Орон орны аз жаргалын жор

Хүн бүр аз жаргалын талаарх өөрийн гэсэн ойлголттой байдаг. Зарим улсад хүмүүсийг амьдралдаа сэтгэл хангалуун болоход туслах зорилготой аз жаргалын “яам” гэх зүйл ч байдаг аж. Тэгвэл үндэстэн бүрд стрессээс ангижирч, жаргалтай амьдрах өөрийн гэсэн үзэл баримтлал байдгийг та мэдэх үү? Бид тэдгээрээс 7 улсыг онцолж хүмүүс нь аз жаргалтай амьдрахдаа ямар жор ашигладгийг танд танилцуулж байна. Та яг одооноос өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээрэй.

Орон орны аз жаргалын жор

1 "Kalsarikänni" (Финланд)

"Kalsarikänni" гэх үг нь гадуур гарахгүй гэртээ дотуур өмдтэйгөө суугаад дарс шимэх гэсэн утгатай. Скандинавын орнуудын аз жаргалын бусад номлолоос ялгаатай нь "Kalsarikänni" таныг заавал тухтай, тансаг өрөөнд пийшингийн урд суухыг зөвлөдөггүй. Харин:

  • "Kalsarikänni" аз жаргалын жор: Орой гэртээ ирээд, биед хамгийн эвтэйхэн хувцсаа өмс. Ялангуяа дулаахан оймс болон унтлагын хувцас хамгийн зөв сонголт байх болно. Дараа нь тухтай байрлалд сууж дарс шимээрэй. Өөр уух зүйл ч байж болно. Гол нь хэтрүүлж болохгүй. Учир нь маргааш нь шартахгүйн тулд өнөөдөртөө л жаргалтай болгох хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй. Уух зүйлийнхээ хажуугаар шоколад, чипс зэрэг эрүүл биш ч гэсэн амттай хүнс идэх зөвшөөрлийг өөртөө олго. Мөн сайхан хөгжим тавиад, өхөөрдөм амьтад гардаг видео үзээрэй. Ингэснээр тухайн өдрийн уур бухимдал арилж аз жаргалыг мэдрэх болно.

"Kalsarikänni" (Финланд)

2 "Shinrin-yoku" (Япон)

"Shinrin-yoku" нь “Ой доторх ванн” гэсэн утгатай. Энэхүү эмчилгээний  аргын гол утга учир нь байгалийн сайхныг мэдрэнгээ, амар амгаланг олох юм. Энэ нь эм болон эмчгүйгээр сэтгэл гутрал, бухимдлыг дарах хамгийн оновчтой арга билээ. Ой модны эмчилгээ нь Япон болон Өмнөд Солонгост маш алдартай.

Эрдэмтэд ой модны эмчилгээ нь цусны даралтыг бууруулж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, дархлааны системийг дэмждэг болохыг баталжээ. Тиймдээ ч ой мод танд цалин нэмэгдэхээс ч илүү аз жаргал мэдрүүлэх болно гэж үздэг.

  • "Shinrin-yoku"-гийн аз жаргалын жор: Ой мод руу явж, анир чимээгүй газарт оч. Тэндээ таван мэдрэхүйгээ бүгдийг нь ажиллуул. Эргэн тойрноо хар, амьсгал, орчны чимээг сонс, модонд хүр, цэвэр агаарыг “амтал”. Нүдээ аниад биеэ сулла, тайвшир. Дараа нь хийх дуртай зүйлсээ хий. Зур, алх, бясалгал хий. Тэнд л та амар амгаланг олох болно.

"Shinrin-yoku" (Япон)

3 "Икигай" (Япон)

"Икигай" гэдэг нь амьдралын утга учир гэсэн утгатай.  Илүү гүнзгийрүүлбэл “Өглөө сэрэх шалтгаантай байх” гэх утгыг давхар агуулдаг. Жишээлбэл, өглөө кофены үнэрээр сэрж дэлхийн хэмжээний төсөл боловсруулах төлөвлөгөө гаргах гэх мэт. Хүмүүс өөрийн "Икигай"-г олсон цагтаа стресс, депрессээс ангижирч, дуртай зүйлээ хийхийн төлөө шинэ өдөр эхлэхийг тэсэн ядан хүлээдэг болдог.

"Икигай" аз жаргалын жор: Өглөөг өөрийнхөө дуртай хоолоор эхлүүл. Энэ нь өглөөний хамгийн сайхан эхлэл байх болно. Мөн амьдралын хэв маягтаа бага зэрэг өөрчлөлт оруулж, өдөрт доод тал нь нэг цагийг дуртай зүйлээ хийхэд зарцуул. Зоригтой бай, сониуч бай, бусдын бодлоос хараат бус бай. Гэхдээ бусдыг шархлуулснаараа жаргалтай болно гэсэн үг биш гэдгийг санаарай. Жижиг зүйлээс аз жаргалыг мэдэр. Зорилгодоо хүрэх үйлдлээ эхлүүл.

"Икигай" (Япон)

4 "Lykke" (Дани)

"Lykke" гэдэг нь аз жаргал гэсэн утгатай Дани үг юм. Энэхүү үзэл баримтлалын гол зорилго нь бүх нийтийн баяр баясал бөгөөд өдөр тутмын хөгжилтэй амьдралд хүрэх явдал аж.

