Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн ч хүн яагаад ажилласаар байдаг вэ?

2018-10-24, 13:13
7,045

Үлдсэн амьдралдаа хөлөө жийн хэвтэхээс өөрийг хийлгүйгээр хангалуун амьдарч болохоор их мөнгө сугалаанд хожсон хүмүүсийн талаар та сонсож л байсан байх. Тэгээд ч зогсохгүй тийм их мөнгөтэй болчхоод яагаад зүгээр л зугаалж, зугаацаж өнгөрүүлдэггүй юм бол гэсэн бодол ч орж ирж байсан болов уу? Харин яагаад санхүүгийн хэрэгцээ нь шийдэгдчихсэн хэрнээ ажиллаж хөдөлмөрлөсөөр байдаг нь үнэндээ тийм хачирхалтай хэрэг биш гэдгийг энэ мэдээллээс уншаарай.

Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн ч хүн яагаад ажилласаар байдаг вэ?

1 Мөнгөөр авч болох зүйлсээс гадна ажиллаж хөдөлмөрлөснөөр олж авах зүйлс гэж бий

  • Ирээдүйгээ тодорхой байлгана

Ажил бол ирээдүйг чиглүүлэгч хүчин зүйл юм. Ажилтай байснаар ирээдүйд хаана хүрэхээ тодорхой мэдэж, тогтвортой, бие даасан байдалдаа, итгэлтэй байдаг.

  • Шинэ хүмүүстэй танилцана

Ажлын байран дээрх хайр дурлалын романсын талаар олон кино байдаг нь тийм ч худал биш юм. Нэг газар ажил эрхлэх нь хүмүүсийг хооронд нь ойртуулж, бие биенээ сайн мэдэхэд нь тусалдаг. Мөн ажлын найзууд насан туршийнх байх нь элбэг шүү дээ.

  • Гадаад төрхөндөө байнга анхаарна

Ажил гэдэг хүнийг тодорхой цагт босч, өөрийгөө бэлдэх хүч болж байдаг. Гадаад төрхөндөө итгэлтэй байгаа хүн дотроо ч өөрийгөө сайхнаар мэдэрч байдаг.

  • Уйтгар, уур бухимдалтайгаа тэмцэхэд тусална

Ажил хөдөлмөр бол анхаарал төвлөрлийг дээд зэргээр шаарддаг учраас гутранги бодлыг арилгаж, сэтгэл гутралыг арилгах маш сайн нөлөөтэй эм юм.  

  • Урам зоригтой, сахилга баттай байлгана

Ажил нь цэргийн сургуулилт биш боловч сэтгэлийн тэнхээ, сахилга батыг сайжруулдаг нь баттай. Тиймээс цаг, мөнгөө удирдан өөрийн гэсэн цагийн хуваарь, дүрэм журамтай болж сурч байгаадаа ажилдаа талархаарай.

  • "Эго"-г тань дэмжинэ

Хүн болгон өөрийгөө үнэлэх үнэлэмж, хэн гэдгээ тодорхойлох тодорхойлолттой байдаг. Олон хүмүүс карьерынхаа дээд оргилд хүрэхийг хичээдэг бол зарим нь ямар албан тушаал дээр байгаагаас үл хамааран дуртай зүйлээ хийхийг илүүд үздэг.

  • Та дэлхийг ч өөрчилж чадна

Билл Гэйтс, Уоррен Баффэт, Марк Зукерберг нар хэмжээлшгүй баян учраас ажил хийхгүй ч байж болох байсан. Гэвч тэд зогсолтгүй шинэ зүйлсийг эрэлхийлж, бүтээж байна. Хүний аливаа хэрэгцээг хангана гэдэг маш хүчтэй урам зориг өгөх үндэс юм.  

Мөнгөөр авч болох зүйлсээс гадна ажиллаж хөдөлмөрлөснөөр олж авах зүйлс гэж бий

2 Хичээл зүтгэлгүйгээр олж авсан мөнгө аз жаргал авчирдаг болов уу?

Оксфордын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар ирэх 20 жилд технологийн дэвшлийн нөлөөгөөр одоогийн ажил мэргэжлийн 47 хувь нь хэрэгцээ шаардлагагүй болно гэдгийг баталжээ. Үүний улмаас ажилгүйдлийн түвшин өндөрсөх ч нийгмийн хангамж нэмэгдэх бололтой. Гэвч хүмүүст зүгээр мөнгө өгвөл үр дүнд нь юу болох бол?

