Санаанд оромгүй аюул дагуулсан 10 түүхэн хууль

Хүрээлэн буй орчин эсвэл нийгмээ хамгаалахын тулд эрх баригчид ямар нэгэн хуулийг баталдаг билээ. Гэвч зарим хуулиуд санаанд оромгүй байдлаар сөрөг үр дагавар дагуулах нь бий. Ер нь аливаа хуулийг батлахын өмнө ирээдүйд гарах үр дүнг нь тооцож, урьдчилан сэргийлж байх нь маш чухал гэдгийг санах хэрэгтэй. Ингээд бид танд 10 бүтэлгүйтсэн хуулийн талаарх мэдээллийг хүргэж байна. Хэн тэдгээр хуулиуд аюул дагуулна гэж мэдэх билээ...

Санаанд оромгүй аюул дагуулсан 10 түүхэн хууль

1 Түүнд хүрсэн хүн бүрийг цаазална гэсэн хуулиас болж Тайландын хатан хаан усанд живж байжээ

19 настай хатан хаан Сунандха Кумариратана (Sunandha Kumariratana) бол Сиам буюу одоогийн Тайланд улсын хаан Чулэлонгкорн (Chulalongkorn)-ын гурван хатны нэг юм. Тэрбээр 1880 онд охиныхоо хамт зуны ордон руугаа Чао Прайя голын хөвөөгөөр явж байх үед завь нь хөмөрснөөс болж живсэн аж. Тэднийг хүмүүс аварч болох байсан ч эзэн хааны гэр бүлийн гишүүдийн биед хүрсэн хүн бүрийг цаазална гэсэн хуулиас болоод хэн ч тэдэнд хүрч зүрхлээгүй байна.

Тухайн үед жирэмсэн байсан хатан болон гүнжийн хамгаалагч, зарц шивэгчид нь хажууд нь өөр завин дээр явж байсан боловч үхлийн ялтай хуулиас болоод хэн ч өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулахыг хүсээгүй аж. Гэхдээ хуулиас гадна Тайланд хүмүүс усанд живж байгаа хүнийг аврах нь лусын хааныг хилэгнүүлдэг гэх мухар сүсэг бас давхар нөлөөлсөн ч байж болох юм.

Уг явдлын дараа уй гашууд автсан хаан хариуцлага алдсан тэдгээр зарц шивэгчдийг удирдаж явсан албадуудаа шоронд хорьсон гэдэг.

Түүнд хүрсэн хүн бүрийг цаазална гэсэн хуулиас болж Тайландын хатан хаан усанд живж байжээ

2 Хархыг устгах гэсэн Вьетнамчуудын оролдлого буруугаар эргэжээ

1902 онд Вьетнамын Ханой хот нь хархаас болж маш хүнд байдалд оржээ. Хэдэн мянган харх хотын гудамжаар гүйлдэж, тахлаар олон хүмүүс өвчилсөн байв. Хотын удирдлагууд хархууд хотын доорх 14.5 км-ийн урт цэвэрлэх байгууламжаас гарч ирж байгааг олж тогтоон 1902 оны 4-р сард Францын эрхэнд байсан Вьетнамын засгийн газар цэвэрлэх байгууламжид байгаа хархыг устгах ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсэг эхний долоо хоногт 7985, 5-р сард нийтдээ 15000, 6-р сард 20100 хархыг устгасан аж.

Хэдий тийм боловч хотын гудмаар гүйх харх буураагүй болохоор засгийн газар энгийн иргэдээс хархыг устгахыг хүсэж, нэг хархыг 1 центээр худалдаж авахаар болжээ. Засгийн газар үхсэн хархуудыг өөрийн байрандаа өмхийрөхөөс сэргийлж зөвхөн сүүлийг нь авчрахад болно гэж үзсэн байна. Энэ шийдвэр маш зөв байсан юм шиг байсан боловч харамсалтай нь хотын гудамж сүүлгүй хархаар дүүрчээ.

Мөн хүмүүс өөр хотуудаас харх авчрах болсон ба зарим фермерүүд хархыг үржүүлэх болсон байна. Иймд засгийн газар шийдвэрээ удалгүй буцаасан гэдэг.

Хархыг устгах гэсэн Вьетнамчуудын оролдлого буруугаар эргэжээ

3 Хорио цээр гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж, архины хяналт алдагдав

1920 оны 1-р сарын 18-нд АНУ-ын засгийн газар улс даяар архины худалдааг хоригложээ. Харамсалтай нь уг шийдвэр архины худалдааг далд байдалд шилжүүлсэн бөгөөд гэмт хэрэгтнүүдийн тоог ихэсгэжээ.
Газар доор байрлах цэнгээний газруудыг гэмт бүлэглэлүүд удирдаж байсан ба зартай Аль Капоне өөрийн казино болон хууль бус архины бизнесээсээ жил бүр 100 сая ам доллар олдог байсан гэдэг. Архины хууль батлагдахаас өмнө гэмт хэрэгтнүүд архийг их хэмжээгээр хурааж хадгалсан байсан бөгөөд Канад, Мексикээс нууцаар архи оруулж ирж зарах болсон байна.

