Аяга угаагч казах бүсгүй алдарт "Christian Dior"-ийн сахиусан тэнгэр болсон түүх

Төв Азийн үзэсгэлэн төгөлдөр бүсгүй Алла Ильчуныг агуу Кристиан Диор өөрийн “аз авчрагч үнэт чулуу” хэмээн өргөмжлөн нэрлэсэн байдаг. "Dior" загварын ертөнцөд мэндэлснээс эхлэн тус брэндийн нүүр царай болж байсан энэ бүсгүй тухайн үеийн загварын шоунуудыг чимэн гялалздаг асан ганцхан од нь байсан гэхэд хилсдэхгүй. Харин түүний гайхамшигт алдрын зам, дэлхийд дуурсагдах шилдэг модель болох гараа сав суулга угаагч жирийн бүсгүйн амьдралаас эхтэй гэдгийг та мэдэх үү? 

Аяга угаагч казах бүсгүй алдарт "Christian Dior"-ийн сахиусан тэнгэр болсон түүх

1 Аз жаргалын эрэлд мордсон нь

Алдарт модель Алла Ильчун нь Харбин хотод казах айлын охин болон төрсөн бөгөөд аав нь төмөр замын инженер, харин ээж нь дуурийн дуучин мэргэжилтэй байсан аж. Өнгөрсөн зууны 20, 30-аад онд Харбин хотыг Хятад, Япон, ЗХУ-ын эрх баригчид хоорондоо л булаацалдан тэмцэл өрнүүлж байсан ба үүнээс болж хотын энх тайван байдал тэр чигтээ алдагдсан учраас Аллагийн гэр бүлийнхэн амар амгалан, аз жаргалыг эрэхээр гайхамшигт Францыг зорьжээ. Гэвч тэднийг яг хил давахын өмнө эцгийг нь баривчилж албадан хөдөлмөрлөх төв лагер луу илгээсэн тул ээж, охин хоёр хоёулхнаа Парисыг зорихоор болсон байна.

Аз жаргалын эрэлд мордсон нь

Хаягдаж хоцорсон ээж, охин хоёр хоол унд, хонох газар олох ямар ч мөнгөгүй байсан тул хүний нутаг дахь цоо шинэхэн амьдралаа хов хоосон халаастайгаар эхлүүлэхээс өөр аргагүйд хүрэв.

Хар нялхаараа байсан Алла франц хоолны ресторанд аяга таваг угаагчаар ажилд орсон бөгөөд тэрээр тухайн үед алдар нэртэй модель болох нь байтугай амьдрах газар, орон сууцтай болох талаар ч зүүдлээгүй явсан нь лавтай. Зүгээр л  өнөө маргаашийг аргацаахын тулд амьдарч байсан түүнийг дайны хар мөр тойролгүй дайрч гарсан нь мэдээж. Тэрээр фашистуудын эсрэг  хөдөлгөөнд хамрагдаж, ганц биш удаа амь насаа дээсэн дөрөөнд авчирж, хамгийн дотнын найз нөхдөө ч алдсан юм. Дайн дууссаны дараа бүсгүй хуучин ажилдаа эргэн орсон бөгөөд хувь тавилан түүнд гэнэтийн бэлэг бэлдсэн байсныг ядарч туйлдсан залуу бүсгүй яахан гадарлах билээ!

2 Санаанд оромгүй сонгон шалгаруулалт

Алла Ильчуны дотны найз модель болох мөрөөдөлтэй байсан бөгөөд үргэлж төрөл бүрийн сонгон шалгаруулалтад хүчээ сорьдог байж. Нэгэн удаа түүний найз ээлжит сонгон шалгаруулалтандаа бэлтгэж байх үеэр бие нь өвдсөн бөгөөд Аллаг өөрийнх нь оронд очихыг гуйжээ. Алла сайн найзынхаа гуйлтанд татгалзаж чадаагүй тул хэлсэн хаягаар нь болзсон цагт нь хүрч ирэхэд тэр газар нь засвар хийж буй хов хоосон талбай байв. Ийм зүйл хүлээгээгүй байсан бүсгүй найзыгаа андуурсан юм байна гэж санаад тэнд ажиллаж байсан засварчин залуустай ойр зуурыг хөөрөлдсөний эцэст гэр лүүгээ явсан байна. Гэтэл хэсэг хугацааны дараа Алла Ильчун руу түүний очих ёстой байсан сонгон шалгаруулалтын зохион байгуулагч Кристиан Диорын хувийн нарийн бичиг залгасан бөгөөд түүнийг загварын брэндийн нүүр царай болгох хүсэлт илгээж буйгаа хэлжээ. 

