Түүхэн дэх хамгийн хэрцгий 10 эмэгтэй алуурчин

АНУ-д гарсан нийт аллагын 90 хувийг эрчүүд үйлдсэн байдаг. Үүнээс харахад эрэгтэй хүмүүс хамгийн харгис мэт боловч эмэгтэйчүүд ч тэднээс дутахааргүй аймшигт хэрэг үйлдсэн тохиолдол олон байдаг. Тэгвэл хамгийн жигшүүрт аллага үйлдсэн 10 эмэгтэй алуурчныг танилцуулъя.

Түүхэн дэх хамгийн хэрцгий 10 эмэгтэй алуурчин
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Миюуки Ишикава (Miyuki Ishikawa)

Миюуки Ишикава гэх Япон эмэгтэй өөрийн асаргаанд байсан 100 гаруй нярайн үхэлд буруутгагджээ. Тодруулбал, дайны дараах Японы эдийн засгийн үймээн самууны үеэр Котобүки мужийн төрөх эмнэлэгт шинэ хүүхдээ өлгийдөн авсан эхчүүдийн ихэнх нь хүүхдээ өсгөх санхүүгийн боломжгүй байв.

Энэ үед тэрхүү төрөх эмнэлгийн захирлаар Ишикава ажиллаж байжээ. Тиймээс тэдгээр нярай хүүхдүүд Ишикава-гийн хараа хяналтанд орж, олонх нь өлбөрч үхсэн байна. Ишикава өөрийнх нь хайхрамжгүй байдлаас болж амь үрэгдсэн хүүхдүүдийн үхлийн шалтгааны бүртгэлийг, нөхөр болон эмнэлгийнхээ эмч нарын тусламжтайгаар хуурамчаар үйлддэг байжээ.

Хожим цагдаа нар санамсаргүй байдлаар таван нярайн цогцсыг олж, цааш мөрдлөг хийгээд нэмж 70 гаруй цогцос олсон байна.

Ишикава-гийн энэхүү хэргээс хойш Японы засгийн газар үр хөндөлтийг хоргилсон заалтаа дахин авч үзээд, хожим эдийн засгийн асуудлаас болж үр хөндүүлэхийг хуулиар хүлээн зөвшөөрсөн байна.

Миюуки Ишикава (Miyuki Ishikawa)

2 Жуана Барраза (Juana Barraza)

Мексикт нас биед хүрсэн 40 гаруй эмэгтэйг хөнөөсөн цуврал аллага гарчээ. Хэдийгээр гэрчүүд хэрэгтнийг эмэгтэй хувцастай байсан гэж мэдүүлж байсан ч, цагдаагийнхан алуурчныг эрэгтэй хүн байх гэж сэрдэж байжээ.

Хэрэгтэн эхэндээ сайн хөрш, сувилагч, нийгмийн идэвхтэн зэрэг дүрээр ганцаараа амьдардаг эмэгтэйчүүдийн итгэлийг олж аваад, дараа нь гэрт нь боомилж алдаг байжээ. Тэрбээр олон гэмт хэрэг үйлдэж, эцэст нь 82 настай нэгэн газрын эзэн эмэгтэйг хөнөөгөөд зугтаж байхад нь, хөлслөгч нь харж цагдаад мэдэгдсэнээр баригджээ. Цагдаа нар дуудлагын дагуу нэн даруй очиж хэрэгтнийг баривчлахдаа бүр алмайрч орхисон байна. Учир нь хэрэгтэн тэдний бодож байсан шиг эрэгтэй хүн биш, харин 42 настай эмэгтэй хүн байсан аж.

