Дэлхийн II дайны үед Америкт Япончуудыг цагдан хорисон тухай 12 баримт

Дэлхийн II дайны үед Япон, Америкийн хооронд зөрчил үүссэн билээ. Тэгвэл энэ үеэр буюу 1942 оны хоёрдугаар сарын 19-нд тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт Японы цагаачдыг хөөж, Япон гаралтай Америкчуудыг улсын цагдан хорих лагер руу нүүлгэн шилжүүлэх тушаал баталжээ. Ингээд 110-120 мянган Япон гаралтай иргэд Луизиана мужийн ойролцоох хорих лагеруудад хоригдож эхэлсэн байна. Тэгвэл Нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн гутамшигт үйл явдлуудын нэг гэж үзэгддэг энэхүү хэргийн талаар 12 баримтыг хүргэж байна.

Дэлхийн II дайны үед Америкт Япончуудыг цагдан хорисон тухай 12 баримт
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 АНУ-ын Засгийн газар Япончуудыг довтлохоос өмнө Япон иргэдийн асуудлаар хэлэлцчихсэн байсан

Япончууд АНУ-ын Тэнгисийн цэргийн боомт Сувдан Эрэг рүү довтлохоос өмнө, АНУ-ын Засгийн газар Япон гаралтай иргэдийг хорих талаар аль хэдийн хэлэлцчихсэн байжээ. Тухайлбал, 1936 онд Японы өсөн нэмэгдэж буй цэргийн хүчнээс айсан Ерөнхийлөгч Франклин Рузвельт, өөрийн тэнгисийн цэргийн хүчний дарга болох Виллиам Х.Стандли-д Оаху арал дээрх Япон гаралтай оршин суугчдыг нууцаар тагнахыг тушаажээ.

Учир нь энэ боомтод Японы хөлөг онгоцнууд ирдэг тул, тэдэнтэй холбоо тогтоосон хүмүүсийн нэрийн жагсаалтыг нууцаар гаргах даалгавар өгсөн байна. Ингээд жагсаалтад нэр нь орсон хүмүүсийг хорих лагер руу шилжүүлж эхэлсэн аж. Энэхүү ажиллагааны үр дүнд  Япон, Герман, Итали гаралтай 31,899 хүн саатуулагдаж, тэднийг ямар нэгэн баттай шалтгаан, үндэслэлгүйгээр хөнөөжээ.

АНУ-ын Засгийн газар Япончуудыг довтлохоос өмнө Япон иргэдийн асуудлаар хэлэлцчихсэн байсан

2 Япон - Америкчуудын талаарх судалгааны үр дүн эерэг гарсан

1941 оны эхээр АНУ-ын Төрийн Департаментын тусгай төлөөлөгч болох Куртис Мунсон, Холбооны мөрдөх товчоо болон Тэнгисийн цэргийн оффистой хамтарч, тэнгисийн баруун эрэг дэх Япон-Америкчуудын улсдаа үнэнч байдлын түвшинг тогтоох зорилгоор ярилцлага хийх үүрэг хүлээжээ. Мунсон ярилцлага хийснийхээ дараа, тэдгээр иргэд туйлын эх оронч төдийгүй, Америк улсдаа үнэнч гэдгээ нотлохын тулд юу ч хийхэд бэлэн байсан хэмээн тайлагнажээ. Дэслэгч командлагч К.Ринглэ ч мөн ижил дүгнэлтэд хүрч, Япон-Америкчуудыг цагдан хорих шаардлагагүй гэсэн санал өгсөн байна. Гэсэн ч судалгааг үл харгалзан Япон - Америкчуудыг хорих лагер руу шилжүүлсэн билээ.

Япон - Америкчуудын талаарх судалгааны үр дүн эерэг гарсан

3 Генерал Жон.Л.Девит цагдан хорих ажиллагааг өдөөсөн

Дээр дурдсанчлан Куртис Мунсон болон дэслэгч К.Ринглэ нар хорих ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага байхгүй гэж үзээд, дэмжээгүй бол, Батлан хамгаалах командын генерал Жон.Л.Дэвитт хорих ажиллагаа явуулахыг өдөөсөн юм.

