Эзнээ баян болгосон санаанд оромгүй 10 бизнес санаа

Оросын алдарт "Двенадцать стульев" романы баатар Остап Бендерийн хэлсэн үгэнд хүнээс шударгаар мөнгө салгаж болох 400 арга бий хэмээдэг. Хэрвээ тэр 21-р зууны үеийн романы баатар байсан бол тус зохиолд мөнгө салгаж болох 4000 арга нэрлэх байсан биз. Ямартай ч шинэ бизнес эхлэхэд гарааны хөрөнгө тийм ч чухал биш. Харин  үл ялиг хийсвэр сэтгэлгээ, түүнийг бодит зүйл болгох эр зориг л хэрэгтэй.

Эзнээ баян болгосон санаанд оромгүй 10 бизнес санаа

1 Лаазалсан сэтгэл хөдлөл

2004 онд Дани улсад нэгэн хачирхалтай төсөл эхлүүлсэн нь "Flowmarket" буюу худалдан авагчдад аз жаргал, уучлал, хайр халамж, гоо үзэсгэлэн, шударга зан зэрэг лаазалсан сэтгэл хөдлөлийг ердөө 8 еврогоор зарж эхэлсэн явдал байв. Худалдаанд мөн "сөрөг сэтгэл хөдлөл" буюу гомдол, айдас, итгэлгүй байдал, бухимдал зэрэг ч зарагдаж байсан юм. Харин энэ бүх утгагүй зүйлсийн гол зорилго нь хүмүүст өөрийн сул талыг ойлгох боломж олгох юм. Сэтгэл хөдлөлийн нэр бүхий сав тус бүрт шингэн зүйл савласан байсан бөгөөд ууж болохгүй заавартай аж. Учир нь "Flowmarket" төслийн үндэслэгчийн хэлж байгаагаар хэрэглэгч тэдгээр шингэнүүдээс сонголт хийх үедээ өөрт ямар дутагдал байгаагаа тунгаан бодох бөгөөд нүдэнд тусах газраа тавьж өөрийн үнэ цэнэ, дутагдал зэргийг байнга олж харж байх юм. 

Лаазалсан сэтгэл хөдлөл

2 Аль болох олныг тэвэр

Жил ирэх бүр маш олон хүн ганцаардлыг хүчтэй мэдрэх болсон бөгөөд тэд хэн нэгний хайр халамжийг хүсэмжилсээр байдаг. Үүнээс үүдээд АНУ, Европт "тэврэлтийн мастер" хэмээх шинэ мэргэжил бий болсон бөгөөд сэтгэл зүйн хувьд тогтворгүй болсон өнөөгийн нийгэмд ийм мэргэжил бий болсонд гайхах зүйлгүй. Ямартай ч хэн нэгнээр нэг цаг тэврүүлэхэд 60 ам.доллар, бүтэн шөнөөр бол 425 ам.доллар төлөх бөгөөд үйлчлүүлэгчдийн хэлж байгаагаар тэнд ямар ч эротик хандлага байхгүй гэнэ. Ийм үйлчилгээ Японд ч мөн бий болжээ.

Аль болох олныг тэвэр

3 Цээжин дээрх илгээмж

Оросын бизнес эрхлэгчид бас нэгэн хачирхалтай төсөл санаачилсан нь Новосибирскт хэдэн жилийн өмнө эхэлсэн "Titisign" төсөл юм. Энэ нь тун энгийн бөгөөд та ердөө 360 рубль төлөөд найз нөхөд, төрөл төрөгсөд, хамт ажиллагсдадаа ил захидал явуулж болно. Гэхдээ их өвөрмөц. Учир нь та эрэгтэй юм уу, эмэгтэй хүний цээжин дээр илгээх үгсээ, хаягтайгаа бичих бөгөөд ийм захидал хүлээж авсан хүн яахан мартах билээ. 

Цээжин дээрх илгээмж

4 Толгой дээрх сурталчилгаа

Ердийн үед биеэ ашиглан элдэв зар сурталчилгаа хийх нь тийм ч хачирхалтай зүйл биш. Харин Брендон Чикотски хэмээх америк эр биеэ ашиглан сурталчилгаа хийж болох цоо шинэ арга сэдсэн нь өөрийгөө рекламны амьд самбар болгох явдал байв. Ингээд тэрээр толгой дээрээ арилдаг шивээс хийлгэн сурталчилгаа хийж эхэлсэн бөгөөд тэрээр үүнийхээ төлөө өдөрт 320 ам.долларын хөлс авдаг гэнэ. 

Толгой дээрх сурталчилгаа

5 Сүлд модыг дахин боловсруулах

Жилийн хамгийн гайхалтай мөч бол яах аргагүй шинэ жилийн баяр билээ. Гэвч энэ баяр бидэнд санхүүгийн хувьд ихээхэн хүндрэл учруулдаг гэдэгтэй ихэнх хүмүүс санал нийлэх биз. Тухайлбал жил бүр хэдэн сая гацуур худалдаалагддаг бөгөөд эргээд хэдэн мянгаараа хог болон хаягдаж байдаг байна. Чухам үүнээс л америк эр Винс Томас санаа авч гацуур мод дахин боловсруулах “The grazing goats” буюу "Бэлчиж буй ямаа" хэмээх компани байгуулжээ. Дахин боловсруулах процесс нь тун энгийн бөгөөд ямаанууд гацуур модны шилмүүсийг идэн зөвхөн модыг нь үлдээснээр үйлдвэрлэгчид модонд дахин хиймэл шилмүүс суулган худалдаалдаг байна. 

