Бүтээлч сэтгэлгээгээ нэмэгдүүлэх өвөрмөц бөгөөд үр дүнтэй 10 дасгал

Цоо шинийг эрэлхийлж, бусдаас түрүүлж алхья гэхээр онгод орж өгөхгүй, сонирхолтой санаа олдохгүй, амьдрал чинь адал явдлаар дутагдаж байгаа мэт санагдаад уйтгарлаж байна уу? Тэгвэл та анхаарлаа нааш нь хандуулаарай. 

Бүтээлч сэтгэлгээгээ нэмэгдүүлэх өвөрмөц бөгөөд үр дүнтэй 10 дасгал
Smart Data үнэгүй
Хаах
Сурталчилгаа

1. Амьгүй зүйлсийн зургийг ав

Төсөөлөх чадвараа бүрэн ажиллуулахыг хичээ. Харахад энгийн юм шиг боловч зургийн хальсанд гайхалтай сайхан буудаг зүйлс бидний эргэн тойронд маш их байдаг. Тийм учраас нийтээрээ мөрддөг дүрэм журмаас өөрийгөө чөлөөлж, харагдаж буй юмс үзэгдэл болгоноо гэрэл зураг мэтээр төсөөлж, түүнийгээ тэр чигт нь зургийн хальсанд буулгаарай. Дуртай дэвтрээ зоогийн газрын ширээн дээр эвтэйхэн байрлуулж, аль эсвэл хайртай аягаа цонхны тавцан дээрээ тавиад түүнтэй зохицох өөр нэг зүйлийг сонгож хослуулан сонирхолтой кадрууд бодон олж, цоо шинэ зургийн санаа сэдэж байх нь бидний бүтээлч байдлыг тодорхой хэмжээнд хөгжүүлдэг гэнэ шүү.

2. Номыг төгсгөлөөс нь эхлэн унш

Хэрвээ та номонд дурлагч, ёс журмыг баримтлагч нэгэн бол яг одоо хөмсгөө зангидаад "Утгагүй юм. Уншиж эхлэхээсээ өмнө бүх үйл явдлыг нь мэдчихнэ шүү дээ" хэмээн бодож байж магадгүй. Гэвч үнэндээ зарим номын төгсгөлийн хэсгийг түрүүлж уншсан ч зохиолын гол санаа, үйл явдал тааварлахын аргагүй оньсого мэт сонирхолтой байж чаддаг юм шүү. Тиймдээ ч номыг хойноос нь уншиж эхэлсэн хүн тархиндаа бүх л үйл явдлуудыг зогсолтгүй төсөөлж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлдэг байна.

3. Тэмдэг нэр ашигла

Нүдээ аниад өрөөндөө байгаа ямар нэг зүйлийг өөрийнхөө яг урд байгаа мэтээр төсөөл. Ингэхдээ тухайн зүйлсээ аль болох олон тэмдэг нэр ашиглан тодорхойлохыг хичээгээрэй. Жишээлбэл уугаад дууссан ундааны саваа улаан, хоосон, жижиг, нарийн гэх мэтээр тодорхойлж болох юм. 

4. Өөрөөсөө гэнэтийн асуулт асуу

Бид таны толгойг ажиллуулж, сэтгэх чадварыг тань хөгжүүлэх сонирхолтой дасгалын талаар ярьж байгааг санаарай. Та өөрөөсөө "Хэрвээ би ном бичсэн бол миний ном юуны тухай байх байсан бэ?", "Хэрвээ би рок хөгжмийн цомог гаргасан бол түүний гаднах хавтас хэрхэн харагдах байсан бол?" гэх мэт гэнэтийн асуултыг асууж хариултыг нь анхааралтайгаар бодож, нүдэндээ төсөөлөөрэй. Хариултаа олсны дараа яагаад тийм шийдвэрт хүрснээ сайтар эргэцүүлээрэй. Ингэх нь бидний тархийг хэцүү асуудлыг амархан шийдэхэд сургадаг.

5. Хоёр гараараа зурж сур

Хэрэв та хоёр тархиа хоёуланг нь ажиллуулж сурахыг хүсдэг бол доорх дасгалыг хийгээд үзээрэй. Хоёр гартаа хоёр өөр өнгийн бал эсвэл харандаа бариад энгийн геометрийн дүрснүүд зурах гээд үз. Ингэхдээ баруун гараараа гурвалжин, зүүн гараараа бөөрөнхий дүрс зураарай. Мэдээж таны оролдлого хэд хэдэн удаа бүтэлгүйтэж магадгүй юм. Гэхдээ тууштай байж үе үе энэхүү дасгалыг хийж тархиа цэнэглээд байвал тун удахгүй гайхалтай үр дүнд хүрэх болно шүү. Мөн тухайн дасгал гарт дадаад хэт амархан санагдаж эхэлбэл өөрийн хөгжих үйл явц, чадвар, сонирхол зэрэгт нийцүүлэн даалгавраа бага багаар хүндрүүлээрэй. 

6. Зүгээр л зур 

Зураг зурах нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хамгийн шилдэг арга билээ. Үүний тулд та заавал мэргэжлийн зураач, урлаг судлаач, аль эсвэл уран зураг сонирхогч байх албагүй. Та бүр хамгийн сүүлд хэзээ харандаа цаас нийлүүлснээ санахгүй байсан ч болно. Тиймээс хэрэггүй зүйл бодохоо түр хойшлуулаад яг одоо ойрхон байгаа дэвтэр, үзгээ аваад анхаарлаа хандуулж эхлээрэй.

Таны даалгавар бол цагаан цаасан дээр олон тооны цэг тавьж тэднийгээ хооронд нь ямар ч хамаагүй зураасаар холбож төрөл бүрийн хээ угалз үүсгэх юм. Амархан байгаа биз дээ? 

