Дэлхийн хамгийн шилдэг мөрдөгчдийн түүх

Бодит байдал уран зохиолоос ч илүү сонирхолтой гэж та боддог уу? Шерлок Холмс, Сэм Спейд нарын нэр алдар дэлхий дахинаа цуурайтаж байхад тэдний бодит “хувилбарууд” олонд төдийлөн танигдаагүй үлдсэн байдаг. Хэдийгээр тэд уран зохиолд мөнхлөгдөөгүй ч хүн төрөлхтний түүхэнд алдар нэрээ мөнхөлж чадсан гайхалтай түүхтэй мөрдөгчид байсан. Бид танд Шерлок Холмсын бодит хувилбарууд болох дэлхийн шилдэг мөрдөгчдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Дэлхийн хамгийн шилдэг мөрдөгчдийн түүх

1 “Бахь” хочит Леонард Рид

Английн Ноттингем хотын уугуул тэрбээр 1946 онд бүсийн цагдаагийн газар ажилд орохыг хүссэн ч өндрийн доод хязгаар 182 сантиметр байна гэж заасны дагуу жижигхэн биетэй Рид тэнцээгүй аж. Гэвч нэг жилийн дараа Лондонд нүүн ирж нийслэлийн цагдаа болж чаджээ.

Рид 1963 онд галт тэрэгний томоохон дээрмийн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэгт ажилласан нь түүний анхны том хэрэг байсан юм.Тэрбээр хэдийгээр багийн ахлагч байгаагүй ч хэргийн гол зохион байгуулагч, нууц эзэн Мики гэх Ирланд эр болохыг олж тогтоожээ. Мики нь дээрмийн тун нарийн төлөвлөгөө зохиож дээрмийн бүлгүүдэд худалддаг байв.

Тэрбээр 1964 онд карьерынхаа хамгийн том хэргийн ард гарч, дээрмийн бүлгийн толгойлогч ихэр ах, дүү Крэй-г буулгаж авах тусгай хүчинд ажилласан юм. Таван жил хөөцөлдсөний эцэст ихэр алуурчид шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон билээ.

“Бахь” хочит Леонард Рид

2 Ковбой мөрдөгч Чарли Сиринго

1855 онд Техаст мэндэлсэн тэрбээр алдарт “Pinkerton” мөрдөх товчоонд 20 гаруй жил ажиллажээ. Тагнуулын ажиллагааг чадварлаг гүйцэтгэдэг тул агентлагийнхаа хамгийн хүнд хэргүүд дээр ажилладаг байв.

Сиринго адууны хулгай, хүн амины хэрэг, захиалгат аллага, хөдөлмөрчдийн холбоодын бослого зэрэг олон хэрэг мөрдөж Аляскаас Мексик хүртэл шилжин ажиллаж байв. Тэрбээр 1892 оны Кер-Д’Ален хотын уурхайн ажилчдын бослогын хэргээр олонд алдаршсан. Уг хэргийн үеэр “Pinkerton” агентлаг уурхайн ажилтнуудын холбоонд нууцаар нэвтэрч уурхайн эздэд мэдээлэл дамжуулж байсныг мэдсэн уурхайчид хүчирхийллийн хэлбэрт шилжжээ.

Сириго хувь хүнийхээ хувьд ажилтнуудыг өрөвдөж байсан ч нөгөө талаас холбоог атгаж буй хүмүүс хэт анархист үзэлтнүүд гэдгийг мэдэж байж. Тэдний нэг Жорж Петтибон хэмээх эр Айдахо мужийн засаг даргыг хөнөөсөн хэрэгт оролцож байжээ.

Сиринго 1899 оны галт тэрэгний бүлэг дээрэмчдийг барьсныхаа төлөө нэр алдрын оргилд хүрсэн. Цуутай дээрэмчин Буч Кэссидигийн бүлэглэлийг 4 жил мөрдөж 40,000 гаруй километр зам туулсны эцэст дээрэмчдийн хамгийн хэрцгий этгээдүүд болох Кид, Карри тэргүүтэй хэрэгтнүүдийг барьж чаджээ. Бүлгийн толгойлогч Өмнөд Америк руу зугтсан тул хэргийг хаасан юм. 1969 онд энэхүү бүлэглэлийн тухай кино гарч байсан.