Жуана Барраза (Juana Barraza)

3 Амелиа Даяэр (Amelia Dyer)

Англид хүнтэй гэрлээгүй атлаа хүүхэд төрүүлсэн ганц бие эхчүүдийг хүлээж авдаг газар тийм ч их байхгүй. Тиймээс хүүхдээ ганцаараа өсгөх чадалгүй олон эхчүүд “Хүүхдийн төв”-д хүүхдээ үлдээхэд, тус төв нярайг хүүхэдгүй гэр бүлд мөнгөөр үрчлүүлдэг байжээ. Үүнийг ашиглан Амелиа Даяэр гэх сувилагч эмэгтэй “Хүүхэдгүй залуу гэр бүл хүүхэд үрчилж авна” гэсэн зар байршуулж, улмаар олон хүүхдийг үрчилж авчээ.

Гэсэн ч Амелиа тэдгээр хүүхдүүдийн ирээдүйд баталгаа өгч чадаагүй юм. Түүний асаргаанд нь байсан олон хүүхэд нас барсан байна. Дээр дурдсан Ишикава-гийн адилаар түүний хайхрамжгүй байдлаас болж нярай хүүхэд нас барсан болох нь тогтоогдоход тэрбээр ердөө 6 сарын хорих ял авчээ. Гэсэн ч шоронгоос суллагдаад гэмт хэрэг улам их үйлдэх болж, олон удаа нүүж, нэрээ солих зэргээр хэргээ нуун дарагдуулж сурчээ.

Мөн тэрбээр амийг нь хөнөөсөн хоёр нярайнхаа цогцсыг уутанд хийж, өөрийнхөө зохиомол нэрүүдийн нэгийг туузан дээр бичиж хүзүүнд нь уяад "Thames" голд хаясан байсан. Хожим түүний хэрэг илрэхэд шүүгчид ердөө таван минут хуралдаад л цаазын ял оноохоор тогтсон байна. Ингээд 1986 оны 6 сарын 20-ны өдөр ялыг нь гүйцэтгэжээ.

Амелиа Даяэр (Amelia Dyer)

4 Леонарда Кианкиулли (Leonarda Cianciulli)

Леонарда Кианкиулли гэх эмэгтэй Италийн нэг жижигхэн хотхонд, дөрвөн хүүхдийн хамт дэлгүүр ажиллуулан амьдардаг байж. Тэрбээр олон удаа зулбаж, хэд хэдэн хүүхдээ бага насанд нь алдаж байжээ. Үлдсэн хүүхдүүдээ хамгаалахын тулд хүний амь хөнөөх хэрэгтэй гэсэн нэгэн үзмэрчийн үг түүнд асар их нөлөөлжээ.

1939 онд түүний хайртай том хүү дэлхийн 2-р дайнд татагдан оржээ. Тэрбээр 1939-1940 оны хооронд дунд эргэм насны гурван эмэгтэйг дэлгүүртээ урьж, тэдэнд зөвлөгөө өгч дотноссон байна. Улмаар тэднийг гэртээ нэг нэгээр нь урьж мансууруулах бодистой дарс өгч, ухаан алдуулаад хөнөөдөг байжээ. Тэрбээр мөн хохирогчдын цусыг жигнэмэг болон бялууны найрлагад хольж дэлгүүрийнхээ үйлчлүүлэгчдэд зардаг байсан нь хожим илэрсэн юм. Кианкиулли шоронд 30 жил хоригдоод, 1970 онд нас баржээ.

Леонарда Кианкиулли (Leonarda Cianciulli)

5 Дагмар Овэрбэе (Dagmar Overbye)

Дагмар Овэрбэе нь дээр дурдсан Амелиа Даяэр-ийн нэгэн адил “Муу хүүхэд асрагч” байжээ. Тэрбээр өөрийнх нь хүү нууцлаг байдлаар үхсэнээс хойш хойш аллага үйлдэж эхэлсэн байна.

