Хүн төрөлхтөн удахгүй Эверестээс өндөр барилга барина!

2018-12-12, 15:09
5,030

Тэнгэр баганадсан өндөр барилгууд бол архитекторууд болон барилгын инженерүүдийн бэлэг тэмдэг юм. Мөн хүн төрөлхтний байгалийн хуулийг сөрж, хийж бүтээх зүрх зоригийн бодит жишээ билээ. Түүнчлэн хүний тоо өсөхийн хэрээр бид “үүлэн дээр” ч амьдрах боломжтой зүйлсийг бүтээж эхэлсэн бөгөөд энэ талаар бидний мэддэггүй хэд хэдэн баримтыг хүргэе.

Хүн төрөлхтөн удахгүй Эверестээс өндөр барилга барина!

1 Хэдэн метрт хязгаар бий вэ?

Одоогоор дэлхийн хамгийн өндөр барилга бол Дубай хот дахь 830 м өндөр "Burj Khalifa" юм. Саудын Арабт тус барилгаас 1 км өндөр Jeddah цамхгийг барьж байгаа ч үүнтэй зэрэгцэн Токиод тун удахгүй 1700м өндөр барилга барихаар төлөвлөгдөөд байгаа юм. Тэгвэл хэдэн метрт хүрч байж хязгаартаа хүрэх вэ?

Үүний хариулт тун энгийн бөгөөд барилга өндөрсөх тусам түүнийг барьж зогсоох хангалттай том суурьтай байх хэрэгтэй. Тиймээс суурь барилга маань хязгаартай учраас өндөр нь ч мөн хязгаарлагдмал байна гэсэн үг. Гэхдээ бид тэрхүү хязгаар луу дөхөөч гүй байгаа гэвэл та итгэх үү? Үүнтэй холбогдуулан "Burj Khalifa"–г босгосон инженерийн үзэж байгаагаар бид дэлхийн хамгийн өндөр уулнаас ч өндөр барилгыг барьж чадна. Гэхдээ архитекторууд болон инженерүүдийн хувьд бодож сэтгэх нь чухал бус тухайн барилгын материал, цаг агаарын өөрчлөлт, агаарын даралтад дасан зохицох байдал гэх мэт гадаад хүчин зүйлсэд л анхаарах шаардлага тулгарч байна гэжээ. 

Зураг дээр үзүүлсэн барилга нь “X-Seed 4000” нэртэй барилга бөгөөд өнөөгийн тоног төхөөрөмжийн хүчин чадлаар барьж болох хамгийн өндөр барилга юм. 4000м өндөр энэ барилгыг 6км диаметр бүхий суурь дээр барих боломжтой. Мөн дотроо сая сая хүмүүсийг багтаахын тулд уул хэлбэртэй байх хэрэгтэй бөгөөд уг барилгын тооцоолол, архитекторын шийдэл аль хэдийн гарсан ч баттай баригдана гэдэг нь эргэлзээтэй хэвээр байна. Учир нь энэхүү барилгыг барихад 1,4 триллион доллар зарцуулагдах агаад дэлхий дээрх аль ч үндэстэн энэ их хөрөнгийг гарган барилга бариулж чадахгүй юм. 

Хэдэн метрт хязгаар бий вэ?

2 Өндөр барилгууд цаг агаарт нөлөөлдөг

Орчин үед хотжилт байгалийн тэнцвэрийг алдагдуулж байгаа талаар онцгойлон ярих болсон. Учир нь барилга барихын тулд зүлэг ногоо, мод ургамлыг устгадаг нь хүн төрөлхтний байгальтайгаа дасан зохицох ёстой төрмөл хуулийг зөрчиж байгалийг өөрсдөдөө тааруулан өөрчилж эхлээд байгаа юм. 

