Үхлийн савраас мултарсан 10 хүний ер бусын түүх

Адал явдалт киноны баатрууд аймшигт үхэлтэй нүүр тулсан ч гайхамшигтайгаар амьд үлдсээр байдаг. Харин бидний доор өгүүлэх түүхүүд бол бүгд Холливудын киноны бодит хувилбар юм. Тэд үхэхээс өөр гарцгүй нөхцөлд орсон ч ер бусын хүчээр амьд үлдэж чаджээ. Caak.mn та бүхэнд үхлийг “хуурч” чадсан 10 хүний түүхийг сийрүүлэн хүргэж байна.

Үхлийн савраас мултарсан 10 хүний ер бусын түүх
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Дионисио Пулидо – Гэрийнхээ хашаанаас галт уул олсон эрхэм

1943 оны 2 сарын 20-ний өдөр Мексикийн Парикутин тосгонд Дионисио Пулидо хэмээх нэгэн эрхэм 45 метр урт, 1.8 метр өргөн, орой дээрээ хагарсан цав бүхий бяцхан “Дов” гэнэт ургасныг мэджээ. Гэтэл тэр нь томорсоор 1.8 метр өндөр болж хий ялгаруулж эхлэв.

Түүний тариалангийн хашаа доторх тус дов 24 цагийн дотор байшингаас нь 50 метрээр илүү өндөр болсон байсан төдийгүй үргэлжлэн өссөөр байв. Улмаар их хэмжээний үнс дарах болж тариалангийн талбай нь сүйджээ. Эцэст нь 6-р сард лав урсаж эхэлснээр тосгоныг бүхэлд нь нүүлгэн шилжүүлсэн байна.

Тус галт уул нэг жилийн хугацаанд томорч байгаад яваандаа тогтсон гэдэг. Тэсрэлтийн чимээ нам гүмээр солигдож 1952 онд галт уул бүрэн унтарсан аж. Тухайн үед тус галт уул газрын хөрснөөс дээш 400 орчим метр өндөр болжээ. Дэлбэрэлтийн улмаас олон мянган хүн хохирч, хүмүүс шинэ газар шинэ амьдрал эхлүүлэхээс аргагүйд хүрсэн байна.

Пулидо нутгаа орхихын өмнө эрдэнэ шиш тариалж байсан хашаандаа эргэж ирээд “Тус галт уул бол Дионисио Пулидогийн бүрэн эзэмшил болно” хэмээх бичигтэй самбар босгож орхисон юм.

Дионисио Пулидо – Гэрийнхээ хашаанаас галт уул олсон эрхэм

2 Арон Ралстон – Амьдрахын тулд халаасны хутгаар гараа тайрчээ

Арон 2003 онд Блюжоны их хавцалд (Bluejohn Canyon) хаданд авирч байв. Ууланд авирах хоббитой түүний хувьд энэ аялал энгийн өрнөх ёстой байсан ч хавцал руу халтирч унаад нуранги бул чулуунд гараа даруулсны улмаас 127 цаг үргэлжилсэн там болон хувирчээ. Тэрбээр гараа том чулуунд даруулж хавцлын хананд шахагдан гацав. Мултрахыг ихэд хичээсэн ч гар нь огт хөдлөөгүй аж.

Гарч чадалгүй хэдэн өдөр өнгөрөхөд Арон амьд үлдэхийн тулд гарнаасаа салах хэрэгтэйг ойлгов. Оюун бодолтойгоо ихэд зөрчилдсөний эцэст гараа тайрахаар шийдсэн боловч түүний хутга гар тайрах хэмжээний иргүй болохыг мэджээ. Улмаар хувь заяандаа даатгаж бууж өгсөн аж. Гэнэт түүнд чулууг ашиглаж гараа хөшиж хугалах санаа төржээ. Ийнхүү хугалсныхаа дараа холбоотой үлдсэн арьс, мөгөөрс, шөрмөсийг нь хутгаараа тастсан байна.

