Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино

Холливүүдийн ертөнцөд тулаант, адал явдалт кино уран бүтээлүүд зонхилох болж, шинээр нээлтээ хийж байгаа киноны ихэнх нь өмнөх киноны үргэлжлэл, эсвэл хуучны киноны шинэчилж бүтээсэн хувилбар байх нь түгээмэл болжээ. Гэхдээ мэдээж үзэгчдэд ямар нэг зүйл бодогдуулсан, хүнд сэдэвтэй уран бүтээлүүд байдаг ч зарим нэг нь түүнийгээ хэтрүүлж, хэтэрхий ойлгомжгүй болсон байх тохиолдол бий. Ингээд хамгийн ойлгомжгүй 8 киног танилцуулъя. 

Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино
iPhone 11 авах уу?
Хаах
Сурталчилгаа

Дэвид Линч шиг найруулагчид болон түүнийг даган дуурайгчид ийм төрлийн киногоор дагнан уран бүтээлээ туурвидаг. Тэдний кино бүтээлүүд ихэвчлэн онолын физик, квантын онол зэрэг үл ойлгогдох сэдвүүдээр мэргэшээгүй л бол ойлгохын аргагүй. Кино театрт ирсэн үзэгчид киноны туршид юу болоод байгааг огт ойлгохгүй гарах тохиолдол ч байдаг. Зарим киног үзэгчид сэдвийнх нь тухай мэдээлэл цуглуулсны эцэст хоёр дахь удаагаа үзэж байж ойлгодог бол, заримынх нь хувьд учир битүүлэг хэвээр үлддэг ажээ.

 

1 "Eraserhead" - Найруулагч Дэвид Линч

Найруулагч Дэвид Линч бол сюррэализм, хоёрдмол утга бүхий, шуудхан хэлэхэд хачин жигтэй кино уран бүтээлийн мастер гэдгээрээ олонд алдартай. Таны харах өнцгөөс хамаарч түүнийг суу билэгтэн эсвэл солиотой этгээд ч гэж тодорхойлж болно. Харин түүний "Eraserhead" киног үзсэний дараа аль аль шинжийг агуулсан гэдгийг нь ойлгох байх.

Линчийн олон бүтээлүүдийн адилаар "Eraserhead" кино хар дарсан зүүд шиг өрнөдөг. Хэнри Спэнсэр хэмээх эр мутацид орсон хүүхдээ харж халамжлахын хажуугаар олон саад бэрхшээлтэй тулгарч байгаа тухай өгүүлдэг байна.

Өгүүлэмжийн хувьд ойлгомжгүй хэдий ч киноны дүрслэл таны оюун санааг байнгын завгүй байлгана. Аварга том радиатор дахь эр бэлгийн эс дотор амьдардаг цүлхийсэн хацартай эмэгтэй гарах ба харанхуй, түгшүүртэй зүүдний үйл явдлууд ч гардаг байна.

"Eraserhead" киноны бүх зүйл сюррэалист бөгөөд хийсвэр боловч Линч хэзээ ч киноныхоо утга санааг тайлбарлаж байгаагүй юм. Уг киног зарим нь бэлгийн харилцааны тухай, эцэг эх болох айдсын тухай гэж үздэг бол зарим нь ямар ч утга авцалдаагүй хэмээн дүгнэдэг ажээ.

"Eraserhead" - Найруулагч Дэвид Линч

2 "Primer" - Найруулагч Шэйн Каррут

"Primer" кино цаг хугацаагаар аялах тухай өгүүлдэг кинонуудаас магадгүй хамгийн ухаалаг хийгдсэн бүтээл байх. Хэтэрхий ухаалаг учраас зарим хүмүүс киноны туршид юу ч ойлгохгүй байж мэднэ.

Киног бүтээгч Шэйн Каррут математикч мэргэжлээр коллежоо төгсөж, инженерээр ажиллаж байсан бөгөөд аль аль салбарт мэргэшсэний хувьд кинонд гарах механикчдийг аль болох үнэн бодит байлгахыг хичээжээ.

Цаг хугацаагаар аялах ойлголтын ард орших математикийн онол тийм ч энгийн бишийн зэрэгцээ Каррут үзэгчдэд ойлгомжтой байлгахын тулд онолыг гуйвуулахыг хүсээгүй байна. Тиймээс киноны ихэнх хэсэгт гол дүрийн хоёр ойлгомжгүй кодоор ярилцдаг ажээ.