Дагмар ядууст хүсээгүй хүүхдийг нь үрчлүүлэхэд тусалдаг зуучлагч болж, хүүхдэд хайр дүүрэн гэр бүл олж өгнө хэмээн мөнгө авдаг байжээ. Гэвч тэр хүүхдийн эхээс төлбөр авсан ч, хүүхдийг нь сайн гэр бүлд үрчлүүлэх бус харин хөнөөх болжээ. Ингэхдээ ихэвчлэн боомилж хөнөөчихөөд, дараа нь мөчлөн, дээврийн хөндийд нууж, заримдаа зууханд хийж шатаадаг байсан аж. Тиймээс “Хүүхэд шарагч” гэх хочтой болжээ.

Түүний хүүхдийн ээжээс мөнгө аваад, хүүхдийг нь хөнөөдөг “бизнес” долоон жилийн дараа илрэхэд 25 нярай хүүхэд хохирогч болсон байжээ. Цагдаагийнхан Дагмар-ын гэрт нэгжлэг хийхэд зуухнаас нь хүүхдийн яс, гавал зэрэг олджээ. Улмаар Дани-ийн хаан түүнд насаар нь хорих ял оноож, Дагмар 1929 онд шоронд нас баржээ.

Дагмар Овэрбэе (Dagmar Overbye)

6 Бэллэ Гуннэсс (Belle Gunness)

Бэллэ Гуннэсс бие томтой, жирийн тариачин эмэгтэй мэт харагддаг ч, түүний бусдыг татах увдис нь олон эрэгтэйн толгойг эргүүлж, үхэлд хүргэсэн юм.

Бэллэ-гийн гэмт хэрэг даатгалын компани залилахаас эхэлжээ. Тухайлбал, тэрбээр анхны нөхөртэйгөө чихрийн дэлгүүр ажиллуулж байх үедээ галын ослын даатгалд хамрагдсан байна. Бэллэ даатгалын мөнгө авахын тулд гэрээ санаатайгаар шатаажээ.

Үүнээс хойш хэрэг нь улам хүндэрч, эцэст нь амь насны даатгалын мөнгө авахын тулд нөхрөө хордуулж хөнөөсөн байна. Бэллэ анхныхаа нөхрийг хөнөөчихөөд, даатгалын мөнгөөрөө Индиана-д гахайн ферм худалдан авч, тэндхийн бэлэвсэн эртэй гэрлэжээ. Хуримын дараахан нөхрийнх нь нярай охин нууцлагаар нас барж, удалгүй шинэ нөхөр нь ч ослоор нас баржээ. Энэ нь мэдээж Бэллэ-гийн үйлдсэн хэрэг билээ. Бэллэ энэ маягаар олон эрчүүдийг цувралаар хөнөөжээ. Ингэхдээ ихэвчлэн хордуулж алаад, дараа нь биеийг нь хэсэгчлэн оршуулж эсвэл гахайнууддаа хаяж өгдөг байсан аж.

Бэллэ Гуннэсс (Belle Gunness)

7 Жейн Топпан (Jane Toppan)

Жейн Топпан бол сувилагч бөгөөд түүний гарт олон өвчтөн нь амь үрэгджээ. Тэрбээр баривчлагдсаныхаа дараа 31 өвчтөнийхөө амийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, хэн нэгний үхэл амьдралыг шийдэх нь түүнд ихээхэн таашаал өгдөг байсан гэж мэдүүлжээ.

Жейн-ий хамгийн эхний хохирогчид бол түүний түрээсэлдэг байшингийн эзэн болон эхнэр нь юм. Түрээслүүлэгчийн эхнэр сарын түрээсийн мөнгөө авахаар ирэхэд нь түүнийг хөнөөж, дараа нь нөхөр, хоёр охиныг нь  “цааш харуулжээ”. Гэтэл хоёр охины нэгийнх нь хадам аавд гэнэт нэг гэр бүлийн дөрвөн гишүүн нас барсан нь сэжигтэй санагджээ. Улмаар гэр бүлийн гишүүдийг задлан шинжилгээнд оруулахад охид атропин, морфины хордлогын улмаас нас барсан нь тогтоогдсон байна. Ингээд удалгүй 1901 онд Жейн-ий үйлдсэн хэрэг болох нь илэрч, баривчлагдан, хоригджээ.

