"Тамын үүд" - Дэлхий дээрх хамгийн гүн нүхний тухай сонирхолтой баримтууд

Кольскийн хойг, Мурманск мужийн Заполярный хотын ойролцоо хийгдсэн 12 км, 262 метр гүн цооног нь дэлхийн хамгийн гүн өрөмдсөн нүх хэмээн Гиннесийн номд бичигджээ. Хэдийгээр энэхүү өрөмдлөг нь 1997 онд дэлхийн рекордод албан ёсоор бичигдсэн боловч тэртээ 1992 онд үйл ажиллагаа нь зогсон хаагдаж, он удаан жилийн явцад өрмийн техник хэрэгсэл нь хаягдан эзгүйрч, тонуулчдын гараар орон дуусаж байгаа билээ. Гэсэн хэдий ч энэ өрөмдлөгийн ачаар Зөвлөлтийн эрдэмтэд газрын гүний чулуулаг, царцдасны тухай олон чухал нээлт хийсэн юм.

"Тамын үүд" - Дэлхий дээрх хамгийн гүн нүхний тухай сонирхолтой баримтууд
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 Бэлтгэл ажил

Энэ ажлын гол зорилго нь хайлмал шинж чанартай гэж үзэж байсан газрын гүний манти давхаргад хүрэх байлаа. Үүний тулд Дорнод Европын тектоник хавтангийн нэгэн хэсэг, "Балтийн бамбай" нэртэй хонхрыг сонгож авсан байна. Эндээс гарах чулуулаг нь 3 тэрбум жилийн настай байх ёстой гэсэн эрдэмтдийн урьдчилсан тооцоог батлах, тухайн гүний онцлог, чулуулгийн давхаргын ялгаа, заагийг судлан тогтоох нь үндсэн зорилго байв.

Өрөмдлөгийг хийх явцад нэг дор 3000 гаруй хүн, 16 судалгаа шинжилгээний лаборатори ажиллаж байсан бөгөөд Зөвлөлтийн эрдэмтэн Давид Миронович Губерман тэргүүлж, өрмийн техникийн дарга Алексей Батищев, ерөнхий инженер Иван Васильченко, геологич Юрий Кузнецов, Юрий Смирнов болон Владимир Ланев зэрэг олон том эрдэмтэд нэгэн баг болсон юм.

Бэлтгэл ажил

2 Өрөмдлөг

1970 он хүртэл энгийн өрмийн техникээр ажиллаж байгаад дараа нь "Уралмаш-15000" гэсэн газрын гүний өрөмдлөгийн шинэ техник авчран суурилуулсан байна. Бараг 20 давхар байшинтай тэнцэх өндөртэй энэ техник нь ”турбин-өрөмдлөг” буюу хэт өндөр даралт бүхий шингэний нөлөөгөөр өрмийн толгойг эргүүлэх технологийг  ашигладаг байжээ.

Нэг өдөрт зөвхөн өрөмдлөгт ойролцоогоор 4 цаг зарцуулах бөгөөд бусад үед нь өрөмдлөгт хэрэглэсэн янз бүрийн хоолой, суларсан чулуулгийг гаргах ажил хийгддэг байв. Ийм байдлаар өдөрт 7-10 метр ахисаар эхний  7 км газрыг дөрвөн жилийн турш өрөмджээ. 1983 онд 12 км-ийн гүнд хүрч, Москвад болох Олон улсын Геологийн конгресст хийсэн бүтээсэн зүйлээ танилцуулахаар өрөмдлөг хийхээ түр зогсоолоо.

1984 онд ажлаа үргэлжлүүлсэн боловч ийм гүн ухсан цооногийг зүгээр орхиж болдоггүй гэдгийг мэдэж авсан байна. Сул зогсох үеэр газрын хөрс, чулуулгийн давхарга, бүтцэд өөрчлөлт орж янз бүрийн осол гарах нөхцөл бүрдэн 1984 оны 9-р сарын 27 нд 200 тоннын багана нурж 7000 метрээс дооших бүх зүйл булагдан дарагдсан байна. Жилийн турш дарагдсан хоолойг гаргах гэж оролдон бүтэлгүйтсэний дараа шинээр, арай тойруу замаар дахин өрөмдөхөөс өөр аргагүй болжээ. Энэ үед тулгарч байсан гол бэрхшээл нь 9000 м-ээс доош өрөмдөх үед гүний чулуулаг бутарч үйрэн нунтаг хэлбэртэй болж байснаас дээш нь гаргах бараг боломжгүй болж тун бага хэмжээний, хатуу, бүхлээрээ байгаа хэсгийг л гаргаж байв.