Тодруулбал, Япончууд Америкийн тэнгисийн цэргийн боомт Сувдан Эрэг рүү довтолсны дараа, Дэвитт Япон-Америкчуудад зориулж хорих лагер барьсныг олонд зарлаад, тэднийг нэн даруй хорьж, цагдах ёстой хэмээн олон түмнийг сэнхрүүлж, уриалжээ. Нидерланд гаралтай түүний хувьд, ганц ч Япон гаралтай хүнийг Баруун эрэгт байлгахыг хүсээгүй бөгөөд “Америкийн иргэний харьяалал заавал үнэнч, шударга байх албагүй” хэмээн зарлаж байжээ.

Генерал Жон.Л.Девит цагдан хорих ажиллагааг өдөөсөн

4 Цагдан хорих ажиллагааны эсэргүүцэл

Америкийн Иргэний хяналтын албаны захирал хурандаа Карл Бендетсен болон генерал Девитт нар “Судсаар нь ганц дусал л Япон цус гүйж байгаа бол тэр хүн хоригдох ёстой” хэмээн олонд зарлажээ. Энэхүү бодлогыг тухайн үеийн сонин хэвлэлүүд эсэргүүцэж, цуцлахын тулд улс төрийн шог зэрэг бичиж, хэвлэж байсан аж. Гэсэн ч түүхч Эрик Фонер “Америкийн эрх чөлөөний түүх” номондоо “Цагдан хорих бодлогыг эсэргүүцсэн ганцхан сенатын гишүүн байсан” гэж тэмдэглэжээ.

Цагдан хорих ажиллагааны эсэргүүцэл

5 Цагдан хорих бодлогыг дэмжсэн, эсэргүүцсэн аль аль нь эдийн засгийн шалтгаантай

Баруун эрэгт газар эзэмшигч америкчуудын хувьд Япон гаралтай Америк иргэншилтэй хүмүүсийг хорих лагер руу явуулах нь эдийн засгийн өндөр ашигтай байв. Учир нь Япон-Америкчууд 10 гаруй жилийн өмнө цагаачлан ирээд, усжуулалтын шинэ аргыг амжилттай хэрэгжүүлж, нутгийн уугуул иргэдээс илүү амжилттай газар тариалан эрхэлж байжээ. Тиймээс уугуул иргэд Япон хөршүүдийгээ ихээр үзэн ядаж, цагдан хорих ажлыг дэмжиж байсан юм. Энэ нь Баруун эргээс 110,000 гаруй Япон хүнийг лагер руу илгээх нэг далим болжээ.

Гэтэл Хавайн бизнес эрхлэгч америкчууд эсрэгээрээ хорих бодлогыг эсэргүүцсэн юм. Гэвч тэд Япончуудыг өрөвдөж, шударга үнэнийг эрэлхийлсэндээ биш, харин ажиллах хүчээ алдах вий гэдгээс айжээ. Тиймээс Хавай арлаас ердөө 1200-1300 Япон хүн л хорих лагер луу илгээгджээ.

Цагдан хорих бодлогыг дэмжсэн, эсэргүүцсэн аль аль нь эдийн засгийн шалтгаантай

6 Хүмүүст таних тэмдэг зүүлгэдэг байсан

Дээр дурдсанчлан газар газраас хүмүүс илгээж, хорих лагерт авчирсны дараа тэднийг нарийн зохион байгуулалтад оруулж эхэлжээ. Тухайлбал, цэргийн ангийнхан гэр бүл бүрт тус тусын "ID" номер өгч “хаягжуулдаг” байсан юм.

