Бодит амьдрал дээрх "маугли" хүүхдүүдийн түүх

Жулиа Фуллертон Баттен хэмээх Герман зурагчин бүсгүй нэгэн удаа Марина Чапман гэх эмэгтэйн эгэл бус түүхийг өгүүлдэг “Нэргүй охин” хэмээх номыг уншиж байжээ. Улмаар маугли шиг амьдарч байсан Маринагийн амьдрал зурагчин бүсгүйн сонирхлыг ихэд татаж, “Зэрлэгшсэн хүүхдүүд” хэмээх зургийн цомгоо гаргах онгодыг нь хөглөж өгсөн гэдэг. Гэхдээ түүний цомогт багтсан гэрэл зураг бүрийн ард санаанд оромгүй аймшигт түүхүүд байдаг билээ.

Бодит амьдрал дээрх "маугли" хүүхдүүдийн түүх
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Чоно охин - Лобо (Мексик)

Анх 1845 онд голын эрэг дээр идээшиж буй хэсэг ямаа руу сүрэг чоно дайрсан ба тэдэн дунд нэгэн бяцхан охин яг л жинхэнэ араатан мэт аашлан, ан хийж байхыг Мексикийн Сан Фелипийн оршин суугчид олж харжээ.

Түүнээс хойш нэг жилийн дараа нутгийн иргэд тэрхүү бяцхан охиныг үхсэн ямаа идэж байхтай нь таарсан бөгөөд тэрбээр дөрвөн хөл дээрээ гүйж, чоно шиг ульж байснаас гадна хүний хэл ойлгохгүй байсан гэдэг. Мөн тухайн үед хүмүүс өөрийг нь ажиглаж байгааг охин анзаарсан тул цаг алдалгүй зугтжээ.

Улмаар 8 жилийн дараа өнөөх жаахан охин том бүсгүй болчихсон чонын хоёр бэлтрэгтэй хөөцөлдөн тоглож байсан гэх яриа бий. Гэвч тэр цагаас хойш хэн ч, хэзээ ч түүнийг дахин хараагүй юм.

Чоно охин - Лобо (Мексик)

2 Нохой охин - Оксана Малая (Украин)

Оксана Малая нь 1983 онд Украины Херсон мужид олон хүүхэдтэй айлын бага охин болон мэндэлжээ. Тэрбээр хүүхэд ахуй насандаа буюу найман нас хүртлээ нохойн хашаанд амьдарсан бөгөөд аав ээж нь архаг архичид байсан тул эмч нар Оксанаг төрөлхийн сэтгэцийн эмгэгтэй байх магадлалтай гэж үзжээ. Гэхдээ өсөж том болох явцад нь түүний сэтгэцэд өөрчлөлт орсон ч байж болох аж.

Улмаар 1992 онд Оксанаг асрамжийн газар амьдруулахаар шийдсэн ба тэр үед охин биеэ яг л нохой шиг авч явдаг байжээ. Тэрбээр асрамжийн газраасаа зугтаж тэнүүчилж буй ноходтой хамт байхыг илүүд үздэг байснаас гадна хэрэв ямар нэг зүйл таалагдахгүй бол шууд л хазах гэж ярдаглан дайрдаг байв.

Гэсэн хэдий ч эмч нар түүнийг эмчилж чадсан бөгөөд Оксана 2001 оноос хойш одоог хүртэл Украины нэгэн тосгонд үхэр, адуу маллагчаар ажиллаж байна. 

Нохой охин - Оксана Малая (Украин)

3 Сармагчин охин- Марина Чапман, Колумб

Марина Чапман эцэг эхийнхээ талаар юу ч санадаггүйгээс гадна өөрийн жинхэнэ нэрээ ч мэддэггүй. 1950-иад оны үед Колумб улсад хүүхэд худалдаалах гэмт хэргийг маш ашигтай “бизнес” хэмээн үздэг байсан ба Маринагийн санаж буй ганцхан зүйл бол түүнийг гэрийнхээ гадаа тоглоод сууж байхад нь гэв гэнэт хэн нэгэн шүүрч аваад машин дотор хийсэн гэх бүдэг бадаг үйл явдал юм.

Тэрбээр дээрэмдсэн хүмүүс нь хэн байсныг, яагаад түүнийг ой модон дунд хаях болсныг мэддэггүй. Ямартай ч Марина ухаан орохдоо шигүү ойд гав ганцаархнаа байсан бөгөөд айж цочирдон эцэг, эхээ хайж, уйлж, орилоход хэн ч түүнд туслаагүй гэдэг. Түүнчлэн бяцхан охин хэрхэн хоол олж идэхээ мэдэхгүй байсан учир аймшигт өлсгөлөнтэй нүүр тулж, тураалд оржээ.

Гэвч хэсэг хугацааны дараа түүнийг сайхан сэтгэлт сармагчингийн сүрэг олсон юм. Тэрбээр хожим "Сармагчингууд намайг аюулыг мэдэрдэггүй л гэж бодсон байх. Тэд бүгд л намайг сонирхож, надад хүрч, дотно танилцахыг хүсэж байсан. Хэд хэдээрээ над руу ойртож, халтар даашинзыг минь оролдож, үсийг минь зулгааж байхдаа янз бүрийн авиа гарган хоорондоо ярилцаж, нэг нэгнээ улам онгироож, хөгжилдөн инээлдэж байсан"  хэмээн дурсжээ.