Өнгөрөгч жилийн эхээр олон улсад явуулсан анхан шатны 8 хэрэгцээний судалгаагаар сонирхолтой үр дүн гарчээ. Намиб болон Кэн улсуудад судалгаанд оролцогчдод сард 10-аас 30 доллар өгч байсан ба тэд энэхүү орлогоороо илүү сайн хоол унд идэж, эрүүл мэнддээ анхаарал хандуулж эхэлсэн байна. Зарим нь бүр хувийн бизнес ч эхлүүлж цаашлаад гэмт хэргийн түвшин буурсан байна. Эндээс харахад зарим хүмүүс амьдралаа авч явахад нь орлого нь хүрэлцдэггүй бөгөөд нэг доллар орж ирэхэд ч үнэ цэнийг нь ойлгож ханддаг байна.

Ингээд дээрх судалгаанд оролцсон хүмүүс тариалангийн тоног төхөөрөмж, оёдлын машин зэргийг худалдан авч, илүү их мөнгө олоход зориулан хөрөнгө оруулалт хийж байв. Түүнчлэн Финландад явуулсан судалгаа ч мөн сонирхолтой үр дүнг харуулжээ. 2000 ажилгүйчүүдэд 2 жилийн турш сар бүр 650 евро өгч байсан бөгөөд энэ нь тэднийг тогтвортой ажлын байрны эрэлд эрчимтэй гарахад түлхэц болж өгчээ. Энэ бүхнээс байнгын орлого хүнийг үнэхээр аз жаргалтай болгодог. Гэвч түүнийгээ зөв зарцуулах нь маш чухал гэдэг нь харагдаж байна.

Хичээл зүтгэлгүйгээр олж авсан мөнгө аз жаргал авчирдаг болов уу?

3 Мөнгөний эргэлт

“Хэрвээ бид бие биенийхээ орлогыг хангадаг байсан бол яах вэ?” Скот Сантэнс (Scott Santens) хэмээх хүн краудфандинг буюу сар бүр олон тооны хүмүүсээс бага багаар хандив цуглуулах аргаар 1000 доллар олж суурь орлогоо болгоно хэмээн ажлаа эхлүүлжээ. Түүнийхээр сар бүр тогтмол орлоготой байснаар ажил хийхээ болихгүй харин ч өөрийн дуртай ажлыг олж, яаралтай үед хэрэглэх даатгалтай байхад тусална гэжээ. Харин “Роботын эрин” номын зохиолч Мартин Форд краудфандингаар хэн нэгнийг орлогоор хангах энэхүү санааг явцгүй гэж үзсэн байна. Мэдээж хэрэг бусад хүмүүст танихгүй хүний санхүүгийн хэрэгцээг хангана гэж хэлэхэд дургүйцэх нь ойлгомжтой. Ерөнхийдөө санхүүгийн пирамидын схем нь хялбар мөнгө олох арга биш бөгөөд гагцхүү пирамидыг удирдагчдад нь л орлого орж ирдэг сөрөг талтай юм.

Мөнгөний эргэлт

4 Сар бүр юу ч хийгээгүй байсан ч орлоготой байж чадах бол хүн ажил хийх болов уу?

Та өөрийгөө сугалаанд хожиж ирэх хэдэн жилийн турш сар бүр 1000 доллар авч байхаар боллоо гэж төсөөлье. Тэгвэл танд ахин ажил хийх хүсэл төрөх болов уу? Өнгөцхөн бодвол та үгүй л гэж хариулах байх. Харин Лондонгийн их сургуулийн доктор Гая Стэндин  (Guy Standing) эсрэгээрээ тийм гэж хариулж байна. Түүнийхээр ядуурал, хоосролоос айхгүй байх тусмаа хүн бүтээлч байж, дуртай ажлаа хийн илүү амжилтад хүрдэг ажээ. Мөн хүмүүс мөнгөгүй болох эрсдэлгүйгээр цаг, хичээл зүтгэлээ сорьж үзэх боломж олдож байгаа учраас илүү хичээж ажилладаг байна. Хэрвээ та #mybasicincome хаштагаар Твиттер дээр хайлт хийвэл тогтмол орлогоо шийдэгдсэн тохиолдолд юу хийх талаарх хүмүүсийн санал бодлыг уншиж болно. Цөөн тооны хүмүүс л ийм үед ажил хийхгүй гэсэн байна. Маш олон хүмүүс бүтэлгүйтэж, дампууран хэрэгцээгээ ч хангаж чадахааргүй болох вий гэж эмээсэндээ эрсдэл гаргахаас, мөрөөдлөө дагахаас татгалздаг шүү дээ.

Сар бүр юу ч хийгээгүй байсан ч орлоготой байж чадах бол хүн ажил хийх болов уу?

Харин та сар бүр юу ч хийгээгүй байсан ч 1000 долларын орлоготой бол юу хийх вэ? Ажлаа үргэлжлүүлэн хийх үү, аялалд гарах уу эсвэл юу ч хийхгүй байхыг сонгох уу? Сэтгэгдэл бичиж бодлоо хуваалцаарай.

19
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()