Селфи хийж байгаад харамсалтайгаар амиа алдсан хүмүүс

Селфи бол сүүлийн хэдэн жилийн турш олон нийтийн сүлжээнд маш хурдацтай газар авсан зураг авалтын нэг хэлбэр билээ. Ямар нэгэн үйл явдал, амжилт бүтээлийг тэмдэглэх, эсвэл зүгээр л өөрийн дүрээ бусдад харуулах гэх мэтээр өнөөгийн нийгэм дэх бүхий л зүйлд селфи дагалддаг болсон. Үүнтэй зэрэгцэн бусдыг гайхуулж, бишрүүлэх селфи авахын тулд хүмүүс янз бүрийн эрсдэлтэй нөхцөл байдалд өөрсдийгөө оруулах болсноор селфинээс шалтгаалсан үхэл ойрын жилүүдэд эрс ихэсжээ. Ингээд та бүхэнд селфинээс шалтгаалж амиа алдсан саяхны тохиолдлуудаас хамгийн дуулиантай, сонирхолтойг нь жагсаан хүргэж байна.

Селфи хийж байгаад харамсалтайгаар амиа алдсан хүмүүс
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Хавцлаас унасан нь

2018 оны арван нэгдүгээр сард 35 настай нэгэн герман жуулчин Шри-Ланк улсад байх "Дэлхийн төгсгөл" нэртэй 1200 метр өндөр хавцлыг үзэхээр очжээ. Байгалийн тэрхүү сүрдмээр байдалд гайхалтай зураг гарна гэж бодсон тэрээр хавцлын ирмэгт очиж утсаараа өөрийн болон найзуудынхаа зургийг авч эхэлжээ. Харамсалтай нь тэрээр зураг авч байх үедээ тэнцвэрээ алдан эгц хавцлын уруу уначихжээ. Шри-Ланкын армийн цэргүүд болон сайн дурынхан түүний цогцсыг зургаан цагийн турш хайсны эцэст хавцлын ёроолоос олсон аж.

Хавцлаас унасан нь

2 27 давхраас унасан нь

Энэ оны аравдугаар сард Панам улсын нийслэл хотод 44 настай Сандра Мануэла да Коста Маседо нэртэй португал эмэгтэй селфи хийх гэж байгаад гэрийнхээ тагтнаас унаж амиа алдсан хэрэг гарчээ. Португалдаа багш хийдэг байсан тэрээр Панамд нүүж ирээд удаагүй байсан аж. Түүнийг зургаа авахын тулд аюултай нөхцөл байдалд өөрийгөө оруулж байгааг нь амьдардаг орон сууцных нь хажуугийн барилга дээр ажиллаж байсан барилгачид ажиглаж, бичлэг хийжээ. Тэгээд л эмгэнэлтэй зүйл тохиолдсон аж. 

Гэрчүүдийн мэдээлснээр талийгаач 27 давхар дахь гэрийнхээ тагтны хашлага дээр гаран сууж, селфиний гар ашиглан зургаа авч байгаад тэнцвэр алдан унасан гэнэ.

27 давхраас унасан нь

3 Нууранд живсэн нь

2018 оны аравдугаар сард Энэтхэгт гурван сурагч  селфи хийхийн тулд нэгэн нуурын эрэг дээрх хөвдөөр бүрхэгдсэн хад руу авирчээ. Тэгтэл нэг нь хөвдөн дээр халтираад нуур луу уначихсан байна. Нөгөө хоёр нь тэр даруй ус руу шумбаж нөхрөө аврах гэсэн боловч нуурын ёроолын лаг шаварт зоогдон хөдөлж чадахгүй байсаар гурвуулаа амиа алджээ.

Тус хэрэг Энэтхэгийн нэгэн сургуулийн 7 багш 51 сурагчийн хамт аялал хийж байх үед гарсан байна. Нас барсан гурван сурагч бүгд эрэгтэй, 17-18 настай байжээ. Живэхийг нь харсан хүмүүс цагдаа, аврах ангийхан яаралтай дуудсан боловч тэднийг ирэх үед хөвгүүд хэдийнэ амь тавьж, цогцсууд нь нуурын мандал дээр хөвөн гарч ирсэн байна.

Нууранд живсэн нь

4 Онгоцонд дайруулсан нь

Энэ оны аравдугаар сард Мексикийн Чинапас хотод өсвөр насны хоёр охин онгоцны гүйлтийн зам дээр селфидэх гэж байгаад газардаж байсан онгоцонд дайруулан золгүйгээр амиа алдсан байна. Охид 17, 18 настай байсан бөгөөд онгоцны буудлын ойролцоо болсон машины уралдааныг үзэхээр ирээд байжээ. Гүйлтийн асфальтан зам дээр зогсож байсан тэр хоёр онгоц газардах гэж байгааг огт анзаараагүй байна. Улмаар тэд хоёул онгоцны далавчинд цохиулж газар дээрээ амиа алджээ. 

Тэрхүү онгоцны нисгэгч замд ойртох үедээ хоёр охин байгааг харсан боловч арга хэмжээ авахад нэгэнт оройтсон байв. 

