Түүхэн дэх хамгийн алдартай 11 байлдааны онгоц

Дэлхийн түүх дайн тулааны түүхээр баялаг байдаг. Тиймдээ ч XX болон XXI зуунуудад дайнд ялалт байгуулахад нисэх онгоц маш чухал үүрэг гүйцэтгэж байсан ба одоо ч ач холбогдол нь нэмэгдсээр л байна. Цэргийн зориулалттай нисэх онгоц нь Дэлхийн хоёрдугаар дайны үеэс эхлэн хүчтэй хөгжиж эхэлсэн ба Хүйтэн дайны үеэс онгоцыг дайны болон иргэний зориулалтаар ашиглах нь үлэмж хэмжээгээр нэмэгдсэн юм. Одоо ч зарим онгоцнуудыг тулаанд ашиглаж, тоноглолыг нь сайжруулсаар байгаа билээ. Ингээд та бүхэнд дэлхийн хамгийн алдартай байлдааны 11 нисэх онгоцны тухай мэдээллийг хүргэж байна.

Түүхэн дэх хамгийн алдартай 11 байлдааны онгоц

1 “Hawker Hurricane” (Их Британи)

1930-1940-өөд онуудад "Hawker Aircraft” компаний үйлдвэрлэдэг байсан “Hawker Hurricane” бол Их Британийн нэг хүний суудалтай байлдааны онгоц юм. Уг онгоц Дэлхийн хоёрдугаар дайны үед Их Британийн хамгийн чухал байлдааны онгоц байсан ба “Supermarine Spitfire” онгоцны хамтаар 1940-1941 оны Их Британийн дайн болон 1941-1942 оны Мальтын хамгаалалтад оролцож алдар гавьяаг хүртэж байсан. Ер нь уг онгоц Их Британийн оролцсон бүх дайнд үүрэг гүйцэтгэж байсан юм. 

“Hawker Hurricane”-ний ахлах нь Сидней Камм (Sydney Camm) байсан бөгөөд 7.7 мм голчтой 8 пулемёт далавч дээр нь суурилуулсан хүнд зэвсэглэлтэй, гүйцэтгэл өндөртэй, дан далавч бүхий онгоц гаргах зорилгоор уг байлдааны онгоцыг хөгжүүлсэн байдаг. Энэ онгоц 1200 морины хүчин чадалтай ба 12 цилиндртэй хөдөлгүүртэй. Камм нь өөрийн зохиосон эхэн үеийн онгоцнуудынхаа дизайныг сайжруулснаар “Hawker Hurricane”-ийг зохион бүтээж байжээ. Уг онгоцны далавч нь их биеийнхээ доор байрладаг ба газардалтын дугуй нь хураагддаг. “Hawker Hurricane”-ний далавч, сүүлний далавч болон сүүлний чиглүүлэгч далавчийг даавуун материалаар бүрсэн байсан ба удалгүй хөнгөн цагаанаар сольсон юм.

“Hawker Hurricane” (Их Британи)

2 “U-2” тагнуулын онгоц (АНУ)

“U-2” бол нэг хүний суудалтай, өндөрт нисэж туршуул хийх, тагнуулын мэдээ цуглуулах, судалгаа хийх зориулалттай тийрэлтэт хөдөлгүүртэй онгоц юм. Энэ онгоц тагнуулын хамгийн алдартай онгоц бөгөөд 1956 оноос хойш тагнуул, туршуулын үүрэг гүйцэтгэж байжээ. 1955 онд анхны туршилтын загвар нь ниссэн ба 1989 онд уг онгоцны цувралын сүүлийн онгоц ниссэн байдаг.

1960 оны 5 дугаар сарын 1-нд энэ онгоцыг Зөвлөлт холбоот улсынхан буудаж унагаж байсан ба 1962 онд Кубын пуужингийн асуудлын үеэр онгоцны дарсан зураг нь Зөвлөлт холбоот улсын цөмийн хошуутай пуужин Куба улсад байгааг баталж өгч байжээ. 1960-аад оны Вьетнамын дайнаас хойш “U-2” онгоц АНУ-ын оролцож байсан олон мөргөлдөөнд хурцадмал цэгүүд дээгүүр нисэж тагнуулын мэдээ цуглуулсан байдаг.