Санаанд оромгүй сонгон шалгаруулалт

Гайхаж гүйцсэн бүсгүй сонгон шалгаруулалтанд оролцоогүй гэж болохоо хэлэхэд нарийн бичиг түүнд нөгөө засвар хийж байсан залуус дунд шинэ залуу загвар зохион бүтээгч, ноён Кристиан Диор өөрөө байсан талаар, мөн бүсгүйн үзэсгэлэн төгөлдөр байдал, онцгой төрх зохион бүтээгчийн сэтгэлийг маш их хөдөлгөсөн талаар хэлжээ. Энэ үед л зовлон шаналалаар дүүрэн байсан залуу бүсгүйн амьдрал санаанд оромгүйгээр эргэх эхлэл тавигджээ.

3 Загварын чиг хандлага

Алла Ильчуны дорно зүгээс гаралтайг нь илтгэх өндөр шанаа, хурц эрүү, жартгар нүд гээд ер нь л жирийн модель хүнд баймааргүй эгэл бус төрх нь Европын загварын ертөнцийг нүд ирмэхийн зуур л эзлэв.

Аллагийн оролцсон "Dior"-ийн шоу бүр олны анхааралд байж, чимээ шуугиан тарьж, үзэгч сонирхогчдын ярианы гол сэдэв болдог байсан бөгөөд Аллагийн өмсөж толилуулсан гоёлын даашинз бүр гэрлийн хурдаар алдарт дуучид, жүжигчдийн хувцасны шүүгээнд морилдог байв. Турьхан хэрнээ дэгжин энэ бүсгүй Кристиан Диорын хувьд уран бүтээлийн бурхан, "аз авчрагч үнэт чулуу" нь болж хувирсан юм. Тэрээр хамгийн шилдэг гэсэн бүхнээ зөвхөн Аллагаар дамжуулан нийтэд хүргэдэг байснаас гадна бүсгүйд зориулж бүхэл бүтэн коллекц хүртэл гаргадаг байжээ. 

Загварын чиг хандлага

Сонирхуулахад орчин үеийн охид бүсгүйчүүдийн өдөр тутмын нүүр будалтын салшгүй нэг хэсэг болсон нүдний контурыг Алла Ильчун анх моод болгож байжээ. Тухайн үед дэлхийн бүх л бүсгүйчүүд түүний гадаад төрхийг биширдэг байсан бөгөөд бүсгүйн нүүр будалт, үс засалтыг дуурайхыг туйлын ихээр хичээцгээдэг байв.

50-иад оны үед Францад гарсан энэхүү моод одоог хүртэл үнэ цэнээ алдаагүйгээс үзэхэд Алла Ильчуний урлаг, гоо зүйн мэдрэмж ямар гайхалтай байсныг илтгэнэ.  "Dior"-ын тогоонд буцалж байх хугацаандаа Алла зөвхөн алдар нэр, амжилтаа мандуулаад зогсохгүй, амьдрал болон гэр бүлийн аз жаргалыг ч өөрийн болгожээ. Тэрээр Майк де Дюльмен хэмээх зурагчин залуутай танилцаж тун удалгүй хуримаа хийсэн бөгөөд тэдний дундаас хоёр хүү мэндэлсэн гэнэ. 

Загварын хаан Кристиан Диортой анх танилцсан цагаасаа хойш түүнийг хорвоог орхих хүртэл 10 жилийн туршид "Dior" брэндийн төлөө чин үнэнчээр зүтгэсэн бүсгүй дараа нь дахин 10 жилийн туршид алдартай зохион бүтээгч Ив Сен Лорантай (Yves Saint Laurent) хамтран ажилласан гэдэг.

Хэдийгээр Алла Ильчуны толигор арьс, ердөө 49 см тойрогтой гоолиг бэлхүүс хэвээрээ байсан ч тэрээр амьдралын жамаар нас нь явж, ажлын хүндийг даахад улам асуудалтай болж буйг ойлгосон тул шүтэн бишрэгчдийнхээ нүдэн дээр хөгшрөхгүйн тулд загварын ертөнцийг эртхэн орхих нь зөв гэж шийджээ. Ильчун зураг авалтанд оролцохоо бүр мөсөн зогсоож, сэтгүүлчдэд ярилцлага өгөхөөс үргэлж татгалзаж, тун ч даруухан амьдралын хэв маягийг мөрдсөөр хорвоог орхисон байна.

46
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()