2012 онд зураач Венди Маруймам тухайн үеийн мянга мянган хаягжуулалтыг дахин бүтээж, "The Tag Project" нэртэй үзэсгэлэн гаргажээ. Үзэсгэлэнгийн үеэр Маруйяам хэлэхдээ “Тухайн үеийн хүний нэр, код, хорих лагерийн байршил зэргийг бичсэн мянга мянган хаягжуулалтыг Засгийн газрын мэдээллийн сангаас хувилан авч, дахин бүтээн үзэсгэлэн гаргасан. Тэдгээрийг дахин бүтээх явцдаа, хаягийн эзэд гэрээсээ албадан хөөгдөж, нүцгэн цөлд барьсан хорих лагеруудад ирэхэд юу бодогдож байсан бол хэмээн өөрийн эрхгүй бодогдсон” гэж ярьжээ.

Хүмүүст таних тэмдэг зүүлгэдэг байсан

7 Хүн бүр тушаалыг үг дуугүй дагаагүй

Цагдан хорих, эрх чөлөөг хязгаарлах үйл хэргийг хүлцэн тэвчиж, дуулгавартай дагаж байсан Япон-Америкчууд гэнэтхэн эсэргүүцэн “дайн” дэгдээсэн байна. Учир нь тэднээс шударга үнэнийг тогтоох асуулга хэмээн аль намд санал өгсөн, гэрлэлтийн байдал, эхнэрийн иргэншил, арьсны өнгө зэргийг нь асуун, бүртгэж байсан нь тэдэнд таалагдаагүй байна.

Хүн бүр тушаалыг үг дуугүй дагаагүй

8 Засгийн газар хоосон барилгуудыг хорих лагер болгон ашигласан

Хорих лагеруудыг цөлжсөн, үржил шимгүй газарт байгуулж, өргөстэй тороор хаалт хийсэн байна. Баривчлагдсан хүмүүс тус лагер руу явахынхаа өмнө эхлээд тусгайлан барьсан боловсруулах төвд хэд хоног саатаж, түүгээр дамжин өнгөрөх шаардлагатай байв. Тэдгээрээс хамгийн том нь Калифорни муж дахь Санта Анита парк бөгөөд тэнд түр орогнох хуаран барьж, авчирсан хүмүүсээ морины жүчээнд унтуулдаг байжээ.

Засгийн газар хоосон барилгуудыг хорих лагер болгон ашигласан

9 Гэрэл зурагчин Ансэл Адамс хамгийн том хорих лагерийн доторхыг олон гэрэл зурагт буулгасан

АНУ-ын 10 нүүлгэн шилжүүлэлтийн төвөөс хамгийн алдартай нь болох Манзанар нь Санта Анита паркаас ойролцоогоор 300 км зайд буюу Сиэрра Невада уулын бүслүүрт байрладаг. Тус лагерт нийтдээ 11,000 хоригдлыг орогнуулдаг байжээ. Энэ лагер нь мөн гэрэл зургийн хальсанд хамгийн их буусан хорих лагер юм. Зурагчин Ансэл Адамс тус лагерийн зургуудаас бүрдсэн номныхоо тухай найздаа захидал илгээхдээ “Уншигчид миний номыг уншаад эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй, Америкийн үнэнч 20 иргэнтэй танилцах болно. Тэд суллагдаж гэртээ хариад, дайнд оролцон, Америкийн ялалтад өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсдэг” гэж бичсэн байжээ.

Адамс 1941-1945 оны хоорондох хорих лагерийн амьдралын зурвасхан хэсгийг амжилттай харуулж чаджээ. Тэрээр хоригдлуудтай хамтран хальс, дуран, камераа лагер руу нууцаар авч орж, зураг даран лагер дотор өдөр тутам өрнөдөг үйл явдлыг хальсанд буулгасан байна.

