Дурлалаасаа болж цаазлуулсан Арабын гүнжийн гунигт түүх

Аладдины үлгэрт л хааны ордны гүнж эгэл жирийн залуутай гэрлэн, аз жаргалтай төгсдөг тухай гардаг. Үнэн хэрэгтээ Араб эмэгтэйчүүдэд хувь тавилангаа өөрчилж, амьдралаа өөрсдөө  зохиох эрх байхгүй. Хааны ордны гүнж ч бай, жирийн бүсгүй ч бай эцэг эхийн сонгож өгсөн хүнтэй л гэрлэх ёстой. Тэгвэл энгийн эрд сэтгэлтэй болж, амьдралаа холбохыг хүссэн Саудын Арабын Хаант Улсын хааны удмын гүнжид юу тохиолдсон юм бол? ​

Дурлалаасаа болж цаазлуулсан Арабын гүнжийн гунигт түүх
8 ЖИЛИЙН 8 БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

1960-аад онд Саудын Арабыг байгуулсан Ибн Саудын зургаа дахь хүү Мухаммед ибн Абдель Азиз Аль Сауд хаан ширээг угсаа залгамжлан авах ёстой байв. Гэсэн ч өөрийн ах, хожим өөрөө хаан болсон Фалсалын шахалтаар хааны титэм дүү Халидад нь очжээ. Учир нь Мухаммедын дийлдэшгүй ааш авир, архинд толгойгоо мэдүүлсэн байдлыг нь хааны ордныхон хорьж дийлдэггүй байв. Саудын Арабт архи уух хориотой байсан ч хэн Ибн Саудын хүүтэй зөрчилдөж зүрхлэх билээ дээ? 

Хэдий муу зуршлаараа Мухаммед хаант улсад нэртэй байсан ч тэрээр хааны ордны хамгийн үнэ цэнэтэй хүмүүсийн нэг билээ. Хаан Халид, түүний дараагийн хаан Фахд хүртэл түүнээс зөвлөгөө авдаг байсан ба Мухаммед хааны гэр бүлийн хамгийн баян хүнд тооцогддог байжээ. Тэрээр овог, удмаа үргэлжлүүлж, үр удмаа үлдээх ажилд ч чамгүй хүчин чармайлт гаргаж, арван хоёр эхнэр авч, Фахд, Бандар, Бадр, Саад, Абдаллах, Абдел Азиз гэсэн зургаан хүүтэй болсон байна. 

1958 онд Мухаммедийн ач охин, гүнж Мишаал бинт Фахд бин Мухаммед ал Сауд мэндэлжээ. Тэрбээр жинхэнэ дорнын үзэсгэлэнт гоо бүсгүй, хааны гэр бүлийн хамгийн хайр татам гишүүн байлаа. Авга ах хаан Халид нь хүртэл түүнд маш их хайртай байжээ. Хүүхэд байхаасаа л тансаг харшид, дутагдах гачигдах зүйлгүй өссөн түүнд "үгүй" гэж хэлдэг хүн бараг байдаггүй байв. Гэсэн ч гэр бүлийн энэ их хайр түүний харгис хувь тавиланг зөөлрүүлж өгсөнгүй. Гүнжийг өсөж том болох үед эцэг эх нь түүнийг хааны удмын ханхүү, үеэлүүдийнх нь нэгтэй гэрлүүлэхээр болжээ. Гол нь хэнтэй? Тэдний хувьд ханхүү л бол хэн ч хамаагүй. Гүнж бусад эмэгтэйчүүдийн л адил хувь тавилангаа өөрөө захирах эрхгүй билээ.

Тухайн үед газрын тосны ачаар хааны гэр бүл улам баян болж байв. Хаант улсад олон мянган доллар орж ирэхийн хажуугаар барууны соёл, хэв маяг ч нэвтэрч байсан. Тиймээс гүнж Мишаал гэрлэхийн өмнө эхлээд дээд боловсрол эзэмшихийг хүсчээ. Эцэг эх нь ч түүний саналыг хүлээн авч Ливаны Их Сургуульд суралцуулахаар болов. Мэдээж маш хатуу хараа хяналт, олон тооны ажилтан, зарц, бие хамгаалагчдын хамт түүнийг өөр улс руу сургахаар явуулсан аж. Энэ үед Араб эмэгтэйчүүд их сургуульд сурах байтугай, боловсрол эзэмших эрхгүй байсан. Бүр эмэгтэй хүн хүчиндүүлбэл тэр эмэгтэйд хүчирхийлэгчийг "өдөөсөн" гэх шалтгаанаар хариуцлага тооцдог  байжээ.

Байнгын харуул хамгаалалт, хяналт нь гүнжийг 19 настай охидод тохиолддог энгийн зүйлээс холдуулж чадсангүй. Гүнж  Саудын Арабын Хаант Улсаас Ливан улсад суугаа бүрэн эрхт элчин сайдын хүү Халед аль-Шаер Мулхаллалд сэтгэлтэй болжээ. Саудын Арабад бүх хайр хүндлэл улсын эрх мэдэлтэн, хааны удмын эмирүүдэд л очдог ба элчин сайдын хүүд хааны удмын гүнж рүү ширтэх ч эрх байхгүй юм. 

