Байгалийн хуулийг зөрчсөн гэмээр хачирхалтай 10 газар

Байгалийн долоон гайхамшиг хэтэрхий хурдан нэрлэгдсэн байж болзошгүй. Гранд Каньон, Викториа хүрхрээ гэх үзэсгэлэнт газрууд нүсэр том учраас тэдгээрийг харсан хүн бүр уулга алддаг. Гэхдээ тэрхүү асар том хэмжээ хүмүүсийг бишрүүлэхэд хангалтгүй юм. Дэлхий дээр өөр ер бусын, итгэмээргүй газрууд бидний боддогоос ч олон байдаг бололтой. Тэр ч байтугай байгалийн хуулийг зөрчин, эрдэмтдийн толгойг гашилгасаар байдаг үзэгдлүүд ч цөөнгүй аж. Ингээд шинжлэх ухааны үүднээс бидний ертөнц дээр орших боломжгүйд тооцогддог дараах газрууд таныг ч бас гайхшруулна гэдэгт итгэлтэй байна. 

Байгалийн хуулийг зөрчсөн гэмээр хачирхалтай 10 газар
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 "Шанай-Тимпишка" буцалж буй гол

Амазоны ойн гүнд 6.5 километрийн урт ер бусын нэгэн гол урсдаг. Энэхүү "Шанай-Тимпишка" хэмээх голын ус хэтэрхий халуун учир түүн рүү орсон ямар ч амьтан амьдаараа "чанагддаг" байна. Санаандгүй байдлаар гол руу орсон амьтад гадна доторгүй буцалж халуун буй усанд шалз чанагддаг аж. Хөөрхий амьтад мэдээж тэсэхийн аргагүй өвдөлт мэдэрч, тарчлан үхдэг. 

Усны температур 91 градусын халуун бөгөөд үүний шалтгааныг эрдэмтэд бүрэн тайлбарлаж чадаагүй. Ерөнхийдөө галт уулаас болж гол нуурууд ингэж халдаг боловч энэхүү голтой хамгийн ойрхон галт уул нь 700 километрийн цаана байдаг.

Гэхдээ үүнийг тайлбарлах нэг онол байдаг байна. Газрын давхаргын доор байдаг халуун ус хагарлын шугамаар дамжин голыг халаан, дэлхийн хаана ч байхгүй усны геометрик систем үүсгэсэн гэж эрдэмтэд үзэж байна.

"Шанай-Тимпишка" буцалж буй гол

2 Мовиль агуй - Хүхэрт агаар мандалтай агуй

Румын улсын зүүн өмнөд хэсэгт 5.5 сая жилийн турш өчүүхэн ч нарны гэрэл тусаагүй нэгэн агуй байдаг бөгөөд дэлхийгээс тэс өөр агаарын бүтэцтэй гэнэ. Тус агуйг цахилгаан станц барих аюулгүй газар хайж явсан ажилчид анх олжээ. 

Хэрэв нарийн гүүрээр дамжин агуй руу орж, хэд хэдэн хонгилыг өнгөрөөвөл, ялзарч муудсан өндөг шиг үнэртэй хүхрийн хүчлээр дүүрэн нуур байх хэсэгт очно. Тэнд устөрөгчийн сульфидээр дүүрэн байх бөгөөд нүүрстөрөгчийн диоксидын хэмжээ 100 дахин их байдгаас болж агаар нь бохирдон хортой болжээ.

Хамгийн хачирхалтай зүйл нь гэвэл агуйн дотор талд бүхэл бүтэн экосистем оршин тогтнож байгаа явдал юм. Судлаачид агуй дотроос өөр хаана ч байхгүй 33 төрөл зүйлийн амьд биетийг олж нээсэн байна. Тэд хүхэрлэг орчинд амьдрахад дасан зохицож, чулуун дээрх хөөсөөр хооллодог гэнэ.

Мовиль агуй - Хүхэрт агаар мандалтай агуй

3 Чулуужуулдаг худаг

Хойд Йоркшир дахь Норесборо хотод нэгэн хачирхалтай газар байдаг ажээ. Энэ газарт байх араг яс шиг харагдах хаднаас байнга ус дусалдаг ба тэр усны доор тавьсан бүх зүйл чулуу болон хувирдаг байна. Ийнхүү хувиргахдаа 3-4 сар зарцуулдаг, гэхдээ та өөрийнхөө ямар ч эд зүйлийг усны доор үлдээж болно. Харин  таныг буцаж ирэхэд уг зүйлс тань чулуужсан байх болно. Хүмүүс чихмэл бамбаруушнаас эхлээд унадаг дугуй гээд янз бүрийн зүйл үлдээхэд, үлдээсэн бүх зүйл нь хөшөө болж хувирсан байдаг.

Эрт үеэс хүмүүс үүнийг шулмын хараал гэж итгэсээр ирсэн бол эрдэмтэд ус ердөө өндөр эрдэс бодис агуулдаг болохыг тогтоосон байна. Яг л сталактикууд агуйд үүсдэгтэй адилаар, энэ ус нь хүрч буй бүх зүйлдээ хатуу эрдэст бүрхүүл үүсгэдэг байна.

