Судлаачид одоо ч ул мөрийг нь хайсаар буй "үлгэр домгийн" 6 орон

Бид багаасаа л эрт дээр үед оршин байсан гэх үлгэр домгийн мэт улс орнуудын тухай сонсож өссөн бөгөөд тэдгээр нь дэлхийн түүхийн нэгэн хэсэг болж ном зохиол, кино, баримтат бүтээлүүдэд тусгалаа олсон байдаг. Одоогоор ийм улсууд оршин байсан гэх баталгаа байхгүй ч хэзээ нэгэн цагт ул мөр нь олдоно гэсэн найдлага хэвээр байна. Оршин байсан нь тодорхойгүй Трои хотын үлдэгдлийг археологич Генрих Шельман 1860-аад онд илрүүлсэн. Үүний адилаар тэрхүү үлгэр домгийн хотуудын үлдэгдэл бас нэг Генрих Шельманыг хүлээн далайн ус, хуурай газрын гүний хаа нэгтээ булаатай байж болох билээ.

Судлаачид одоо ч ул мөрийг нь хайсаар буй "үлгэр домгийн" 6 орон
ХЯЗГААРГҮЙ АМЬДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Эльдорадо

Эльдорадо нь алт мөнгө, үнэт чулуугаар баялаг Өмнөд Америкийн нэгэн улс. Тус улсын үлдэгдлийг хайх ажил ямар ч үр дүн өгөөгүй боловч чухам энэ арлын ачаар конкистадорууд уг нутгийн гүн рүү орох олон шинэ замыг нээсэн байдаг. Ер нь бол энэ газрыг “баян болгодог улс орон” гэдэг утгаар хэрэглэдэг, ойлгодог байсан гэдэг. Магадгүй эхэндээ ийм байсан байж болох бөгөөд баян чинээлэг улс биш харин алт мөнгө үнэт эдлэл ихээр олддог газрыг ийн нэрлэсэн байж ч болох юм. 

Америкийг анх нээж байх үед Эльдорадо хэмээх газрын тухай анх ярьж эхэлжээ. Эхний аялагчид нутгийн уугуул иргэдийн асар их алт мөнгөтэй газрын тухай домгийг сонсож үүнд итгэж, итгэхийг хүсэж байсан нь ойлгомжтой. Бусад эх сурвалжаар бол Эльдорадо нь индианчуудын чибча хэмээх омгийн удирдагчийг тусгай тосоор тослон алтаар бүрдэг, “алтан хүн” гэж нэрлэдэг байсан уламжлалаас үүдэлтэй гэх нь ч бий. Ингэж алтан хүн болж хувирсан удирдагч нууранд сэлж алт мөнгөн тахилыг нуурын ёроолд үлдээдэг байжээ.

Инкүүдийн баялгийн тухай мэдээ Перугаас ирснээс хойш Эльдорадо улам бүр алдаршиж 1535 онд энэ газрыг хайх анхны экспедицийг Себастьян де Белалькасар удирдан гарсан байдаг. Эхний оролдлого амжилт олоогүй ч хэдэн жилийн дараа Филипп фон Гуттен хэмээх герман эр мөн л алт мөнгө олох эрэлд гарчээ. 1541-1545 онуудад тэрээр Венесуэлийн эрэг орчмоор хэрэн тэнэж эрдэнэсийн хотыг олохыг хичээж байсан боловч мөн л амжилт олсонгүй. Энэ газрыг хайх хамгийн сүүлийн экспедицийг 1780 онд зохион байгуулсан боловч амжилт олоогүй хэвээр. Гэхдээ дээрх бүх оролдлого газар зүй, этнографын мэдээлэл цуглуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Эльдорадо

2 Пасифида

Өөр нэг нэр нь Му тив. Энэ бол номхон далайд живэн алга болсон тив бөгөөд арлын улсуудын үлгэр домогт гардаг байна. Сонирхолтой нь энэ тивийн оршин байсан байж болох газрыг улс болгоны домогт өөр өөрөөр заасан байдаг. Атлантидатай адил үүний тухай олон янзын үлгэр домогт яригддаг ч эдгээр нь өөр хоорондоо зөрчилдөх нь их билээ.

