Нарлаг Вьетнам улсыг зорих 5 шалтгаан

Зүүн өмнөд Азийн Вьетнам орон бол жуулчид аялагчдын жинхэнэ мөрөөдөл билээ. Өмнөд Хятадын тэнгисийн эрэгт та жинхэнэ диваажинд байгаа мэт далайн давлагаа, зөөлөн дулаан салхинд байгалийн үзэсгэлэнг бишрэх болно. Түүнчлэн байгалийн сайхныг шүтэн бишрэгчид эндхийн гантиг чулуун уул, элсэн манхан, цагаан будааны талбай болон дэлхийд алдартай далай дундах цохионууд бүхий Халонгийг үзэж сэтгэлийн таашаал авна.

Нарлаг Вьетнам улсыг зорих 5 шалтгаан

Яагаад Вьетнам гэж?

Эртний соёлыг эрэн хайдаг адал явдалд дурлагчид энд олон тооны сүм хийд, Чамын цамхаг болон эзэн хаадын онгон бүхий цэцэрлэгт зочилж болно. Энэ бүхний зэрэгцээ та шинэхэн жимс, далайн шинэ бүтээгдэхүүнээр бэлтгэсэн Вьетнамын төрөл бүрийн хоол зооглож бас ч гүй могойн цус, аварга могойн зүрх идэх боломжтой. Нарлаг Вьетнамд аялж зугаалах олон шалтгаан байх ч энд таван үндсэн шалтгааныг нь дурдъя.

Яагаад Вьетнам гэж?

1 Вьетнамын байгалийн үзэсгэлэн

Вьетнамын байгалийн үзэсгэлэнгийн хамгийн гайхамшигтай нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд орсон төдийгүй “Ертөнцийн долоон шинэ гайхамшиг”-ийн нэгээр тооцогдоод буй Халонгийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хадан цохионууд юм. Тиймээс ч өдөр бүр мянга мянган жуулчид энэ тусгай хамгаалалттай газарт зочилж, үзэн сонирхдог. Халонг бол усан дундах цавчим асга, аварга том агуй, Тункины булан, Өмнөд Хятадын тэнгис, гээд нийтдээ 3000 гаруй жижиг хэсгээс бүрдсэн асар том арал юм. Түүнчлэн энэ газрыг үзэж сонирхох хэв маяг нь ч бусдаас содон бөгөөд энд та усан замаар зорчих маш олон сонголтоос сонгож болно. Ганцхан таны хүсэл сонирхол, мөнгө, цаг хугацаанаас шалтгаалаад сонголт тань өөрчлөгдөх боломжтой. Харин та үнэхээр энэ бүх гайхамшгийг үзмээр байвал бүтэн хоногийн аяллыг сонгохыг санал болгож байна. 

Вьетнамын байгалийн үзэсгэлэн

Энд та ердийн жижиг завьтай загасчлахаас эхлээд дотроо ресторантай, тансаг хөлгийн тавцантай хүртэлх төрөл бүрийн хөлөг онгоцоор зугаалж болно. Мөн аялагчдын хамгийн их сонирхдог хэсэг бол тэдгээр чамин тансаг хадан цохионууд дундаас нар мандах болон жаргахыг харах юм.

Хэрэв умард нутгаар нь явбал азийн хамгийн уран тансаг байгалийн нэг Сапе дахь цагаан будааны тариан талбайг үзэх боломжтой. Нутгийн төв хэсэгт бол Данангийн гантиг уулсыг, өмнө зүгт бол Понгурын хүрхрээ, элсэн манхан, Муйне дахь улаан хавцлыг үзэж болно.

2 Вьетнамын соёлын өв

Вьетнамын хамгийн том хотууд болох Хо Ши Мин, Ханой  нар нь түүхэн хөшөө дурсгал, сүм хийд, ЮНЕСКО-гийн өвд орсон эзэн хаан Хюэгийн хаалттай хот, романтик усан суваг Хойан зэргээрээ жуулчдыг соронз мэт татаж байдаг. Эдгээрээс хамгийн түрүүнд онцлох газар бол 100 жилийн турш Вьетнамын нийслэл хот байсан газарт 300 гаруй төрлийн хөшөө дурсгал, булш байдаг нь нэг квадрат метрт хамгийн олон түүхийн дурсгал байрлаж буйгаараа дэлхийд нэгт бичигддэг байна.