Түүнчлэн өндөр барилгууд том хотуудын амьдралын хэв маяг, үйлдвэржилтээс гадна цаг уурын өөрчлөлтөд ч нөлөөлж байгаа. Учир нь тэнгэр баганадсан барилгууд тухайн орчны салхины хэв маягийг өөрчилдөг бөгөөд нөлөөлөл нь салхи аль түвшинд салхилж байгаагаас буюу барилгын суурь, эргэн тойронд эсвэл дээгүүр нь салхилж байгаагаас шалтгаална. Өндөр барилгууд хоорондоо ойр баригдсан байх бөгөөд үүгээрээ салхин тунел үүсгэдэг. Ингэснээр барилга нь хана мэт нөлөө үзүүлж химийн бохирдуулагч бодисоор хүрээлэгдсэн өөр нэг хэсгийг агаар мандалд үүсгэдэг. Энэхүү агаар мандал нь барилгын эргэн тойрны бусад хэсгүүдэд шилжин нөлөөлдөг. Энэ нь мөн хотын оршин суугчдын эрүүл мэндэд муу. Мөн өндөр барилга барьсан материал нь нарны илчийг өөртөө эрчимтэй шингээдэг. Өдрийн цагаар нарны туяа хүчтэй байх үед өндөр барилгууд тэрхүү илчийг нь өөртөө шингээж, оройн цагаар температурын хэмжээ буурах үед эргэн тойрных нь агаарт буцаж сарнидаг. Энэ үйлчлэл өдөр бүр давтагдах ба үүнээс болж хотын доторх хэм бусад газрынхаас өндөр байдаг.

Өндөр барилгууд цаг агаарт нөлөөлдөг

3 Ирээдүйн барилгууд

Дэлхийн хамгийн өндөр барилгууд хуурай газарт баригдсан байдаг ч энэ нь зөвхөн хуурай газарт өндөр барилга барих боломжтой гэсэн үг биш. Тиймдээ ч бидний далай дээр тэнгэр баганадсан барилга барих ирээдүй тийм ч хол биш юм. Хэдийгээр одоо усан дээр барьсан нэг ч өндөр барилга байхгүй ч ойрын ирээдүйд далайн түвшин нэмэгдэх нь баталгаатай болоод байгаа учраас усан дээрх барилга тун удахгүй баригдах болно. Архитекторууд ч мөн далай дээрх барилгын загвар, тооцооллуудыг гаргаад эхэлсэн төдийгүй сүүлд гаргасан "Aequorea" төсөл дэлхий нийтийн сонирхлыг татаад байна. Энэхүү төслийг Винсент Коллбу (Vincent Callebaut) хийсэн бөгөөд энэ нь эргээд далайд хуримтлагдсан хуванцар хогны асуудлыг шийдэх төсөл болох юм. Түүний төлөвлөгөөгөөр 2065 онд "Aequorea" бодитоор баригдаж эхлэх бөгөөд тэр үед хүн төрөлхтөн далайд хуримтлагдсан хуванцар хог хаягдлаар уян материал хийж түүгээрээ энэхүү барилгуудыг барих гэнэ. Энэ барилга нь 500м диаметртэй 20,000 хүнийг дотроо багтаах хүчин чадалтай байх ажээ. Барилгын ихэнх хэсэг мөсөн уул шиг усны доод талд байх бөгөөд энэ нь хүчтэй салхинд тогтвортой байхад нь туслах юм байна. Мөн барилгыг тойроод усан цэцэрлэг байх ба тэр нь хүн төрөлхтнийг хүнсээр хангах ажээ.