1980-аад оноос хойш АНУ-ын НАСА сайжруулсан “U-2” (ER-2) онгоцоор дэлхийн агаар мандал, атмосфер болон огторгуйн үзэгдлүүдийг судалж, мэдээлэл цуглуулсаар байна.

“U-2” тагнуулын онгоц (АНУ)

3 “B-52 Stratofortress” (АНУ)

“B-52” (заримдаа “Stratofortress” гэж нэрлэдэг) бол Боинг компанийн 1948 онд зохион бүтээсэн, холын зайд нисэж бөмбөгдөлт хийхэд зориулагдсан онгоц юм. Анхны нислэг нь 1952 онд хийгдэж, цэргийн хэрэглээнд 1955 онд шилжсэн байдаг.

Уг онгоцны анхны зориулалт нь Зөвлөлт холбоот улс руу атомын бөмбөг тээвэрлэх байжээ. “B-52” онгоцны далавчны урт нь 56м, их биеийн урт нь 49м бөгөөд далавчнууд дээр нь 8 ширхэг тийрэлтэт хөдөлгүүр байдаг. Энэ онгоц 17000м өндөрт, Махын 0.9 (цагт 960 км) дээд хурдтай, далайн түвшнээс хэдхэн метрийн өндөрт Махын 0.5 (цагт 600 км) хурдтай нисэж чадна. Мөн 6 хүний нислэгийн багтай ба сүүлэн дээрээ алсын удирдлагатай зэвсэгтэй байжээ. 1991 онд тэрхүү зэвсгийг нь буулгаж, 5 хүний баг тээвэрлэдэг болгож өөрчилсөн юм.

Онгоцны их бие нь “Big Ugly Fat Fellow” гэх хочийг авчирсан ба их биеийг ухаалаг навигаци, зэвсэг удирдах болон сөрөг арга хэмжээний электроникийн системүүдээр тоноглосон. Одоо АНУ-ын Агаарын хүчинд 70 гаруй “B-52” онгоц ашиглагдаж байна.

“B-52 Stratofortress” (АНУ)

4 “F-16 Fighting Falcon” (АНУ)

“F-16” буюу “Fighting Falcon” нь нэг хүний суудалтай, тийрэлтэт хөдөлгүүртэй онгоц юм. Уг онгоцыг “General Dynamics Corporation” (одоо “Lockheed Martin Corporation”) зохион бүтээсэн ба АНУ өөртөө болон бусад орнуудад зориулан маш олныг үйлдвэрлэсэн байдаг. “F-16” онгоцыг 1972 онд хөнгөн жинтэй, боломжийн үнэ өртөгтэй, агаараас агаарт ангилалд онгоц үйлдвэрлэх тушаалаар үйлдвэрлэж байжээ. Энэ онгоцыг бүх улиралд ашиглах боломжтой бөгөөд газрын довтолгоонд илүү тохиромжтой гэж үздэг. АНУ-ын Агаарын хүчин 1978 оноос уг онгоцыг хэрэглэж эхэлсэн.

“F-16” онгоцны их бие нь 15м, далавч нь 9.45м урт бөгөөд бүхэлдээ 10тн жинтэй. Энэ онгоцыг “Pratt & Whitney” болон “General Electric” компаниудын турбинэн түлхэлттэй сэнс, нэг тийрэлтэт хөдөлгүүрээр тоноглосон байдаг. 102-130 кило ньютон түлхэх хүч үүсгэх чадвартай хөдөлгүүр нь онгоцыг дууны хурднаас хоёр дахин их хурдаар хурдлуулах чадвартай аж. Онгоцны тоноглолд эргэлттэй, 20мм-ийн их буу байх ба далавчин доор нь тэсрэх бөмбөг, пуужин зэрэг өөр олон зэвсгүүд  бий.

