Дэлхийг өөрчилсөн 7 аварга машин

27 км-ийн урттай тойрог хурдасгуураас эхлээд бүтэн хөл бөмбөгийн талбайг эзэлсэн сансрын хэмжилтийн төхөөрөмж, хүн төрөлхтний зохион бүтээсэн гараг эрхсийг ажиглах, сансрын пуужин хөөргөх байгууламжууд дэлхий ертөнцийн хөгжилд асар их нөлөө үзүүлж чадсан билээ. Одоо ч эрдэмтдийн шинэ нээлт, ололтууд дэлхийн ирээдүйн хөгжлийг маш хурдацтайгаар тодорхойлж байна. Биднийг өдөр тутмын амьдралдаа анхаарч байх зуур олон гайхалтай төхөөрөмж, байгууламжууд баригдаж олон нийтийг гайхшруулсаар байна. Ингээд бид таны шинжлэх ухааны мэдлэгийг тэлж дэлхийг өөрчилж чадсан 8 алдартай аварга төхөөрөмжүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна. 

Дэлхийг өөрчилсөн 7 аварга машин
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 "Large Hadron Collider" бөөмс идэвхжүүлэгч

Швейцарийн Женев хотод байрладаг уг төхөөрөмж дэлхийн хамгийн том бөөм идэвхжүүлэгч суурь машин юм. Тойрог хэлбэрийн хурдасгуурынх нь урт 27 км бөгөөд үүнийг барьж байгуулахад 10 гаруй жилийг зарцуулжээ. Уг аварга машины вакум хоолой дотуур энерги ихтэй бөөмсийн багцууд бараг гэрлийн хурдаар хурдалж хоорондоо эсрэг чиглэлтэйгээр явдаг. Тэдгээр бөөмс бие биетэйгээ мөргөлдөх үед үүсэж буй мэдээллийг эрдэмтэд цуглуулж, судалснаар дэлхий ертөнцийг жолоодож байдаг физикийн чухал суурь асуудлуудад хариулт олдог юм.

2008 онд энэ төхөөрөмж ажиллаж эхэлснээс хойш эрдэмтэд олон чухал нээлтүүдийг хийжээ. Бусад олон төрлийн эгэл бөөмсийг масстай болоход нь тусалдаг Хиггс бөөмийн нээлт ч үүнд нь багтана. Тэдгээр бөөмийг эрдэмтэд 50 гаруй жилийн турш хайж байсан бөгөөд бөөмийг нээсний ачаар их тэсрэлтийн дараа, орчлон ертөнцийн хөгжлийн эхэн үед бөөмс хэрхэн масстай болсныг мэдэж чадсан билээ. Эрдэмтэд уг аварга төхөөрөмжийн дараагийн хөгжүүлэлт дээр ажиллаж эхэлсэн ба одоогийнхоос 3 дахин том, 7 дахин хүчтэй байх гэнэ. 

"Large Hadron Collider" бөөмс идэвхжүүлэгч

2 НАСА-гийн пуужин тээвэрлэгч

1965 онд барьж байгуулсан НАСА-гийн пуужин тээвэрлэгч хоёр машин бол хамгийн том тээвэрлэгч машинууд юм. Эдгээр машинууд тус бүрдээ 2400 тн жинтэй, 1.6 км зам туулахад 567.8 литр дизель түлш зарцуулдаг. Тэдгээрийн анхны гүйцэтгэсэн ажил нь хүн төрөлхтнийг сар руу хүргэсэн, 115.5 метр өндөртэй “Saturn V” пуужинг үйлдвэрээс нь Капе Канаверал дахь хөөрөлт тавцан руу тээвэрлэх байжээ. Тээвэрлэлтийн үед пуужинг унагахгүйн тулд 6.8 км замыг маш удаан 4 цаг гаруй хугацаанд туулсан байдаг.

Сарны хөтөлбөрийн дараа уг тээвэрлэгчид Шатл хөтөлбөрт үүрэг гүйцэтгэж, 1981-2003 оны хооронд Шатл хөлгүүдийг тээвэрлэсэн юм. Түүний дараа тээвэрлэгчдийг НАСА-гийн дараагийн сансрын хөтөлбөрт ашиглах болсон юм.