Сармагчин охин- Марина Чапман, Колумб

Гайхаж сандарсан Марина охин амьд үлдэх ганц арга нь тэдэнтэй нэгдэх юм байна гэдгийг ойлгож сармагчингуудын хийж буй бүх үйлдлийг дагаж хийдэг болсон ба хамгийн түрүүнд мөчир дамжин явж сурчээ. Мөн тэрбээр агуйд, заримдаа модны мөчир дээр хоног төөрүүлдэг байснаас гадна сармагчингийн хэлээр хүртэл ярьдаг болсон аж.

Марина тэр тухайгаа “Би сармагчингуудтай ярилцаж, харилцан ойлголцохыг маш их хүсэж байсан. Тийм ч учраас гаргадаг байсан авиаг нь бага багаар дуурайж эхэлсэн юм. Гэтэл тэд шууд хариу үйлдэл үзүүлж, надтай “ярилцаж”, улам их анхаарал хандуулах болсон. Би тэр явдлаас урам авч тэдэнтэй асуудалгүй ойлголцдог болохын тулд улам их хичээх болсон" хэмээн ярьсан байдаг.

Хэдийгээр бүсгүй сармагчингийн сүрэг дунд бүтэн 5 жилийг өнгөрүүлсэн ч хүмүүсийг хайхаа огт зогсоогоогүй юм. Гэвч түүний хүсэн хүлээн байж уулзсан хамгийн анхны хүн нь хууль бус анчин байсан ба тэрбээр Маринаг баривчлан авч, биеэ үнэлэгчдийн газарт заржээ. Гэхдээ бүсгүй тэр аймшигт газраас зугтаж, өөрийн гудамжны бүлгэмийг байгуулж чадсан гэдэг.

Мөн нэгэн удаа Марина мафийнхны гэр бүлд хөлсний ажилтнаар ажилд орж, ойд байснаасаа ч илүү аймшигт амьдралыг туулах болжээ. Тухайн үед тэрбээр хаашаа ч гарах эрхгүй байсан бөгөөд түүнийг хүссэн үедээ зодож, бүр хэд хэдэн удаа хүчиндэхийг завдаж байв. Аз болж сайхан сэтгэлт хөрш Маруха хэмээх хатагтай өөрийн амьдралаа золиослон байж Маринаг суллан, охиныхоо оршин суудаг өөр хот руу явуулж өгч, амийг нь аварч байсан юм.

4 Нохой охин - Мадина, ОХУ

Хэцүүхэн гэр бүлд төрж, хүн бусаар амьдарч байсан гуравхан настай Мадина охиныг анх цагдаагийн газрынхан олох үед тэрбээр нохой шиг хуцаж, хавтгай савнаас хооллож, дөрвөн хөллөн явж, уурлах үедээ гийнаж, ярдаглаж байсан гэдэг.

Түүний гэр бүлийн хувьд, охины аав гэрээсээ яваад сураггүй болсон бол ээж нь үргэлж согтуу байдгаас гадна төрүүлсэн охиндоо тэжээж буй нохдоосоо ч долоон дор ханддаг байжээ.

Хэдийгээр охины бие махбодь эрүүл байсан ч хэдэн жилийн туршид олж авсан сэтгэцийн өөрчлөлт нь нэлээн хүндэрсэн байсан юм. Гэхдээ эмч нар түүнийг эмчилж, хэвийн байдалд нь оруулж чадсан билээ.

Нохой охин - Мадина, ОХУ

5 Тахиа хүү, Фижи

Түүний эцэг бусдын гарт амь үрэгдсэн бол ээж нь нөхрийнхөө үхлээс хойш тун удалгүй амиа хорложээ. Улмаар өнчирч хоцорсон хүү өвөө дээрээ очтол түүнийг аймшигт амьдрал хүлээж байсан юм. Учир нь өвөө нь хэлд ч ороогүй бяцхан хүүгээ тахианы оромжинд оруулж цоожилдог байжээ.

Бяцхан хүү өдөр бүр хооллохоор ирдэг өвөөгөөсөө өөр хэнийг ч харж байгаагүй ба зөвхөн тахиануудтай л харьцаж мэддэг байв. Нэгэн удаа түүнийг зам дагуу тахиа шиг донгодон, зам дээрх чулуу тоншиж, хог шороо үнэрлэн явж байх үед нь хэсэг бүлэг хүмүүс олж харжээ.

Тэд хүүг шууд эмнэлэгт хүргэсэн боловч эмч нар түүнийг яаж эмчлэхээ мэдэхгүй байсан учир 20 жилийн турш галзуу өвчтэй хүн мэт оронд хүлсэн гэдэг. Одоо тэрбээр сайн дурын тусламжийн байгууллагынхны хяналтад байгаа ажээ.

Тахиа хүү, Фижи

3
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()