Ковбой мөрдөгч Чарли Сиринго

3 Гол дүр Дэйв Тоски

Дөрвөлжин хээтэй хослол, том эрвээхий зангиагаар нь мөрдөгч Дэйв Тоскиг хялбархан таньж болно. 1960- 1970 оны үеийг харуулсан уран сайхны кинонууд түүний хэв маягийг хуулбарласан байх нь элбэг.

Түүний хамгийн том ажил нь Зодиак хочит цуутай цуврал алуурчныг мөрдсөн явдал юм. Тоски Солонгосын дайнд алба хааж ирээд 1953 онд Сан-Франциско-гийн цагдаагийн хэлтэст ажилласан. Алуурчин Зодиак  1969 онд өөрийн танилууд дундаас нэг хүний аминд хүрсэн бөгөөд чухам тэр үеэс Тоски түүнийг мөрдөж эхэлжээ. Тоски энэ хэргээс болж хэт шаналсаар ходоодны шархтай болсон гэдэг. Хэрэг бүрэн илрээгүй тул тэрбээр олон жилийн турш хэргийн газар ахин дахин эргэж очсоор байсан ажээ.

Түүнээс гадна Тоски “Үхлийн сахиусан тэнгэрүүд” хэмээн өөрсдийгөө нэрлэж, хамгийн багаар бодоход 15 хохироосон, 1970-аад оны эхэн үеийн хэт үндсэрхэг үзэлт бүлэглэлийг барьсан.

Түүний өвөрмөц стиль Холливудын кино бүтээгчдийн нүдийг ихэд хужирлаж байсан билээ. Тэрбээр гоомой зан гаргаж “San Francisco Chronicle” сонинд өөрийгөө магтсан нэргүй захидал илгээснээр есөн жил мөрдсөн Зодиак-ийн хэргээс харамсалтайгаар чөлөөлөгдсөн юм.

Гол дүр Дэйв Тоски

4 Кейт Уорн - Анхны эмэгтэй мөрдөгч

1856 онд дөнгөж 23 настай байсан тэрбээр ажил хайж яваад “Pinkerton” мөрдөх товчооны Чикаго дахь салбарт орж ноён Пинкертон-той биечлэн уулзжээ. Түүнийг үйлчлэгчийн ажил бус мөрдөгчөөр ажиллах хүсэлтэйг сонсоод ихэд гайхсан мөрдөх товчооны эзэн түүнийг авахаас татгалзсан боловч Уорн эрчүүдийн олж чадахгүй аргаар мэдээлэл цуглуулж чадахаа амлав. Кейт сэжигтнүүдийн эхнэр, найз охидтой найзалж, эрчүүдийг хэргээ хүлээ хэмээн ятгаж чадах тул товчооныхоо анхны эмэгтэй мөрдөгчөөр ажилд авч байжээ.

Түүний анхны том хэрэг 1858 онд тохиосон. Түүнд “Adams Express Company” сангийн хөрөнгөөс хэн хумслаад байгааг тогтоож өгөх хүсэлт иржээ. Кейт дүрээ хувиргаж гол сэжигтний эхнэртэй дотно танилцаж улмаар нотлох баримт олж чаджээ.

Тухайн үед Ерөнхийлөгчөөр дөнгөж сонгогдоод байсан Абрам Линкольны амь насанд заналхийлж буй хуйвалдааны тухай мэдээлэл ирснээр “Балтиморын хэрэг” мөрдөх ажиллагаа эхлэв. Энэхүү ажиллагаанд тэрбээр чадварлаг хүчин зүтгэснээрээ нэр хүндэд хүрч чадсан юм. Тэрбээр Өмнөдийн  салан тусгаарлагчдын дүрд хувирч нийгмийн олон бүлэглэлд нэвтэрч товчоондоо мэдээлэл илгээдэг байв. Ерөнхийлөгчийг заналхийлсэн явдал бодит байсан эсэхийг батлаагүй ч Кейтийн мөрдөх товчооны ачаар Ерөнхийлөгч хүндэтгэлийн хүлээн авалтаа амжилттай хийж чадсан гэжээ.

Кейт Уорн - Анхны эмэгтэй мөрдөгч

5 Жером Каминада

Зохиолч Артур Конан Дойл дэлхийн алдарт мөрдөгч Шерлок Холмсын дүрийг хэнээс сэдэл авч бүтээсэн тухай олон таамаг дэвшүүлсэн байдаг. Зохиолч Шотландын мэс засалч, багш Жозеф Белл, мөн нутгийн Сэр Хенри Литлжон нарыг нэрлэдэг боловч бодит амьдрал дээр Шерлоктой тун адил мөрдөгч хэд хэд байсан гэдэг.

