Дэлхийг нууцаар удирдаж байсан 10 хүчирхэг эмэгтэй

Бүхий л он цагийн туршид эрэгтэй удирдагчид сүр хүчээрээ давамгайлж ирсэн ч бид Хатшепсут, Клеопатра, У Зэтянь гэх мэт гайхамшигт эмэгтэйчүүд төр барьж, түүхэнд алдар нэрээ цуурайтуулж байсныг мартаж болохгүй юм. Учир нь эрт дээр үед маш олон хүчирхэг эмэгтэйчүүд эрчүүдээр халхавч хийж, төрийн ажлыг нууцаар удирддаг байжээ. Ингээд бид танд дэлхийг удирдаж байсан ухаалаг хатдын талаарх мэдээллийг хүргэж байна.

Дэлхийг нууцаар удирдаж байсан 10 хүчирхэг эмэгтэй
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Марозия - Шашны их удирдагч

X зууны эхэнд Франкийн эзэнт гүрэн бутарч, паган шүтлэгтэй Викингчүүд хүчирхэгжин мандаж байв. Өмнөдөд исламын шашинтнууд Испани, Сицилийг эзэлж, Хүннү гарал үүсэлтэй нүүдэлчин Унгарууд Карпатын нурууны ард иргэдийг түйвээж байх үед Европыг католик сүм хийд л тогтоон барьж байжээ. Харин тэрхүү сүмийг удирдаж байсан Марозия бол Ромын хамгийн нэр нөлөөтэй язгууртан болох Теофилакт гүнгийн охин юм.

Тэрбээр эцгээ өөд болсны дараа бүх эрх мэдлийг нь өвлөн авч, өөрийгөө “сенатрикс” буюу эмэгтэй төр баригч хэмээн өргөмжилсөн гэдэг. Хэдийгээр пап лам X Жон түүнийг эсэргүүцэхийг оролдсон боловч шоронд орж, учир битүүлгээр нас барсан юм.

Тэр цагаас хойш Марозия хамба хэргэм цолтой хуврагуудыг өв залгамжлагчаар сонгон тавьж, Гэгээн Петрийн хаан ширээний араас төр барьж эхэлжээ. Мөн 931 онд пап лам VII Стефаныг нас барахад тэрбээр өөрийнхөө төрсөн хүүг XI Жон болгож, шашны тэргүүнээр залсан юм.

Марозия - Шашны их удирдагч

2 Дөргэнэ хатан - Хамгийн хүчирхэг төрийг удирдсан

Чингис хааныг өөд болсны дараа түүний гуравдугаар хүү Өгөдэй хаан ширээг залгамжлан авчээ. Учир нь түүний ах нар хоорондоо түнжин муутай, үргэлж хагаралдаж байсан болохоор Өгөдэйг эв эеийг хичээдэг хэмээн сонгосон аж.

Гэвч нэгэн үе бор дарсанд толгойгоо мэдүүлсэн байсан Өгөдэй хааны төрийн ажлыг тухайн үед Дөргэнэ хатанд даатгадаг байсан ба тэрбээр нөхрөө залуугаараа нас барахад дараагийн залгамжлагч сонгогдохыг 5 жилээр хойшлуулж чадсан төдийгүй дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг төрийг удирдаж байсан билээ.

Мөн Селжукийн султан болон Их хунтайж Ярослав нарын ихэс дээдсүүд түүнд өөрийн биеэр айлчлан ирж хүндэтгэл үзүүлдэг байсан гэдэг. Дөргэнэ хатан 1246 онд өөрийн хүү Гүюгээ их хаанд өргөмжлөөд, жилийн дараа өөд болсон юм.

Дөргэнэ хатан - Хамгийн хүчирхэг төрийг удирдсан

3 Көсэм - Их султан

XVII зууны хамгийн хүчирхэг эмэгтэй Стамбулд анх ирэхдээ Грек угсаа гаралтай боол байжээ. Тэрбээр Османы эзэнт гүрний эмсийн хүрээлэнд зарагдаж, удалгүй эзэн хаан I Ахмедын хамгийн хайртай эхнэр нь болж Көсэм нэрийг авсан юм.

