Эцэг эхчүүдийн карьер хүүхдүүдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-08-26, 12:32
1,716

Ажлынхаа цаг завыг зохицуулж чадаагүйн улмаас хүүхдийнхээ урлагийн үзлэг, үсэглэлийн баяр зэрэгт очиж чадахгүй үе цөөнгүй тулгардаг. Гэнэтийн уулзалт товлогдох, харилцагч байгууллага дээр очиж үзэх шаардлага гарах гээд ажлын ачааллаас болоод бяцхан үрсдээ анхаарал хандуулж чадахгүй байгаадаа бид бүгд л санаа зовнидог нь гарцаагүй. Тэгвэл бидний ажил хүүхдүүдийн маань амьдралд хэрхэн нөлөөлдөг бол?

Эцэг эхчүүдийн карьер хүүхдүүдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Тэгвэл энэ асуултын хариуг олохоор АНУ-ын Пенсилваний их сургуулийн профессор Стюарт Фридман судалгаа хийж, үр дүнг нь гаргасныг орчуулан хүргэж байна.

"Хорь гаруй жилийн өмнө Дрексел Их Сургуулийн Жефф Грийнхаус бид хоёр төрөл бүрийн салбарт бизнес эрхэлж буй 25-63 насны 900 орчим хүмүүсийг хамарсан судалгаа хийсэн ба тус судалгаа нь тэдгээр хүмүүсийн ажил, гэр бүлийн амьдралын харилцаа нь ямархуу байдаг хийгээд энэ хоёр бие биедээ хэрхэн эерэг сөргөөр нөлөөлж байгааг тайлбарласан юм. Сэтгэцийн эрүүл мэндийн ач холбогдлыг чухалчлах болсон өнөө үед эцэг эхийнх нь карьер хүүхдийн сэтгэхүйд хэрхэн нөлөөлдөг тухай олж мэдсэн бидний судалгааны үр дүн сонирхолтой байж магад. Бид судалгаагаараа “техноферэнс” буюу эцэг эхийн хэт их технологи ашиглалт хүүхдэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг болон ажил дээрх стресс гэр бүлийн амьдралд хэрхэн муугаар нөлөөлдгийг тайлбарлахыг оролдсон юм."

Эцэг эхийн ажил эрхлэлт хүүхдэд хэрхэн нөлөөлдөг тухай ихэнх судалгаа нь ээж нь ажил эрхэлдэг эсэх (нэлээн сүүлийн үеэс аавыг нь хамруулах болсон), тэд бүтэн, хагас цагаар ажилладаг эсэх, тэдний ажил дээрээ өнгөрөөж буй цаг хугацаа, хүүхэд насанд нь ажил эрхэлж буй нийт хугацаа зэрэгт анхаардаг. Харин бидний судалгаа зөвхөн цаг хугацаа гэхээсээ илүүтэй ажил, гэр бүлийн ач холбогдлын үнэ цэнийг эцэг эхчүүд хэрхэн ойлгож байна, гэр бүлийн амьдралд үзүүлэх ажлын сэтгэлзүйн дарамт (гэр бүлийнхэнтэй хамт байгаа хэрнээ ажлаа л бодох), карьерын араас сэтгэл зүрхээрээ хөөцөлдөх, ажлын нөхцөл байдалдаа хэр хяналттай байдаг зэрэг ажилтай холбогдох дотоод сэтгэлзүйн зүйлсийг судлахыг зорьсон. 

Эцэг эхийн карьерын дээрх бүх хүчин зүйлс нь хүүхдийн сэтгэлзүйн эрүүл мэндийн гол үзүүлэлт болох зан авирын асуудал гаргаж эхлэхтэй тодорхой хэмжээгээр холбоотой болох нь тогтоогдсон юм. Бид үүнийгээ "Хүүхдийн Зан Авирын Асуулга" судалгаагаар авсан бөгөөд энэ нь зохион байгуулалт сэтгэлзүйн судалгаануудад бус зөвхөн хүүхдийн хөгжлийн судалгаанд ашиглагддаг стандарт судалгаа юм. Харамсалтай нь эцэг эхийн ажил (ажил дээр өнгөрөөсөн цаг бус) хүүхдийн сэтгэлзүйн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай нарийвчилсан судалгаа нь өнөөг хүртэл энэ салбартаа нэн тэргүүний чиглэл болж чадахгүй хэвээр байна. Үүнээс гадна ажил нь эрүүл мэндэд тодорхой хэмжээнд нөлөөлдөг учраас эн тэргүүнд нарийвчлагдан судлагдах шаардлага байсаар байгаа юм. Хамгийн чухалд тооцогдох ажигласан зүйлсээ дор танилцуулъя.