Гэрэл зурагчин Ансэл Адамс хамгийн том хорих лагерийн доторхыг олон гэрэл зурагт буулгасан

10 Хоригдлууд өөрсдийн аюулгүй байдлын төлөө л хорих лагерт байгаа гэж боддог байв

Эрх баригчдын зүгээс хоригдлуудыг цус холилдсон тул Америкт үнэнч бус гэх ганцхан нотлогдоогүй, буруу үндэслэлээр хорьсон. Гэтэл хоригдлуудын хувьд энэ нь тэднийг зөвтгөх шалтгаан байжээ. Учир нь тэд хорих лагерт байх нь, арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг хөршүүдийнхээ дарамтад байснаас илүү аюулгүй гэж үзсэн байна. Тиймээс зарим хоригдлууд өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө л хоригдож байгаа гэх эерэг хандлагатай байжээ. Харин зарим хоригдол “Хэрвээ бид өөрсдийн аюулгүй байдлаа хамгаалуулан энд байгаа юм бол яагаад цамхгийн буу гадагшаа бус, дотогшоо, бидэн рүү чиглэгдсэн байгаа юм бэ?” хэмээн эсэргүүцэж байжээ.

Хоригдлууд өөрсдийн аюулгүй байдлын төлөө л хорих лагерт байгаа гэж боддог байв

11 Тусгаарлагдан хоригдогдлууд эрүүл мэндийн архаг өвчтэй болсон

Тусгаарлан хорих үйл ажиллагаа нь 1944 он хүртэл албан ёсоор үргэлжилсэн бөгөөд 1946 онд хамгийн сүүлчийн хорих лагерийг татан буулгасан юм. Энэ хугацаанд Япон-Америкчуудын амьдрал лагер дотор тийм ч муугүй өрнөдөг байжээ.

Учир нь тэнд ажлын байр, концерт, шашин шүтлэг, спортын багууд гээд бүх зүйл байдаг байсан аж. Тэр ч бүү хэл хүүхдүүд нь сургуульд явж, бүжиг, дуу сурч, комик ном үздэг байжээ. Энэ бүгд мэдээж тэднийг хазаарлан барихын тулд хийгдсэн ажил юм. Гэвч хорих лагерийн сөрөг нөлөө нь эерэгээсээ илүү байсан.

Лагерт тусгаарлан хоригдогчдын бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх олон судалгаа байдаг. Судалгаанаас үзэхэд хоригдлууд сэтгэл зүйн дарамтаас болж зүрх судасны өвчинд нэрвэгдэх, улмаар амь насаа алдах өндөр эрсдэлд байсныг нотолжээ. Мөн бага насны хүүхдүүд өөртөө итгэлгүй байдал, сэтгэл санааны хохирол зэргээс болж Япон үндэстнийхээ хэл, соёл, зан заншлаа гээхэд хүрсэн байна.

Тусгаарлагдан хоригдогдлууд эрүүл мэндийн архаг өвчтэй болсон

12 Конгрессын зөвлөл 40 жилийн дараа энэ явдлыг “Шударга бус явдал” гэдгийг хүлээн зөвшөөрсөн

1983 он хүртэл Конгрессын тусгай комисс нь олон нийтийн тусгаарлан хорих явдлыг цэргийн стратеги биш, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан явдал гэж үзжээ. Дээр дурдсан Мунсон, Ринглэ нарын судалгааг үл тоомсорлон, ямар ч нотолгоо, үндэслэлгүйгээр Япон-Америкчуудыг үнэнч бус хэмээн хорьсон нь Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн алдаа байсан хэмээн үзэх болжээ.

Дараа нь Ерөнхийлөгч Рональд Реган Иргэний эрхийн актад гарын үсэг зурж, тухайн үеийн хоригдлуудаас амьд үлдсэн хүмүүсээс албан ёсоор уучлал гуйн, нэг хүнд 20,000 ам.долларын нөхөн төлбөр өгсөн байна. Баривчлагдсан 110,000 хүний ойролцоогоор гуравны хоёр нь АНУ-ын иргэншилтэй Япон иргэд байжээ.

Конгрессын зөвлөл 40 жилийн дараа энэ явдлыг “Шударга бус явдал” гэдгийг хүлээн зөвшөөрсөн

9
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()