Бүтэн тав хоног, хагас өдрийн турш хавцалд гацсан тэрбээр эцэст нь чөлөөтэй болон гарч ирэхэд хүмүүс түүнийг олж аврагдсан юм. Энэ явдлаас хэдэн жилийн дараа Арон “127 цаг” хэмээх уран сайхны кино хийхэд нь кино продюсеруудад тусалсан билээ.

Арон Ралстон – Амьдрахын тулд халаасны хутгаар гараа тайрчээ

3 Весна Вулович – 10,000 метрийн өндрөөс унасан ч амьд үлдсэн эмэгтэй

1972 оны 1-р сарын 26-ний өдөр, Копенгагенаас Белград хүрэх Югославын нислэгийн үеэр Чехийн нутаг дэвсгэр дээр онгоц гэнэт дэлбэрч тухайн үед 22 настай байсан Весна 10 километрийн өндрөөс унажээ.

Аврагчид ослын газар ирэхэд туфлийнх нь өсгий хугарсан онгоцны үйлчлэгч харагдсан гэдэг. Гэвч тэрбээр маш их хэмжээний цус алдаж гавлын яс нь цуурч, сээр нуруу нь 3 газар хугарснаас гадна хэд хэдэн бэртэл авсан байсан бөгөөд гурав хоног ухаангүй байсан юм. Хэдийгээр гол бэртлүүд үхлийн аюултай байсан ч биеийн байдал нь тогтворжиж амьд үлдсэн юм.

Весна Вулович 10,000 метр буюу хамгийн өндрөөс шүхэргүй унаад амьд үлдсэн хүн хэмээн "Гиннесийн ном"-д тэмдэглэгдэн үлджээ.

Весна Вулович – 10,000 метрийн өндрөөс унасан ч амьд үлдсэн эмэгтэй

4 Анна Богенхольм – Үхлээс эргэж ирэв

Доктор Анна Богенхольм хүрхрээний ойролцоо өвөл цанаар гулгаж байгаад толгойгоороо мөс хагалан унаж улмаар мөсний доороос гарч чадалгүй хүйтэн усанд 80 минутыг өнгөрөөсөн юм. Эхэндээ агаарын сав олж амьсгалж байсан ч ердөө 30 минут тэсэж чаджээ. Дараа нь даарч, ядарсны улмаас усны гүн рүү унаж тэндээ 40 минут хэвтсэн байна. Эцэст нь Анна-г олж эмнэлэгт хүргэв. Гэвч зүрх нь зогсоод хоёр цаг өнгөрсөн, биеийн дулаан 13.7 хэмээс доош орсон байжээ. Энэхүү хоёр нөхцөлийн аль нь ч тохиосон үхлээр төгсдөг боловч эмч нар түүнийг есөн цагийн дараа сэхээн амьдруулж чадсан юм. Хэдийгээр гар, хөл нь мэдээгүй болсон ч тархиндаа гэмтэл аваагүй байжээ.

Анна Богенхольм – Үхлээс эргэж ирэв

5 Цүтомү Ямагүти – Цөмийн зэвсгийн хоёр дайралтаас амьд үлсэн эрхэм

Цүтомү Ямагүти 1945 оны 8 сарын зургааны өдөр Хирошима хотод албан томилолтынхоо сүүлчийн өдрийг өнгөрөөж байтал түүхийг өөрчилсөн аймшигт явдал болов. Энэ бол хоёр ч цөмийн дайралтаас амьд үлдсэн хүний тухай түүх юм.

Өглөө эрт Америкийн “B-29” бөмбөгдөгч онгоц “Бяцхан хүү” (Little Boy) нэртэй, буу хэлбэрийн бүтэцтэй ураны тэсрэх бөмбөг хаяхад гэрлийн тэсрэлт үүссэнээр аймшигт сүйрэл эхэлжээ. Дэлбэрэлт Хирошима хотын иргэдийг бараг бүхэлд нь хүйс тэмтэрсэн билээ. Харин Цүтомү түлэгдэж, хэнгэрэг нь хагарсан ч амьд үлджээ.

