Жирэмсэн эмэгтэйчүүдэд эмч нарын өгсөн үнэтэй 8 зөвлөгөө

2019-01-17, 12:41
15,920

Шинэхэн хүнээ өлгийдөн авахаар хүлээж буй эмэгтэй хүний хувьд энэ нь тун удахгүй цоо шинэ амьдрал эхэллээ л гэсэн үг. Тийм ч учраас эхчүүдэд хүүхдээ тээх үеийн хооллолт, дасгал хөдөлгөөн, удамшил гээд мэдэхгүй зүйл олон. Тэгвэл эмч нарын зүгээс жирэмсэн эмэгтэйчүүдэд өгдөг дараах 8 зөвлөгөөг хүргэе.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд эмч нарын өгсөн үнэтэй 8 зөвлөгөө
ГАЛ ГАРСАН ТОГЛОЛТУУД!
Хаах
Сурталчилгаа

1 Төрөхийн өмнөх хяналт

Эмэгтэй хүн бие давхар болсноо мэдсэн даруйдаа өөрт тохирох эмчээ сонгож, байнгын хяналтад орох нь зүйтэй. Учир нь эмэгтэйчүүдийн эмч нь ураг хэвийн өсөж байгаа эсэх, ямар нэг гажиг илрээгүй эсэхийг тогтоон, төрөх хүртэл нь хяналтдаа байлгах үүрэгтэй. Ингэснээр жирэмсэн эмэгтэй өөрийн биеийн байдал, ургийнхаа өсөлтийн явцыг мэдэж, ямар нэг гажиг байгаа тохиолдолд эрт үед нь илрүүлэх боломжтой юм. Үүний дээр эмчээсээ жирэмсний эхний саруудад биед гарч буй өөрчлөлт, тэдгээрт тохирсон витамин хэрэглэх гээд олон төрлийн зөвлөгөөг авах нь зүйтэй.

Төрөхийн өмнөх хяналт

2 Эцэг эх нь өөрсдийн удмыг судалж, хүүхдэдээ удамших магадлалтай өвчнийг олж мэдэх

Хүүхэд зөвхөн аав, ээжийнхээ гадаад төрхийг дуурайж төрөөд зогсохгүй, түүнээс ч илүү зүйлийг өвлөх боломжтой байдаг. Тухайлбал, танаас өмнөх долоон үеийн өвөг дээдсийн тань шинж тэмдэг, магадгүй өвчин эмгэг нь хүүхдэд тань удамших боломжтой. Тиймээс эцэг эх хоёр хоёулаа өөрсдийн удамд ямар нэг ургийн гажиг, хөгжлийн бэрхшээл, хууч өвчин зэрэг байсан эсэхийг судлах нь зүйтэй юм. Ингэснээр удамшлын мэдээлэл дээрээ тулгуурлан, эмэгтэйчүүдийн эмчээсээ зөвлөгөө авч, урьдчилан генетикийн шинжилгээ хийлгэх зэргээр хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах боломжтой.

Эцэг эх нь өөрсдийн удмыг судалж, хүүхдэдээ удамших магадлалтай өвчнийг олж мэдэх

3 Жирэмслэлтийн үеийн хоолны дэглэм

Төмөр, кальци, фолийн хүчил, уургаар баялаг хоол хүнс нь эх, урагт аль алинд нь тустай болох нь тогтоогджээ. Учир нь жирэмсэн эмэгтэйн биед витамин, эрдэс бодис маш их шаардагддаг бөгөөд хэрэв хоол хүнс бага хэрэглэвэл чихрийн шижинтэй болох эрсдэл нэмэгдэж, эрүүл мэндэд муу байдаг аж.

