Сурталчилгаа (15)
Хаах

Бидний мэдэхгүй Хойд Солонгосын харгис дэглэмүүд

Бидний мэдэхгүй Хойд Солонгосын харгис дэглэмүүд

Цөмийн зэвсгээрээ дэлхий нийтийг “сүрдүүлээд” байгаа Ким Жон Ун-ы БНАСАУ хаалттай, хэрцгий бодлого явуулдаг гэж дэлхийн бусад улс орон шүүмжилдэг. Хэдийгээр хатуу дэглэм нь улс орныг тодорхой үр дүн, ахиц дэвшилд хүргэж болох ч, жирийн ард түмний хувьд амьдрахад нилээд хүнд, харгис нийгэм юм. Тэгвэл танд бидний мэдэхгүй тус улсын 5 харгис дэглэмийг танилцуулъя.

1 Хөдөлмөрийн бааз

Хэдийгээр бүх эрх мэдлийг гартаа авсан харгис дарангуйлагчид бүгд хөдөлмөрийн баазтай байдаг ч, Хойд Солонгосынх илүү харгис дэглэмтэй байдаг аж. Тэрхүү бааз нь уулархаг бүс нутагт буюу нууцлаг газар байрладаг.

Уг хөдөлмөрийн баазын хоригдлуудын нэг болох Кан Чол Хуан нь Хойд Солонгосын Ёодокийн хорих лагерт хүнд хэцүү 10 жилийг өнгөрөөжээ. Үүний шалтгаан нь тэрээр өөрөө ямар нэг буруу зүйл хийгээгүй ч, түүний эцэг эх Хойд Солонгосын коммунизмыг эсэргүүцсэнээс болж хүүхэд насандаа ийнхүү хорих лагерт очсон байна. Тэнд Кан Чол Хуан багаасаа олон км газар мод зөөх зэрэг биеийн маш хүнд хүчир ажил хийдэг байжээ. Гэвч хүнд ажил хийж буй хоригдлуудын хувьд эсэргүүцэх эсвэл өөр ажил хийх ямар ч боломж байдаггүй аж. Хэрвээ даалгасан ажлыг хийхгүй эсэргүүцвэл бааз доторх, шалаар дүүрэн бохир устай, тусгай шоронд аваачин хорьдог байна. Тэр шоронгоос ихэнх хоригдол амьд гарч чаддаггүй бөгөөд тэдний цогцос ялзран усанд нь шингэсэн байдалтай байдаг аж.

Гэсэн хэдий ч энэ бол тэндхийн хамгийн аймшигт зүйл биш. Зарим тохиолдолд харуулууд хоригдлуудыг дүүжилж, дүүжлүүлсэн хүн рүү бусад хоригдлуудаар хүчээр чулуу шидүүлдэг байна. Харин нас нөгчсөнийх нь дараа цогцсыг долоо хоног дүүжлээстэй байлгаж, хоригдлуудаар танигдахааргүй болтол нь чулуу шидүүлэх ч тохиолдол олон гардаг аж.

Гэвч Кан Чол Хуан бол азтай хүн. Учир нь түүний эцэг эх нь эцэст нь тус хөдөлмөрийн баазаас суллагдсан юм. Хамгийн гайхалтай нь Канг боломж олдонгуут улсаасаа зугтаж, улмаар Хойд Солонгосын Стратегийн Төв гэх хүний эрхийг байгууллагын захирал болжээ.

Хөдөлмөрийн бааз

2 Гурван үеийн дүрэм

"Гурван үеийн дүрэм" бол Хойд Солонгосын шоронгийн тогтолцооны байж болох хамгийн аймшигтай, хэрцгий бодлого юм. Хэрвээ Хойд Солонгосын оршин суугч гэмт хэрэг үйлдвэл хөдөлмөрийн бааз руу “цөлөгдөнө”. Гэвч үүнээс аймшигтай нь авсан ялаа гурван үеэрээ үүрэх ёстой. Тиймээс жирэмсэн эмэгтэй байсан ч шоронд төрж, төрөх хүүхэд нь ямар ч гэмгүй атлаа аав, ээж, өвөө, эмээгийнхээ ялыг цуг үүрэх хэрэгтэй болдог.

Энэ шийтгэл нь ихэвчлэн Засгийн газрыг эсэргүүцсэн хүмүүст оноогддог бөгөөд ялангуяа шоронд төрж өссөн хүүхдийн хувьд энэ нь сэтгэцийн эрүүл мэндэд нь нэн хортой юм. Яг ийм нөхцөлд төрж өссөн хүүхдүүдийн хувьд шоронгийн гаднах дэлхий ертөнцийн талаар ямар ч төсөөлөл байдаггүй. Тиймдээ ч оргох талаар боддог ч үгүй байна. Учир нь шорон бол тэдний мэдэх бүх ертөнц. Тэд гадаад ертөнцийг яг л өөрийн өссөн хорих лагер мэтээр төсөөлдөг байна.