7. Хачирхалтай түүхүүд зохио

Хоорондоо ямар ч холбоогүй хэд хэдэн үг сонгож аваад тэднийгээ ашиглан 1-2 хуудас адал явдалт түүх зохио. Сонгож авсан үгс чинь зохиолын чинь түлхүүр үг байх ёстой шүү. Бичсэн зүйл чинь ямар ч утгагүй, логикгүй, үнэмшилгүй байж болно. Хамгийн гол нь бичиж, бодож, сэтгэж, хийе хэмээн хичээж байгаа чинь л маш чухал. Ийм сонирхолтой даалгаврыг биелүүлж, толгойгоо ажиллуулангаа бүтээлч чадвараа хөгжүүлэх нь утсаа оролдож чөлөөт цагаа өнгөрүүлснээс хамаагүй үр бүтээлтэй биз дээ? 

8. Эргэн тойрныхондоо анхаарал хандуул

Ажил руугаа алхаж явахдаа, автобусанд явж байхдаа, дэлгүүрийн кассанд дугаарлаж зогсохдоо гээд хаа ч явсан дэргэд байгаа хүндээ анхаарлаа хандуулж, харцаа тогтоон сайтар ажиглаад түүнийг ямар мэргэжилтэй, хаашаа явж байгааг, дөнгөж сая утсаар ярихдаа хэнтэй уулзахаар тохиролцсоныг, гартаа барьсан чамин савтай шоколадаа хэнд зориулж авсныг таах гээд үз. Тэгээд түүн дээрээ үндэслэн тэр хүний өнгөрсөн амьдрал хэрхэн өрнөснийг, ирээдүй, хувь заяа ямар байж болох талаар үргэлжлүүлэн бодоорой.

9. Холбоогүй зүйлсийн хооронд холбоо үүсгэ

Энэ бол төсөөлөх чадвар, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх гайхалтай аргуудын нэг юм шүү.  Та “Хэрвээ би энэ ном, MП тоглуулагч хоёрыг холбовол сонсдог номтой болно”, эсвэл “Хэрэв энэ сандлыг шал шүргэсэн даавуугаар бүтээгээд, даавууны нэг талыг хайчилж хаалга гаргавал нохойдоо үүр хийчихнэ” гэх мэтчилэн хөгжилтэй бөгөөд сонирхолтой зүйлс бодож олохыг хичээгээрэй.

10. Зургаан малгай өмсөж үз

“Долоо хэмжиж нэг огтол” гэдэгтэй адилхан утгатай энэхүү аргыг Английн сэтгэл судлаач Эдуард Де Боно анх нээсэн бөгөөд тус арга нь хүнд гаднаас хүлээн авч буй мэдээллүүд, амьдралд тулгарч буй ямар нэг асуудлыг зургаан өөр өнцгөөс харж, сайтар тунгаан бодсоны үндсэн дээр эцсийн дүгнэлтээ хийх боломжийг олгодог юм. 

Танд зургаан өнгийн малгай өгөгдөх ба өнгө бүр өөр өөр утгыг илэрхийлнэ. Та ямар нэг шийдвэр гаргах, мэдээлэл боловсруулах үедээ доор бичигдсэн дарааллын дагуу малгайнуудыг сольж өмсөж зааврын дагуу эргэцүүлэн бодоорой. 

  • Цагаан малгай нь анхааралтай байхыг сануулдаг бөгөөд мэдээллийн үнэн зөв байдал, асуудлын үнэ цэнийг тодорхойлох үйл явцыг илэрхийлнэ. Ингэхдээ та "Ямар судалгаан дээр үндэслэсэн байх магадлалтай вэ? Хэр үнэн бэ? Ямар тооны статистик үзүүлэлт байна вэ?" гэх мэт асуултуудыг өөртөө тавиарай.
  • Хар малгай өмссөнөөр та тухайн асуудлын сул талыг тодорхойлж, тулгарч болзошгүй эрсдлийг эрж хайх үүргийг хүлээх болно.
  • Харин шар малгай нь асуудлын давуу тал, учрах боломжтой сайхан үйл явдлуудын талаар бодохыг шаардана.
  • Ногоон өнгө бол бүтээлч байдлыг илэрхийлнэ. Авсан мэдээлэлтэйгээ холбоотой шинэ санаа боловсруулах, асуудлыг шийдэх өөр арга зам хайх, бусдын санаанд ороогүй цоо шинэ зүйлсийг сэдэх боломжийг олгоно.
  • Улаан малгай бол сэтгэл хөдлөлөө удирдах чадвар юм. Та "Шийдвэр гаргасны дараа надад ямар мэдрэмж төрөх вэ? Миний дотоод хүн надад юу гэж зөвлөж байна вэ?" гэх мэт асуултад хариулахыг хичээгээрэй. 
  • Цэнхэр өнгө нь эцсийн дүгнэлт хийх ёстойг сануулна. Гарах үр дүн таны сэтгэлд хэрхэн нийцэх тухай, мөн гаргасан шийдвэр тань ямар ашиг авчрах талаар сайтар бодоорой. 

Энэхүү зургаан малгайн арга нь хамт олноороо ажлын төлөвлөгөө гаргаж, түүнийг боловсруулахад илүүтэй зориулагдсан юм шиг боловч үгүй юм. Та ганцаараа ажиллаж байсан ч хамаагүй өөрийн гаргасан шинэхэн санаа, ирээдүйн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ энэхүү аргыг ашиглаж бүтээлч сэтгэлгээгээ нэмэгдүүлж болох юм шүү. 

 

13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()