АНУ энэ онгоцоо Дундад Ази дахь өөрийн холбоотнууддаа нийлүүлсэн байдаг ба агаараас агаарт ангиллын болон газрын тулаанд маш чадварлаг байлдаж байсан гэдэг. (1982 онд Израйл-Сирийн мөргөлдөөн болон 1990-91 оны Персийн булангийн дайн). “F-16” онгоцыг 20 гаруй орон өөрийн агаарын хүчиндээ ашиглаж байна. 

“F-16 Fighting Falcon” (АНУ)

5 “МиГ-21” (Зөвлөлт холбоот улс)

Оросын нисэх хүчний зохион бүтээх товчооны 1958 онд үйлдвэрлэсэн “MiG-21” бол хөнгөн жинтэй, дууны хурднаас хоёр дахин хурдтай нисэх үедээ дайсны онгоцыг сөнөөх чадвартай онгоц юм. Анхны загвар нь 1958 онд зэвсэглэлд шилжсэн ба маневрлах чадвар өндөртэй, засвар үйлчилгээ хийхэд хялбар онгоц байжээ. Зохион бүтээх товчоо нь уг онгоцны 32 янзын загварын 9000 гаруй онгоцыг Зөвлөлт холбоот болон бусад 40 гаруй улсад хийж өгсөн бөгөөд Хятад улсад нэг хувилбарынх нь үйлдвэрлэлийн лицензийг гэрээгээр өгсөн гэдэг.

“МиГ-21” (Зөвлөлт холбоот улс)

6 “Туполев Tу-95” (Зөвлөлт холбоот улс)

1952 онд зохион бүтээгч Туполев тийрэлтэт хөдөлгүүрийг нь поршент хөдөлгүүр болгосныхоо дараа “Tu-16” дундын зайны бөмбөгдөгч онгоцоо танилцуулсан бол 1954 онд Александр Архангельскийгаар удирдуулсан баг турбинэн хөдөлгүүртэй “Tu-95” онгоцоо зохион бүтээж нисгэж байжээ. Энэ онгоц нь хамгийн удаан ашиглагдсан цэргийн онгоцны нэг юм. ОХУ нь одоо болтол уг онгоцны 50 гаруй ширхгийг залуурт пуужин тээвэрлэгч байдлаар ашигласаар байна.

“Туполев Tу-95” (Зөвлөлт холбоот улс)

7 “Bf 109” (Нацист Герман)

“Bayerische Flugzeugwerke 109” буюу “Me 109” нь нацист Германы хамгийн чухал сөнөөгч онгоц байсан. Энэ онгоцыг Вилли Мессершмитт (Willy Messerschmitt) зохион бүтээсэн ба заримдаа “Bf 109B” гэж ч нэрлэдэг. 7.92 мм-ийн пулемётоор зэвсэглэсэн "Bf 109B” онгоцыг 1937 онд зэвсэг болгон ашиглаж эхэлсэн ба тэр даруй Испанийн иргэний дайнд туршсан бөгөөд зөвлөлтийн “I-16” болон “I-15” онгоцнуудтай амжилттай тулалдаж байсан гэдэг. Гэхдээ тэрхүү агаараас агаарт ангиллын тулаанд Люфтваффегийн онгоц хоорондын холбоо зарим талаараа тус болж байсныг дурдах нь зүйтэй.

Тэр үед Даймлер-Бенцийн 1000 морины хүчтэй, түлш цацруулагчтай "DB601" хөдөлгүүр бий болсон ба түүний нөлөөгөөр “Bf 109E” онгоц зохион бүтээгджээ. Энэ онгоц нь 20 мм-ийн хоёр их буу, хоёр пулемётоор зэвсэглэгдсэн байсан ба 1939 онд Польш руу довтолсон үеэс 1940-1941 оны Их Британийн тулааны үе хүртэл Германы гол сөнөөгч онгоц байсан юм. 11000 өндөрт хөөрч, цагт 570 км хүртэл зай туулах чадвартай уг онгоц нам болон дундын өндөрт бусад онгоцноос илүү байсан ч 4600м-ээс дээш өндөрт Их Британийн “Spitfire” онгоцонд дийлдэж байсан түүхтэй.