Сүлд модыг дахин боловсруулах

6 Салалт мэдээлэх товчоо

Танилцуулан, зуучлах алба, вэбсайтууд маш олон байдаг ч "The Breakup Shop" компани хүмүүсийн салалтаас мөнгө олж болохыг анзаарсан цорын ганц компани байсан юм. Энэхүү үйлчилгээний гол зорилго нь салах тухайгаа хэлэхээс сэтгэл нь эмзэглэсэн, эсвэл хэлж зүрхлэхгүй байгаа хүмүүсийг хамтрагчаас нь салгаж өгөх ажлыг өмнөөс нь гүйцэтгэдэг онцлогтой юм. Хэрэглэгч салах тухайгаа захидал хэлбэрээр компаний ажилтанд илгээх бөгөөд тусгай ажилчид таны өмнөөс хүргэж өгөх болно. Компани энэ аргыг хосуудыг бие биедээ төвөг удалгүй салж болох хамгийн үр дүнтэй арга гэж үзэж байна. 

Салалт мэдээлэх товчоо

7 Насанд хүрэгчдийн цэцэрлэг

Мишель Жони Лапидос гэгч бүсгүй хүн бүрийн "эргээд хүүхэд насандаа очихсон" хэмээх хүсэл дээр дөрөөлөн насанд хүрэгчдэд зориулсан "Preschool Mastermind" нэртэй хувийн цэцэрлэг нээжээ. Үнэхээр ч амьдралын нэгэн хэвийн байдлаас зугтаж, стрессээ тайлах гэсэн үйлчлүүлэгчид асар олон байсан юм. 

Цэцэрлэг дэх үйлчилгээ 333 ам.доллараас эхэлж байгаа бөгөөд энд та яг л хүүхэд шиг хооллож, тоглож, зугаалж, хэдэн цагаар ч хамаагүй унтаж болно. Энэ тухай тус цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Мишель хэлэхдээ "Бид насанд хүрэгчдийг юунд ч санаа зоволгүйгээр тоглоомоороо тоглодог байсан тэр үед нь аваачин амьдралаа илүү өнгөлөгөөр харахад нь тусалдаг" гэжээ. 

Насанд хүрэгчдийн цэцэрлэг

8 Лаазалсан цэвэр агаар?

Агаар зарж мөнгө олно гэдэг хорвоогийн хамгийн утгагүй зүйл мэт сонсогдож болох ч ийм аргаар мөнгө олдог хүмүүс байдаг бөгөөд хамгийн их агаарын бохирдолтой оронд тооцогддог Хятадын Бээжин хотын иргэн Чэнь Гуанбяо анх агаар зарах бизнес санаачлан нэрд гарсан хүн юм. Түүнчлэн Япон улсад ч хүчилтөрөгчийг тусгай лонхонд хийн худалдаж эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд манай гарагийн өнцөг булан бүрээс лаазалсан агаар худалдаж авч болохоор болжээ. Тухайлбал Швейцарын "Swiss Alpine Air" компани гэхэд л Альпын нурууны цэвэр агаарыг маш өндөр үнээр худалдаалдаг байна.

Лаазалсан цэвэр агаар?

9 Өвөрмөц хэлбэртэй авс

Олон жилийн турш нас барагсдад зориулан авс үйлдвэрлэсэн "Vic Fearn & Co" фирм саяхнаас нэгэн ер бусын санааг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх болсон нь өвөрмөц хэлбэртэй авс хийх санаа байв. Ингээд тус компани одоо гитар, онгоц, вискиний лонх, хөлөг онгоц, гутал, скейтборд, сансрын хөлөг, дарсны бөглөө гээд төрөл бүрийн хийцтэй авсны захиалга авдаг болсон байна. Нэг удаа бүр хогийн савны хэлбэртэй авсны захиалга ирж компаний ажилчдыг гайхшруулж байжээ. 

Өвөрмөц хэлбэртэй авс

10 Шарталтын автобус

Лас-Вегас бол Америкийн зугаа цэнгэлийн төв хот юм. Энэ газарт бүхэл өдрийн турш амьдрал буцалж байдаг бөгөөд ялангуяа шөнийн цагаар ачаалал нь онцгой ихэсдэг байна. Харин энэ их зугаа цэнгэлийн дунд нэгэн хачирхалтай үйлчилгээ шинээр нэвтэрсэн нь "шарталт тайлах автобус" юм. 

Энэ автобус таны шарталтыг тайлахын тулд нэг шил шар айраг юм уу, хундага виски санал болгохгүй. Харин тэд танд биеэс согтууруулах ундааны хорыг гадагшлуулдаг онцгой зориулалттай дусал залгах болно. Тэгвэл энэ гайхалтай автобус дэлхийн бусад хотуудад байж болохгүй гэж үү? Ялангуяа баярын өдрүүдээр...

Шарталтын автобус

21
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()