1990 онд хамгийн гүн цэгтээ хүрлээ. Ийм гүнд даралт 1000 атмосфер хүрч байсан учир цаашид өрөмдлөг хийх ямар нэг техникийн боломжгүй нь ойлгомжтой болж бас хэд хэдэн жижиг осол гарсны дараа ажлаа бүр мөсөн зогсоосон байна.

Өрөмдлөг

3 Зөвлөлтийн эрдэмтдийн нээлтүүд

Юуны өмнө газрын гүн дэх температурын хэмжээ нь урьд өмнө тооцоолж байснаас ихээхэн өөр буюу 15 000 метрийн гүн хүртэл харьцангуй хүйтэн байна гэсэн ойлголт бурууг баталсан байна. 7000 метрийн гүнд 120 хэм, 12 000 метрт бүр 220 хэмийн халуун байжээ.

Мөн залуу чулуулаг давхарга болох боржин чулуулгийн доор хэсэгт илүү хөгшин базальт байна гэсэн онол буруу болохыг тогтоосон байна. Боржингийн давхарга нь өмнө нь тооцоолж байснаас хэд дахин гүнзгий, доогуур нь архейн үеийн (архей- одоогоос 4 000 000 жилийн өмнөөс 2 500 000 жилийн өмнөх хүртэл үргэлжилсэн геологийн үе) царцдас байгааг илрүүлжээ. 9-12 км-ийн гүнд гүний усны хөндлөн судал байгааг тогтоосон бөгөөд ийм гүнд усны судал байж болох тухай урьд өмнө ямар нэгэн ойлголт огт байсангүй. 1,5-2 км-ийн гүнд ховор металлын баялаг агуулгатай царцдас илрүүлсэн байна.

Бас XX-р зууны эхэн үед алдарт геологич Владимир Афанасьевич Обручевын таамаглаж байсан оливиний бүс буюу чулуулаг үүсгэх эрдэс бүхий хэсэг үнэхээр байдгийг олжээ. Энэ хэсэг 9000 метрийн гүнд байх ба олборлох боломжтой хэмжээ бүхий алт агуулж байв. Мөн 3 км-ийн гүнд байх чулуулаг нь сарны чулуулагтай(хөрс) яг адил бүтэцтэй байсан нь дэлхийг мөргөсөн астроид-солирын нөлөөгөөр сар үүссэн гэдэг онолыг баталж байв.

Зөвлөлтийн эрдэмтдийн нээлтүүд

Чөтгөр шулам, там...

Өрөмдлөг хийсэн энэ газар оронтой холбоотой олон сүсэг бишрэл бүхий домог байдаг бөгөөд ажил зогссоныг ямар нэг далдын хүч, там зэрэгтэй холбон тайлбарлах явдал гарч байв.  Эрдэмтэд там хүртэл өрөмдсөн учраас шөнөөр чөтгөр шулам нь энэ нүхээр дамжин гарч ирдэг, тамд зовон шаналж байгаа хүмүүсийн дуу дуулддаг гэх мэт... Үнэндээ энэ бүхэн Финландын нэгэн сонин 4-р сарын 1-нд гаргасан нийтлэлдээ тухайн өрөмдлөгийн тухай иймэрхүү хачир оруулан бичсэнээс үүдэлтэй юм. Энэ тоглоом наргианыг олон хүн үнэн бодит зүйл гэж ойлгож, Америкийн нэгэн телекомпани энэ тухай дэлгэрүүлсний дараа дэлхий даяар энэ өрөмдлөгийн цооног дотор байх чөтгөр шулмын тухай яриа тархсан гэдэг.

Мэдээж ийм гүн хүртэл өрөмдөх ажил амар байгаагүй бөгөөд маш өндөр халуун, хэт их даралт нь олон төрлийн осол гарах нөхцөл болж байлаа. Гэсэн хэдий ч эдгээр бэрхшээл нь, ажил зогссон шалтгаан нь ямар нэг чөтгөр шуламтай хамаагүй, цэвэр техникийн хүчин чадал, бололцооноос шалтгаалсан зүйл байсан хэмээн Зөвлөлтийн эрдэмтэд тайлбарладаг юм. 

19
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()