Онгоцонд дайруулсан нь

5 Худалдааны төвийн дээврээс унасан нь

Энэ оны есдүгээр сард Италид өсвөр насны нэгэн хүү худалдааны төвийн дээвэр дээр гарч сельфидэх гэж байгаад золгүйгээр унан амиа алдсан хэрэг гарчээ. Андреа Бароне гэдэг байсан тэрээр Милан хот дахь "Сарка" худалдааны төвийн дээвэр дээр селфи хийчхээд доошоо буух гэж байхдаа барилгын агааржуулалтын хоолой руу цөмрөн орж улмаар гурван давхрын өндрөөс унасан байна. 

Түргэн тусламжийнхан хүүгийн амийг аврахын тулд чадах бүхнээ хийсэн боловч авсан гэмтэл нь маш хүнд байсан тул тэрээр удалгүй нас баржээ. 

Худалдааны төвийн дээврээс унасан нь

6 Баавгайн дайралт

Ачааны машины нэгэн жолооч зүүн Энэтхэгийн Одиша мужид явж байхдаа замд тааралдсан баавгайтай селфидэх гэж байгаад бариулан амиа алдсан хэрэг энэ оны тавдугаар сард гарсан байна. Тодруулбал тэрхүү жолооч амрахаар замын хажууд машинаа зогсоохдоо ойролцоо нь шархадсан бололтой нэгэн баавгай хэвтэж байгааг олж харжээ. Ингээд тэрээр энэ боломжийг ашиглаад баавгайтай зургаа даруулаад авъя гэж бодсон нь түүний аминд хүрсэн аж.

Түүнийг баавгайд ойртож очих үед шархдаж уурласан араатан гэнэт дайрчээ. Жолоочийн араатанд бариулж аймшигтайгаар тарчлан амиа алдахыг хажууд нь байсан хүмүүс бичиж авсан нь олон нийтийн сүлжээгээр нэлээн тархсан байна. 

Баавгайн дайралт

7 Урсдаг шатны завсраар хүүхдээ унагаасан нь

Энэ оны тавдугаар сард бас нэгэн энэтхэг эмэгтэй дэлгүүр дотор селфи хийж байгаад өөрийн арван сартай хүүхдээ урсдаг шатны завсраар унаган аминд нь хүрчээ. Ражастан муж дахь тэрхүү дэлгүүрийн хяналтын камерын бичлэгээс харвал тэр эмэгтэй нөхөр, хүүхэдтэйгээ хамт урсдаг шатан дээр гарахдаа селфи хийж эхэлжээ. Удалгүй тэр тэнцвэрээ алдаж, тэвэрч байсан хүүхдээ унагасан байна. 

Бичлэг дээр түүний хүүхэд эхлээд шатны бариулд толгойгоо цохиод дараа нь урсдаг шат хоорондын завсраар унаж байгаа нь харагдана. Гэрчүүдийн мэдээлснээр нөхөр нь эхлээд селфи хийхийг санал болгосон гэнэ.

Урсдаг шатны завсраар хүүхдээ унагаасан нь

8 Гол руу хүүхдээ унагасан нь

Мөн л нэгэн энэтхэг эр Тамиль Наду мужийн нутгаар урсдаг Ковери голын үерлэсэн үед нь селфи хийх гэж байгаад хүүхдээ ус руу унаган живүүлсэн хэрэг өнгөрөгч наймдугаар сард гарсан байна. Тодруулбал тэрээр нутгийнхаа үерлэсэн гол дээр очиж үзэхээр шийдэж хүүгээ дагуулан голын гүүр дээр гарчээ. Дараа нь тэрээр хүүгээ гүүрний хашлага дээр суулгаад нэг гараараа түүнийг түшиж, нөгөө гараараа зураг дарахаар шийдсэн байна. Гэвч тэрээр барьцаа алдаж хүү нь үертэй гол руу унан үхжээ. 

Цагдаа нар удалгүй хэргийн газар ирж хүүг хайх ажиллагаа явуулсан ч голын урсгал хэт хүчтэй, ус их байсан тул хайлт ямар ч үр дүнд хүрээгүй байна.

Гол руу хүүхдээ унагасан нь

9 Буугаар сельфидсэн нь

Өнгөрөгч долдугаар сард Техас мужийн Конро хотод хоёр залуу сельфинээс болж 16 настай охины аминд хүрсэн хэргээр хуулийн хариуцлага хүлээхээр болжээ. Хоёр залуу үдэшлэгт оролцож байхдаа буу барин селфи хийх гэснээс болж санамсаргүй гал алдан дэргэдээ байсан охины амийг бүрэлгэсэн байна. 

19 настай Мэттью Дэвис, түүнтэй нас чацуу Жозеф Уилсон нарыг хүний аминд хүрсэн, хориотой хар тамхи хэрэглэсэн, хэргийн газрыг орхин зугтсан гэсэн үндэслэлээр шийтгэжээ.

Буугаар сельфидсэн нь

10 Галт тэрэгтэй сельфидсэн нь

Тайландын Бангкок хотод нэгэн бүсгүй найзуудтайгаа хамт төмөр зам дээр сельфи хийх гэж байгаад галт тэргэнд дайруулан амиа алдсан хэрэг энэ онд гарсан байна. Хэргийн мөрдөн байцаалтын үед тэдний хоёр нь согтуу байсан, тэгээд галт тэрэгтэй хамт селфи хийхээр шийдсэн нь тодорхой болжээ. Галт тэрэг ойрхон ирээд байгааг анзаараагүйн улмаас нэг нь дайруулсан байна. Түүнийг тэр даруй эмнэлэгт хүргэсэн ч удалгүй нас барсан аж. 

Галт тэрэгтэй сельфидсэн нь

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()