"Чингисийн хойд дүр" болохыг хүссэн Барон Унгерний ер бус амьдралын түүх

2020-02-17, 15:30
2,880

Барон Роман Федрович фон Унгерн-Штенберг нь эртний Германы язгууртны үр удам боловч барууны соёлыг үзэн яддаг европчуудыг муу хүмүүс гэж үздэг байлаа. Унгерн “шар арьстны” хаанчлалыг дэлхийн дахинд тогтоох туйлын хүсэлтэй хүн байсан бөгөөд Орост гарсан иргэний дайн түүнд энэхүү солиотой гэмээр хүслээ гүйцээх оролдлого хийх боломж гаргаж өгчээ.

"Чингисийн хойд дүр" болохыг хүссэн Барон Унгерний ер бус амьдралын түүх
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Монголын тал нутагт Унгерныг нэг хэсэг нь Чингис хааны дахин төрсөн дүр гэж үзэн бурханчилж байхад шарын шашны лам нар түүнийг дайны бурхан тэнгэр хэмээн өргөмжилж байсан гэдэг. Тэрээр Монголын засгийн эрхийг гартаа оруулж аваад, Европыг эзлэх их арми бий болгохоор зорьж байсан бөгөөд түүний төлөвлөж байсан аян дайн нь Орос оронд гарсан Октябрийн хувьсгалын дараа болсон хамгийн хурц, хамгийн утга учиргүй үйл явдлуудын  нэг байсан юм.

Түүнийг Австрид төрөхөд өгсөн нэр нь Николай-Роберт-Максимилиан фон Унгерн-Штернберг байв. Монголыг нэгэн хэсэг захирч байсан энэ хүний бага нас нь өвөг дээдсийнх нь эзэмшилд байсан Балтын тэнгис орчимд өнгөрсөн бөгөөд 6 настай байхад нь эцэг эх нь салсан ч Унгерн хойд эцэгтэйгээ маш сайн харьцаатай өссөн байна.

Унгерн өсвөр насандаа хичээл номд анхаарах, сахилга бат сахих талаар ямар нэг хичээл зүтгэл гаргаж байгаагүй учир аав ээжийнх нь боловсролтой хүн болгох хүсэл нь талаар өнгөрчээ. Түүнийг Санкт-Петербургийн Тэнгисийн кадетын корпусоос хөөсөн шалтгаан нь өнөөх л сахилга бат байлаа. Ингэж энэ хүн тэнгисийн цэргийн офицер болох боломжоо алджээ.

Орос Японы дайн эхлэх үед Унгерн сайн дураар явган цэргийн ангид бүртгүүлж дайнд орохоор явсан ч германы хүлэг баатрын удам болсон тэрбээр Японы суманд оногдолгүй эсэн мэнд гарсан нь түүний анги нэгтгэл дайнд оролцолгүй, нөөц байсаар дууссантай холбоотой юм.

Залуу Барон аль болох тулалдааны талбарт ойрхон байх гэж хичээж зүтгэж байсныг нь үнэлж тэргүүн шугам явуулах тэр үед энэ дайн Оросын ялагдлаар дуусч байжээ. Гэсэн ч тэрээр ефрейторын мөрдөс зүүж офицер болох гэсэн хүслээ биелүүлж чадсан байна.  Үүний дараа ямар нэг адал явдалгүйгээр Павловын явган цэргийн сургуулийг төгсөн хорунжи цолтойгоор Байгалийн чанд дахь казак цэргийн ангид хуваарилагдан очсон тэр үеэс эхлэн түүний амьдралын хамгийн их үйл явдалтай он цагууд эхэлсэн билээ.

Унгерн нь цуг алба хаадаг нөхдүүдийнхээ дунд нэр хүнд муутай,огцом түргэн ааштай, түрэмгий, хэрцгий, бас архи их уудаг хүн байжээ. Архи ууж согтсон үедээ агсан согтуу тавьж янз бүрийн зодоон цохион хийх нь элбэг бөгөөд нэг удаа ээлжит агсан согтуу тавих үедээ сэлмийн мөрөөр толгойдоо цохиулснаас хойш тэрээр бүх л амьдралынхаа туршид толгойн өвчнөөр шаналж явах болсон байна. Түүнтэй цуг алба хааж байсан Аргуны 1-р хорооны Иван Кряжев түүний тухай: “Барон дэндүү хачин араншинтай хүн байсан учир офицерууд түүнийг өөрийн эгнээнээс хөөх тухай ч ярьж байсан үе бий... Тэр хэнтэй ч ойртож нөхөрлөдөггүй, үргэлж ганцаар байдаг ба гэв гэнэт л , өдөр шөнө хамаагүй казакуудыг цуглуулж аван дагуулаад чоно хөөн хөдөө гарах гэж хотын дундуур шуугиулан давхидаг байв. Эргэж ирээд дахиад л ганцаараа өрөөндөө таг бүгнэ.” хэмээн ярьсан байна. 

Хүнтэй таарч тохирохгүй этгээд зан ааштай ч Унгерныг хорооныхон нь зохих хэмжээгээр хүндэлдэг байсан гэдэг. Түүнийг ер бусын шаргуу, шулуухан зан ааштай, тайлбарлахын аргагүй дотоод зөн совин, өвөрмөц логик сэтгэлгээтэй хүн байсан гэж ярих ба нэг удаа Роман Унгерн  зам мэдэхгүй ч, ганцаараа, ямар ч дагуулгүйгээр Даураас Благовещенск хүртэл явахаар бусад офицеруудтайгаа мөрийцжээ. Бараг 700 гаруй км урт зэрлэг ой тайгаар явсаар хэрэгтэй газраа болзсон цагтаа очиж чадсан гэдэг.

