Нуруун дээр батга гарах шалтгаан болон эмчлэх аргууд

Арьсан дээр батга гарсан тохиолдолд бид өөрийн эрхгүй түүндээ анхаарал хандуулж эхэлдэг билээ. Түүнчлэн батга нь маш олон шалтгааны улмаас гардаг бөгөөд хэрвээ яг юунаас хамаарч байгааг нь мэдэж чадахгүй бол танд ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн тусалж чадахгүй юм. Харин нуруун дээр батга гарах нь гадна болон дотор гэсэн хоёр л шалтгаантай байдаг аж. Ингээд танд яагаад нуруун дээр батга гардаг болохыг хэлж өгье.

Нуруун дээр батга гарах шалтгаан болон эмчлэх аргууд
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа

1 Гадны шалтгаан

Жижиг тууралт гарч, арьс үрэвсэх нь гадаад орчны нөлөөтэй шууд холбоотой байдаг. Үүнд:

Ариун цэврийн байдал хангалтгүй: Далны ойролцоо маш олон тослогийн булчирхай байдаг бөгөөд энэ нь нян хуримтлагдах таатай нөхцөлийг бүрдүүлж, батга үүсгэх шалтгаан болдог аж. Тиймээс таны тосны булчирхайгаас их тос ялгардаг бол нурууны ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй юм.

Нийлэг материалтай хувцас: Даавуун хувцас нь арьсыг амьсгалахад саад учруулдаггүй бол нийлэг материал нь агаар нэвтрүүлдэггүй аж. Улмаар бид маш ихээр хөлөрч, арьсанд нян хуримтлагдаж батга гарч эхэлдэг байна. Мөн хэт бариу цамц нь бохирдол болон хөлсийг арьсанд гүн нэвчүүлдэг юм.

Задгай үс: Задгай тавьсан үс нь өөрийн бохирдлоо нуруун дээр үлдээдэг. Үүнээс гадна үсний үзүүр нурууны арьсыг үрэвсүүлж, илүү их тос ялгаруулахад нөлөөлдөг байна.

Тохирохгүй тос хэрэглэх: Жишээлбэл, тослог ихтэй нарны хамгаалалттай тос нь нурууг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг хэдий ч арьсны нүхийг битүүрүүлж, үрэвсүүлдэг юм.

Гэхдээ та хүн бүрийн биеийн онцлогоос хамаарч олон төрлийн шалтгааны улмаас батга гардаг гэдгийг санаарай.

Жишээлбэл, энгийн үүргэвч эсвэл машины суудлын бүрээс ч нуруун дээр батга гаргаж болдог. Учир нь энэ хоёр нуруун дээр даралт үүсгэж, арьсыг үрэвсүүлдэг юм.

Гадны шалтгаан

2 Дотоод шалтгаан:

Генийн нөлөө: Батга гарах нь эцэг, эхээс уламжлагдсан байж болно.

Дааврын өөрчлөлт: Өсвөр насанд нуруу болон мөрөн дээр батга гарах нь элбэг байдаг бөгөөд энэ нь бие организмын өөрчлөлттэй холбоотой юм. Мөн эмэгтэйчүүдийн дааврын алдагдал, сарын тэмдгийн үеэр болон жирэмсэн байх үед батга гарах магадлал өндөр байдаг аж.

Стресс: Сэтгэл хөдлөл нь батга гарахад шууд нөлөө үзүүлдэггүй. Гэхдээ стресс нь дархлааны систем болон дааварт өөрчлөлт оруулдаг учраас заримдаа батганы шалтгаан болох нь бий.

Хооллолт: Энэ төрлийн хооллолтод ГМО буюу хиймэл аргаар үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүд багтана. Хэдийгээр хооллолт нь нуруун дээр батга гарахтай шууд холбоотой биш хэдий ч Америкийн арьс өнгөний академийн хийсэн судалгаанаас харахад зөв хооллолт нь батгыг арилгахад тустай байдаг ажээ.

Эмний сөрөг нөлөө: Төрөл бүрийн стрессийн эсрэг эм нь батга гарахад нөлөөлдөг.

Нууц өвчлөл: Чихрийн шижин, элэгний асуудал, шээсний замын өвчин, ходоод гэдэсний үйл ажиллагааны эмгэг нь батга гарах шалтгаан болдог.

Дотоод шалтгаан:

3 Хэрхэн энгийн аргаар нуруун дээрх батгыг арилгах вэ?

Заримдаа батга гарсан шалтгаан тодорхой байх үе ч бий. Тиймээс та амьдралын хэв маягаа нягталж үзээд яагаад батга гарсан болохыг олж мэдэхийг хичээгээрэй.

Магадгүй спортоор хичээллэж эхэлсэн үү? Өөр гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсэн үү? Шинэ хувцас худалдаж авсан уу?

Хэрвээ та дээрх өөрчлөлтүүдийг хийсэн бол буцаад хуучин хувцсаа өмсөж, шинэ гоо сайхны бүтээгдэхүүнээ түр хэрэглэхээ болих хэрэгтэй. Харин нүдэнд ил харагдах шалтгаангүйгээр батга гараад байвал доорх зүйлд анхаарал хандуулаад үзээрэй.

1.Шүршүүрт ор

Бэлтгэл хийснийхээ дараа үргэлж шүршүүрт орж байгаарай. Хэрвээ шүршүүрт орох боломжгүй байвал нойтон салфеткагаар ч болов нурууныхаа хөлсийг арчих хэрэгтэй юм.