НАСА-гийн пуужин тээвэрлэгч

3 “National Ignition Facility” лазерын байгууламж

Энэ бол хөл бөмбөгийн гурван талбайтай тэнцэхүйц хэмжээтэй, хамгийн хүчирхэг, нарийн нарийвчлалтай лазерын байгууламж юм. Калифорнийн Лоуренс Ливерморын нэрэмжит Үндэсний Лабораторид байх уг байгууламжийг барихад 10 гаруй жил зарцуулж 2009 онд ашиглалтад оруулжээ. Эрдэмтэд уг байгууламжаар од болон аварга гарагуудын цөм дэх нөхцлийг хиймлээр үүсгэдэг ба халуун цөмийн нэгдэх урвалыг судлахдаа ашигладаг. Хэрэв хүн төрөлхтөн халуун цөмийн урвалыг удирдаж сурвал энергийн хязгааргүй их хэмжээний эх үүсвэртэй болж чадах юм.

“National Ignition Facility” лазерын байгууламж

4 “Bertha” туннель ухагч

АНУ-ын Сиэтл хотынхон өөрсдийн хуучирсан хурдны замаа аварга туннелиэр солихоор шийдэж “Hitachi Zosen Corporation”-тай туннель ухах аварга машин хийхээр гэрээ байгуулжээ. “Bertha” ухагчийн зорилго нь нягт ихтэй, цэвдэгтэй хөрсийг нүхэлж ухах юм.

2013 онд Сиэтл хотын анхны эмэгтэй удирдагч Берта Найт Лэндесийн (Bertha Knight Landes) нэрэмжит уг аварга ухагч газар доор 4 эгнээтэй машин зам бүтээхээр туннель ухаж эхэлсэн юм. Энэ үед 17.4 метр урттай, 6559 тн жинтэй уг машин газар доор 2.7 км урт нүх ухсаныхаа дараа эвдэрчээ. Ажиглагчид түүнийг бүрэн сүйрсэн гэж үзэж байсан боловч “Hitachi Zosen Corporation” жил хагасын хугацаанд зассанаар машин эргэж ажилдаа орсон юм.

2017 оны 4 дүгээр сард “Bertha” ажлаа дуусгаснаар инженерүүд ухагчийг задалж эхэлсэн бөгөөд дотоод эд ангиуд нь ирээдүйд өөр ухагч төхөөрөмж хийхэд ашиглагдах юм. Төхөөрөмжийн жин болон ухаж чадах хөрсний хэмжээ зэргээс хамаарч энэхүү төхөөрөмжөөс илүү том хэмжээтэй ухагч байх боломжгүй гэнэ. 

“Bertha” туннель ухагч

5 Олон улсын сансрын станц

Олон улсын сансрын станц бол сансрын нисгэгчдийн амьдралыг дэмжих зорилготой, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг агуулдаг маш чухал төхөөрөмж юм.

Олон улсын сансрын станцад 2000 оны 11-р сарын 2-ноос хойш нам орбитын нөхцөлд сансрын нисэгчдийг байрлуулдаг болсон. Энэ төхөөрөмж нь хүн төрөлхтний бүтээсэн, дэлхийн орбитоор явагч хамгийн том хиймэл дагуул билээ. Гол бүрэлдэхүүн хэсгүүдийг нь 2 гаруй жилийн турш тээвэрлэсэн ба барьж, угсрах ажил нь 1990-ээд оныг дуустал үргэлжилсэн гэдэг. Анхны модуль болох Заря (Zarya) нь 4.1 x 12.6 м хэмжээтэй байсан бол одоо 108 х 73 м хэмжээтэй болжээ. Уг станц нь дотроо 915.6 метр куб даралттай агаар агуулдаг бөгөөд түүгээр нь сансрын нисэгчид амьсгалж, хөдөлж байдаг аж.

