"Бор шувууны дайн" Хятадыг сүйрүүлэх дөхсөн түүх

1950-аад онд Хятад улс "Их үсрэлтийн бодлого" хэрэгжүүлж, олон мянган жил үргэлжилсэн хөдөө аж ахуйн системээс аж үйлдвэржсэн хүчирхэг нийгэмд шилжих үйл явц өрнөсөн билээ. Харамсалтай нь, энэхүү шинэчлэл илт харгис хэрцгийгээр явагдаж, нийгмийн бүхий л хэсгийг хамарч байв. Үүний уршгаар тус улс дахь бүхэл бүтэн нэгэн амьтны аймаг устах аюулд өртсөн байна. 1958 онд Хятадын засгийн газраас хэд хэдэн хортон шавьж, түүний дотор бор шувууг устгах шийдвэр гаргасан нь эцэстээ асар их гай зовлонд хөтөлжээ. 

"Бор шувууны дайн" Хятадыг сүйрүүлэх дөхсөн түүх
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

1 "Дөрвөн хортон"-той тэмцэх аян

Хятадын удирдагч Мао Зэдун аж ахуй, тариа ногоонд хор учруулагчид болох шумуул, ялаа, харх, бор шувуу гэсэн 4 амьтныг устгах ёстой гэсэн дүгнэлтэд хүрч "Дөрвөн хортонтой тэмцэх аян"-ыг эхлүүлжээ.

Өнөө үед үүнийг экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахуйц хариуцлагагүй үйлдэл гэж үзэх байсан бол тухайн үедээ энэ шилдэг санаа мэт харагдаж байсан юм. Байгаль орчны төлөө тэмцэгч Дай Чи “Мао амьтдын талаар ямар ч мэдлэггүй байсан. Тэр өөрийн энэ төлөвлөгөөг гаргахдаа  мэргэжилтнүүдээс асууж, ярилцахыг ч хүсээгүй зүгээр л энэ дөрвөн амьтныг устгах ёстой гэж шийдсэн” гэжээ.

"Дөрвөн хортон"-той тэмцэх аян

Үүнээс гадна эл санаа нь Маогийн хатуу тоталитар коммунист үзэлтэй нийцэж байж. Маркс өөрөө байгаль орчноос хол хүн байсан бөгөөд байгалийг хүн үйлдвэрлэлийн зорилгоор бүрэн эзэмших ёстой гэж тунхаглаж байсан. Энэ нь ч өнөө үед хятадын байгаль орчны  хамгааллын тааруухан байдлыг тайлбарлаж болохуйц юм.

Тэрээр Хятадын ард түмнийг эдгээр дөрвөн амьтантай дайтахыг уриалсан ба ялангуяа Евразийн модны бор шувууг ихэд жигшиж байв. Хятадууд хамтын ажиллагаа, газар тариалангийн шинэ зохион байгуулалтад дасан зохицож байсан тул үр тариа идэх дуртай энэ шувуунаас ангижрахын хүслэн болж байжээ. Нэг бор шувуу жилд 4.5 кг үр иддэг тул нэг сая бор шувууг устгахад 60,000 хүний хоол бий болно гэж Хятад эрдэмтэд тооцоолжээ. Энэ мэдээлэлд үндэслэн "завшигч"-ийг тэсвэрлэх аргагүй гэж дүгнэсэн тул бор шувуу устгах аяныг эхлүүлжээ.

2 Бүх ард түмний дайн

Тус төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахын тулд Хятад иргэдийг олноор нь дайчилсан ба тэд бор шувууг устгахын тулд үргээн нисгэж газарт унатал нь ядраах аргаар "дайтжээ". Бор шувуу нь нисэхдээ тун арчаагүй амьтан бөгөөд 20-иод минут нисээд л үхэтхийн унадаг байна. 

Хүмүүс гудамжинд гарч бөмбөр, түмпэн сав, хайруулын тавгаа нүдэн хангинуулж бор шувууг үргээн, газарт буухаас сэргийлнэ. Шувууны үүр нь сүйдэж, өндөг нь хагарч, дэгдээхийнүүд эндэж, бор шувууг нисэж байхад нь чавхаар харваж, эсвэл буудан алж байлаа. Их аяны үеэр ийнхүү хэдэн зуун сая бор шувуу устаж үгүй болсон юм. 

