1
"Power nap" буюу 20 минутын нойр
Нойр судлаачид 20 минут унтах нь таны эрч хүчийг сэлбэж, бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, шөнийн гүн, удаан хугацааны нойр нь бие болон оюун ухааныг сэргээж өгдөг бол 20 минутын нойр нь танд ажлаа үргэлжлүүлэх энергийг бэлэглэх болно. 20 минутын нойрыг авахад дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
- Саад болох зүйлс багатай, сэрүүхэн, гэрэл багатай газар унтахаар сонго.
- Гэрэлтэйд унтахаар бол нүдэн дээрээ маск тавих.
- Өдрийн хоолноос 1-2 цагийн дараа унтах.
- Сэрснийхээ дараа бага зэрэг алхаж, нүүрээ хүйтэн усаар угааж өөрийгөө сэргээгээрэй.
2
Тэгшхэн суух
Нуруугаа тэгш суух нь цусны эргэлтийг сайжруулдаг. Мөн ингэснээр ядаргаанд бага ордгийг туршилтаар тогтоосон байна. Харин өөр нэгэн судалгаанд тэгшхэн суудаг хүмүүс өөдрөг, сайхан зантай байдгийг дурджээ. Тэгэхээр та ширээнийхээ ард суниаж, цусны эргэлтээ түргэсгэж, эрч хүчээ нөхөж байх хэрэгтэй шүү.
3
Сайхан инээх
Инээх үед бид хүчил төрөгчийг авч, зүрх болон бусад булчингуудаа идэвхжүүлж, цусан дахь эндорфиний төвшингөө нэмэгдүүлдэг. Тиймээс та ядарсан, сулбагар байдалтай байвал инээдмийн кино үзэх, ном унших зэргээр эрч хүчээ нөхөж аваарай.
4
Шанцайн үнэр
Шанцай буюу синнамоны үнэр нь тархины үйл ажиллагааг дэмжиж, ой санамжийг сайжруулж, сэтгэл гутралыг багасгахад нөлөөлдөг. Мөн хурдан сэтгэхэд тусалж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг байна.
Үүнээс гадна лимон, жүрж, байгалийн гаралтай тос зэрэг нь сэргээх үйлчилгээтэй байдаг. Гэхдээ та тэдгээрийг хэрэглэхдээ харшилтай эсэхээ шалгаж үзэх хэрэгтэй шүү.
5
Нарны гэрэл
Харанхуй газарт нойрыг ихээр хүргэдэг серотонин хэмээх даавар ялгардаг учраас бид гэрэл багатай үед ядарч, нойрмог байдалд орж эхэлдэг. Тийм учраас өдрийн цагаар хөшгөө нээж, өрөөндөө нарны гэрэл оруулж, гадуур алхан цэвэр агаар амьсгалж эрч хүч, аз жаргалыг мэдэрч байгаарай.
6
Эрч хүчний ундаа хийж уух
Та интернетээс өөрөө хийж уудаг "Do It Yourself" ундааны жорыг хайж олж болох бөгөөд тэдгээрээс хамгийн амархан нь лимон, цагаан гаа, зөгийн бал, ус гэсэн орцтой байдаг. Тус энергийн ундааг хийх арга:
- Цагаан гаа, лимоны шүүс, зөгийн бал тус бүрээсээ 1, 1 халбагыг холино.
- Цэвэр усаа дээр нь хийж хутгана.
- Хэрвээ хүйтнээр нь уумаар байвал мөс хийж болно.
7
Нэг аяга ус
Хангалттай хэмжээний ус уухгүй байвал биед шингэн дутагдаж, ядарч, сульддаг байна. Мөн толгой өвдөх, дотор муухайрах, сэтгэл санаа тогтворгүй болох гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Түүнчлэн бид өдөрт уух усныхаа хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй бөгөөд зөвхөн ам цангасан үедээ л шингэн юм уудаг аж. Тиймээс таны нойр хүрч, идэвхгүй болж эхэлбэл нэг аяга ус уугаад үзээрэй.
8
Стресс тайлах хөлийн массаж
Бидний хөлд 7000 гаруй мэдрэлийн эсүүд, 19 булчин, 107 шөрмөс, 26 яс байдаг ба зөв газарт нь массаж хийвэл өвчин намдаж, стресс буурдаг байна. Хөлийн массажийг зөөлнөөс чангаруулан улаа үрж, хуруунуудынхаа цэгүүд дээр хэдэн секунд дарах зэргээр хийдэг юм.
9
Дуртай дуугаа аялах
Дуу дуулах нь алхах, дасгал хийх зэрэгтэй адилхан цусны эргэлтийг сайжруулж, тархийг сэргээж өгдөг. Ялангуяа дуртай дуугаа аялах үед хүн сэргэлэн цовоо болж, ажлын бүтээмж нь ч сайжирдаг аж. Мөн дуу дуулснаар сөрөг бодлууд алга болж, бага стресстдэг байна.
10
Алмонд самар идэх
Алмонд самар бол үд дундын эрч хүчийг нөхөх шилдэг зууш юм. Үүнд карентин, B2 витамин зэрэг тархины үйл ажиллагааг дэмжих амин дэмүүд байдгаас гадна магни, марганец, хөнгөн цагаан агуулагддаг. Мөн өдрийн хоолны дараах ой тогтоолтыг сайжруулж, бие махбодийг эрдэс бодисуудаар тэтгэдэг юм.
Дээрх эрч хүч сэргээх аргуудыг маш олон хүмүүс туршиж, амжилттай хэрэгжүүлж байгаа хэдий ч хэрвээ та олон хоног дараалан ядарч, сульдаж байвал эмчид үзүүлэх хэрэгтэйг санаарай.