Сурталчилгаа (15)
Хаах

Эрдэнэт үйлдвэр, орон нутгийн үйлдвэрлэгчдийн уулзалт боллоо

Нийгмийн хариуцлагын жишиг загварыг бүтээгч Эрдэнэт үйлдвэр ХХК,  орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах бодлогын хүрээнд Орхон аймгийн аж ахуйн нэгж,  үйлдвэрлэгчдийг дэмжих зорилт  хэрэгжүүлдэг.  Өөрөөр хэлбэл, тус үйлдвэр бүхий л хэлбэрээр орон нутгийн үйл ажиллагаанд дэмжлэг өгч  байгаагийн томоохон хэсэг нь жижиг дунд үйлдвэрлэгчид рүү хандсан  худалдан авалтын бодлого юм. Орхон аймгийн үйлдвэрлэгчидтэй  хамтын ажиллагааны хүрээгээ  тэлэх, тэднээс бараа бүтээгдэхүүн худалдан авах хэмжээг нэмэгдүүлэх чиглэл баримталж буй нь бизнес эрхлэгчдэд таатай нөлөө үзүүлж байна.

Эрдэнэт үйлдвэр, орон нутгийн үйлдвэрлэгчдийн уулзалт боллоо

Тухайлбал, 2016 онд Эрдэнэт үйлдвэр орон нутгийн  11 үйлдвэрлэгчтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан 7,7 тэрбум төгрөгийн, 2017 онд 13 аж ахуйн нэгжээс 11,5 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авчээ. Тэгвэл  2018 оны 9 сарын байдлаар уг үзүүлэлт 1,5 хувиар өссөн дүнтэй байна. Орон нутгийн үйлдвэрлэгчидтэй энэхүү хамтын ажиллагааны үйл явц,  гарч  буй ахиц дэвшил болон хүндрэл бэрхшээлийн  талаар санал бодлоо солилцох зорилготой уулзалтыг Эрдэнэт  үйлдвэрийн зүгээс санаачлан зохион байгуулдаг. Харин хоёр дахь удаагийн уулзалт өнөөдөр болов.

Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд үйлдвэрлэгчдээ дэмжих ёстой

Орхон аймгийн  үйлдвэрлэгчидтэй хийх  уулзалтын эхэнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийв. Бид энэ оны 2 дугаар сарын 2-ны өдөр үйлдвэрлэгчдээ хүлээн авч уулзсан. Тэр  үеэр бид та бүхэнтэй хамтран  ажиллах  гэрээ байгуулахад ямар асуудал байгаа эсэх, Эрдэнэт үйлдвэрээс энэ чиглэлээр ямар дүрэм журмыг  баримтлан ажиллаж буй талаар мэдээлж байсан бол энэ удаа өмнөх уулзалтын шийдвэр, үр дүнг  нээлттэй хэлэлцэх, энэ хугацааны үйл ажиллагааны тайланг мэдээлэх болно хэмээн тэрээр хоёр дахь уулзалтын зорилгыг тодотгов.  Мөн 2018 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд олон ажил,үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүний дотор Хууль эрх зүйн газар болон Хангамжийн хэлтсээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, орон нутгийн компаниудтай байгуулах хамтын ажиллагааны гэрээг ойлгомжтой, ил тод болгох зорилтыг хэрэгжүүлж ирлээ. Анхны уулзалтанд Орхон аймгийн 16 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байв. Эдгээрийн 15 нь үйлдвэрлэгч компани. Бид хамтын ажиллагааны мэдээллээ хэвлэл мэдээлэл болон өөрийн цахим хуудсаар дамжуулан бүхий л хэлбэрээр нээлттэй хүргэхийг зорьж байна. Тиймээс өнөөдрийн уулзалтаар оны эхний 9 сарын тайлан мэдээллийг та бүхэнд хүргэнэ.

Энэ бол бидний хамтын ажиллагаа цаасан дээр бус хөрсөн дээр бууж буйг бодитоор харуулах нэг хэлбэр юм. 2019 он бол та бидний хувьд том дэвшлийн жил байх болно.  Өөрөөр хэлбэл,  хамтын ажиллагаатай компаниудын тоо болон худалдан авалтын үнийн дүнг нэмэгдүүлнэ гэсэн үг. 2016 онд Эрдэнэт үйлдвэр үндэсний аж ахуйн нэгж болсон. Ингэснээр Монгол улсын хууль тогтоомжийг мөрдөх, түүний хүрээнд үйл ажиллагаагаа явуулах үүрэг хүлээж байгаа. Ер нь Монгол Улсын Их хурал, Засгийн газраас баримталж буй бодлогод үндэсний үйлдвэрлэлийг дэмжин, хөгжүүлнэ гэсэн том зорилт бий. Энэхүү зорилтыг бид бодит ажил хэрэг болгох ёстой. Тиймээс худалдан авалтын бодлого, дүрэм журмыг үүнд чиглүүлж, ил тод нээлттэй, үр өгөөжтэй байх арга хэлбэрийг нэвтрүүлнэ. Үйлдвэрлэгчид та бидний хамтын ажиллагаа харилцан ашигтай, үр дүнтэй байж гэмээнэ үндэсний үйлдвэрлэл хөгжин дэвжих таатай хөрс суурь бэхжинэ. Ирэх он энэхүү зорилтын хэрэгжилтийн жил байна” хэмээн мэдээлэлдээ дурьдсан юм. 