Арлыг хайх ажил бараг хийгдээгүй, энэ талаар судалсан судалгаа нь уг тивийг байсан гэдгийг батлах ямар нэг үр дүнд хүрээгүй юм. Пасифида байсан гэдэгт итгэдэг хүмүүс уг тивийг галт уулын дэлбэрэлтээс болж усан дор орсон гэж үздэг. Далайд олон галт уул бүхий арал байх бөгөөд Номхон далайд олон галт уул бүхий “Номхон далайн галт тойрог” хэмээн нэрлэсэн хэсэг ч бий билээ. Тэдгээрийн ихэнх нь одоо ч ажиллагаатай учир дээрх таамгийг дэвшүүлэгчид далай дахь жижиг арлуудыг Му тивийн үлдэгдэл гэж үздэг байна.

Ктулхугийн домогт Пасифидын тухай дурдсан нь бий. Мөн Лавкрафт энэ газрын тухай 1933 онд өөрийн бичсэн цаг хугацааны гадна хэмээх номондоо бас өгүүлсэн байдаг. Ларкрафт өөр бусад зохиолдоо ч Му тивийн тухай бичсэн байдаг ба түүнийхээр бол чухам тэр арал дээр анхны хүн үүсэн бий болсон гэдэг.

Ер нь энэ газрыг хайж хөөцөлдсөн, байдаг гэдгийг нь батлах гэж оролдсон явдал цөөн байдаг нь нэг талаар харамсалтай юм. Бидний хувьд бол энэ газрыг эрж хайхад хөрөнгө мөнгө зарцуулах нь зөв мэт боловч эрдэмтэд маань юу хийхээ мэдэж байгаа нь лавтай. Магадгүй Пасифидаг хайх шалтгаан тун бага байдаг байж ч болох юм.

Пасифида

3 Атлантис

Энэ арал-улсын байрлал нь тодорхойгүй боловч Платоны бичсэн зарим нэг зүйлд тусгалаа олсон байдаг. Түүнийхээр бол энэ арал Геркулесын баганаас баруун тийш (Гибралтарын цутгалангийн ойролцоох өндөрлөгийн эртний нэр), Атлас хэмээх том нурууны эсрэг талд байрлаж байж болох талтай.  Асар хүчтэй газар хөдлөлт, түүнээс үүдэлтэй үерийн улмаас тус улс оршин суугчтайгаа усанд автан үгүй болсон гэдэг. Платоны бичсээр бол эл явдал МЭӨ 9500 оны үед болжээ.

Домог төдий болон үлдсэн Атлантис улсыг сэргэн мандалтын үеэс ихээр сонирхон судлах болсон. Одоогоор уг арал, улс оршин байсныг гэрчлэх  баримт олдоогүй хэвээр боловч эрдэмтэд Платоны тэмдэглэн үлдээсэн тэрхүү улсыг идэвхтэй хайсаар байгаа аж. Харин түүхчдийн дунд Атлантис улсыг зүгээр л нэг гүн ухааны домог гэх үзэл давамгайлдаг. Учир нь Платон тус улсын тухай бодит баримт бичилгүй өөрийн бодол санаагаа тэмдэглэн үлдээсэн юм. 

Юутай ч Атлантистай холбоотой сэдэв өнөөг хүртэл эрдэмтдийн анхаарлын төвд байгаа бөгөөд шинжлэх ухаан, урлагийн сонирхолтой сэдэв хэвээр байгаагийн баталгаа нь тус улсын тухай өгүүлэх олон ном зохиол, кино бүтээл зэргээс тод харагдана. 1950-аад онд Ф.Жироф "Атлантолог" хэмээх шинжлэх ухааны нэршил бүхий судалгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд одоо ч Оросын нийгэмлэгээс энэхүү ажлыг өргөжүүлэн хөгжүүлсээр байна. 

Ийм улс үнэхээр байсан гэдэгт итгэх хүсэл олон хүнд байдаг бөгөөд яг л Дисней хүүхэлдэйн киноны студийн бүтээсэн шиг тийм улс байсан байгаасай гэх хүн олон бий. Хэрвээ эрдэмтэд Атлантис үнэхээр байсан гэдгийг баталж чадвал, үүнтэй холбоотой шинэ мэдээлэл хэр их гэдгийг төсөөлөхөд ч бэрх билээ. 