Жирэмслэлтийн үеийн хоолны дэглэм

Жирэмсний үед хэрэглэхэд тохиромжтой хүнс

  • Сүү, сүүн бүтээгдэхүүн, тэр дундаа тараг нь уураг, кальци ихээр агуулдаг тул ургийн өсөлтөд эерэгээр нөлөөлдөг байна.
  • Шош нь фолийн хүчил болон эслэгээр баялаг тул төрөлтийн гажгийн эрсдлийг бууруулдаг.
  • Амтат төмс, лууван нь жирэмсэн эхийн биед А аминдэм дутагдахаас сэргийлнэ.
  • Яргай загас зэрэг Омега 3-р баялаг хүнс нь ургийн тархины хөгжлийг дэмждэг.
  • Ногоон навч нь тэжээллэг бодисоор баялаг тул хүүхдийн өсөлтөд чухал нөлөөтэй.
  • Мах нь жирэмсэн эмэгтэйн биед хамгийн хэрэгтэй төмөр, уураг, В аминдэмийн эх үүсвэр тул тогтмол хэрэглээрэй.
  • Загасны элэгний тос нь омега-3 тосны хүчлүүд, витамин А болон D аминдэмээр баялаг тул жирэмсэн үед хэрэглэх эд тохиромжтой.
  • Жимс нь С аминдэм, эслэг, антиоксидантаар баялаг бөгөөд жирэмсний үеийн өтгөн хаталтад тусалж чадна.
  • Бүх төрлийн үр тарианууд нь жирэмсэн эмэгтэйчүүдэд их хэмжээгээр шаардагддаг эслэг, ургамлын нэгдэл, В аминдэм, магни зэргээр баялаг юм.

Жирэмсний үед хэрэглэхэд тохиромжтой хүнс

Жирэмсний үед хэрэглэхэд тохиромжгүй хүнс

  • Дутуу болсон болон түүхий өндөг
  • Жирэмсэн хүн хэрэглэхийг хориглосон эмүүд
  • Түүхий болон шүүрхий мах
  • Элэг
  • Эдгээр нь таны ургийг гэмтээх, ямар нэг өвчний эх үүсвэр болох магадлалтай тул эмч нар эдгээр хүнснээс татгалзахыг зөвлөдөг.

Жирэмсний үед хэрэглэхэд тохиромжгүй хүнс

4 Урагт аюулгүй дасгалуудыг сонгон хийх

Жирэмсэн эмэгтэйчүүд өдөр бүр дасгал хийснээр биеийнхээ хэвийн үйл ажиллагааг хадгалахад тустай. Мөн хамгийн чухал нь хүүхэд төрүүлэх үед эмэгтэй хүнээс маш их хүч чадал, энерги шаарддаг тул жирэмсний үедээ идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, биеэ чангалах хэрэгтэй. Мөн бие махбодын идэвхтэй үйл ажиллагаа нь жирэмсний үеийн таагүй мэдрэмжийг багасгаж, өвдөлтийг бууруулдаг байна.

Урагт аюулгүй дасгалуудыг сонгон хийх

Жирэмсэн үед хийхэд тохиромжтой дасгалууд

  • Аэробикийн дасгалууд нь алхаж, бүжиглэж, сэлэхтэй нэгэн адил зүрхний цохилтыг түргэсгэдэг.
  • Дасгал хийх явцдаа дунд нь тогтмол завсарлага авч, амьсгаагаа дараарай.
  • Дасгал хийхийн өмнө болон дараа тогтмол ус уугаарай.
  • Хэрвээ туухай өргөх дасгал хийхээр бол хөнгөн буюу 3 кг жинтэй туухайг сонгоорой.

Жирэмсэн үед хийхэд тохиромжтой дасгалууд

Хийж болохгүй дасгалууд

  • Нуруундаа ачаалал өгөхүйц хүнд төрлийн дасгалуудаас татгалзаарай.
  • Дасгал хийх явцдаа амьсгаагаа хураах бус, аль болох хэвийн амьсгалах хэрэгтэй.
  • Нуруун дээрээ хэвтэж хийдэг дасгалуудаас зайлсхий.
  • Мөн ямар ч төрлийн спортоор хичээллэж болохгүй. Учир нь бэртэх аюултай.

Хийж болохгүй дасгалууд

5 Хамгийн тухтай, зөв байрлалаар унтах

Жирэмсний үед, тэр дундаа эхний 12 долоо хоногт ядарч, сульдах шинж тэмдгүүд түгээмэл илэрдэг. Үүнийгээ дагаад бүсгүйчүүдийн унтаж, амрах цаг ч нэмэгддэг байна. Харин зарим төрлийн байрлалаар унтах нь урагт аюултай байдаг аж.

 

Хамгийн тухтай, зөв байрлалаар унтах

Тэгвэл Америкийн Үндэсний Эрүүл Мэндийн Газрын эмч нарын мэдээлснээр орой унтах хамгийн аюулгүй байрлал бол зүүн талаараа хажуу тийшээ харж унтах аж. Судалгаагаар жирэмсний 28 дахь долоо хоногоос хойш, дээшээ харж унтах нь хүүхэд амьгүй төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Учир нь дээшээ харж унтсанаар цусны урсгал хязгаарлагдаж, улмаар хүүхдэд хүчил төрөгч дутагддаг байна. Тиймээс хэрвээ та дээшээ харж унтдаг зуршилтай бол жирэмсний дэрийг хөлийнхөө завсар хавчуулах зэргээр хажуу тийшээ харж унтаж сураарай.