Бүх ард түмний дайн

Шанхай хотын сонинд тухайн дайны тухай нэгэн дурсамж нийтлэгдсэн нь :

"12 сарын 13-ны өглөө эрт бор шувууг устгах аян орон даяар эхлэв. Бүх гудамжинд улаан туг намирна. Хашаа, байшин, задгай талбай, зам, хөдөөгийн фермийн талбайнууд дээр олон тооны мануухай, харуулууд, бага, дунд ангийн сурагчид, төрийн албан хаагчид, үйлдвэрийн ажилчид, тариаланчид, ардын чөлөөлөх армийн цэргүүд цугларч дайны уриагаа хашхирч байв. Синчэн дүүрэгт тэд нэг шөнийн дотор 80,000 гаруй мануухай, 100,000 гаруй өнгөт далбаа босгосон байлаа. Сюйтүгийн зам, Сюйтүгийн тойрог, Юүлин дүүргийн оршин суугчид мөн олон тооны хөдөлгөөнт мануухай урласан байв. Хотын захын ажиллах хүчний бараг тал хувь нь бор шувууны эсрэг ажиллагаанд дайчлагдсан байв. Хүүхэд хөгшчүүл мануухай хийж, үргээж байхад томчууд, залуучууд  бор шувууг барьж, хордуулж устгах үүрэгтэй байв. Хотын үйлдвэрүүд өөрсдийн төлөвлөгөөг ханган ажиллахын зэрэгцээ энэ дайнд хувь нэмрээ оруулав. Цөөхөн хүн байдаг цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, халуун байшингуудад бор шувууг буудах 150 чөлөөт бүс байгуулжээ. Нанянгийн охидын дунд сургуулийн винтов бууны баг шувууг буудаж сургах арга техникийн сургалтад хамрагджээ. Ийнхүү иргэд бор шувууны эсрэг нийтийн тулаан хийв. Өнөө оройны 8 цаг гэхэд нийт 194,432 бор шувуу алагджээ"

Энэхүү дайны үр дүнд асуудал арилсан гэж үзэж байсан ч үнэндээ жинхэнэ том асуудал шинээр үүссэнийг тэд мэдээгүй байв.

3 Өлсгөлөн

1960 оны 4-р сар гэхэд Хятадын удирдагчид бор шувууны дайныг арай л "хэтрүүлсэн" болохоо ойлгов. Бор шувуу нь зөвхөн үр тариа бус шавьж иддэг байсан болж таарчээ.  Маш олон шавьжийг шүү.

Шавьжны тоо толгойг хазаарлах үүрэгтэй бор шувуу үгүй болсноор ургац өмнөхөөсөө ч илүү муудах нь тэр. Тиймээс тэр жилийн газар тариалангийн ургац үлэмж хэмжээгээр буурчээ. Ялангуяа будааны үйлдвэрлэл хамгийн хүнд байдалд орсон байна.  Хятадын Шинжлэх Ухааны Академийн зөвлөгөөнөөр Мао бор шувууг устгах их аяныг бүрэн зогсоохоо мэдэгдэж, Дөрвөн хортонтой тэмцэх аяны жагсаалтаас бор шувууг хасаж өөр шавьж оронд нь оруулжээ. 

Өлсгөлөн

Гэвч аюул нэгэнт нүүрлэсэн байлаа. Хөдөө нутагт бор шувуу үзэгдэхээ больсноор царцаан сүрэг олшров. Нөхцөл байдал нэлээд ноцтой байсан учир Хятадын засгийн газар Зөвлөлт Холбоот улсаас бор шувуу оруулж ирэхээр болжээ.

Төрөл бүрийн шавьжны тоо толгой олширч, ойгүйжилт эрс нэмэгдсэнээс гадна хортон шавжтай тэмцэх бодисын зохисгүй хэрэглээ зэрэг нь 1958-1961 оны хооронд үргэлжилсэн "Хятадын Их Өлсгөлөн"-ийн үеэр 30 сая хүн амиа алдсан эмгэнэлт үйл явдлын гол шалтгаануудын нэг болсон юм. 

Эл үйл явдал нь экосистемд хүчээр өөрчлөлт хийх нь ямар аюул дагуулж болохыг дэлхий нийтэд харуулсан том сургамж болсон. Гэвч, 2004 онд Хятадын засгийн газраас үүнтэй төстэй нэгэн компанит ажил эхлүүлсэн нь "Корона вирусийн халдварт өвчин үүсгэдэг" гэсэн шалтгаанаар 10,000 муурыг устгалд оруулсан явдал байлаа.  ВВС-ийн мэдээлснээр тэд мөн дорго, илбэнх, харх, жоомтой тэмцэх "эх оронч устгалын кампанит ажлыг" эхлүүлсэн байна.  Хятадууд өмнөх том сургамжаасаа хангалттай суралцаагүй бололтой. 

 

31
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()