Көсэм нөхрөө нас барсны дараа түүний сэтгэцийн эмгэгтэй дүү Мустафаг хаан ширээнд залахад оролцож, эрх  мэдлийн захаас атгаж байжээ. Гэвч удалгүй Мустафагийн оронд өсгөсөн хүү Осман нь султан болж, тэрбээр төрийн ажлаас хэдэн жил хөндийрсөн гэдэг.

Гэсэн хэдий ч Көсэм 1623 онд өөрийн хүү IV Муратаа хаан ширээнд залж, нас биед хүртэл нь 10 гаран жил ганцаараа төр барьжээ. Улмаар 1940 онд Муратыг өөд болоход тэрбээр сэтгэцийн өөрчлөлттэй Ибрахим хүүгээ хаан ширээнд суулгасан боловч түүнийг төр барих чадваргүй хэмээн үзэж 1648 онд амийг нь хороох хуйвалдааныг зохион байгуулж байсан юм. Тэр цагаас хойш Көсэм ач хүү IV Мехмедийн эмэг эхийн хувиар үргэлжлүүлэн төрийн эрхийг гартаа атгаж байсан билээ.

Көсэм - Их султан

4 Турхан - Көсэмийн залгамжлагч

IV Мехмед хаан ширээнд суусны дараа түүний ээж Турхан хатан эрх мэдлийг нь булааж байсан Көсэм хатныг жигшин зэвүүцэж байв. Гэхдээ Турхан хатны удирдлаган доорх цэргүүд болон цуглуулсан асар их эд хөрөнгө нь түүнийг хорвоогийн хамгийн баян, эрх мэдэлтэй хүмүүсийн нэг болгож байсан юм.

Цаг хугацаа өнгөрөх тусам нөхцөл байдал эвгүйтэж байгааг анзаарсан Көсэм хатан Турханыг хороох төлөвлөгөөг боловсруулж эхэлжээ. Мөн 1951 онд хааны хоолонд хор хийсэн тухай нууц мэдээлэл тархсан байсан тул тэрбээр хурдан хөдлөх хэрэгтэй болсон гэдэг.

Гэвч Турхан хатан түүнээс урьтаж Көсэмийн өргөө рүү дайрч, шүүгээнд нуугдаж байсан түүнийг чирж гаргаад хөшгөөр боож амийг нь хөнөөжээ. Көсэмийг үхсэний дараа Турхан хатан төрийн эрхэнд гарч, 1656 он хүртэл эзэнт гүрнийг амжилттай удирдсан билээ.

Турхан - Көсэмийн залгамжлагч

5 Сорхагтани - Ухаант хатан

XIII зууны үеийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг бол Сорхагтани юм. Персийн түүхч Рашид ад-Диний бичсэнээр Монголын эзэнт гүрний цуутай жанжид болон цэргүүд түүний тушаалыг яг таг биелүүлдэг байжээ. Мөн тухайн үеийн яруу найрагч Сорхагтанийг шагшин магтаж, “Хэрвээ бүх эмэгтэйчүүд түүн шиг байсан бол, эмэгтэйчүүд эрчүүдийг удирдах байсан” хэмээн өгүүлсэн байдаг.

Сорхагтани бол Чингис хааны хамгийн бага хүү Тулуйгийн эхнэр юм. Хэдийгээр Тулуйг нас барахад түүний ууган хүү 23 настай байсан ч Сорхагтанийг улс орны удирдагчаар сонгож байсан түүхтэй.

Монголын эзэнт гүрний улс төрийн томоохон төлөөлөгч байсан тэрбээр Гүюг хааныг хаан ширээнд суухад гол үүргийг гүйцэтгэж байсан ба түүнийг 1248 онд нас барахад өөрийн хүү Мөнхийг их хаанд өргөмжлүүлэхээр Бат хаантай эвсэж төрийн хуйвалдаанд оролцож байжээ.

Сорхагтани хатан ухаалаг зангийнхаа ачаар  Мөнх, Аригбөх, Хубилай, Хүлэгү нэртэй хөвгүүдээ хаан ширээнд залж чадсан юм. Тэр бол 4 хааныг төрүүлж өсгөсөн, дэлхийн түүхэнд мөнхөрсөн онцгой эмэгтэй билээ.