Primer киноны бүх үйл явдлыг ойлгохын тулд танд хэд хэдэн салбарын докторын зэрэг шаардлагатай. Зөвхөн цөөн хэдэн хүн л уг киноны тухай хэн, хаана, хэзээ, яагаад, яаж гэсэн асуултын бүдэг бадаг хариулттай үлдэж чадна.

"Primer" - Найруулагч Шэйн Каррут

3 "Bug" - Найруулагч Виллиам Фридкин

Оклахомагийн хөдөөгийн жижиг дэн буудалд нэгэн эмэгтэй, шавьж хорхой, засгийн газрын хооронд ямар нэг холбоо сүлбээ бий гэж итгэдэг сэтгэцийн өвчтэй эртэй хамт хорогдоно. Гол утга санаа эндээс эхлэх бөгөөд найруулагч Виллиам Фридкин үзэгчдийн оюун санаагаар наадаж, харанхуйгаас айх айдсыг ашигладаг ажээ.  

Гол дүрийн жүжигчид болох Эшли Жудд, Майкл Шэннон нар өөрсдийн хий төсөөлөлдөө гацаж, учрыг тайлах гэж киноны туршид оролдох бөгөөд дэн буудлын өрөө мөнгөлөг цаасан ханаар бүрхэгдсэн учир битүүлэг газар болон хувирна.

Фридкин үзэгчдийг мөн адил солиорол дунд уусгахыг хичээсэн бөгөөд "Bug" киноны хар бараан хий юмсын дүрслэл дундаас түүний зорилго амжилттай болсон эсэхийг хэлэхэд тун хэцүү.

Bug кино утга санааг чухалчилхаас илүү дотоод сэтгэлийн мэдрэмжээр наадсан бүтээл юм. Киноны туршид тайван бус байсан бол кино төгсөх үед чөлөөлөгдсөн мэдрэмж төрж, харин тэр дэн буудлын ноорхой жижиг өрөөнд чухам юу болсныг хэн ч баттай мэдэхгүй үлдэнэ.

"Bug" - Найруулагч Виллиам Фридкин

4 "Donnie Darko" - Найруулагч Ричард Кэлли

Найруулагч Ричард Кэлли "Donnie Darko" кинондоо бараг л үл ойлгогдох цаг хугацаагаар аялах, зэргэлдээ ертөнц, хар нүх, аварга том туулай гэх мэт үзэгдлийг багтааж, оюун санаагаар нааддаг гэхэд хилсдэхгүй. Эдгээр үйл явдал ойлгоход хүнд бэрхийн зэрэгцээ кино театрт тохиромжтой болгох үүднээс киноны хэсгүүдээс тасдаж авсан нь ойлгоход улам хүнд болгожээ.

Киноны үйл явдлын олон чухал үзэгдлийн хальс кино театрын механикчийн өрөөнд орхигдон үлдсэн байдаг. Харин 2004 онд тэдгээр хэсгүүд ил болсноор Donnie Darko кино чухам ямар утгатай болох нь ойлгомжтой болжээ.

Киноны зарим хэсгийг одоо болтол ойлгоогүй ч тус киног шинжлэх ухааны, зөгнөлт гэдгээр нь таашаан үзэхэд дөхөм болсон юм. Аажмаар ойртон буй мөхлийн тухай мэдрэмж, Жэйк Джилленхолын гайхалтай жүжиглэлт зэрэг нь киног үзэхүйц хэмжээнд хүргэсэн гэхэд хилсдэхгүй. Гэвч киноны философийн, шинжлэх ухааны утга санааг бүрэн ойлгосон хүн бараг үгүй биз ээ.

"Donnie Darko" - Найруулагч Ричард Кэлли

5 "Only God Forgives" - Найруулагч Николас Рефн

2012 онд Каннын кино наадмын дэлгэцнээ анх гарах үедээ "Only God Forgives" кино нижигнэсэн алга ташилтыг хүртсэн юм. Шүүмжлэгчид уг киног хийсвэр ойлголтын шилдэг бүтээл үү эсвэл “Хааны Шинэ Хувцас” үлгэртэй адил тохиолдол уу гэдгийг шийдэж чадахгүй байжээ.

Рефн болон гол дүрийн жүжигчин Райн Гослинг нар өмнөх Drive кино шиг түгээмэл кино бүтээхийг хүсээгүй гэдэг нь Банкок хотын үзэмжээр хачин жигтэй үйл явдал харуулж байгаагаас харахад илэрхий байгаа юм.