Олон улсын сансрын станц дээр маш олон чухал нээлтүүдийг хийсэн байдаг. НАСА-гийн шинжээчид Олон улсын сансрын станцын ихэнх тоног төхөөрөмжүүдийг 2030 оныг дуустал ашиглах боломжтой гэж үздэг. Мөн 2025 он гэхэд үйл ажиллагааныхаа нэлээд хэмжээг хувийн секторт шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Олон улсын сансрын станц

6 "LIGO" таталцлын долгион бүртгэгч

“LIGO” (Laser Inferometer Gravitational-Wave Observatory) нь үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг ба хоёр нь лаборатори, хоёр нь бүртгэгч детектор юм. Тэдгээр нь хоорондоо 3200 км гаруй зайд Хэнфорд, Вашингтон, Ливингстон, Луизианад байрладаг. 5 жилийн турш баригдаж 1999 онд ашиглалтад орж байсан бүртгэгчид нь 4 км урттай, Г хэлбэрийн вакум камерууд бөгөөд тэд нэгэн зэрэг ажилладаг аж. Энэ төхөөрөмжүүдийн гол зорилго нь огторгуй-хугацааны долгион буюу таталцлын долгионыг бүртгэх юм. Хоёр бүртгэгчид нь хоорондоо маш хол зайтай байрладаг бөгөөд энэ нь долгионыг худлаа бүртгэх магадлалыг бууруулах зорилготой гэнэ.

"LIGO" таталцлын долгион бүртгэгч

7 “Антонов AН-225 Мрия” онгоц

1980-аад онд АНУ-ын Шатл сансрын хөтөлбөртэй өрсөлдөхийн тулд Оросууд далавчит “Buran” сансрын хөлгийг тээвэрлэх зорилгоор “AN-225 Mriya”-г хөгжүүлсэн байдаг. Энэ хөлөг 6 хөдөлгүүртэй, 227 тн-ийн даацтай ба далавчны урт нь Эрх чөлөөний хөшөөний өндөртэй тэнцүү бөгөөд жин нь 640 тн юм. “Mriya” нь 1988 онд анхны нислэгээ үйлдсэн хэдий ч 1990 онд Зөвлөлт системийн задралын улмаас “Buran”-аар ердөө нэг л удаа нислэг үйлдээд зогсоосон юм.

Өнөө үед бүх хиймэл дагуулыг сансрын пуужингийн тусламжтайгаар сансарт хөөргөдөг болсон учир 2017 онд Хятадын “Airspace Industry Corporation” нь уг хөлгийн загвар дээр суурилж шинэ онгоц бүтээхээр “Antonov”-тай гэрээ байгуулжээ. Ингэснээр тэд өөрсдийн төхөөрөмжүүдээ шинээр бүтээх онгоцныхоо тусламжтайгаар сансарт хөөргөх аж. Мөн “Microsoft” компанийн хамтран үүсгэн байгуулагч Пол Аллений “Stratolaunch” компани нь “Mriya”-аас арай өргөн хэмжээтэй онгоц бүтээж байгаа гэнэ.

“Антонов AН-225 Мрия” онгоц

Бонус: 10000 жилийн цаг

“Amazon” болон “Blue Origin”-ний үүсгэн байгуулагч Жефф Безос хүмүүс дэлхийд хэрхэн цаг хугацааны урт нөлөө үзүүлж байдгийг сануулж байх зорилготой нэгэн төслийг санхүүжүүлжээ.

Ердийн цаг нь хугацааг цаг, минут, секундийн нарийвчлалтайгаар хэмждэг бол энэхүү шинэ цаг нь хугацааг жил, зууны нарийвчлалтай хэмжих гэнэ. Энэ цаг Жефф Безосийн эзэмшлийн Техасын нэгэн ууланд сүндэрлэх ба барилгын ажил нь 2018 оны эхээр эхэлжээ. 152 метр өндөртэй байгуулагдах уг цаг хүн төрөлхтөнд хэр зэрэг нөлөө үзүүлэх бол гэж олон хүмүүс хүлээж байна. Энэ асуултад 120-р зууны хүмүүс л хариулт өгөх боломжтой биз ээ. 

Бонус: 10000 жилийн цаг

13
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()