Жейн Топпан (Jane Toppan)

8 Гертрюдэ Банисзевски (Gertrude Baniszewski)

Энэ жагсаалтад багтсан бусад алуурчнаас ялгаатай нь Банизевски олон хүний бус, харин 16 настай нэг охины үхэлд буруутгагдсан юм. Түүний хөрш айлын эхнэр, нөхөр хоёр гадаад руу ажлаар явахаар болж, охин Силвиа Ликенс-ийг, дүү Женни-гийн хамт өдрийн 20 доллараар харуулахаар Банизески-д үлдээгээд явжээ. Тэд яваандаа мөнгөний боломжгүйгээс хөлсөө цагтаа төлж чадахгүй болох үед Банизески Силвиа охинд уураа гаргаж, түүнийг тамлаж эхэлжээ. Ингэхдээ охиныг буцалсан ус, тамхи зэргээр түлж, шатан дээрээс түлхэж, зодож, өлсгөх зэргээр яргалдаг байсан байна.

Түүний дүү Женни нууцаар цагдаа дуудсан ч хэтэрхий оройтсон байсан бөгөөд цагдаа нарыг очиход Силвиа-гийн цогцос гудсан дээр байжээ. Банезевски насаараа хоригдох ял сонссон ч, хожим ялыг нь засарсан гэх шалтгаанаар 20 жил болгож хөнгөлсөн юм.

Гертрюдэ Банисзевски (Gertrude Baniszewski)

9 Дэлфинэ Лалаури (Delphine LaLaurie)

Америкийн чинээлэг, хөрөнгөтөн эмэгтэй Лалаури боолууддаа маш харгис, хэрцгий ханддаг гэдгээрээ олны анхааралд өртжээ. Тэрбээр анх 1833 онд нэгэн боол охиныг ташуурдан хөөхөд охин зугтаж байгаад дээвэр дээрээс унан амиа алдсан байна. Мөрдөн байцаагч түүнд торгууль ногдуулж, үлдсэн боолуудыг нь зарсан ч, тэрбээр эргүүлэн худалдаж авчээ.

Үүнээс хойш ч боолуудаа элдвээр тамлан зовоох болсон байна. Гэтэл нэг удаа түүний тансаг харшид гал гарч, олон хүн цуглан галыг унтраахаар оролдож байх үед дээврийн өрөөнд түгжигдсэн боолууд олдсоноор түүний хэрэг илэрчээ.

Дэлфинэ Лалаури (Delphine LaLaurie)

10 Дарья Николаевна Салтыкова (Darya Nikolayevna Saltykova)

Оросын залуухан эмэгтэй Салтыкова-гийн нөхөр 1756 онд нас барахад, түүний өмч хөрөнгө, тансаг харш болон олон шивэгчид эхнэрт нь шилжжээ. Салтыкова туйлын аз жаргалгүй, уур уцаартай нэгэн байсан бөгөөд шивэгчдээ зодож, буцалсан усаар түлж, өвлийн хүйтэнд хувцасгүй хөөж гаргах зэргээр тамладаг байжээ.

Улмаар түүний гарт 100 гаруй шивэгчин эмэгтэй нас барсан юм. Салтыкова улс төрийн эрх мэдэлтэй хүмүүстэй дотно байсан учир хэрэг нь илэрсэн ч баривчлагддаггүй байжээ. Гэвч эцэст нь, 1762 онд Хатан хаан Хоёрдугаар Кэтрин Салтыкова-г баривчлахыг тушаажээ. Ингээд тэрбээр үлдсэн амьдралаа шоронд, олон хүмүүст жигшүүлэн нулимуулж, доромжлуулан өнгөрөөсөн юм.

Дарья Николаевна Салтыкова (Darya Nikolayevna Saltykova)

5
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()