"Хувьсгалын эцэг" Эрнесто Че Гевара гэж хэн байв?

Кубын хувьсгалаар олонд танигдаж, улмаар зүүний үзэл санааны зуун дамнасан бэлгэ тэмдэг болсон Аргентин гаралтай, физикч мэргэжилтэй Че Геварагийн талаар мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Тэрээр зөвхөн Кубад биш Африк, Өмнөд Америкийн орнуудад коммунист хувьсгал хийхээр оролдож, амжилт бүтэлгүйтлийн аль алиныг нь амсаж байв. Эцэст нь, 1967 онд түүнийг Боливийн хүчний байгууллага баривчлан, буудан хороожээ. Өдгөө түүнийг олон хүмүүс тогтолцооны эсрэг тэмцэл, идеализмын эцэг гэж хүндэлдэг бол эсрэгээрээ гэмгүй олон хүний аминд хүрсэн алуурчин, хямралыг өдөөгч хэмээн буруутгах хүмүүс ч цөөнгүй бий. 

"Хувьсгалын эцэг" Эрнесто Че Гевара гэж хэн байв?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Товч намтар

Алдаршсан нэр: Кубын хувьсгалч Че 

Төрсөн он/газар: 1928 оны 6-р сарын 14, Аргентины Санта Фе мужийн Розарио хот

Эцэг эх: Эрнесто Гевара Линч, Селиа де ла Серна Иоза

Эхнэр: Хилда Гадеа,  Алейда Марч

Хүүхдүүд: Хилда, Алейда, Камило, Селиа, Эрнесто

Боловсрол: Буенос Айресын их сургууль 

Хэвлүүлсэн бүтээлүүд: Мотоцикл дээр бичсэн тэмдэглэл (The Motorcycle Diaries), Герилла тактикийн тулаан (Guerrilla Warfare), Африк мөрөөдөл (The African Dream),  Боливид бичсэн тэмдэглэл (The Bolivian Diary)

Нас барсан: 1967 оны 10-р сарын 9-нд Боливийн Валлегранде дахь Ла Игуэра хот

Хэлсэн алдартай үг: “Шударга бусын өмнө зүгээр байж чаддаггүй хүн бүр миний нөхөр мөн"

Товч намтар

2 Бага нас

Тэрээр Аргентины дундаж давхаргын, язгууртан гаралтай гэр бүлд төржээ. Эрнесто хүүхэд байхдаа хүнд хэлбэрийн астматай байсан учир гэрийнхэн нь удаан амьдарч чадахгүй гэж боддог байж. Гэсэн ч тэрээр эмчилгээ сайн хийлгэснээс гадна регби тоглох, усанд сэлэлтээр хичээллэдэг, маш хөдөлгөөнтэй, спортлог хүүхэд байв. Мөн тэрээр маш сайн боловсрол эзэмшжээ. 

1947 онд Эрнесто Буенос Айрест эмээгийндээ нүүж ирсэн ч тун удалгүй эмээ нь нас баржээ. Эмээгээ өнгөрсний дараахан Эрнесто анаагахын сургуульд суралцаж эхэлсэн бөгөөд зарим хүмүүс түүнийг эмээгээ аварч чадаагүй болохоороо энэ чиглэлээр сурахаар шийдсэн гэж үздэг. Харин Эрнесто өвчнөө эдгээхэд өвчтөний сэтгэл санааны байдал маш чухал гэж үздэг нэгэн байв. Тэрээр ээжтэйгээ маш дотно байж, дасгал хөдөлгөөн маш их хийдэг байсан ч, астма нь дахин сэдэрч сургуулиасаа завсарлаж байжээ. 

Бага нас

3 Мотоцикл дээр бичсэн тэмдэглэл (The Motorcycle Diaries)

1951 оны сүүлээр Эрнесто найз Алберто Гранадын хамт "Нортон" мотоцикль хөлөглөн Өмнөд Америкаар аялж эхэлжээ. Тэд Чили, Перу, Колумб, Венесуэль хүртэл яваад, тэндээсээ 2 тийш салцгаажээ. Эрнесто АНУ-ын Майами хүрээд аяллаа дуусган Аргентин руу буцаж ирсэн байна. Аяллынхаа туршид Эрнесто тэмдэглэл хөтөлсөн бөгөөд дараа нь "Мотоцикл дээр бичсэн тэмдэглэл" гэх ном хэвлүүлсэн нь 2004 онд дэлгэцийн бүтээл болсон юм. Чухам тэрхүү аялалд явж байхдаа Че Латин Америк дахь хүмүүсийн хэцүү амьдрал, ядуурлыг харж ойлгон, тэдний төлөө ямар нэгэн зүйл хийх санаа өөрт нь төрсөн гэдэг.