Атлантис

4 Офир

Эльдорадотай адил газар бөгөөд Офирын тухай библийн сударт тэмдэглэн үлдсэн байдаг.  Эльдорадтай харьцуулсан шалтгаан нь мөн л алт мөнгө гэдэг нь ойлгомжтой: офир нь алт мөнгө, үнэт чулуу, болон бусад сонин хачин зүйлээр баялаг нутаг байсан гэнэ. Хэн нэг нь тус нутагт очсон тухай ярьдаг байсан бол бусад нь очихыг, олохыг  мөрөөдөхөөс цааш гарч чадсангүй өнгөрчээ.

Домгоор бол Улаан тэнгисийн нэгэн боомтоос Соломон хааны хөлөг онгоц гарч Офирыг чиглэн очихдоо 420 талант алт ачин (эрт үед алт мөнгөний хэмжээг тодорхойлдог байсан хэмжээс) авчирдаг байж. Мөн финикийн далайчид алтнаас гадна их хэмжээний үнэт чулуу, улаан мод авчирдаг байсан гэдэг. 

Офирыг Йемений ойролцоо (Арабын хойгоос баруун урагш), Африкийн Энэтхэгийн далай хавийн эрэг газар болон Энэтхэг хавьд байж болно гэж судлаачид таамаглан эрж хайж байжээ. Хэдийгээр алт мөнгөөр баян энэ орныг хайж олж, газар зүйн байрлалыг нь тогтоож чадаагүй ч олон хүний сонирхлыг энэ нууцлаг газар одоо хүртэл татсаар байна.

Офир

5 Хиперборея

Бурхадтай ойрхон байдаг ард түмний эх нутаг болох хойд газрын нэг хэсэг. Эртний түүхчид хиперборечуудын гарал үүслийн талаар хэд хэдэн таамаг гаргадаг байсан нь: титануудын цуснаас бий болсон, энэ ард түмэн Афин хотын Хиперборея-гийн нэрийг авсан энгийн хүмүүс гэх мэт. Газар нутгийн хувьд хамгийн хойд талын газар гэх боловч яагаад ч юм хүн амынх нь талаар бичиж дурссан, түүхийн үндэс бүхий баримт бичиг бараг үгүй байна.

Энэ газрын тухай бөөгийн болон пара (зэргэлдээ шинжлэх ухаан)-шинжлэх ухааны зохиолд ихэвчлэн гарна. Тухайн газар нь Уралын уулсын ойролцоо байсан гэх яриа байдаг бол Гренландын ойролцоо эсвэл Таймырын хойгийн ойролцоо байсан гэж ярих нь ч бий. “Лемури-устаж алга болсон арал” хэмээх Уильям Скотт-Эллиотын бичсэн ном дээрх газрын зурагт Хиперборея-гийн зарим хэсгийг оруулсан байдаг. Гэхдээ энэ газрын зураг дээр бас Атлантида тэмдэглэгдсэн байдаг гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.

Зөвлөлтийн ховсчин, далдын хүчний ид шидийг судлагч, зохиолч Александр Барченко 1920-1930-аад онуудад Кольскийн хойгоор аялал зохион байгуулж Сейдозерын ойролцоогоос Хипербореятай холбоотой зарим дурсгалын зүйлс олсон гэдэг батлагдаагүй яриа бий. 1990-ээд онд гүн ухаанч Валерий Дёмин энэ ажлыг үргэлжлүүлэн Хиперборея-97, Хиперборея-98 гэсэн экспедиц зохион байгуулж байсан юм.