Гүнж Мишаал, Халед нарын хайр дурлал анхнаасаа л аз жаргалтайгаар төгсөх ямар ч боломж байсангүй. Саудын Арабын Шариагийн хуульд зааснаар гэрлэлтээс гадуур бэлгийн харилцаанд орсон, өөр хүнтэй нэр холбогдсон этгээдэд цаазын ял оноодог. Тэдний харилцаа хэр гүнзгийрснийг хэн ч мэдэхгүй ч гүнж танихгүй эртэй хоёулахнаа байж харагдсан нь л цуу яриа дэгдээж, завхайрлын хэрэгт холбогдуулах том шалтгаан болсон юм. 

Хэдий эрсдэлтэй гэдгийг мэдэж байсан ч гүнж, Халед хоёр харилцаагаа үргэлжлүүлсээр байв. Бүсгүйг байнга бие хамгаалагчид нь дагаж, мөрдөж байсан учир харилцаагаа удаан нууж чадсангүй. Гүнжийг эх нутагтаа ирсэн даруйд  үйлчлэгч нь энгийн хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болсон гэж хааны гэр бүлд мэдэгджээ. Завхайрлын хэрэгт холбогдсон тэрээр өөрийн амьдралыг нуран унахыг мэдээд, цөхрөнгөө барж, зугтахаар шийджээ.  Тэрээр Улаан Тэнгисийн эрэгт байрлах Жидда хотод очиж, хувцасаа тайлан ус руу шидээд, өөрийгөө живж үхсэн гэж итгүүлэхийг оролдсон байна. Үүний дараа эрэгтэй хүний хувцас өмсөж, хуурамч бичиг баримт бүрдүүлээд, нисэх буудалд очин, эх орноо бүр мөсөн орхиж, хил давахыг завджээ.. Гэсэн ч харамсалтай нь Жиддагийн нисэх онгоцны буудлын харуулууд түүнийг шууд танин, баривчилсан юм.

Хуулийн дагуу завхайрлын хэргийг дор хаяж дөрвөн гэрч батлах ёстой. Гэхдээ шүүгдэгч өөрөө хэргээ хүлээвэл гэм буруутайд тооцдог байна.  Гүнжийг завхайрсанг батлах нэг ч гэрч олдоогүй ч гүнж өөрөө хэн нэгэнтэй хайр сэтгэлийн холбоотой  гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Гүнж яагаад үнэнээ хүлээсэнг хэн ч мэдэхгүй ч магадгүй хатуу ширүүн дүрэм журам, Шариагийн хуулийг эсэргүүцэн, амиа золиослосон гэж үздэг байна.  

Элчин сайдын хүү Халед аль-Шаер Мулхаллалд тэр даруй цаазын ял оноож, харин гүнжийн хэргийг хэсэг азнаж байв. Хаан Халид гүнжийг өршөөх бодолтойгоо илэрхийлсэн ч хатуу, ширүүн ааш авираараа цуутай Мухаммед ибн Абдель Азиз Аль Сауд ямар ч хайр найр үзүүлэлгүй, ач охиндоо цаазын ял оноосон юм.

1977 оны 7-р сарын 15-ы өдөр Машаал, Халед нарын ялыг гүйцэтгэхээр төв талбайд аваачжээ. Цаазын ял гүйцэтгэх шүүх хурлыг Мухаммед Аль Сауд өөрийн биеэр удирдаж, улсын иргэд, залуучуудын өмнө нээлттэй явуулжээ. Гүнжийг өвдөг дээр нь сөхрүүлэн, толгой руу нь буудсан бол Халедийг маш харгис шийтгэл хүлээж байлаа...    

Халедийг амьдаар нь зовоож, илүү их шаналгахын тулд хайртай бүсгүйнх нь үхлийг үзүүлж, нүдэн дээр нь гүнжийг цаазалжээ. Ихэвчлэн цаазын ялыг гүйцэтгэхэд хэрэгтэнг бага тарчлаахын тулд мэргэжлийн цаазаар авагчид хэргийг үйлддэг. Гэхдээ онц ноцтой, хүнд гэмт хэрэгтэнг илүү хүндээр шийтгэхийн тулд энгийн сонирхогчдоор хэргийг үйлдүүлдэг байв.

Тиймээс Мухаммед өөрөө цаазын ялыг гүйцэтгэж залуугийн толойг цавчжээ. Нэг ч удаа ийм аргаар хүний амь хороож байгаагүй тул залууг үхэлд хүргэхэд түүнээс чамгүй хүч шаардаж,  бүтэн таван цавчилтын дараа л залуугийн толгой мөрнөөсөө салав. Амьдралынхаа сүүлийн мөч хүртэл тэрээр ямар их зовлон, өвдөлт мэдэрсэнг төсөөлөхөд ч бэрх билээ...

Энэхүү эмгэнэлт явдлын дараа Арабын эмэгтэйчүүдийн эрхийг улам хязгаарлаж, чангатгасан юм. Мухаммед бин Абдулазиз аль Сауд хэзээ ч ач охиндоо хийсэн зүйлдээ харамсдаггүй гэдгээ илэрхийлсэн ба түүний завхайрлын хэрэгт ямар ч илүү нотолгоо хэрэггүй. Мишаал танихгүй эртэй нэг өрөөнд хамт байсан нь л түүнийг шийтгэх хангалттай шалтгаан гэжээ. 

 

4
таалагдаж байна

47
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()