Жером Каминада бол тэдний нэг. Манчестерт мөрдөгчөөр ажиллаж байсан тэрбээр Шерлокийн түүх хэвлэгдэхийн өмнө 1880-аад оны дунд үед үндэсний хэмжээнд алдартай эрхэм байв. Тэрбээр хэрэг мөрдөхдөө зүсээ хувиргаж, албан бус мэдээллийн сүлжээ ашиглаж, яг Шерлок шиг дүрэмд захирагдалгүй ажиллаж байсан. Тэрбээр 1899 онд тэтгэвэрт гарсныхаа дараа зөвлөх мөрдөгч болж улсын өнцөг булан бүрт хэргийн газар очиж ажиллах болсон юм.

Тэрбээр карьерынхаа оргил болох 1889 онд “Манчестерын таксины нууц” хэмээх хэрэг дээр ажиллав. Бизнес эрхлэгч Жон Флечер үл мэдэгдэх залуугийн хамт таксинд суужээ. Нэг цаг явсны дараа жолооч зогсоод хартал үл таних залуу алга болж, харин Флечер нас барсан байв.

Хэргийн газрын үзлэг, дүн шинжилгээ, гэмт хэргийн ертөнцийн өргөн мэдлэгээ ашиглаж Каминада хэрэгтэнг 18 настай Чарли Партон болохыг тогтоожээ. Чарли өмнө нь хууль бус тулааны тэмцээнд ялахын тулд өрсөлдөгчөө хлорал гидрат гэх тайвшруулах бодисоор хордуулж байсан түүхтэй байв. Чарли тус аргаар хүмүүсийг ухаан алдуулж дээрэмддэг байсанд мөрдөгч бүрэн итгэлтэй байж. Балгах дуртай ноён Флечер-ийн хувьд тус бодис спирттэй холилдсоны дүнд үхлийн хор болон хувирсан аж. Шерлок Холмсын адал явдалтай төстэй байгаа биз?

Жером Каминада

6 Чан Апана

Детектив зохиолын гол баатар, Америкийн нэрт зохиолч Эрл Дерр Биггерсийн 6 боть төдийгүй олон кино, телевизийн нэвтрүүлгээр гардаг Хятад, Америк гаралтай мөрдөгч Чарли Чаныг дурдалгүй орхиж болохгүй. Түүнийг нэг хэсэг нь үндсэрхэг үзлээр шүүмжилж байхад нөгөө хэсэг нь Холливудын анхны Ази төрхтэй гол баатруудын нэг хэмээн эергээр хүлээж авч байв. Ямартай ч тус дүр “хорон санаат Хятад хүн” гэсэн хэвшмэл ойлголтыг эвджээ.

Энэхүү дүрийг Хонолулу-гийн мөрдөгч Чан Апана-гаас санаа авч бүтээсэн. Тэрбээр 3 настайдаа Хятадад эргэж очоод 10 насандаа Хавай-д ирж суурьшсан аж. Тэндээ 1898 онд зэвсэгт хүчинд алба хааж, 1916 онд мөрдөгч болсон. Тэрбээр гар бууны оронд маш урт ташуур авч явдаг байсан гэдэг. Цагдаа болохынхоо өмнө Хавай-н хамгаалагчаар ажиллаж байхдаа ташуур гарамгай хэрэглэж сурчээ.

Чан голдуу Хятад хороололд байрлаж хилийн зөрчил, мөрийтэй тоглоомын хэргүүдийг илрүүлж байв. Учир нь тэрбээр хоёр хэлээр ярьж, бусад цагдаагийн босгож чадахааргүй мэдээллийн сүлжээ үүсгэсэн юм. Чан албан үүргээ гүйцэтгэж яваад олон адал явдалтай тулгарч байв. Хоёр давхрын цонхоор шидэгдээд хоёр хөл дээрээ бууж, гар хадуураар зэвсэглэсэн Японтой зодолдож байгаад баруун нүднийхээ дээр гүн сорвитой болсон байжээ. Мөн нэг удаа ганцаараа ташуур ашиглаж нэг дор 40 мөрийтэй тоглоомчин баривчилсан гэдэг. Уран зохиол биш, үнэхээр бодит явдал юм шүү.