Гурван үеийн дүрэм

3 Олон нийтийг албадан хамруулдаг бүжгийн наадам

Хойд Солонгос маш олон сонин жигтэй уламжлалтай. Тэдгээрээс хамгийн алдартай нь парад, гимнастикийн үзүүлбэрүүд, олон нийтийн гайхалтай бүжиг зэргээс бүрдэх бүх нийтийн тоглоом юм. Тиймдээ ч Хойд Солонгост энэхүү уламжлалт наадмыг судалдаг маш олон судлаачид байдаг. Гэвч тэд сайн дурын үндсэн дээр биш, төр засгийн шахалтаар судлаач болжээ.

Өнгөрсөн жил л гэхэд бүжгийн наадамд 100,000 гаруй хүн оролцсон байна. Энэ үеэр сургуулийн насны мянга мянган хүүхдийг үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл наадамд оролцуулахаар тасралтгүй бэлтгэл хийлгэж байсан нь хүний эрхийн бүлэглэлүүдийн шүүмжлэлийг хүртжээ.

Хүүхдүүд сарын туршид ямар ч цаг агаарын нөхцөлд бэлтгэлээ тасралтгүй хийж, хүйтэн газар хэт удаан сууснаас шээсний замын халдвар авах зэрэг олон хүндрэлүүд тохиосон байна. Айл өрхүүдийн ингэж их бэлтгэл хийн наадамд оролцдог шалтгаан нь өнгөт зурагт зэрэг шагнал авах боломжтой байдгаас үүджээ. Харин өнгөт зурагт нь Хойд Солонгост ховор хэрэглэгддэг юм.

Олон нийтийг албадан хамруулдаг бүжгийн наадам

4 Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн боогдмол байдал

Хойд Солонгос хэвлэлийн эрх чөлөөг байх ёстой зүйл гэж үздэггүй. Тиймдээ ч дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүгд төрийн хяналтад байдаг бөгөөд засгийн газрын зүгээс өргөн хүрээтэй хяналт, цензур тогтоодог. Энэ нь улс оронд болж буй үйл явдлын талаар бодит мэдээлэл авах боломжийг хязгаарладаг юм. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн бэлтгэсэн мэдээний агуулга нь засгийн газрын бодлогод харшилснаас мэдээний багийг улсаас хөөн зайлуулсан тохиолдол ч илэрч байжээ. Гэвч улсаас хөөн гаргах нь наад захын асуудал юм.

2017 онд Өмнөд Солонгосын хоёр сэтгүүлч болон тэдний хэвлэн нийтлэгчид ердөө сүүлийн жилүүдэд улс орны нийгэм, эдийн засагт гарсан өөрчлөлтийн тухай номыг судалж, шүүмжилснээр цаазын ял авахад хүрчээ. Азаар тэр үед сэтгүүлчид Хойд Солонгост байгаагүй юм.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн боогдмол байдал

5 Цэргийн амьдрал

Хойд Солонгост эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүх хүн цэргийн алба хаах ёстой. Эмэгтэйчүүдийн хувьд 7 жил цэргийн алба хаадаг бол, эрчүүдийн хувьд бүтэн 10 жил хаадаг юм. Энэ хугацаанд цэргүүдийн чадвар болон бие бялдрын хөгжил Ким Жон Уны бие хамгаалагчийн хэмжээнд хүрэхгүй бол цэргээс халагдах боломжгүй болдог бөгөөд үргэлжлүүлэн алба хааж нийтдээ 13 жил болдог байна. Харин дээд боловсрол эзэмших бол 3-5 жил алба хаалгадаг. Гэсэн ч ихэвчлэн өлсгөлөнгийн байдалтай байдаг цэргийн хуаранд 3 жил ч урт хугацаа юм.

Хэдийгээр тусгай хүчнийхэнд тусгай хоол өгдөг ч, жирийн цэргүүдийн хувьд ихэвчлэн хоол хүнс нь хангалтгүй байдаг байна. Заримдаа цэргүүд нэг удаагийн хоолондоо ердөө 3 төмс идэх тохиолдол ч байдаг аж. Харин заримдаа эрдэнэ шишийн түүхий үр, бага зэрэг будаатай хольсон үр тариа зэргээр хооллодог. Энэ нь биеийн хүчний дасгал хийдэг цэргүүдийн хувьд тун хангалтгүй хоол юм. Тиймээс хуарангийн цэргүүд  хоол тэжээлийн дутагдлаас болж алхаж чадахгүй болтлоо сульддаг байна. Үүний улмаас тэд заримдаа цөхрөнгөө барж улмаар хоолны хулгай хийх тохиолдол их гардаг аж.

Цэргийн амьдрал

9
таалагдаж байна

25
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()