6 Йогоор хичээллэх болон өөртөө цаг гаргахын ач тус

Жирэмсний үед зөвхөн бие махбод тавгүйтээд зогсохгүй, сэтгэл санааны хувьд ч хямралд өртдөг. Тиймээс та өөртөө аль болох анхаарал тавьж, дарамт, стрессээс хол байхыг зориорой. Йог нь жирэмсэн эмэгтэйн бие махбод болон оюун санааны аль алинд нь тустай болохыг нотолжээ.

Йогоор хичээллэх болон өөртөө цаг гаргахын ач тус

Йог хийснээр:

  • Жирэмсний үеийн стрессээс ангижрах.
  • Хаван, чихрийн шижин зэрэг жирэмсний үед тохиолддог өвчнүүдээс урьдчилан сэргийлэх.
  • Сэтгэл санаа тогтворжуулах.
  • Өвдөлт намдаах.
  • Илүүдэл жингээс сэргийлэх.
  • Төрөлтийн хүндрэлийг багасгах зэрэг ач тустай.

7 Төрөхийн өмнөх шилжилтийн үе

Төрөхийн өмнөх шилжилтийн үе гэдэг нь жирэмсэн эмэгтэй болон түүний нөхөр хоёулаа эцэг эх болох гэж буйгаа ухамсарлан, сэтгэл санаагаа бэлддэг үеийг хэлдэг байна. Энэ үе эхэлдэг тогтсон сар гэж байдаггүй. Учир нь хүн бүрийн хувьд шилжилтийн үе нь харилцан адилгүй байдаг аж. Гэвч ихэнх хүмүүсийн шилжилтийн үе 3 болон 4 дэх сараас хойш эхэлдэг байна.

Энэ үеэр эхнэр, нөхрийн аль аль нь маш их стресстдэг бөгөөд үүнээс болж хосууд салах эрсдэл нэмэгддэг аж. Ялангуяа 2 болон 3 ихэр хүүхэдтэй болж, давхар хариуцлага үүрэх гэж буй эцэг, эхчүүдийн хувьд бүр ч их стресстдэг байна. Гэвч судлаачид энэ бүхнийг хэвийн үзэгдэл гэж үздэг. Учир нь хүүхэд төрсний дараа эцэг, эхчүүд шинэ амьдралын хэв маягтаа аажмаар дасан зохицдог тул, хэрвээ танд дээрх хүндрэлүүд тохиолдвол, энэ бол бүх шинэ эцэг эхчүүдэд тохиолддог зүйл гэдгийг санаарай.

Төрөхийн өмнөх шилжилтийн үе

8 Төрөлтийн үе

Төрөлт бол бие махбодын болон сэтгэл санааны асар их тэвчээр шаарддаг зүйл. Энэ  нь эмэгтэй хүн бүрийн даван туулдаг хамгийн хэцүү даваа юм. Гэвч тэр бүх өвдөлт тийм ч удаан үргэлжлэхгүй гэдгийг санах нь зүйтэй. Мөн судлаачдын тогтоосноор эмэгтэйчүүдийн 90 хувь нь төрснөөс хойш 3 сарын хугацаанд өвдөлт мэдэрдэг гэжээ. Тиймээс эмэгтэйчүүд төрснийхөө дараа хурдан тэнхрэхийн тулд эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авч мөн сайтар алхах хэрэгтэй юм байна.

Төрөхийн өвдөлт нь 2 хэсгээс бүрддэг:

  1. Висцерал өвдөлт- Төрөхийн эхний шатанд тохиолддог өвдөлт. Энэ нь савны амсар нээгдэх үед умайн хүзүүнд ачаалал өгдгөөс үүдэлтэй.
  2. Соматик өвдөлт- Төрөх үеийн болон төрсний дараах өвдөлтийг хэлдэг байна.

Төрөлтийн үе

Жирэмсэн эмэгтэйчүүд юуны түрүүнд төрөхийн өмнөх болон дараах аль аль үед байнгын эмчийн хяналтад байж, зөвлөгөө авах нь нэн чухал гэдгийг санах хэрэгтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()