Чулуужуулдаг худаг

4 Карачай нуур - Дэлхийн хамгийн их цацрагт идэвхт бодистой нуур

Өмнө нь Зөвлөлт Холбоот Улсын Цөмийн зэвсгийн үйлдвэр байсан газарт цацрагт идэвхт бодистой хаягдлаар дүүрэн нуур байдаг. Карачай нуур дах цацраг идэвхт бодисын хэмжээ маш их учир түүний ойролцоо 1 цаг байхад л хэнийг ч үхэлд хүргэх аюултай. 

Энэ нуурыг ЗХУ-ын үед цөмийн зэвсгийн хаягдлын газраар ашиглагддаг байсан. Тэд хяналтгүйгээр, маш их хэмжээгээр цөмийн зэвсгийн хаягдал хаясны уршгаар хожим томоохон асуудлууд үүссэн байна. 1957 онд үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас нуурын эргэн тойрны 23,330км газарт цацрагт идэвхт тоосонцор тархсан байдаг. Дараа нь 1967 онд нуурын ус ширгэснээс болоод цацрагт идэвхт бодис агаарт дахин дэгдэн 1450км газар тархжээ.

Өдгөө эдгээр аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс нуурын усыг битүү бетоноор хучсан байдаг. Чернобылийг энэ газартай харьцуулвал гэр бүлд ээлтэй аялал жуулчлалын цэг л гэсэн үг ажээ.

Карачай нуур - Дэлхийн хамгийн их цацрагт идэвхт бодистой нуур

5 Ногоон нуур

Австри улсад байдаг энэхүү үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэнд та намрын аль ч өглөө гүйн ирж, эрүүл агаар амьсгалах боломжтой. Харин хавар ирвэл арай өөр байх бөгөөд танд усан доор амьсгалах тоноглол хэрэг болно. Тус цэцэрлэгт хүрээлэн нь өвөлдөө битүү цасаар хучигддаг Хокшваб уулын бэлд байдаг. Их хэмжээний цас ууланд хурдаг тул цас хайлах үед нуурын төвшин 2 дахин нэмэгдэж бүхэлдээ цэцэрлэгт хүрээлэн бүхэлдээ усанд автдаг байна.

Хэрвээ та хавар ирж сэлвэл та усан доор вандан сандлууд болон явган хүний зам байгааг харж болох юм. Мөн энгийн гадаргуу дээр ургадаг уулын зарим цэцэгс хүртэл усан дотор дэлбээлсэн байдаг. Дараа нь зуны улирлын дунд үед усны хэмжээ багасан цэцэрлэгт хүрээлэн эргээд усан доороос гарч ирдэг.

Ногоон нуур

6 Касорзогийн давхар мод

Итали улсын Пиедмонтын нутагт нэгэн ер бусын үзэгдэл болдог ажээ. Тэнд байдаг нэг интоорын мод ихэнх хэсгээрээ бусад эрүүл интоорын мод шиг харагддаг боловч тус мод өөрөө ялам модны орой дээр ургадаг байна.

Энэ бол урьд хожид болж байгаагүй байгалийн өвөрмөц үзэгдэл юм. Зарим төрлийн шимэгч моднууд бусад модноос салаалж ургах тохиолдол гарч байсан ч маш жижиг хэмжээгээр, богинохон хугацаанд ургадаг байжээ. Касорзогийн давхар мод нь бүрэн бүтэн ургасан эрүүл хоёр модноос бүрдэх бөгөөд аль алиных нь мөчрүүд таван метр урт байдаг байна.

Хэн ч яаж ийм зүйл болсныг тодорхой мэддэггүй. Нутгийн иргэд шувуу интоорын үрийг ялам модны орой дээр унагасан байж магадгүй гэж үздэг. Үр нь ялам модны хөндийг дамжин үндэслэн, үндэс нь доорх хөрс хүртэл ургаж бүтэн, эрүүл мод ургах нөхцөл бүрджээ.

Касорзогийн давхар мод

7 Маракайбогийн гэрэл - Тасралтгүй үргэлжлэх аянган шуурга

Баруун Венесуэлд Кататумбо голын дээгүүр хэзээ ч үл тасрах аянган шуурга дэгдэж байдаг. Орой болгон 19.00 цагаас эхлэн арван цагийн турш жил бүр 260 шөнө усан дээр тасралтгүйгээр аянга цахидаг.

Үүний учрыг эрдэмтэд одоог хүртэл бүрэн тайлбарлаж чадаагүй байгаа юм.  Саяхныг хүртэл эрдэмтэд энэ үзэгдэл нь чулуулаг дахь урантай ямар нэгэн байдлаар холбоотой гэж үздэг байжээ. Гэхдээ өөр нэг тайлбар гарч ирсэн юм. Уулсын хэлбэр нь дулаан салхи үүсгэн Андын хүйтэн агаартай мөргөлддөг. Тэрхүү мөргөлдөөн нь доор уурших ус болон ойролцоох газрын тосны метаны ялгаралтаар цэнэглэгдэн шатдаг байна.