Хорио цээр гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж, архины хяналт алдагдав

4 Тамхины хайрцгийг энгийн болгосноор тамхичид үнэ хямдыг илүү сонгох болов

НҮБ болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь тамхины хэрэглээг бууруулах зорилгоор өөрийн гишүүн орнуудын тамхи үйлдвэрлэгчдийг тамхины хайрцгаа энгийн болгохыг шаарджээ. Австрали, Франц болон Англи улсууд нь тамхины хайрцгийг энгийн болгох хуулиудыг баталсан ч энэ нь тамхины хэрэглээг бууруулж чадаагүй юм.

Улмаар бүх тамхины хайрцаг ижил болсон бөгөөд өмнө нь ямар нэг брендийн тамхи сонгон татдаг байсан хэрэглэгчид ижил савлагаатай болсон тамхинуудаас хамгийн хямдыг нь сонгож хэрэглэх болжээ. Австрали улс тамхины татвараа нэмэгдүүлсэн хэдий ч тамхидалтын хэмжээ буураагүй бөгөөд хууль бус тамхины бизнес дэлгэрснийг тодотгон тэмдэглэсэн байдаг бол Франц, Англид тамхи энгийн савлагаатай болсноор эрэлт нь улам нэмэгдсэн гэдэг.

Тамхины хайрцгийг энгийн болгосноор тамхичид үнэ хямдыг илүү сонгох болов

5 Өсвөр насныхны жирэмслэлт өсөв

АНУ-ын Засгийн газар өсвөр насныхны жирэмслэлтийг бууруулахаар маш их хөрөнгө, мөнгө зарцуулсан байдаг. Тухайлбал, 1996 оноос хойш Холбооны засгийн газар бэлгийн харьцааг тэвчих хэрэгтэйг боловсролын байгууллагуудад 2.1 тэрбум ам доллар зарцуулан зааж эхэлжээ.

Судалгаанаас үзэхэд тэрхүү арга нь өсвөр насныхны жирэмслэлтийг бууруулж чадаагүй юм. Хуучинсаг үзэлтэй мужуудад уг асуудал харин ч өсөж эхэлсэн ба өсвөр насныхны бэлгийн замын өвчний тархалтыг бууруулаагүй бөгөөд бэлгийн харьцаанд орох насыг хойшлуулж чадаагүй байна.

Өсвөр насныхны жирэмслэлт өсөв

6 Хоол хүнсний үйлдвэрлэл нэмэгдэх бус өлсгөлөнд нэрвэгджээ

1958 онд Хятадын удирдагч Мао Зедун нь тус улсад хор хөнөөлтэйд тооцогддог зарим амьтан болон шавжийг устгахаар “Дөрвөн хортон” гэх компанит ажлыг эхлүүлжээ. Хор хөнөөлтэй амьтдын тоонд бор шувуу, харх, ялаа болон шумуул ордог бөгөөд эдгээр амьтад нь тариа будааны үр иддэг байна.

1960 он гэхэд хэдэн зуун сая бор шувууг устгасан хэдий ч үүний улмаас маш аюултай нөхцөл байдал үүссэн юм. Учир нь Мао Зедун бор шувууны хооллодог царцаа гэх мэт шавжууд тариа будааны хортон дайсан гэдгийг мэдээгүй байжээ. Улмаар төд удалгүй Хятад даяар царцаа маш их олширч бүхий л тариа будааг идэж устгасан байна. Энэ нь 15-78 сая өлсгөлөнд нэрвэгдүүлж, үхүүлсэн гэдэг.

Хоол хүнсний үйлдвэрлэл нэмэгдэх бус өлсгөлөнд нэрвэгджээ

7 Хамгаалах бус сүйрэхэд хүргэв

Маккуори арал нь Австрали болон Антарктидын дунд оршдог. Энэ арлыг 1810 онд нээсэн ба тийшээ очсон усан онгоцны хархууд уг арал руу колоничилжээ. Тус аралд хархаар хооллодог амьтан байдаггүй тул харх үржиж маш ихээр олширчээ. Тиймээс цэргүүд хархын тоог хянахын тулд арал руу муур аваачсан юм.

Мөн 60 жилийн дараа цэргүүд уг арал дээр туулай нутаглуулсан ба хөлөг онгоц нь сүйрсэн далайн цэргүүд тэрхүү туулайнуудаараа хооллодог байжээ. Удалгүй туулай, муурын тоо маш ихээр өссөн байна.

Муурнууд нутгийн шувуудыг идэж мөхөөсөн бол туулай нь зарим ургамлыг ор мөргүй устгажээ. Хүмүүс туулайн тоог хянахын тулд 1970-аад онд уг арал дээр миксоматозийн үхлийн халдварт өвчнийг дэлгэрүүлснээр 10 жилийн дотор тоо нь 130000-аас 20000 хүрэхгүй болж буурсан юм. Гэвч туулайн тоо буурснаар муур шувуудыг илүү ихээр идэх болсон учир тэднийг ч мөн адил устгах хэрэг гарчээ.