Эцэг, эх хоёуланг нь хамруулсан судалгаанд, ажил дээрээ хэр хугацааг өнгөрөөх нь хамаагүй гол нь гэр бүлээ нэгдүгээрт тавьдаг эцэг эхийн хүүхдийн сэтгэлзүйн эрүүл мэнд илүү сайн байсан. Мөн бидний ажигласнаар ажил дээрээ хэр хугацаа өнгөрөөхөөс үл хамааран ажлаа нэг төрлийн сорилт, бүтээлч байдал, дуртай зүйл нь мэт хүлээн авдаг хүмүүсийн хүүхдийнх нь сэтгэлзүй тогтвортой байдаг байна. Эцэст нь мэдээж хэн бүхэнд ойлгомжтой байх л даа гэхдээ эцэг эх нь тэдэнтэй хамт байж, хамтдаа цагийг өнгөрөөж буй гэр бүлийн хүүхэд сэтгэлзүйн хувьд эрүүл байсан юм.

Аав нь ажил дээрээ хэр хугацаа өнгөрөөхөөс хамааралгүй харин сэтгэл зүрхээрээ карьерын араас хөөцөлдөж байвал хүүхдэд зан авирын өөрчлөлт үзүүлж эхэлдэг. Аав нь гэртээ байгаа хэдий ч байнга ажлаа бодох, утсаараа оролддог бол хүүхэд сэтгэлээрээ тэдэнтэй хамт байхгүй байгааг нь шууд мэддэг.  Ийм хүүхдүүд сэтгэлзүйн болон зан авирын асуудалтай болдог байна. Эсрэгээрээ, ажил дээрээ хэр хугацаа зарцуулснаас үл хамааран карьерын араас хөөцөлдсөн аав нь амжилттай явж, түүндээ сэтгэл хангалуун байгаа тохиолдолд хүүхдийн дээрх асуудал нь арай бага түвшинд байдаг ажээ.

Харин ээжүүдийн хувьд, ажил дээрээ илүү их эрх мэдэлтэй, шийдвэр гаргадаг байх тусмаа хүүхдийн сэтгэлзүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл ээж нь ажил дээрээ байхдаа ч хүүхдүүдээ хянаж байгаа тохиолдолд хүүхэд сэтгэлзүйгээрээ илүү хүчтэй байдаг гэдгийг бид анзаарсан. Цаашлаад, ажлын бус цагаараа дан гэрийн ажлаа л хийх бус өөрөө өөртөө цаг гаргаж чаддаг ээжүүд хүүхэддээ сэтгэлзүйн хувьд эерэг нөлөө үзүүлдэг. Энэ нь ээжүүд ажил дээрээ эсвэл гэртээ байх тухай биш ажлын бус цагаараа гэртээ байхдаа юу хийдэг тухай нь юм. Байнга хүүхдийнхээ хажууд бус тодорхой хэмжээгээр өөртөө цаг гаргаж, өөрийгөө арчилж буй ээжүүдийн хүүхдэд муу үр нөлөө гараагүй, харин ч эсрэгээрээ буюу байнга гэрийн ажлаа хийгээд л хажууд нь байгаад байдаг ээжүүдийн хүүхэд зан авирын доголдол гаргаж эхэлдэг байна.

Энэ судалгааг хийснээс хойш эцэг, эхийн уламжлалт гүйцэтгэх үүрэг яах аргагүй хувьсан өөрчлөгдөж байгаа нь илэрхий байлаа. Гэхдээ эцэг эхийн үүрэг хариуцлагын сэтгэлзүйн дарамтыг эмэгтэйчүүд илүү хүлээдэг байдал нь хэвээр байв. Бидний судалгаагаар зогсоо зайгүй, байнга л гэр орны ажлаа хийгээд байлгүй өөрсдийгөө арчлахад тодорхой цаг гаргаж чадсанаар ээжүүдийн хүүхдээ асарч хамгаалах чадамж улам нэмэгддэг нь тогтоогдсон. Аавуудын хувьд, хүүхэдтэйгээ байх үедээ зөвхөн түүнд л анхаарч хүүхдээ сэтгэлзүйн хувьд эрүүл, тогтвортой байхад анхаарах хэрэгтэй бөгөөд ингэснээр аавууд маань ажилдаа ч илүү өөртөө итгэлтэй, сайн байж чаддаг аж.

Судалгааны үр дүнгээс биднийг гайхшруулсан зүйл нь эцэг эхчүүд ажилдаа болон хүүхэддээ зарцуулах цагаа хүссэнээрээ өөрчилөх боломжгүй ч энэ нь хүүхдийн сэтгэлзүйн эрүүл мэндэд нөлөө үзүүлэхгүй байсан юм. Иймд ажилдаа амжилт гаргахын хажуугаар хүүхэдтэйгээ бие болон сэтгэлээрээ хамт байх аргуудад суралцах хэрэгтэй. Тэгэх ч боломжтой. Заавал олон цаг хажууд нь сууж, хэвтэж, утсаараа оролдохдоо бус харин түүнтэй өнгөрүүлж буй цагаа илүү үр дүнтэй, утга учиртай өнгөрөөх нь л чухал шүү.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()