Сорхагтани - Ухаант хатан

6 Аххотеп - Египетийн бахархал

Өмнөх тооллын 1500-гаад онд Египет орон харийн түрэмгийлэлд автаж, дотоод зөрчлүүдээсээ болж бутран, хагаралдаж байх үед Секененре Тао хэмээх фараоны хатан байжээ. Түүний нөхөр 1560-аад онд Хиксос аймгийн эзлэн түрэмгийлэгчдийн гарт амиа алдсан бөгөөд занданшуулсан шарилыг нь шинжилж үзэхэд сүхээр толгой руу нь хоёр удаа цохиж, хүзүүнд нь чинжаал хутга зоож хороосон болох нь тогтоогджээ.

Нөхрөө тэнгэрт одсоны дараа Аххотеп I Ахмос хүүгийнхээ асран хамгаалагчийн хувиар Египет орныг удирдаж, эрх мэдлээ ашиглан харийн Хиксос аймагтай тэмцэж, дотоодын эсэргүү босогчдыг нухчин дарж чадсан ба тэрбээр Египет жанждын гоёл болох алтан зүүлтийг зүүсэн анхны эмэгтэй болсон билээ.

Мөн хаан хөвгүүн нь түүнийг нас барахад “Газар нутгийнхаа эх нь болж, харийн орон бүрд нэрээ мандуулж, мэргэн төлөвлөгөө боловсруулж, Египет нутгаа хайрлан хамгаалж, цэрэг дайчдаа гарамгай удирдаж, оргодол босуулыг барьж даран, өмнөд нутагтаа амар амгаланг авчирсан эх хатан” хэмээх бичигтэй дурсгалын хөшөөг босгож байсан юм.

Аххотеп хатан 90 насандаа өөд болсон бөгөөд түүнийг алтан зүүлттэй нь хамт хүндэтгэн оршуулсан гэдэг.

Аххотеп - Египетийн бахархал

7 Зоя - Византийн удирдагч

Олон удаа нөхөрт гарч байсан Зоя хатан нь Балканы хойгоос Ази руу тэлсэн Византын их эзэнт гүрний хамтран удирдагч байсан юм. Мөн төрсөн дүү Феодора нь түүний цор ганц өрсөлдөгч байв. Энэ хоёр язгууртан эмэгтэй III Константины охид бөгөөд эзэн хаан нуган үргүй байсан учир өөрийн охидоо эрх мэдэлтэй болгохын тулд Зоягаа хожим Византын эзэн хаан болох Романос хэмээх сурвалжтантай гэрлүүлж байжээ.

Гэвч Зоя хатан Феодораг алс бөглүү газарт цөлж, нөхрөө хордуулж амийг нь хорлоод, шадар түшмэлтэйгээ гэрлэж, түүнийгээ IV Михаил нэрээр эзэн хаан болгосон юм. Улмаар IV Михаил нас барсны дараа түүний зээ дүү Зояг цөлж, хаан ширээг нь булаахыг санаархжээ. Гэвч Константинополийн оршин суугчид түүний ард бат зогсон, хатнаа буцааж авахыг шаардаж, золгүй зээ дүүг нь тайган болгож, сохлоод хийд рүү цөлж орхив. Түүнчлэн хатны дэмжигчид төрсөн дүү Феодораг нь хууль ёсны угсаа залгамжлагч хэмээн үзсэн тул тэрбээр түүнтэй хамтран улсаа захирахаас өөр аргагүйд хүрчээ. Хожим нь Зоя дүүгээсээ илүү гарахын тулд Константин IX Мономаx гэгчтэй гэрлэж, түүнийг IX Константин нэрээр хаанд өргөмжилж, өөрийгөө хамтран захирагч хатан хаанаар тунхагласан юм.

Тэрбээр 1050 онд таалал төгсөх хүртлээ улс орондоо хамгийн нөлөө бүхий захирагч байж чадсан билээ. Харин өөд болсных нь дараа эзэн хаан болон дүү Феодара нар нь түүний эрх мэдлийг гартаа авч, төрийн эрхэнд гарсан гэдэг.