Мотоцикл дээр бичсэн тэмдэглэл (The Motorcycle Diaries)

4 Гватемал дахь амьдрал

Эрнесто 1953 онд Аргентинд буцаж ирээд анагаахын сургуулиа төгссөн аж. Сургуулиа төгссөнийхөө дараа тэрээр шууд Андын нурууг зорьж, Чили, Боливи, Перу, Эквадор, Колумб улсуудаар аялж явсаар Төв Америкт хүржээ. Дараа нь Эрнесто Гватамелд хэсэг суурьшин Хакобо Арбенз ерөнхийлөгчийн удирдлага дор газрын хуваарилалтанд шинэчлэлт хийх тал дээр туршилт судалгаа явуулж байв.

Энэ үед тэрээр "Че" гэх хоч авч байжээ. Че гэдэг нь “сайн уу” гэх Аргентинчуудын хэрэглэдэг аялга үг аж. Америкийн тагнуулын төв газраас Гватемалын зүүний үзэлт ерөнхийлөгч Арбензийг суудлаас нь унагах үед, Эрнесто цэрэг дайчилж, бослого хийх гэсэн боловч амжилтгүй болжээ. Ингээд Гватемал дахь тэмцэл амжилтгүй болсны дараа тэрээр Аргентины элчин сайдын яаманд орогнож байгаад, Мексик руу явжээ. 

Гватемал дахь амьдрал

5 Мексик ба Фидель Кастро

Че Мексикт, 1953 онд Раул Кастро гэх хувьсгалч үзэлтэй залуутай танилцаж, анд болцгоосон байна. Улмаар Раул өөрийн ах, тэр үед Кубын дарангуйлагч Фулхенсио Батистаг авч хаяхаар төлөвлөж байсан Фидель Кастротой түүнийг танилцуулжээ. Че-гийн хувьд Гватамел болон, Латин Америк дахь АНУ-ын империалист нөлөөллийн эсрэг босох хүсэлтэй байсан учир Фидельтэй мөр зэрэгцэн тэмцэх хүсэлт гаргаж, Фидель ч чадварлаг эмчийг хөдөлгөөндөө элсүүлсэндээ баяртай байв. 

Мексик ба Фидель Кастро

6 Куба руу явсан нь

1956 оны 11-р сард “Granma” гэх хөлөг онгоцонд явсан 82 хүний нэг нь Че байв. Зөвхөн 12 хүн явах багтаамжтай, дээр нь түлш, зэвсэг зэргийг дүүрэн ачсан уг онгоц олон саад бэрхшээлтэй тулгарсны эцэст 12-р сарын 2-нд Кубын эрэг дээр иржээ. Тэднийг ирсэн даруйд эргийн хамгаалалтынхан дайрч, хувьсгалчид уулын аглаг руу зугтаахаас өөр аргагүй болсон байна. Че, Кастро, Камило зэрэг 20 хүрэхгүй залуус амь гарч чадсан ч, Че өөрөө шархадсан байв. Ууланд бүгж байх үедээ залуус дайнд бэлдэж, "герилла" тактикаар жижиг тулалдаанууд хийж, захиргааны байрууд руу довтолж, иргэдийн дунд ухуулга хийж эхэлжээ.

Куба руу явсан нь

7 Хувьсгалч Че

Че нь Кубын коммунист хувьсгалд Фидель Кастрогийн дараа орохоор чухал нэгэн байв. Тэрээр маш ухаалаг, тууштай, хатуу нэгэн байсан ч астма нь түүнд нэлээд хүндрэл учруулдаг байжээ.

Тэрээр Кубад байх хугацаандаа хувьсгалч цэргүүдийн ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэж байв. Цэргүүдээ коммунист үзэл санаагаар хүмүүжүүлэхийн зэрэгцээ тэднийг хатуу дэг журамтай, тэсвэр тэвчээртэй байхыг шаарддаг байж. Мөн Че заримдаа цэргийн хуарандаа гадны сэтгүүлчдийг авчран, хийж буй хувьсгалынхаа талаар нийтлэл бичүүлдэг байсан аж.