Тус тэсрэлтийн дараа тэрбээр Нагасаки дахь гэртээ эхнэр, хүү хоёр дээрээ эргэж ирээд дөнгөж гурав хонож байтал хоёр дахь бөмбөгдөлт болов. Энэ удаа “Тарган залуу” (“Fatman”) гэж нэрлэсэн, төвлөрсөн бүтэцтэй, илүү хүчтэй, том бөмбөг байсан бөгөөд хот бүхэлдээ устав. Харин Цүтомү эхнэр хүүхдийн хамт амьд үлдсэн юм. Цацраг туяаны хордлогоор ихэд шаналсан ч аажимдаа эдгэж, цаашид гэр бүлийн хамт хэвийн аж төржээ..

Цүтомү Ямагүти – Цөмийн зэвсгийн хоёр дайралтаас амьд үлсэн эрхэм

6 Рой Салливан – Аянгын эзэн

Виржиниа мужийн ойн байгаль хамгаалагч тэрбээр нийт долоон удаан аянгад цохиулсан ч амьд үлдсэн тул "Гиннессийн ном"-д бичигдсэн юм. Тус номд Рой-г аянга буулгагч эрхэм хэмээгээд тохиолдол тус бүрийн гэмтлийн тухай дурджээ.

Түүний анхны аянга 1942 онд бууж эрхий хурууны хумсаа алдаж, 1969 онд хөмсөггүй болж, 1970 оны 7 сард зүүн мөрөө түлж, 1972 оны 4 сарын 16-ний өдөр үс нь шатсан ажээ. Нэг жилийн дараа 1973 оны 8 сарын 7-нд үс нь дахиж шатаж, хөл нь түлэгдсэн бол 1976 оны 6 сарын 5-ны өдөр шагайдаа бэртэл авч, 1977 оны 6 сарын 25-нд цээжин бие, хэвлий хэсгээрээ түлэгдсэн байна. Рой 7 дахь удаагаа аянгад цохиулсан яг тэр өдрөө 22 дахь удаагаа баавгайтай мөчрөөр тулалдсан гэдэг.

Рой Салливан – Аянгын эзэн

7 Анатолий Бугорский – Протон туяанд цохиулсан эрхэм

Оросын физикч Анатолий Бугорский 1978 онд толгой тус газраа протон туяагаар цохиулсан хачирхалтай тохиолдол болжээ. Эгэл бөөмийн хурдасгуураар туяаг гэрлийн хурдтай дүйх хэмжээнд хүртэл хурдасгадаг аж. Урьд хожид ийм явдал тохиож байгаагүй тул тухайн үед Анатолий яг ямар гэмтэл авсныг хэн ч тогтоож чадаагүй хэдий ч хүмүүс түүнийг амьд үлдэж чадахгүй гэж бодож байв. Анатолий гэмтэл авах тухайн мөчид ямар нэг өвдөлт мэдрээгүй бөгөөд урьд өмнө огт харж байгаагүй маш тод гэрэл харсан гэжээ. Бэртлийн улмаас тэрбээр зүүн чихний сонсголоо алдаж, нүүрний зүүн тал нь мэдээгүй болсон. Эдгээр гэмтлийг эс тооцвол тэрбээр харьцангуй хэвийн амьдралаар үргэлжлүүлэн амьдарч байна.

