Боломж, гарц санал болгосон “Business to Business” өдөрлөг боллоо

Бизнес эрхлэн ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд  санхүү, стратеги, хүний нөөц, маркетинг, чанар стандарт, технологи гэхчилэн бүх талаар цогцоор нь хөгжүүлж байж амжилтад хүрдэг гэдгийг аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагууд хэдийнэ ойлгодог мэддэг болжээ. Тиймдээ ч жижиг дунд бизнес эрхлэгчдэд ус, агаар мэт хэрэгтэй менежментийн зөвлөх үйлчилгээ авах хүсэлтэй аж ахуйн нэгжийн удирдлагууд олон болсон. 

Боломж, гарц санал болгосон “Business to Business” өдөрлөг боллоо

ХААН Банк харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг бодитоор дэмжих, цаашид хөгжиж дэвших, бизнесээ өргөжүүлэхэд нь боломж олгох, зөвлөх үйлчилгээний ач холбогдлыг таниулж ойлгуулах зорилгоор Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/, MMCI буюу Монголын менежментийн зөвлөхүүдийн институттэй хамтран өнөөдөр “Business to Business” уламжлалт өдөрлөг зохион байгууллаа. Тав дахь жилдээ зохиогдож буй энэ удаагийн  өдөрлөгт 50 орчим харилцагч урилгаар оролцож, менежментийн зөвлөх үйлчилгээ яагаад чухал болох тухай мэргэшсэн зөвлөхүүдийн илтгэлийг сонсож хэрэгтэй, зөвлөгөө мэдээллээ авч, мөн бизнесээ үнэ төлбөргүй оношлуулсан юм. Бизнес эрхлэгчдийн өөрсдийнх нь олж харж чадахгүй байсан боломж, бэрхшээлийг илрүүлж, түүнийх нь арга замыг тодорхойлж өгдөг хүмүүсийг менежментийн мэргэшсэн зөвлөхүүд гэдэг. Харин дан ганц өөрийн нөөц бололцоонд найдалгүй менежментийн зөвлөх компанид хандсанаар цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэх боломжтой гэдгийг зохион байгуулагчид энэ үеэр онцолж байлаа.  

 Өдөрлөгт Монголдоо тэргүүлэгч консалтинг компаниуд болох “Содура” консалтинг ХХК, Sanhuuch.mn вэб сайт, программ, техник технологийн “IBI” ХХК, бизнес модель загварчлалын “Kingdom” ХХК, ISO стандартын чиглэлээр “Ошими” ХХК, хүний нөөцийн “HR pro” ХХК тус тус оролцож, харилцагчдад зөвлөгөө мэдээлэл өгсөн бол амжилттай яваа бизнес эрхлэгчид өөрийн шилдэг туршлагаасаа хуваалцсан юм. 

Европын сэргээн босголт хөгжлийн банк хөгжиж буй орнуудын жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхижуулахад дэмжлэг үзүүлдэг бөгөөд Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгж менежментийн зөвлөх үйлчилгээ хэрэв авсан бол тухайн үйлчилгээний төлбөрийн 50-65 хүртэлх хувийг санхүүжүүлдэг юм байна. Энэхүү зардлыг Европын холбооноос гаргадаг аж.

ХААН Банк 2018 онд “Бизнес инкубатор” төвийнхөө үйл ажиллагааг өргөжүүлэн Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв болгон өргөжүүлсэн бөгөөд бизнес эрхлэгч харилцагчдаа илүү чадавхижуулах, бизнесээ илүү удаан урт хугацаанд тогтвортой авч явахад нь бодитой дэмжлэг үзүүлэхээр зорин ажиллаж буй. Энэ хүрээнд маргааш Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвийнхөө шинэ байрны нээлтийг албан ёсоор хийх гэж байна.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.