"Lykke" аз жаргалын жор: Энэ философиор аз жаргалд хүрэхийн тулд таны хийх ёстой зүйл бол хөршүүддээ амттан өгөх, хамаатнууддаа сайхан үг хэлэхээс эхэлнэ. Эсвэл огт өөр ертөнцийн хүн шиг инээмсэглэсэн ч болно. Мөн та одоогийн ажилдаа дургүй бол өөрчилж, хүн бүрд байдаг зүйлийг худалдаж авах гэж өөрийгөө хүчлэхээ боль. Өөрийн амьдралыг гаргуунд нь гаргаж, тогтсон дүрмээр өөрийгөө хязгаарлах ч хэрэггүй. Тэр цагт та аз жаргал, эрх чөлөөг мэдрэх болно.

"Lykke" (Дани)

5 "Pali-pali" (Өмнөд Солонгос)

Зарим улс орны хувьд аз жаргал гэдэг нь одоо цагтаа амьдарч, тайван амгалан, удаан хэмнэлтэй байхыг хэлдэг. Харин Өмнөд Солонгос улсын хүмүүс маш завгүй, яаруу байдаг. "Pali-pali" гэдэг нь түргэн, түргэн гэсэн утгатай үг юм.

Энэ улсын хүмүүс хүлээх дургүй. Тиймдээ ч хурдтай байхыг эрмэлздэг. Хэлний төвүүд нь хүртэл 2 долоо хоногийн дотор гадаад хэл эзэмшүүлнэ гэж амладаг. Энэ хандлага пиццаны хүргэлт болон бусад онлайн захиалгад ч хамаатай. Үүнээс болж цаг хугацаатай уралдаж "McDonald’s" өөрийн дамжуулах системийг бий болгосон гэдэг.

"Pali-pali" аз жаргалын жор: Гол дүрэм бол боломжийг алдалгүй хурдан ашиглах юм. Энэхүү хурдыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэхийн тулд баримтлах ёстой хэд хэдэн зарчим байдаг. Жишээлбэл, цагийн хуваарь гарга, эрүүл хүнс хэрэглэ, хоол хийхэд бага цаг зарцуул. Мөн шүршүүрт орохдоо, ажилдаа явах замдаа болон караокед дуулж сэтгэлээ сэргээхийг зөвлөдөг байна.

"Pali-pali" (Өмнөд Солонгос)

6 "Coorie" (Шотланд)

"Coorie" гэдэг нь Шотландаар ая тух, тохилог байдал гэсэн утгатай. Мэдээж Шотланд шиг хүйтэн цаг агаартай улсын хувьд тав тухтай байна гэдэг юу юунаас чухал билээ. Түүнчлэн байгаль дэлхий, амьтан ургамалтай холбоотой байх нь аз жаргалын салшгүй нэг хэсэг юм.

"Coorie" аз жаргалын жор: Нохойтойгоо хамт байгалийн үзэсгэлэнт газарт оч. Цаг агаарын тухай болон шумуулын талаар бодох хэрэггүй. Зөвхөн эерэг зүйлст л анхаар. Сайхан хөгжим сонсонгоо байгальд алх. Харин орой нь найз нөхөдтэйгээ кафе орж тэдний толгойд байгаа сонирхолтой санаануудын талаар ярилцаарай.

"Coorie" (Шотланд)

7 "Филотимо" (Greece)

"Филотимо"-г бахархал, үнэнч шударга байдал, нэр төр хэмээн орчуулж болно. Гэхдээ Грекчүүд ертөнцийг маш өөрөөр хардаг учир тэднийг ойлгоход амаргүй. Энэ үзэл баримтлалын гол санаа нь өөрийгөө болон бусдыг хүндэтгэж, бахархах чадвар юм.

"Филотимо" аз жаргалын жор: Өдөр бүр 2-3 эерэг зүйл бодож, дэвтэртээ тэмдэглэ. Зочломтгой бөгөөд эелдэг бай. Хэрэв найз тань зүгээр гэж хэлсэн хэрнээ гунигтай байвал түүнд чадахаараа тусал, амттай зүйл өг. Өөрийгөө бусадтай хамт жаргалтай болго.

"Филотимо" (Greece)

Бонус: Далай ламын аз жаргалын жор

Олон нийт үгийг нь хүндэтгэн сонсож ирсэн үе үеийн лидерүүд дараах зүйлсийг жаргалтай амьдарлын үндэс суурь гэж үздэг.

  • Та юуг өөрчилж чадахгүйдээ гуниглаж байна вэ? Хэрвээ та түүнийг үнэхээр өөрчлөх боломжгүй юм бол гуниглаад ямар хэрэгтэй юм бэ?
  • Өдөр бүр бидэнд шинэ боломж нээгддэг. Тиймээс шинэ өдөр бүр бидний төрсөн өдөр юм.
  • Оюун санаагаа цэгцэлж, зөвхөн одоо цагтаа төвлөрч сур.
  • Өгөөмөр бай, бусдад тусал. Таныг хүрээлж буй хүмүүс жаргалтай байж гэмээнэ та ч жинхэнэ утгаараа жаргалтай байж чадна.

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()