Чан Апана

7 “Хөрөө” хочит Жон П.Сент Жон

Тэрбээр Америкийн түүхийн хамгийн хүчирхэг, тууштай, чадварлаг цагдаа юм. Лос-Анжелес хотын цагдаагийн газарт 51 жил зүтгэхдээ 43 жилд нь хүн амины хэргээр дагнаж ажилласан. Нийт 1,500 гаруй хэрэг мөрдсөний 1,000 гаруйг нь илрүүлсэн. Тэрбээр 1993 онд тэтгэвэртээ гарахдаа хүчний байгууллагад ажилласан жилээрээ тэргүүлж байсан юм.

Карьерынхаа эхэн үед хүн мөчилсөн хэрэг дээр ажиллаж байхад нь түүнийг хамтрагчдынх нь нэг “хөрөө” Жон хэмээн хочилж байжээ. Хэргийн сэжүүрийг эвлүүлдэг тоглоом тоглож буй мэт нэгтгэн дүгнэх чадвартай түүнээс энэхүү хоч салалгүй үлдсэн аж.

Түүний мөрдөж байсан хамгийн цуутай хэрэг бол “Хар Мандарваа” хэмээн алдаршсан Элизабет Шорт-ын аллагын илрээгүй хэрэг юм. Цуутай олон аллагын эхлэл болсон тус хэрэг түүнийг хүн амины хэргийн мөрдөгч болоход голчлон нөлөөлсөн гэдэг.

Тэрбээр Харви Глатмен, “шөнийн ангууч” Ричард Рамирес тэргүүтэй олон хэрцгий цуврал алуурчдыг барьсан. Хурдны замын алуурчин Уильям Бониныг 8 жил мөрдсөний эцэст барьсан  тул 1982 онд Цагдаагийн байгууллагын дээд одонгоор 2 дахь удаагаа шагнуулжээ. Тус шагналыг хослуулан хүртсэн эрхэм түүнээс өөр байгаагүй.

“Хөрөө” хочит Жон П.Сент Жон

8 Иззи Эйнштейн, Мо Смит

1919 онд АНУ-д “Volstead Act” хууль батлагдсанаар архины эсрэг тэмцэл эхэлжээ. Хуулийг хэрэгжүүлэх хүчний байгууллага шаардлагатай байсан тул “Хориглох товчоо”-г (Bureau of Prohibition) үүсгэн байгуулсан юм. Тус товчооны шилдэг мөрдөгчид Иззи Эйнштейн болон Мо Смит нар байв.

Изидор Эйнштейн цалин багатай шуудангийн ажлаасаа гарч тус шинэхэн товчоонд нэгдэх хүсэлтээ өгчээ. Товчооны ажилтан дундаж насны, намхан, пагдгар түүнийг мөрдөгчөөр авахыг хүссэнгүй. Гэвч Иззи эдгээр шинж бол түүний давуу тал болохоос сул тал биш, хэрэгтнүүд намайг огт сэжиглэхгүй хэмээн итгүүлж  чаджээ. 

Түүний түмэн зөв байв. Иззи цагдаагийн тэмдгээ ч нуулгүйгээр архи наймаалагчдын хаалгыг тогшиж “Товчооноос явж байна” гэж хэлсээр байтал түүнийг тоглож байна гэж бодон урьж оруулаад архиар дайлдаг байв. Дараа нь Иззи сүү эсвэл шилтэй даршилсан өргөст хэмх барин зочилдог болжээ. Тэрбээр “Даршилсан өргөст хэмх идэж буй пагдгар залууг хэн ч төлөөлөгч гэж харахгүй шүү дээ” гэсэн юм.

Удалгүй тэрбээр найз Мо Смит-ийг тамхи дамлан худалдахаа больж өөртэй нь хамтрахыг ятгажээ. Зэвсэгт хүчний ямар ч туршлагагүй хамтрагчид 5,000 гаруй хэрэгтэн барьсан бөгөөд 95 хувь нь шүүхээс ял шийтгэл сонссон байна.

Тэд дүрээ хувиргаж ажиллах тун дуртай. Архи нууцаар худалддаг цэг эмнэлэгтэй ойрхон байрлах архи нууцаар худалддаг цэгт эмнэлгийн халаад өмсөж, хуульчид их цуглардаг газарт хуулийн баримт бичгээр дүүргэсэн маш хүнд цүнх барьж ордог байж. Заримдаа эхнэр, нөхрийн дүрд хувирдаг байжээ.