2. Нянгийн эсрэг үйлчилгээтэй биеийн шингэн саванг хэрэглэх

Энэ төрлийн бүтээгдэхүүн нь арьсны бохирдлыг маш сайн арилгадаг. Хэрвээ та эмзэг мэдрэмтгий арьстай биш бол салицилын хүчил болон хүчил төрөгчийн хэт ислээр нуруугаа арчиж болно шүү. Мөн цайны модны тос ч сайн нөлөөг үзүүлдэг.

Хэрхэн энгийн аргаар нуруун дээрх батгыг арилгах вэ?

3. Үсээ боох эсвэл богино үсний засалт сонгох

Таны зорилго бол арьсыг үрэвсүүлж буй үсээ далд хийх явдал юм. Мөн үсээ угааж байхдаа шампунь болон тэжээлийн тосоо нуруу болон мөрөн дээгүүрээ битгий урсгаарай. Энэ нь арьсны нүхийг битүүрүүлдэг аж.

4. Тослог арьс арчилгааны бүтээгдэхүүнээс татгалзах

Үүнд нарны хамгаалалттай тос болон тэжээлийн тос ч багтана. Тиймээс чийгшүүлэх үйлчилгээтэй энгийн бүтээгдэхүүнийг сонгоорой. 

5. Хөлөрсөн бол хувцсаа шууд соль

Нийтийн тээврийн унаанд болон алхах явцдаа та хөлөрдөг бол өөр хувцас авч яваад ажил дээрээ очмогцоо сольж байгаарай. Учир нь арьс хэдий чинээ их хөлстэй удаан байна төдий чинээгээрээ батга гарах магадлалыг ихэсгэж байдаг юм.

6. Даавуун материалтай сул хувцас өмс

Даавуун материалтай, сул хувцсыг өмсөх нь хамгийн шилдэг арга юм.

7. Хооллолтоо өөрчил

Та өөрийн иддэг хүнснээсээ цагаан талх, гоймон, жигнэмэг, төмс зэргийг хасах хэрэгтэй шүү. Харин оронд нь хүнсний ногоо, жимс, өөхгүй мах, бүхэл үрийн талх, каш зэргийг сонгоорой.

8. Хэрэглэж буй эмэндээ анхаарал хандуулаарай

Хэрвээ таны хэрэглэж буй эмний гаж нөлөөн дээр батга гарах магадлалтай гэж бичсэн байвал эмчдээ хандаж, зөвлөгөө аваад өөр төрлийн эм бичүүлж аваарай.

9. Тайвшрах арга хэмжээ ав

Хэрвээ батга чинь стрессээс үүдэлтэй байвал аль болох тайван байж сурах хэрэгтэй юм.

4 Нурууны батгыг хэрхэн эмчлэх вэ?

Харамсалтай боловч энгийн аргууд үр дүнтэй байх нь ховор байдаг. Тиймээс та өөрийн амьдралын хэв маягаа өөрчилж, боломжит бүхий л аргыг туршиж үзсэн ч 2-3 долоо хоногийн дотор батга чинь арилахгүй байвал мэргэжлийн арьс өнгөний эмчид хандаарай. Магадгүй энэ нь таны бие организмд ямар нэг зүйл хэвийн бус байгааг илтгэж байж мэдэх юм.

Улмаар эмч таны өдөр тутмын хэрэглээ дээр судалгаа хийж, цусны шинжилгээг авч цаашдаа хийх эмчилгээг чинь тодорхойлж өгөх болно. Түүнчлэн нуруун дээр батга гарах нь чихрийн шижин өвчний болон гепатитын анхны шинж тэмдэг байх магадлалтай байдгийг санаарай.

Нурууны батгыг хэрхэн эмчлэх вэ?

Хэрвээ шинжилгээгээр дотор эрхтэн чинь асуудалгүй гэж гарвал арьс өнгөний эмч танд гадуур эмчилгээг бичиж өгнө. Үүнд:

Эмчилгээний тосон түрхлэг: Гадуур түрхэж хэрэглэх олон тооны түрхлэг байдаг бөгөөд тэдний зарим нь арьсыг илүүдэл тос ялгаруулахаас сэргийлдэг бол үлдсэн нь нянгийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг юм. Батганы эсрэг тосон түрхлэгийн найрлагад ихэнхдээ салицилын хүчил, перекис, ретиноид, антибиотик зэрэг орсон байдаг.

Эм: Эм нь зөвхөн арьсанд төдийгүй бие организмд бүхэлдээ нөлөөлдөг бөгөөд тэдгээрт антибиотик, дааврын гаралтай эм бэлдмэл, А амин дэм зэргүүд багтдаг. Гэхдээ энэ төрлийн бүтээгдэхүүнүүд гаж нөлөө ихтэй байдаг учир дур мэдэн хэрэглэж огт болохгүйг санаарай.

Лазер эмчилгээ: Лазер төхөөрөмжийн тусламжтайгаар арьсан доор цугларсан эд, эсийг үхүүлснээр батганы хэмжээ буурдаг байна.

Химийн арга: Энэ нь тодорхой хэмжээний концентрацтай хүчлээр батгыг түлэхийг хэлж байгаа юм. Үүний ачаар үрэвссэн арьсны бохирдлыг өвдөлтгүйгээр эмчилж болдог.

Гэхдээ дээр дурдсан бүхнийг мэргэжлийн эмчтэй зөвлөснийхөө дараа туршиж үзээрэй. Учир нь бие даан, дур мэдэж өөрөө өөртөө эмчилгээ хийх нь үргэлж эрсдэлийг дагуулж байдаг юм.

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()