Зоя - Византийн удирдагч

8 Арсиноэ - Их Александрын залгамжлагч

Тэрбээр аугаа Александрыг насан өөд болох үед Египет орны төрийн жолоог гартаа авсан Македоны алдарт жанжин I Птолемейн охин юм. Арсиноэ Александрын өв залгамжлалын төлөө тэмцэж байсан жанжин Лисимахтай гэрлэж, анхны эхнэрээс нь төрсөн хүүг хордуулж амийг нь хороож байжээ. Гэхдээ тэрбээр үйлийн үрээ эдэлж дараачийн нөхөртөө өөрийн хүүгээ хороолгосон юм.

Улмаар Арсиноэ манай тооллын 279 онд Египет рүү зугтаж, өөрийн ах II Птолемей дээр очсоныхоо дараа эхнэрийг нь хуурамч хэргээр цөллөгт явуулаад, улс төрийн гайхалтай тоглогч гэдгээ батлан харуулж ахтайгаа гэрлэж хатнаар өргөмжлөгдөж байжээ.

Тэрбээр МЭӨ 268 онд үед таалал төгсөхдөө хүчирхэг бүлэглэлээ үлдээж чадсан бөгөөд ах нь ахиж гэрлэлгүй эзэнт гүрнээ 20 жил захирсан гэдэг.

Арсиноэ - Их Александрын залгамжлагч

9 Вэй хатан - Тан улсын удирдагч

Энэ эмэгтэй бол XVIII зууны эхэн үед Тан улсыг захирч байсан эзэн хаан Жунзуны хатан юм. Түүний нөхөр Хятад улсын хууль ёсны цорын ганц эмэгтэй удирдагч У Зетяний орыг залгамжилжээ. Вэй хатан У Зетяний бишрэгч байсан ба түүний сүр хүч, зоригт байдлыг даган дуурайхыг оролддог байсан юм.

Тухайн үед Тан улсын хаан “хулчгар, улс орноо удирдах эрдэм чадалгүй” нэгэн байсан бөгөөд тэрбээр хүчирхэг, ухаалаг эхнэртээ эзэнт гүрнээ захирах эрхийг дуртайяа өгсөн гэдэг. Улмаар Вэй хатан У Зетяньд ажиллаж байсан сайдуудыг оролцуулан шүүхийн хүчирхэг бүлэглэлийг бий болгосон ба түүний эсрэг зогссон хүн бүр үхэлтэй нүүр тулдаг байв.

Гэвч 5 жилийн дараа нөхөр нь гэнэт нас барж нөхцөл байдал хүндэрчээ. Тэрбээр хаан ширээний тэмцэл гарна гэдгийг таамаглаад 50 мянган цэргээр ордноо хамгаалуулж, хааныг нас барсныг нууж байсан ч ордон дотор түүний дайснууд байсан учир зугтаж чадалгүй цэргүүдийн гарт амь насаа алдсан гэдэг.

Вэй хатан - Тан улсын удирдагч

10 Нур Жахан - Мугалын их удирдагч

Мугалын их эзэнт гүрэн 1620-оод онд мандан бадарч байсан билээ. Гэвч эзэн хаан Жахангир бор дарс зооглох дуртай, мансууран наргидаг сул дорой нэгэн байсан учир бүхий л эрх мэдэл нь түүний хатан Нур Жаханы гарт байсан юм. Мөн хатных нь дүртэй зоос, төрийн тушаал баталдаг тамга хүртэл байсан гэдэг.

Олон нийтийн өмнө ил гардаггүй ч хөндлөнгөөс улс орноо ажиглан удирддаг байсан хүчирхэг хатны гол дайсан нь  Махабат Хан гэгч сайд байв. Тэрбээр аймшиггүй зориг гарган Жахангир хааныг барьцаалахыг завдаж байсан ч оролдлого нь бүтэлгүйтэж Нур Жахан хатны эрх мэдэл хөдөлшгүй дархан хэвээр үлдэж чадсан юм.

Нур Жахан - Мугалын их удирдагч

29
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()