Үйлдвэрлэгчид өсч, нийлүүлэгчдийн тоо буурчээ

Эрдэнэт үйлдвэр ХХК, Орхон аймгийн Үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны тайлан, илтгэлийг Хангамжийн хэлтсээс танилцуулав. Эрдэнэт үйлдвэр худалдан авалтын үйл ажиллагаандаа тухайн бараа бүтээгдэхүүн нь тус үйлдвэрийн хэрэгцээнд нийцсэн байх, чанар стандартын шаардлага хангасан байх, зах зээлийн үнэтэй дүйцэхүйц байх, заасан хугацаанд нийлүүлдэг байх гэсэн дөрвөн үндсэн зарчмыг баримталдаг.2018 оны эхний 9 сарын байдлаар Эрдэнэт үйлдвэр дотоод болон гадаадын аж ахуйн нэгжүүдтэй нийт 488 худалдан авалтын гэрээ байгуулсны 29 хувь буюу 28,9 тэрбум төгрөгийн 143 худалдан авалтын гэрээг Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдтэй байгуулжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 149 хувиар өссөн байна.  Дотоодын компаниудаас энэ хугацаанд нийт 102 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авчээ.  Энэ нь өмнөх онуудаас харьцангуй өндөр үзүүлэлт аж. Тухайлбал, 2015 онд 51,3 тэрбум, 2016 онд 62 тэрбум, 2017 онд 102 тэрбум, харин энэ оны эхний 9 сарын байдлаар дотоодын үйлдвэрлэгчдээс авсан  худалдан авалтын үнийн дүн 102 тэрбумд хүрээд байна.

Сүүлийн 4 жилд тус үйлдвэр Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдээс нийт 150 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн бөгөөд үүний 31,9 тэрбум төгрөгийн худалдан авалтыг үйлдвэрлэгч компаниудаас авчээ. Эндээс харахад Орхон аймгийн нийлүүлэгч компаниудаас авах худалдан авалтын хэмжээ  буурч,  үйлдвэрлэгч компаниудаас авсан худалдан авалт өссөн байна. Одоогийн байдлаар орон нутгийн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй хийсэн гэрээний 81 хувь нь 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь цаашид хамтран ажиллах үйлдвэрлэгчдийн тоог нэмэгдүүлэх чиглэлд эерэг нөлөө үзүүлж байгаа аж. 

Орон нутгийн үйлдвэрлэгчдээ хүлээн авч уулзаж буйд талархав

Эрдэнэт үйлдвэрээс хоёр дахь удаа зохион байгуулж буй хамтын ажиллагааны тайлан уулзалтад оролцсон компанийн төлөөллүүд дээрх үгийг онцолж байлаа. Энэ удаагийн уулзалтад Орхон аймагт үйлдвэрлэл эрхэлдэг 19 компанийн төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийлсэн. Орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжин, хамтын ажиллагааны харилцан ашигтай уян хатан бодлогыг хэрэгжүүлж буй нь бизнесийн нэн таатай орчныг бүрдүүлж байна гэж үйлдвэрлэгчид талархаж байв. Цаашид хамтын ажиллагааны хүрээг тэлэх, үйлдвэрлэгчдийн тоог нэмэгдүүлэх, худалдан авалтын гэрээний хугацааг уртасгахад хоёр талын үүрэг хариуцлага, зөв хандлага  юунаас ч илүү чухал гэдгийг онцолсон. Мөн уг уулзалтад “Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо” Төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал У.Энхбаяр оролцож, баялаг бүтээгч үйлдвэрлэгчдээ дэмжиж, Эрдэнэт хотын хөгжилд хамтран хувь нэмрээ оруулахыг уриаллаа. Энэхүү санаачилгыг  Эрдэнэт үйлдвэр уриалгахан хүлээн авч, бүх талаар дэмжин ажиллах болно гэдгийг уулзалтын үеэр Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам хэлэв.

М.Балжинням

1
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.