2010 онд шуурга гэнэт зогсон, 6 долоо хоног намжсаны дараа дахин үргэлжилж одоо ч хүчтэй цахилсаар байгаа. Энэ бүхний учрыг хэн ч тайлбарлаж чадаагүй байна. 

Маракайбогийн гэрэл - Тасралтгүй үргэлжлэх аянган шуурга

8 Хоккайдогийн Цэнхэр нуур

Японы Хоккайдо арал дээр дэлхийн өөр хаана ч байхгүй нэгэн нуур бий. Ус нь их онцгой, ногоон хөх өнгөөр гялтганах бөгөөд өөр, өөр өнцгөөс өнгө нь өөрчлөгдөж харагддаг. Улирал солигдоход мөн усны өнгө бүр илүү өөрчлөгдөж цэнхэр эсвэл ногоон өнгөтэй болдог.

Энэ нуурыг үнэндээ хиймлээр бүтээсэн аж. Нутгийн иргэдийн тус газарт барьсан далангийн доор хуримтлагдсан уснаас уг нуур үүсчээ. Гэсэн хэдий ч тэдний цуглуулсан усны өнгө нь өөрчлөгдсөн байна.

Эрдэмтэд усны өнгө өөрчлөгдөж байгаа нь хөнгөн цагааны гидроксид агуулагдсан учраас болсон гэж үздэг. Тоосонцрууд нь цэнхэр гэрлийг ер бусын сайн тусгадаг бөгөөд энэ нуур нь тэнгэрийг дэлхийн өөр бусад уснаас хамгийн тодоор тусгаж харагдуулдаг байна.

Хоккайдогийн Цэнхэр нуур

9 Пенсильванийн цангинадаг чулуу

Пенсильванийн нэгэн толгодын оройд хачин чулуунууд дүүрэн байдаг. Тэдгээр чулуунууд яагаад толгодын орой дээр байдгийг хэн ч мэдэхгүй. Ойр хавьд өөр өндөр хад байдаггүй болохоор хөрсний нуралтаас болж толгодын орой дээр унасан байх боломжгүй юм. Европын суурьшигчдаас өмнө байсан нутгийн уугуул иргэд үүнийг байгалийн ховор үзэгдэл гэж үздэг байжээ.

Уг чулуунууд толгодын орой дээр байрлахаас гадна цохиход цангинасан чимээ гардаг нь хүмүүсийн гайхшралыг төрүүлээд байгаа. 

Үүнтэй холбоотой хэд хэдэн онолууд байдаг боловч яагаад ийм хачирхалтай чимээ гаргадаг учир шалтгаан нь тодорхойгүй хэвээр байна. Тэднийг судалж байхад эдгээр чулуунууд өөрсдөөс нь ийм чимээ гардаг болохыг тогтоожээ. Та нэг чулуу цохивол уг чулуунаас хүмүүс бидний чихэнд сонсогдохооргүй намуухан чимээ гардаг байна. Харин чулуунуудыг хамтад нь байлгахад уг гарах чимээ улам тодорч хүмүүс бидэнд сонсогдохоор болдог байна.  

Пенсильванийн цангинадаг чулуу

10 Кава Ижен, цэнхэр лавтай галт уул

Индонез улсад нэгэн галт уулын дотор хүхрийн уурхай байдаг бөгөөд уг уурхайн ажилчид шөнө орохдоо гэрлүүдээ унтраадаг байна. Учир нь тэдний замд хачирхалтай лав шиг гялтганасан цэнхэр шингэн зүйл хажуу талд нь урсдаг болохоор тэдэнд гэрэл хэрэггүй байдаг.

Кава Ижен нь ихэвчлэн цэнхэр лавтай галт уул гэж нэрлэгддэг боловч эрдэмтэд цэнхэр урсгал нь галт уулын лав биш хүхэр гэдгийг мэджээ. Хүхрийн хий ялгаран гарч улмаар цэнхэр дөлнүүд агаарт 5 метр хүртэл цацардаг байна. Тэгээд хий уулын бэлрүү урсах шингэн хүхэртэй холилдсоноор, неон-цэнхэр лав урсаж буй мэт харагддаг..

Хүхэр нь агаарыг хортой болгодог тул сонирхон ирэх судлаачид болон зурагчид аюулгүй байдлын үүднээс хийн маск зүүх ёстой байдаг. Уурхайн ажилчид харин зүүдэггүй. Тэд энэхүүү цэнхэр туяатай гэрэлд, тэднийг аажмаар хөнөөж буй хортой агаараар амьсгалан ажлаа хйидэг нь дэлхийд өөр хаана ч байхгүй тохиолдол биз ээ.

Кава Ижен, цэнхэр лавтай галт уул

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()