Вьетнамын соёлын өв

Хотын эргэн тойронд эзэн хаадын гайхамшигт бунхан бүхий  өөрийн гэсэн өнгө төрхтэй цэцэрлэгт хүрээлэн байдгийн хамгийн сайхан нь эзэн хаан Минь Манга /Minh Mang/-гийн бунхан юм. 

Соёлын өв сонирхогчдын хувьд түүхийн хамгийн сонирхолтой газар болох "Хой Ан"-д очих гол зорилготой байдаг хэдий ч тэр газар луу Хью мэтийн хот руу явдаг шиг тээврийн хэрэгслүүдээр зорчих хориотой байдаг байна. Гэхдээ энд зорин очиж чадвал түүхийн дурсгалт зүйлс үзэхээс гадна нутгийн иргэдийн үндэсний уламжлалт хуримыг үзэн сонирхох боломжтой. 

3 Вьетнам хоол

Хэрэв та ер бусын, сонин зүйлсэд дурладаг бол Вьетнам танд яг тохирно. Учир нь энд та матар, мэлхийн мах ямар амттайг төдийгүй аварга могойн цус болон цохилж байгаа халуун зүрх идэхэд ямар мэдрэмж төрдгийг бүгдийг нь мэдрэх боломжтой.  

Харин та нэг их аюултай зүйл туршиж үзэхийг хүсэхгүй байгаа бол Вьетнамчуудын өөрсдийнх нь хамгийн ихээр сонирхон иддэг халуун тогооны ресторанд орж вьетнамын уламжлалт хоолнуудаас зооглож болно. Халуун тогооны хоол гэдэг нь загас, тахианы гэх мэт төрөл бүрийн мах, ногоонуудыг өөрийн орц жороор тааруулан хийж иддэг амтат шөл юм. Хоол хийхэд зориулсан бэлдцүүдийг та хүссэн хэмжээ, төрлөөр нь захиалж хийн зуухан дээр өөрийн амтлагаагаар шөл бэлтгэн идэх боломжтой. 

Вьетнам хоол

Вьетнамчууд өдөр тутмын амьдралдаа ихэвчлэн цагаан будаа иддэг. Вьетнамчуудын хувьд цагаан будаа бол манай улсад байдаг мах шиг үндсэн хоол нь учраас дэлгүүрийн лангуу болгон дээр 20 гаруй нэр төрөл, сорт зэргээрээ ялгагдан худалдаалагдаж байдаг. Харин тэд будаагаа гахай, тахиа, загасны мах, ногоогоор хачирлаж иднэ.

Түүнчлэн Вьетнамчууд өглөө, өдөр, оройн хоолондоо өөрсдийн хамгийн дуртай Фо шөлөө заавал иддэг. Мөн энэ оронд загас агнуур ихэд хөгжсөн учраас төрөл бүрийн загас, хавч, хясаа, далайн бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг.

Вьетнам кофе

Кофе бол Вьетнамчуудын хувьд бүхэл бүтэн соёл уламжлал, улс орны өнгө төрхийг бүрдүүлэгч юм. Үүний нэгэн жишээ бол Вьетнам хүмүүсийн хооллоод гарсан хоолны газарт ороод харвал тэнд яг хэдэн хүн хооллож байсныг тоолоход тун бэрх байдаг. Учир нь вьетнамчууд хоолтойгоо хамт ногоон цай, ундаа, кофе зэрэг төрөл бүрийн уух зүйлийг зэрэг уудаг нь аяга тавгаар нь хүний тоог тодорхойлох боломжгүй болгодог байна. Та бид голдуу халуун кофе уудаг бол энд хүйтэн, бүр мөстэй кофе илүү алдартай. 