Хамтрагчдын уналт тэдний амжилтаас үүдэлтэй. Товчоо тэднийг 5 жилийн дараа халсан бөгөөд алдар нэр, ур чадварт нь бүгд атаархдаг байснаас болсон гэдэг.

Иззи Эйнштейн, Мо Смит

9 Уильям Ж.Бёрнс

Артур Конан Дойл өөрөө түүнийг “Америкийн Шерлок Холмс” гэж нэрлэж байсан удаатай. Тэрбээр хувийн мөрдөгчийн туслахаас ажлын гараагаа эхэлж, дараа нь төрийн нууц албанд элссэн. Түүний амжилтыг тэмдэглэж Олон улсын мөрдөх агентлагийг (International Detective Agency) анх нээсэн түүхтэй. Бёрнс хүнд ноцтой олон хэрэг илрүүлсэн төдийгүй танил тал ихтэй байсан нь тухайн үеийн Мөрдөн байцаах товчоо буюу Холбооны мөрдөх товчооны даргаар 1921-1924 онд томилогдон ажиллахад нөлөөлсөн гэж үздэг.

Бёрнс дотоод терроризмын халдлагын хоёр хэрэг мөрдөж байсан. 1910 онд 21 хүний аминд хүрсэн дэлбэрэлтийн дараа тэрбээр анархист хөдөлгөөнд нууцаар шургалан орж гол хэрэгтэн ах, дүү Жон ба Жеймс Мак Намара нарыг баривчилжээ. Үүнээс 10 жилийн дараа Уолл Стрит-ийн бөмбөгдөлтийн хэргийг мөрдөж нууц нэрийн дор Зөвлөлт Холбоот улс хүртэл урт зам туулсан ч тус хэрэг эцэслэн шийдэгдээгүй гэдэг.

Тэрбээр АНУ-ын цуутай авлигын хэрэгт нэр холбогдсоны дараа нэр хүнд нь сэвтсэн гэж үзээд Мөрдөх Товчооноос огцорсон. Улмаар Флорида-д тэтгэвэртээ сууж детектив зохиол туурвих болжээ.

Уильям Ж.Бёрнс

10 Эжен Видок

Эжен Франсуа Видок гэмт хэрэгтэн байжээ. Тэрбээр эцэст нь цаазын тавцанд дуусна гэдгээ мэдэж байв. Тиймээс бүхнийг өөрчлөхөөр шийдэж гэмт хэргийн ертөнцийг сайтар мэддэгийн хувьд давуу талаа ашиглаж түүний эсрэг тэмцсэн юм.

Түүний тагнуулын амьдрал 1809 онд 34 нас хүрэхийнх нь өмнөхөн эхэлжээ. Давтан баривчлагдсан тэрбээр мэдээлэгч болох санал тавьж гайхалтай чадварлаг, нэр хүндтэй байсан Видок тун аюултай тагнуул болсон гэдэг. Хоёр жил хүрэхгүй хугацаанд бүрэн эрх чөлөөтэй болж, дараа нь нууц ажилтнаар үргэлжлүүлэн ажиллав. Видок нууц ажиллагааны тасагт чадварлаг зүтгэсэн тул 1812 онд албан ёсоор цагдаагийн байгууллагад нэгджээ. Нэг жилийн дараа Наполеон тус тасгийг бие даасан хүчний байгууллага болгож даргаар нь Видок-ийг томилсон гэдэг. Видок олон улсад салбар нээж мэдээлэгчдийн асар өргөн сүлжээ үүсгэсэн. Тэрчлэн гутлын хэв авагч зэрэг шинэ арга барил олныг нэвтрүүлсэн юм.

Алдар нэр нь түгсэн тэрбээр олон зохиолчтой нөхөрлөж өөрийн дурсамж бүтээлийг нууц нэрийн дор бичиж байсан гэдэг. Харин бусад цагдаа түүнд тийм ч таатай хандаж байгаагүй. Түүнийг гэмт хэрэгтэн хэвээр үлдсэн төдийгүй авилга авдаг, өөрийн үйлдсэн хэргийг өөрөө “илрүүлдэг” гэж буруутгадаг байжээ.

Видок 1833 онд хүчний байгууллагаас гарч “Мэдээллийн алба” буюу одоогийн хувийн мөрдөх товчоог анхлан үүсгэжээ.

Эжен Видок

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()