“Bf 109” (Нацист Герман)

8 “P-51 Mustang” (АНУ)

“P-51” бол “North American Aviation” компанийн зохион бүтээсэн нэг хүний суудалтай, нэг хөдөлгүүртэй сөнөөгч онгоц юм. Анх Их Британийн Агаарын хүчинд зориулж хийгдэж байсан бол дараа нь АНУ өөрийн Агаарын хүчиндээ ашигладаг болсон. Энэ онгоц нь Дэлхийн Хоёрдугаар дайны үед хамгийн олон чадвартай, шилдэг онгоцоор тодорч маш олноор үйлдвэрлэгдсэн байдаг.

Ойролцоогоор 1500 морины хүчтэй, мерлин хөдөлгүүртэй “P-51” нь уг дайны үеэр өдрийн үүрэг даалгавар гүйцэтгэдэг байжээ. Энэ онгоцны хамгийн ихээр үйлдвэрлэгдсэн хувилбар нь “P-51D” ба 12800м-ийн өндөрт хөөрч, цагт 700 км зам туулах чадвартай байсан.

“P-51 Mustang” (АНУ)

9 “Dassault-Breguet Mirage” (Франц)

“Mirage” гэдэг нь Францын “Dassault-Breguet” фирмийн үйлдвэрлэдэг дайны зориулалттай онгоцнуудын ерөнхий нэр юм. Тэдгээр онгоцнууд харьцангуй хямд үнэтэй байсан ба 1960-аад оноос дэлхийн жижиг орнуудад ашиглагдаж байсан.

Анхны “Mirage” (“Mirage III”) төрлийн онгоц нь нэг хөдөлгүүртэй, гурвалжин хэлбэрийн далавчтай байжээ. Энэ онгоц 1956 онд анх хөөрч байсан ба 1960-аад оны үед Израилийн Агаарын хүчний сөнөөгч онгоцны гол суурь нь болж байжээ. Мөн “Dassault-Breguet Mirage” нь 1967 оны Зургаан өдрийн дайнд үүргээ гайхамшигтай гүйцэтгэсэн гэдэг. Бразил, Ливан, Өмнөд Африк зэрэг олон орон уг онгоцыг ашигладаг юм. 

“Dassault-Breguet Mirage” (Франц)

10 “Mitsubishi Zero” (Японы эзэнт гүрэн)

“Mitsubishi Zero” бол нэг хүний суудалтай, далавч нь их биеэсээ доор байрласан дан далавчтай онгоц юм. Хорикоши Жирогийн зохион бүтээсэн уг онгоц Дэлхийн Хоёрдугаар дайнд маш их нөлөө үзүүлсэн ба хөлөг онгоцоор тээвэрлэгддэг тус онгоц дайсны эх газарт суурилсан баазад цохилт өгөх чадвартай байжээ. Анх 1939 онд туршигдаж, 1940 онд Хятадыг эзлэхэд ашиглагдаж байсан юм.

“Mitsubishi Zero” (Японы эзэнт гүрэн)

11 “A-10 Thunderbolt II” (АНУ)

“A-10 Thunderbolt II” бол 2 хүний суудалтай, хоёр хөдөлгүүртэй онгоц бөгөөд анх 1972 онд хөөрч байжээ. Уг онгоц 1970-аад оны дундаас АНУ-ын Агаарын хүчний ойрын цохилт өгөх гол онгоц байсан юм. Түүний хамгийн чухал зэвсэг нь танк устгах чадвартай 30 мм-ийн их буу байжээ. Энэ онгоц Персийн булан, Иракийн болон Афганистаны дайнуудад ашиглагдаж байсан ба сүүлийн үед Исламын улсын эсрэг дайнд хэрэглэгдэж байна.

“A-10 Thunderbolt II” (АНУ)

5
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()