Хувьсгалч Че

8 Батистагийн хариу цохилт

1958 оны зун Фулхенсио Батиста ууланд бүгсэн босогчид руу цэргийн хүчээр дайралт хийсэн нь маш том алдаа болж, ялагдал хүлээжээ. Че-гийн бэлдсэн цэргүүд уулын бүх замуудыг сайн мэддэг тул Батистагийн цэргүүдийг бүслэн авч, бут цохижээ. Энэ явдлаас хойш тун удалгүй буюу 1958 оны сүүлээр Кастро хариу дайралт хийхээр шийдэж, цэргүүдээ 3 хэсэгт хуваан давшсан бөгөөд Кубын төв хэсэг рүү Че-гийн удирдсан цэргүүд дайрахаар болов. 

Батистагийн хариу цохилт

9 Санта Клара хотыг эзлэх төлөвлөгөө

Че стратегийн том хот болох Санта Клараг эзлэх төлөвлөгөөтэй явсан бөгөөд энэхүү зорилго нь тухайн үед бараг амиа хорлолт мэт байв. Санта Кларад танктай, сүүлийн үеийн зэвсэгтэй 2500 орчим цэргүүд байсан бол Че-гийн талд зэр зэвсэг муутай, 300 гаруй өлсгөлөн цэргүүд байв. Харин Санта Кларагийн иргэд Че-гийн цэргүүдийг дэмжих хандлагатай байлаа.

12-р сарын 28-нд Че болон түүний цэргүүд Санта Кларад ирж, тулаан эхэлжээ. Ингээд 12-р сарын 31 гэхэд босогчид буюу Че-гийн цэргүүд хотын цагдаагийн бүх байруудыг эзлэн авсан бөгөөд цэргийн хуаранг нь эзэлж чадаагүй байв. Аз болж хуаранд байсан цэргүүд тулалдахаас татгалзсан бөгөөд Батиста энэ үеэр оргон зайлжээ. Санта Кларад болсон уг тулаан нь Кубын хувьсгалын үеэр болсон хамгийн том тулаан байв. 

Санта Клара хотыг эзлэх төлөвлөгөө

10 Хувьсгалын дараа

Че бусад нөхөдтэйгөө нэгдэн Хаванад очин шинэ засгийн газар байгуулж эхэлжээ. Че Батистагийн талын хүмүүсийг олж баривчлах ажилд томилогдон, 100 гаруй цэрэг армийн томоохон эрхтнүүдийг барьсан байна. Тэдгээр хүмүүсийн ихэнхийг нь хорих, цаазаар авах ял өгчээ. Олон улсын байгууллагууд энэхүү бослогыг эсэргүүцэж байсан ч Че төдийлөн тоогоогүй бөгөөд, хувьсгал бол сайн зүйл, коммунизмын үзэл суртлыг дэлхий нийтэд заавал хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэгт итгэлтэй хэвээр байлаа.  

Хувьсгалын дараа

11 Ухуулгын ажил

Фидель Кастрогийн итгэлт хүмүүсийн нэг болох Че хувьсгалын дараах Кубын хамгийн завгүй нэгэн болж хувирав. Тэрээр Үйлдвэрлэлийн яамны сайд, Кубын төв банкны ерөнхийлөгчийн ажлыг зэрэг хашиж байв. Мөн гадны улсуудад элчин сайдаар очиж улсын байр суурийг олон улсын тавцанд бэхжүүлэх зорилготой ажиллаж байв

Че эдгээр албыг хашиж байхдаа Куба, Зөвлөлт хоорондын харилцааг сайжруулах төлөвлөгөөг баримталж, Зөвлөлтийн пуужингуудыг Кубад авч ирэх хүртэл чухал үүрэг гүйцэтгэж байж. Энэ байдал нь улмаар "Кубын пуужингийн хямрал" нэрээр түүхэнд үлдсэн дуулиант явдалд хүргэжээ. 