Түүнчлэн Вьетнамд кофе уух нь жинхэнэ өвөрмөц ёслол байдаг. Тэд кофег чанахгүй, харин тусгай хөнгөн цагаан шүүлтүүрээр шүүж аяга юм уу стаканд хийж уудаг.

Вьетнам  кофе

4 Вьетнамын наран шарлагын газрууд

Вьетнам орон Өмнөд Хятадын тэнгисээр хүрээлэгддэг болохоор умард, өмнөд, төв хэсэгтээ ч наран шарлагын олон газартай байдгаас хамгийн алдартай нь төв болон өмнөд хэсэгт байдаг Муйне, Нячанг нар юм. Эхний Муйне амралт нь залуучууд голдуу очдог, өдөртөө зөөлөн салхи үлээж давлагаа цахилан, оройдоо тансаг үдэшлэг зохиодог, нөгөө талаар эрхэмсэг, тайван газар гэж хэлж болно. 

Харин Нячанг бол өвлийн улиралд Вьетнамд жуулчилдаг Оросуудын очдог цайны газар, үнэт эдлэлийн дэлгүүр, аялал гээд олон үйлчилгээ нь орос хэл дээр байдаг амралт юм.

Вьетнамын наран шарлагын газрууд

Хэдийгээр энэ газар нь төвлөрсөн хот суурин газар боловч наран шарлага нь том, цэвэрхэн төдийгүй элсний ширхэг нь нарийн, таатай байдаг. Энд бас хөрш арал дээр нь гэр бүлээрээ амарч болох Вьетнамд төдийгүй Азид алдартай хамгийн том, усан парк, атракцион "Vinpearl" байдаг гээд боддоо. 

Нутгийн төв хэсэгт бол Дананг, Хойан гэх мэт олон арван км үргэлжилсэн өргөн, зөөлөн шаргал элстэй наран шарлагын газрууд хэд хэд бий. Хамгийн өмнө цэгт бол  далайн Вунгтау, хойд талдаа Халонгийн тэнд Катьба арал дээрх наран шарлагын газар байрладаг. 

5 Вьетнамын өдөр тутмын амьдрал

Вьетнамд өнөөдөр ч гэсэн улаан бүч зүүсэн пионерууд жагсаалаар алхаж, жуулчдыг харан инээмсэглэн гараараа даллан ёсолдог хэвээр. Мөн ердийн өдрүүдэд цэцэрлэг, паркуудад тэндхийн тэтгэврийн настнууд гудамжны дасгалын төхөөрөмжүүд дээр дасгал хийн, шатар, даам тоглон сууцгаана. 

Вьетнамын өдөр тутмын амьдрал

Хот орчмын тосгодоор явж уламжлалт гар урлал зэргийг үзье гэвэл тусгай аяллын маршрутаар явж тэндхийн хөдөө нутгийн айлууд хэрхэн хивс нэхэж, гэрийн нөхцөлд дарс исгэж, завь урлаж байгаа зэргийг нүдээрээ харах боломжтой. 

Харин Меконг голоор завиар зугаалбал та завин дээрээс ардын уламжлалт өнгө тансаг бараа бүтээгдэхүүн зардаг усан дээрх зах худалдаа, голын эрэг дагуух ядуусын хороолол зэргийг сонирхож бас болно.

Ханойд мөн хороолол дундуур тавьсан замаар өдөр бүр галт тэрэг зорчих агаад тус гал тэргэнд сууснаар та нарийн гудамжнууд дунд байрлах ядуусын хорооллоор явж үзэж болно. Галт тэрэг явахгүй үеэр хашаа хаалганаас нь ганц метрийн зайтай өнгөрөх төмөр зам дээр хүүхдүүд тоглон, томчууд хоол хүнсээ бэлтгэж суухыг ч мөн харах боломжтой.

Тиймээс та Вьетнамд богино хугацаагаар зорчсон ч энэ гайхамшигт сайхан оронд ахин дахин зочилмоор сэтгэгдэл гарцаагүй төрөх болно.

16
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()