"Сталиныг хуурсан баатар" - Зөвлөлтийн үеийн хамгийн цуутай луйварчны түүх

1940-өөд оны үед амьдарч байсан Вениамин Вайсман хэмээх эр нь ЗХУ-ын сайд нар төдийгүй Коммунист Намын Төв Хорооны гишүүдийг ч хялбархан мэхэлж чадсан, цуутай залилагч юм. Мөрдөн байцаалтын үеэр тэрээр 1946-1947 оны хооронд гэхэд л яам тамгын газраас ойролцоогоор 56 мянган рубль, их хэмжээний бараа бүтээгдэхүүний тусламж гаргуулж авсан нь тогтоогдсон байна. Тэрээр дайны сиймхийг овжноор ашиглан нисгэгч, танкчин, усанцэрэг гээд олон хүний дүрд хувиран, дайтаж явсан тухай түүх зохион бүхий л амьдралынхаа турш залилан хийсээр байжээ. 

"Сталиныг хуурсан баатар" - Зөвлөлтийн үеийн хамгийн цуутай луйварчны түүх
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөл гараа тайруулахад хүргэсэн орголт

Түүний бага насны тухай мэдээлэл бараг байхгүй бөгөөд мөрдөн байцаалтын үеэр олдсон цөөн мэдээлэл л үлдсэн байдаг. Тэрээр нэгэн цагт өөрийгөө Веня Житомирский, Рабинович, Зильберштейн, Трахтенберг, Ослан, Кузнецов хэмээн янз бүрээр нэрлэж байсан бөгөөд багаасаа л залилан хийхэд гаргууд нэгэн байж. Хүүхэд байхдаа тэрээр колонид 9 удаа сууж байсан ч байнга оргож чаддаг байв. Насанд хүрээд ч сурсан зангаа гээлгүй хулгай, залилангийн хэргээр баригдаж, 10 гаруй удаа оргосон аж.

Хамгийн сүүлд 1944 онд Печорийн хорих ангиас оргох үедээ өвлийн хүйтэнд хөлдөж үхэх шахан хоёр хөлийн тавхай, зүүн гарын хэдэн хуруугаа хөлдөөн тайруулжээ. 

Хөл гараа тайруулахад хүргэсэн орголт

2 "Ямар юмных нь танкчин байх вэ дээ"

Тахир дутуу болсон Вайсман нь Орехово-Зуевт байсан эхнэр, хоёр хүүхэд дээрээ 1945 онд эргэн иржээ. Эхлээд үйлдвэрт хэсэг ажиллаж байгаад эхнэрийнхээ хүсэлтээр өөр ажил хийж эхэлсэн боловч төрөлх зангаа гээж чадсангүй. Харин энэ удаад хулгайч биш залилагч болон хувирчээ. 

1946 онд Москвад очин ЗХУ-ын хошой баатрын дэвтэр олж авснаар Эх орны дайны үед танкчин явсан, ширүүн тулалдааны үеэр гар хөлөө алдсан, 7 одон, 3 медальтай эрийн дүрд тоглох боллоо. Түүний зохиосон түүхээр бол хуурамч ахмад, хуурамч танкчин маань алдарт Катуковын удирдлага дор, Т-34 танкаар Берлинийг авахаар  тулалдаж яваад фаустпатронд оногдож шархтсан юм гэнэ.

Дайны дараа улсын хэмжээний яам тамгын газар орж, “ажил төрөл ярих” нь орон нутаг, районы хэмжээний дарга цэрэгтэй уулзаж ярилцахаас илүү амархан, илүү ашигтай гэдгийг мань эр ойлгосон байна. Ийнхүү Вени Вайсманы өмнө ЗХУ-ын олон том байгууллагуудын үүд нээгдэж эхэлжээ.