Ирээдүйн барилгууд

4 Тэнгэр баганадсан барилгуудыг хэдхэн өдөрт л барьж байна

"Burj Khalifa"-г барихад 5 жил зарцуулсан. Харин "Empire State Building"–г барихад ердөө 20 сар болсон. Тэгвэл Хятадад 57 давхар барилгыг гурван долоо хоногоос ч бага хугацаанд барьж байна. Мөн "Broad Sustainable Building" хэмээх хятад компани "Mini Sky City" хэмээх 200м өндөр барилгыг модулын арга хэмээх шинэ техник ашиглан ердөө 19 өдөрт барьжээ. Гэхдээ энэ нь тус компаний хувьд анхны рекорд байгаагүй бөгөөд 2011 онд 30 давхар барилгыг 15 өдөрт дээрх технологиор барьсан байна. Хэрэв та эдгээр барилгын чанарт эргэлзэж байгаа бол туршилтаар уг технологиор барьсан барилгууд 9.0 баллын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй нь батлагдсан байдаг. Мөн Хятадын нэгэн барилгын компани 220 давхар буюу "Burj Khalifa"–аас өндөр барилга барихаар төлөвлөж байгаа бөгөөд бариулах хугацаа нь 7 сар байх ажээ. 

Энэхүү барилга барих шинэ аргыг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрч эхлээд байгаа бөгөөд хэдхэн жилийн дараа бид "LEGO" шиг баригдсан барилгуудыг хаа сайгүй харж эхлэх нь ээ.

Тэнгэр баганадсан барилгуудыг хэдхэн өдөрт л барьж байна

5 Тэнгэр баганадсан барилгад амьдрах нь хурдан хөгшрөхөд нөлөөлнө

Өндөр барилгууд цаг агаар, орчин тойрондоо нөлөөлдөг гэдэг нь батлагдсан байлаа гэж бодоход эргээд эндээс хүн төрөлхтөнд ямар нөлөөтэй юм бол гэсэн асуулт урган гарч ирнэ. 

Хэт өндөр барилгад амьдрахад хүнд ямар нэгэн сөрөг нөлөө байх болов уу? Тийм ээ, сөрөг нөлөө бий. Барилгын хамгийн өндөр давхарт амьдардаг хүмүүс татах хүчний тэлэлтээс болж бусдаас хурдан хөгширдөг. Дэлхийн татах хүчнээс холдох тусам цаг хугацаа арай хурдасдаг. Гэвч яг яаж?

20-р зууны дунд үед "Temps Atomique" нэртэй олон улсын судалгааны төсөл явагдсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт, өөр өөр өндөртэй газруудад цаг хэмжигч байрлуулан дэлхийн цагийг хэмжсэн байна. Ингээд 1970-аад онд төслийн дүгнэлт гарсан бөгөөд 30 м-ийн өндөр дэх цаг далайн түвшинтэй харьцуулахад 1 пикосекунд (секундийг 1 триллион хуваасны 1) дахин хурдан явдаг байна. Тэгвэл нэг хүний дундаж нас 70 жил гэж үзвэл 30 м-ийн өндөрт амьдарвал 2 милсекундээр хурдан насална гэсэн үг.

Мөн 1976 онд Кэмбрижийн "SAO" институтын эрдэмтэд пуужинд цаг хийн хөөргөжээ. Пуужин 9656 км-ийн өндөрт гараад буцаж ирсэн бөгөөд пуужингийн цагт дүгнэлт хийхэд 70 жил тутамд 1 секундээр хурдан явж байжээ. Тиймээс энэ нь хүнд ч мөн адил нөлөөтэй. Тэгэхээр бүх насаараа тэнгэр баганадсан барилгын оройд амьдарсан хүн, газартай ойр амьдарч байгаа нэгэнтэй харьцуулахад хэдэн секундээр хурдан хөгшрөх нь байна. Мэдээж энэ нь хоёр хүний амьдралд тийм ч том ялгаа гаргахгүй. Гэхдээ бид өндөр барилгуудад хязгаар бараг л үгүй гэдгийг өмнө нь дурдсан шүү дээ. Мөн тэд ирээдүйд улам өндөр болох нь тодорхой учраас үүнийг мэдэж байх нь зүйтэй.

Тэнгэр баганадсан барилгад амьдрах нь хурдан хөгшрөхөд нөлөөлнө

12
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()