“Энэ аяллын үр дүнгийн тухай сонирхож байвал олон нийтлэлийг гүүглээс хайн уншиж болох бөгөөд ерөнхийд нь хэлбэл экспедицийн зорилго 100% биелсэн гэдэг. Аяллын үеэр эрт үеийн соёл хөгжлийн олон зүйл олсон бөгөөд харин энэ нь Хиперборея-тай холбоотой эсэх нь мэдэгдэхгүй байгаа юм. Магадгүй өөр соёл хөгжлийн үлдэгдэл ч байж болох. Гэхдээ Барченко болон Дёмины үзэж байгаагаар энэ домог болсон улс нь Оросын хамгийн хойд нутгаар байсан нь эргэлзээгүй юм гэнэ. Тэдэнд  үүнийгээ батлах олон зүйл байгаа болохоор ийм зоригтой дуугарч байсан болов уу гэж бодогдож байна”.

Хиперборея

6 Долоон алтан хот

Энэ тухай дурдахгүй өнгөрч болохгүй болов уу. Хэдийгээр энэ нь улс гэж хэлж болох боловч ямар нэг нэргүй байсан гэдэг. Долоон алтан хот-энэ бол Пиренейн хойгт дундад зууны үеэр гарч ирсэн домог юм. XVI-р зуунд Хойд Америкт ер бусын баян долоон хот байдаг тухай цуу яриа Европ  тархаж байсан нь яг л Өмнөд Америкт Эльдорадо байгаа тухай шуугьж байсантай адил байжээ. Конкистадорууд ч урьд өмнө очиж байгаагүй газар нутаг руу аялал зохион байгуулж (Одоогийн АНУ-ын нутаг) асар их баялгийг хайж байв.

Вестготын хаант улсын 7 хамба лам арабуудын довтолгооны үеэр Атлантын далайгаар баруун тийш зугтаасан гэх домог бий. Тэд нэгэн арал дээр ирж долоон хот байгуулсан гэдэг бөгөөд ийм боломж байна гэдэгт итгэх эсэх нь таны хэрэг. Долоон хүн долоон хот байгуулж, хот болгон нь асар их эд баялагтай болно гэдэг... гэхдээ энэ хүмүүс нь жирийн нэгэн биш харин гэгээн дээдэс хамба байсан гэдгийг бас мартаж болохгүй шүү. 

1528 онд Наваэсын экспедицийн амьд үлдсэн хүмүүс Флоридын эргээс эргэн (Шинэ Испани, хойд Америк) ирэхдээ нэгэн найдвар төрүүлсэн мэдээ авчирчээ. Тэд индианчууд хойд зүгт нэгэн их алт мөнгөтэй суурин байдаг гэж ярилцдагийг сонссон байна. Энэ мэдээ нь дундад зууны үед үүсэн гарах, олон олон конкистадорын зүрх сэтгэлийг эзэмдсэн тэр домгийн эх үүсвэр болсон гэдэг.

1540 онд долоон алтан хотыг олохоор Васкес де Коронадо (Граньд-Кантьон, Хадат уул зэргийг олж нээсэн хүн) сэтгэл шулуудан явсаар Индианчуудын сууринд хүрээд тэднээс Кивир хэмээх асар баян хотын тухай сонссон бөгөөд энэ хот нь долоон алтан хотоос холгүй байдаг гэж түүнд хэлсэн байна.

“Васкес де Коронандо маш их зүтгэл гаргаж байж алтан хот, түүний зэргэлдээ байгаа гэсэн Кивири хот байх ёстой газар хүрсэн боловч тэнд индианчуудын хэдэн урцаас өөр юу ч байсангүй.”

Эл явдлаас хойш долоон алтан хотын тухай яриа аажмаар мартагджээ. 

Долоон алтан хот

Орчин цагт иймэрхүү алтан хотыг хайх экспедиц бэлтгэн явуулахаа больсон боловч эдгээр хотын тухай түүх урлаг, уран сайхны кинонд дурдагдсаар байна. Жишээ нь Николас Кейж, үнэндээ бол түүний тоглосон дүр болох  Бен Гейтс  нь (National Treasure: Book of Secrets уран сайхны кино) ийм хотуудын нэгийг олсон  байдаг. Мөн "Uncharted: Golden Abyss-2011" кино ч дээрх домгоос санаа авч бүтсэн гэдгийг мэдэж аваарай. Энэ бүх нууцлаг улс орон, газар нутаг үнэхээр байсан эсэх нь эргэлзээтэй боловч домог байгаа цагт бас найдлага ч оршсоор байгаа юм. 

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()