван туулахад анхаарлаа төвлөрүүл

Бэрхшээлийн тухай бодох нь түүнийг даван туулж шийдвэрлэхэд зарцуулахаас илүү эрч хүчийг танаас шаарддаг байна. Тэгэхээр бүтэлгүйтлийнхээ талаар бодолгүй түүнээс урьдчилан сэргийлэх талаар бод. Энэ нь танд хувийн бухимдал сэтгэл зовнилоос зайлсхийх, сул талаа олж харахад тусална.

3 Өөртөө дэмжлэг үзүүлэх нь

Хэвшмэл сэтгэлгээтэй хүмүүс өөрийгөө ямагт нэг л төрхөнд нь барьж байдаг. Тэд өөрсдийгөө шинэ зүйл турших, бэрхшээлтэй тулгарахад бэлэн биш гэж боддог.

Харин өөрийгөө дэмждэг хүмүүс өөрийгөө илүү сайн болно гэдэгт итгэж шинийг эрэлхийлж, хөгжүүлэхийг эрмэлздэг. Тэдний хувьд зөвхөн эхэлсэн байхад л хангалттай.

1. Бэрхшээл тулгарахад бэлтгэлтэй бай

Дан шулуун дардан замаар явсаар уулын оргилд хүрнэ гэж бүү бод. Саад бэрхшээл тулгарна гэдэгт сэтгэлзүйн бэлтгэлтэй бай.

2. Өөрийгөө хөгжүүлэхэд анхаар

Өөрийнхөө мэдэхгүй зүйлийн талаар сонирхож бай. Өмнө нь хийж байснаасаа илүү ихийг хий. Илүү их зорилго тавьж түүндээ хүрэхийн төлөө зүтгэ. Өөрийнхөө мэдлэгийн санг дундуур байгаа гэж бодон ямагт дүүргэхийн төлөө хичээ. Хийж үзэх юмсан гэж удаан бодож явсан зүйлээ эхлүүлээд л үз.

3. Зорилготой, дайчин бай

Гадаад явж суралцах талаар бодсоор л байна уу? Тэгвэл яг одоо гараад сургалтын төв хайгаад үз, эсвэл мөнгө төлөхгүйгээр хийж болох, мэдлэгээ нэмж болох боломж байгаа эсэхийг судал. Үнэ төлбөргүй англи хэлний ярианы клубууд ч байдаг болсон цагт та юу хүлээж сууна вэ?

Өөртөө дэмжлэг үзүүлэх нь

4 Яаж өргөн хүрээтэй сэтгэх вэ?

Сэтгэлгээний хүрээгээ тэлэхгүй бол та өнөө маргаашаа аргацаасан нэгэн болж хувирна. Стивен Ковигийн “Онцгойр, эсвэл оршихгүй бай” номонд “Хомсхон сэтгэдэг хүмүүс ертөнц дээр ганц л бялуу байдаг гэж итгээд, хэрэв хэн нэгэн түүнээс хэсгийг нь авчихвал улам багассаар дуусна гэж төсөөлдөг" гэсэн байна. Ийм төрлийн сэтгэлгээ таныг ялагч, ялагдагч гэсэн хоёр л сонголттой нэгэн болгох бөгөөд алсын харааг харах мэлмийг хаадаг байна.

1. Өөртөө юу байгааг төсөөлөн бод

Энэ бол биет ба биет бус зүйлийн тухай биш юм. Харин аливааг өргөн хүрээтэй сэтгэн бодож, өөрөө өөрийнхөө мотиваци болж чаддаг байх талаар юм.

2. Хуваалц

Өөртөө байгаа мэдлэгээ бусадтай байнга хуваалцаж бай.

Яаж өргөн хүрээтэй сэтгэх вэ?

5 Яаж идэвхтэй сэтгэн бодох вэ?

Өөдрөгөөр сэтгэн боддог хүмүүс нөхцөл байдал, орчны нөлөөнд автахгүйгээр өөрийнхөө амьдрал, зорилгын төлөө өөрийгөө хариуцлагатай авч явж чаддаг. Тэд юуг өөрчилж, юуг өөрчлөхгүй гэдгээ мэдэж, өөрийн бодолдоо эзэн байж чаддаг.

1. Хийж эхэл

Жолооны ард суугаад амьдралаа өөрийнхөөрөө жолоодож эхэл. “Жингэр нохой хуцаж байсан ч жингийн цуваа явж л байдаг” гэдэг үгтэй хамт “Гадаа бороо орж байсан ч гэрт хуурай байдаг. Тэгэхээр би өөрийнхөө хийдгийг хийж л байна” гэж өөртөө хэлж бай.

2. Дараах үгсийг ор тас март:

  • Би чадахгүй....яагаад гэвэл.....
  • Чадах байсан бол хийчих л байсан
  • Би...тэгээд амжсангүй
  • Нөхцөл байдал тийм байлаа

Харин ингэж хэлэхийг хичээ:

  • Өөрөөр нэг хийгээд үзье
  • Би хийж чаднаа
  • Энэ бол миний шийдэл
  • Би өөрөө хийхийг хүсч байна

Яаж идэвхтэй сэтгэн бодох вэ?

3. Өөрийнхөө төлөө өөртөө хариуцлага хүлээ

Ямар нэг зүйл төлөвлөснөөс чинь өөрөөр эргэх үед ялихгүй зүйлийн төлөө бүү бухимд. Автобус ирэхгүй ажлаасаа хоцроод байна гэж бодохын оронд гэрээсээ арай эрт гараад үз. Нөхцөл байдлын золиос болохгүйг хичээ.

Ямар нэг зүйл амар хялбар болж бүтнэ гэж хэзээ ч байхгүй бөгөөд хэн ч ингэж  амлаагүй. Харин хэн ч таныг танаас илүү мэдэхгүйг санаж өөрөө өөрийнхөө аврагч нь бай.

26
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()