Муур байхгүй болж, туулайн тоо дахин нэмэгдэж олон төрлийн ургамал устсан нь уг арлын оцон шувуудыг мөхөлд хүргэсэн юм. 2009 оны байдлаар арлын ногоон ургамлын 40 хувийг туулай идэж дуусгасан байдаг. Улмаар Тасманы зэрлэг амьтан, байгаль хамгаалах ажиллагааг зогсоож, арлыг бүр мөсөн орхисон юм. Тухайн үед арал дээр 130000 туулай, 103000 хулгана, 36000 харх үлдсэн гэдэг.

Хамгаалах бус сүйрэхэд хүргэв

8 Энгийн ажилчин болсон хуучин гэмт хэрэгтнүүдийг дэмжих хуулийн улмаас ажилгүйдэл үүсэв

АНУ-ын зарим мужууд нь ажил олгогчид ярилцлагад орж буй хүмүүсээсээ гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг асуухыг хориглосон хууль гаргажээ. Энэ хууль урд өмнө нь ял эдэлж байсан хүмүүсийг ажилтай болгоход туслах зорилготой байсан ч Америкийн хар арьст иргэдийн хувьд эсрэгээрээ үйлчилсэн юм.

Тус хуулийн дараа ажил олгогчид ажил горилогчдыг арьс өнгөний үзлээр ялгаварлаж, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг нь таадаг болсон байна. Ажил олгогчид хар арьстай хүмүүсийг ял эдэлж байсан гэж үзэх нь нэмэгдсэн бөгөөд ажилд авах нь багасжээ.

Хууль хэрэгжихээс өмнө Нью Жерси, Нью Йорк зэрэг хотуудад цагаан арьст ажил горилогчид ажлын ярилцлагад дуудагдах магадлал 7% байсан бол хууль хэрэгжиж эхэлсний дараа огцом өсөж 45% болжээ. Энэ нь урд өмнө ял эдэлж байсан хар арьстнуудыг ажилд орох боломжгүй болгож байсан юм. 

Энгийн ажилчин болсон хуучин гэмт хэрэгтнүүдийг дэмжих хуулийн улмаас ажилгүйдэл үүсэв

9 Нью Жерсийн нэгэн хуулиас болж АНУ-д ухаалаг буу худалдаж авах боломжгүй

Ухаалаг буу (хувийн буу)-г зөвхөн эзэмшигч нь хэрэглэх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл эзэмшигчийн хурууны хээгээр л бууны түгжээ тайлагддаг байна. Ийм бууг нэвтрүүлснээр галт зэвсгийн хяналт сайжрах байсан боловч АНУ-д энэ төрлийн бууг нэвтрүүлээгүй юм. Энэ нь 2002 онд Нью Жерсид батлагдсан хүүхдийн хамгаалалттай гар бууны тухай хуулиас болжээ. Тус хуульд Нью Жерси мужийн галт зэвсгийн дэлгүүрүүд дээрх төрлийн бууг АНУ-ын аль нэг мужид орж ирсэн цагаас нь хойш 30 сарын дараа худалдах боломжтой гэж зааж өгсөн юм.

Зарим хуульчид энэ хуулийг АНУ-ын зах зээлд ухаалаг буу нэвтрүүлэхийг зориуд хаасан лобби гэж үздэг. 2016 онд Нью Жерси муж нь уг хуульд "Зэвсгийн дэлгүүр нь дан ганц ухаалаг буу худалдах ёсгүй. Гэхдээ энэ төрлийн бууны ядаж нэг загварыг дэлгүүртээ байлгана." гэсэн нэмэлт заалт оруулахаар болсон боловч мужийн удирдагч Крис Кристи гарын үсэг зурж батлахаас татгалзсан юм.

Нью Жерсийн нэгэн хуулиас болж АНУ-д ухаалаг буу худалдаж авах боломжгүй

10 АНУ-д ойн үйлчилгээ бий болгох гэсэн ч түймэр улам нэмэгдэв

АНУ-ын ойн үйлчилгээ нь түймрээс сэргийлэх зорилгоор бий болсон байдаг. Гэхдээ уг үйлчилгээний улмаас АНУ-д ойн түймэр их гарах болжээ. Уг үйлчилгээ бий болохоос өмнө жижиг хэмжээг хамарсан түймэр АНУ-ын баруун өмнөд хэсэгт 5-10 жилд нэг удаа гардаг байсан бөгөөд томоохон моднуудад нөлөөлөхгүйгээр багахан бут сөөгийг устгадаг байж.

Харин ойн үйлчилгээ нь жижиг түймэр үүсэх нөхцлийг хаасан ба бут сөөгүүдийг томорч, ихээр олшроход хүргэжээ.Тэр нь томоохон гал түймэр дэгдэх үндэс суурь нь болсон гэдэг. 

АНУ-д ойн үйлчилгээ бий болгох гэсэн ч түймэр улам нэмэгдэв

6
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()