Гоо үзэсгэлэнг суурь болгосон хэтийдсэн ёс бус үйл явдлууд, үзэгчдийн хувьд тайлах ёстой оньс мэт учир битүүлэг дүрүүд зэргийг "Only God Forgives" кино багтаажээ. Киног үзэх тусам энэ киног муулах ёстой юу эсвэл алга таших ёстой гэдгээ шийдэхэд хэцүү болно.

"Only God Forgives" - Найруулагч Николас Рефн

6 "Pi" - Найруулагч Даррэн Аронофски

Найруулагч Даррэн Аронофски кино бүтээлийн тогтсон заншлыг зөрчихөөс огтхон ч эмээдэггүй бөгөөд түүний "Pi" кино туршилтын бүтээлийн төгс жишээ болсон юм. Кинонд, амьдрал дээрх бүх зүйлийг тооны ухаанаар ойлгох боломжтой хэмээн итгэдэг Макс Кохэн хэмээх математикч эрийн тухай өгүүлнэ.

Оюун ухаан нь самуурсан, хий юм хардаг, нийгэмд дасан зохицох чадваргүй, айдастай хүний оюун санааны нөхцөл байдлыг илэрхийлэхдээ Аронофски тооны ухаан ашигласнаас гадна амьдралын хэмжээ хязгааргүй бололцоог тодотгон харуулжээ.

"Pi" киноны тоо, дүрсний хачин жигтэй ертөнцөд төөрч будлихын зэрэгцээ Максын оюун санааны эмгэгийг өөрийн биеэр мэдэрч, ойлгох болно. Энгийнээр тайлбарлавал уг кино хийсвэр бодлоо гүйцэлдүүлэхээр хичээж буй эрийн тухай өгүүлэх триллэр кино боловч кинонд өгүүлэх математик, онолын тухай ойлголттой нэгдээд цөөн хэдэн хүн л ойлгох хүнд төрлийн кино бүтээл юм.

"Pi" - Найруулагч Даррэн Аронофски

7 "The Three of Life" - Найруулагч Тэррэнс Малик

"The Three of Life" кино 1950-аад оны Техасд амьдардаг О”Брайны нэгэн гэр бүлийн тухай өгүүлэх энгийн дүрслэлтэйгээр эхэлнэ. Өнгөрсөн үед өрнөх энгийн нэг хотын захын амьдралын өгүүлэмж гэнэт л орчлон ертөнцийн үүслийн тухай гарж эхэлснээр үл ойлгогдом болж хувирна.

Киноны өгүүлэмж дүгнэлт хэсэгтээ хүрэх үед найруулагч Тэррэнс Малик үхэл сэхлийн тухай хийсвэр дүрслэлээр үргэлжлүүлжээ. Хачин жигтэй дүрслэл гарах үед энэ бүхэн чухам ямар уялдаа холбоотой юм бол гэдгийг ухаж ойлгох гэж тархиа гашилгах байх.

"The Three of Life" кино "Job" номын ишлэлээр эхлэх бөгөөд, тус номын шашны утга санааны ойлголтыг илэрхийлжээ. Гэхдээ энэ киног үзсэн хүн бүр өөр өөр дүгнэлттэй үлддэг гэдэг нь гарцаагүй.

"The Three of Life" - Найруулагч Тэррэнс Малик

8 "Cloud Atlas" - Найруулагч Лана Вачовски, Лилли Вачовски

Эгч дүү Вачовски хүмүүсийн оюун санаагаар наадах дуртай гэдэг ч "Cloud Atlas" киноны зорилго тийм байгаагүй ажээ. Кинонд хоорондоо хамааралгүй зургаан түүх өгүүлэх бөгөөд уялдаа холбоог нь ойлгоход нэлээд хичээл зүтгэл шаардана.

Зургаан өөр түүхийг энгийн өгүүллээр холбоогүй учраас ихэнх үзэгчид утга санааг ойлгох тал дээр бүтэлгүйтдэг байна. "Cloud Atlas" бол хүн төрөлхтний нөхцөл байдлыг танин мэдэх зорилготой түүх юм. Зургаан үйл явдлыг илүү гүн гүнзгий утга санаагаар холбожээ. Харин үзэгчид хэн нь хэний хойд дүр болохыг, чухам аль нь киноны үйл явдал доторх хийсвэр үйл явдал болохыг олж мэдэх гэж хичээснээр алдаа гаргадаг.

"Cloud Atlas" - Найруулагч Лана Вачовски, Лилли Вачовски

8
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()