"Ямар юмных нь танкчин байх вэ дээ"

Шүүхээр тогтоосноор бол Веня Житомирский нь ЗХУ-ын 20 гаруй яамны ажилтнуудыг залилсан бөгөөд заримдаа тахир дутуу танкчин, эсвэл ЗХУ-ын усан тээврийн яам зэрэг газарт очихдоо бүсэлхийнээс доош мэдрэлгүй болсон  “Амур мөрний усан тээврийн моторчин” зэрэг янз бүрийн нэр хаяг хэрэглэж байсан байна. Чухам ямар яаманд ямар хүн болж очихоо сайн тооцоолж байсан нь үүнээс харагдана.

“Дэслэгч Шмидтийн хүүхдүүд”- түүхтэй (зовсон, зүдэрсэн, өнчин өрөөсөн хүүхдүүд гэсэн залилан ЗХУ-д их гарч байсныг ийн нэрлэсэн байдаг) адил хэргээр яам тамгын газраас 1000 гаруй рублийн тусламж хэд хэдэн удаа авсан төдийгүй, тэр үеийн ховор бараа бүтээгдэхүүн болох даавуу, эрэгтэй костюм, дотуур хувцас, хөлгүй байж олон янзын гутал, бүр эмэгтэй хүний гоёлын гутал олж авч чаддаг байжээ.

Вайсман яам тамгын газрыг ээлжлэн сольж залилангаа хийх бөгөөд ойн үйлдвэрлэлийн том түшмэл, зоотехник, мах комбинатын ажилтан, уурхайчин, цахилгаанчин, жолооч... гээд эзэмшээгүй мэргэжил цөөн.

3 Харамч, шуналтай зангаас болж баригдсан нь

Түүний хийсэн хамгийн том залилан нь 1947 онд Коммунист Намын удирдах зөвлөлийн хэлтсийн дарга дээр орж өөртөө Киев хотод байр гаргуулсан явдал юм. Вайсман болсон хойно хүний мөнгөөр шинэ байрандаа маш сайхан тавилга тавиулсан бөгөөд ой модны үйлдвэрлэл хариуцсан яам нэг удаагийн тусламжаар 2500 рубль олгож, дээр нь 30 гаруй төрлийн Америкийн ховор бүтээгдэхүүнийг бэлэг болгон өгчээ.

Вайсманыг ханаж цаддаггүй шуналтай зан нь хөнөөсөн бөгөөд тэрээр урьд нь бас залилж амжсан, ЗХУ-ын хүнд машин механизмын яамны сайд Н.С. Казаков дээр дахин очсон нь алдаа болов. Ингээд сэргийлэх дуудаж Вайсманыг тус яамны касс дээр мөнгө авч байхад нь баривчилсан юм.

Харамч, шуналтай зангаас болж баригдсан нь

Мөрдөн байцаалтын явцад залилагчийн хийсэн маш олон гэмт хэрэг ил болж түүнд нь томоохон албан тушаалтнууд холбогдсон учир хаалттай шүүх ажиллагаа явуулж, хэргийн материалыг олон жилийн турш нууц байлгахаар шийдсэн байна. Засаг төр энэхүү хөлгүй залилагчид хэрхэн залилуулж баларч байсан тухай материалаа ил гаргахыг хүсээгүй хэрэг.

Вайсман хийсэн хэргийнхээ төлөө чанга дэглэмтэй хорих ангид 10 жил суух ял авсан ба тэр үед ийм хэргийн төлөө буудан алах ял оногдуулдаг байсан гэдэг. Шоронд суугаад 43 настай гарч ирсэн эр бараг л тэр даруй Курскийн вокзал дээр залилан хийж байгаад баригдан дахин шоронд суужээ. Тэрээр 1969 онд, 55 настайдаа тахир дутуу хүмүүсийн байранд таалал төгсжээ. 

Зарим эх сурвалжуудад дурдсанаар, тэрээр нас барахаасаа өмнө тус байгууллагын албан тушаалаа урвуулан ашиглаж байсан удирдлагуудын хэргийг илчилж, зохих хариуцлага тооцоход хувь нэмрээ оруулсан байна. 

5
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()