Ухуулгын ажил

12 Хувьсгалч Че

1965 онд Че засгийн газрын ажилтан, өндөр албан тушаалтан байхаа болихоор шийдэж, түүний гол зорилго хувьсгал л хийх гэдгээ ухамсарласнаа зарлажээ. Ингээд тэрээр олны хөлнөөс нуугдан, өөр улсуудад хувьсгал өрнүүлэх үйл ажилд оролцож эхэлсэн гэдэг. Коммунистууд Африкийн орнуудад барууны капиталистуудын нөлөө хамгийн сул гэж үздэг байсан тул эхлээд Че Конго руу явж, Лорен Дезайр Кабилагийн удирдаж байгаа хувьсгалд туслахаар  шийджээ. 

Хувьсгалч Че

13 Конго руу явсан нь

Че тэнд очсоны дараагаар Конго дахь хувьсгалыг бүтэхгүй зүйл байсныг мэдэж авав. Босогчдын удирдагч Кабила итгэж болохоор нэгэн биш байсны зэрэгцээ цэргүүдийн сахилга бат сул байсан тул Африк дахь Куба маягийн хувьсгал бүрэн бүтэлгүйтжээ. Удалгүй "галзуу" хочит Майк Хоар гэгчийн удирдсан хөлсний цэргүүдийн асар том арми Че-гийн  хүчийг бүр мөсөн дарахаар Конгод ирсэн байна. Че тэнд үлдэн тулалдаж, баатрын ёсоор амиа өргөх гэсэн боловч хамт явсан нөхөд нь оргохыг ятгажээ. Че-гийн хувьд Конгод нийт 9 сар байсан бөгөөд түүний хувьд энэ явдал өөрийнх нь хамгийн том ялагдал байлаа.

Конго руу явсан нь

14 Боливи

Кубад эргэн ирсний дараахан Че дахин хувьсгалын үйл хэрэгт оролцохоор шийдэн, Аргентинд ажиллахаар шийджээ. Гэвч Фидель болон бусад нөхдүүд нь түүнийг Боливи руу очвол амжилтад хүрнэ гэж ятгасаар Че 1966 онд Боливи улсад иржээ.

Че тэнд 50 орчим Куба нөхөдтэйгээ хамт ирсэн бөгөөд Боливи дахь коммунист бүлэглэлүүдээс дэмжлэг авах төлөвлөгөөтэй байсан ч тэд мөн л итгэж болохооргүй байсан бөгөөд эцэст нь түүнээс урвасан байна. Энэ үеэр CIA коммунистуудыг дарах нууц ажиллагаа явуулж, Боливи цэргүүдийг бэлдэж байсан бөгөөд Че-г тэнд юу хийж, юу төлөвлөж байгааг нь хялбархан мэдсэн байна.

Боливи

15 Төгсгөл

1967 оны дунд үеэр Че-гийн цэргүүд Боливийн армийн эсрэг хэд хэдэн жижиг ялалт байгуулаад байсан ч наймдугаар сард гэнэтийн дайралтад өртөж, цэргүүдийн гуравны нэг нь алагдсан байна. 10 сар гэхэд дөнгөж 20-уулаа үлдсэн байсан бөгөөд хоол хүнс, хэрэгцээний нөөц нь ч дуусч байжээ. Тэр үед Боливийн засгийн газар Че-гийн талаар мэдээлэл өгсөн хүнд 4000 долларын шагнал амласан байсан бөгөөд 10-р сарын эхний 7 хоногт Че болон түүний нөхдүүд Боливийн армид баригдахын ирмэг дээр ирээд байлаа.

Төгсгөл

16 Үхэл

10-р сарын 7-нд Че үлдсэн дайчдын хамт Юро гэх тосгонд түр амрахаар зогсох үед нутгийн иргэд нь дээшээ мэдэгдэн, улмаар тэднийг гэнэтийн дайралтад оруулжээ.

Хэсэгхэн хугацааны зэвсэгт мөргөлдөөний дараа хувьсгалч цэргүүдийн зарим нь алагдаж, Че хөлөндөө шархадсан байна. Гарцаагүй ялагдах нь тодорхой болсон үед тэрээр “Би Че Гевара байна, та нарт би амьдаараа илүү хэрэгтэй” гэж хашхирсан гэдэг. Ингээд армийнхан болон CIA-ын агентууд Че-г байцаасан боловч олигтой мэдээлэл өгөөгүй тул 10-р сарын 9-нд түүнийг Боливийн армийн түрүүч Марио Теран буудан хороожээ. 

Үхэл

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()