Анатолий Бугорский – Протон туяанд цохиулсан эрхэм

8 Эва Висниерска – Шуурганд өртсөн шүхэрчин бүсгүй

Эва бол ур чадвараараа олон улсад танигдсан туршлагатай шүхэрчин. Тэрбээр 2007 онд Австралид шүхрээр бууж байгаад шуурганы эргүүлэгт татагдан оржээ. Улмаар Эверестийн оргилоос ч дээш 10 километр өндөрт гарч онгоц нисэх төвшинд хүрч хөөрсөн бөгөөд 80 километр цагийн хурдтайгаар эргэлдэж буйгаа мэджээ. Тэрбээр хүчил төрөгч дутагдсаны улмаас нэг цаг гаруй хугацаанд ухаан алдсан. Гайхалтай нь тэрбээр -40 хэмийн хүйтэнд, мөндөр, аянга нижигнэсэн шуурганаас бэртэлгүй газардсан байна. Эмч нарын дүгнэснээр бүсгүй ухаан алдахад зүрхний цохилт, биеийн ерөнхий үйл ажиллагаа удааширч амьд үлдэхэд нь нэмэр болсон байж болох талтай гэжээ. Энэ нь шуурга намжих үед сэргэх нөхцөл болж тэрбээр аюулгүй газардах боломж олдсон байх гэв.

Эва Висниерска – Шуурганд өртсөн шүхэрчин бүсгүй

9 Жо Симпсон – Үхлээс зугтаж мөлхсөөр байв

Жо Симпсон, Саймон Иейтс нар Перу дахь Андын нуруунд ууланд авирч байгаад Саймон хөлөө хугалав. Иейтс найзыгаа аюулгүй газарт хүргэхийн тулд уулын хавцлаар олс ашиглаж доош буулгаж байсан ч олс дутаж эцэст нь Иейтс маш хүнд сонголт хийхээс өөр аргагүйд хүрчээ. Тэрбээр өөрийгөө аврахын тулд олсыг огтлохоос өөр аргагүй болов.

Гайхалтай нь Жо Саймон хавцлын тохойд нэмж бэртэл авалгүй газардсан юм. Тэрбээр үхнэ гэдэгтээ итгэлтэй байсан ч ганцаараа үхэхийг хүсээгүй гэв. Улмаар дөрөв хоногийн турш 10 километр газар мөлхсөний эцэст буудалласан газраа эргэн ирж найз Саймон-тойгоо дахин уулзжээ. Симпсон эсэн мэнд үлдсэн төдийгүй ном бичиж, гайхалтай аяллынхаа тухай кино хийсэн юм.

Жо Симпсон – Үхлээс зугтаж мөлхсөөр байв

10 Луи Замперини – Хатан зүрхтэн

1943 оны 5 сарын 27-ны өдөр АНУ-ын агаарын хүчний “B-24” онгоц аврах ажиллагааны үеэр эвдэрч Номхон далайд осолджээ. Онгоцны гишүүдийн нэг дэслэгч Луи Замперини 1936 оны Берлиний Олимпт өрсөлдөж байсан холын зайн гүйлтийн тамирчин байв. Тэрбээр далайд 47 хоногийн турш борооны ус, загасаар хооллож амьд үлдэж чадсан боловч эцэст нь багийн хоёр дахь гишүүн дэслэгч Расселл Филлипс-ийн хамт Японы армид олзлогдсон юм.

Энэ үеэс Замперини бүр ч аймшигтай зүйлсийг даван туулж эхэлжээ. Тэрбээр хорих лагерийн хэрцгий түрүүч “шувуу” хочит Мүцүхиро Ватанабэгийн аймшигт эрүү шүүлтийг тэсвэрлэх хэрэгтэй болсон аж.

Хүнд зовлон туулсан Замперини дайнаас амьд гарч чадсан бөгөөд 1945 онд эрх чөлөөтэй болсон. Удаах жилүүдэд нь тэрбээр ихэд шүтлэгтэй болж Ватанабэг уучилсан гэдгээ хэлэхээр Японыг зорьсон ч Ватанабэ эртний дайсантайгаа нүүр тулахаас цааргалсан аж.

2014 онд бүтээсэн “Нугаршгүй” (“Unbroken”) кинонд Замперинигийн туулж өнгөрүүлсэн бүхнийг тодорхой өгүүлдэг.

Луи Замперини – Хатан зүрхтэн

Эдгээр хачирхалтай, ер бусын түүхүүд та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Хэрэв танд ямар нэг аюултай нөхцөл байдлаас мултарч чадсан түүх байвал сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

27
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()