1913 онд Роман Федорович гэв гэнэт цэргийн алба хаахаас дургүйцэж, армиас халагдсан боловч Балтын тэнгисийн орчимд газрын эзэн болон жарган суух хүсэл ч бас байсангүй. Үүний оронд тэрээр Монгол орноор хэсүүчлэн тэнэж эхэлсэн бөгөөд Дэлхийн 1-р дайн гарлаа гэсэн мэдээ аван буцаж ирсэн байна.

Хэдийгээр Унгерн нь байлдааны туршлага гэх юмгүй боловч Леонид Пунины толгойлсон онцгой үүрэгтэй отрьядад (Оросын эзэн хааны армийн тусгай анги) 1915 оноос алба хааж эхэлжээ. Энэхүү отрядын үндсэн үүрэг нь дайсны ар талд партизаны тэмцэл буюу хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулах байсан юм. 1916 онд Унгерн амжилттай хорлон сүйтгэх ажиллагаа явуулсны шанд есаул цолтой болжээ. Цагаантны хөдөлгөөнийг толгойлон удирдсан Петр Врангель энэ  үед Унгернтай таарч байсан тухайгаа:

“Урагдаж муудсан хувцастай, бохир заваан тэр хүн байнга казакийн зуутын цэргүүдтэйгээ хамт унтаж, нэг тогооноос хооллож байсан бөгөөд соёлт орчлонд өссөн хүн боловч энэ тухай ямар ч ойлголтгүй хүн шиг санагдаж билээ. Өвөрмөц сэтгэлгээтэй, соёлын ямар нэг шинж илрэл үгүй, маш бага мэдлэг боловсролтой гээд хачин зан ааштай энэ хүн дэндүү ичимхий, нэрэлхүү бас хэмжээ хязгааргүй үрэлгэн хүн байсан. “хэмээн бичсэн байдаг.

Гэхдээ  Унгерны ичимхий, нэрэлхүү зан нь үнэндээ худал зүйл байсан юм. Тэрээр Врангелтэй уулзаж тэр тодорхойлолтыг авсныхаа дараахан Черновицы хотын цэргийн комендантын үүргээ гүйцэтгэж байсан офицертой муудалцан зодолдож 2 сар шоронд хоригдож байж.

Мэдээж согтуу явсан Барон шаардлага тавьсан офицерын толгой дундуур буулгаж авсан нь тэр. Дайны үед ийм үйлдэл нь маш хүнд гэмт хэрэг байсан боловч есаулыг ихээхэн “харж үзэн” дээрх шийтгэлийг оногдуулжээ. Байлдааны гавьяа байгуулсны таван одон, мөн төдий тооны шарх авсан есаулыг шоронгоос суллагдахад нь ёс зүйгүй үйлдэл гаргасных нь төлөө хорооноос нь хөөсөн байна. Гэвч бүх зүйл дөнгөж эхэлж байлаа. Эхлээд 2-р сарын, дараа нь 10-р сарын Октябрын хувьсгал Орос оронд ээлж дараалан өрнөж, Роман Федорович Унгерн мэтийн ойворгон үзэл бодолтой хүмүүс нь үнэд орж байсан ба чухам иймэрхүү хүмүүс л цагаан гвардийн гол хөдөлгөгч хүч болж байлаа.

Хувьсгалын дараах өдрүүдэд Унгерн хэсэг казак офицеруудтай цуг Григорий Семеновын Байгаль нуур орчимд байгуулж буй шинэ армид алба хаахаар явжээ. Энэ казакийн атаман нь бароныг урьд нь сайн таньдаг байсан тул баяртайгаар угтан авч шууд дэслэгч генералын мөрдөс хадаж өгөн большевикуудын эсрэг үр дүнтэй тулалдах Азийн морин дивиз гээчийг байгуулах даалгавар өгсөн байна.

Нутгийн хүн амын байдлыг сайн мэддэгийн хувьд Унгерн өөрийн шинэ дивизийн гол түшиг тулгуур болгож адуу моринд сайн, дайчин зан чанартай Монгол, Буриадуудыг авсан бөгөөд бас Башкир, Татар, Польш, Казах, бүр 40 гаруй япончуудыг ч бас өөрийн эгнээнд элсүүлж дивизийн бүх л шатны даргын үүргийг дан Орос офицеруудад өгсөн байна.

Унгерн өөрийн цэргүүдээс маш цөөхөн юм хатуу шаардаж байсан нь хатан зориг, үг дуугүй тушаал биелүүлэх хоёр байв. Энэ дивизийг байгуулахаас эхлэн эгнээнд нь байсан ротмистр Николай Князевын дурссанаар бол Унгерн нь “надад миний хүсэл зоригийг биелүүлэхийн тулд ямар ч тушаал үг дуугүй сохроор биелүүлдэг, бүр өөрийнхөө эцгийг ч бодох юмгүй алж чадах тийм хүмүүс хэрэгтэй “ гэж өөрийнхөө цэргүүдийн талаар ярьдаг байжээ.

Роман Федорович Унгерн ямар нэгэн хэмжээгээр санасандаа хүрч өөрийнх нь тушаалыг үг дуугүй биелүүлэх 2400 цэрэгтэй болсон үедээ цэргийн том аялал хийн богино хугацаанд бүх Даурыг эзлэн авсан байна. Нэг ёсондоо Унгерн нь өвөр байгалийн хавийн цорын ганц удирдагч болжээ.

Дээр дурдсан Князев нь Азийн морин дивизийн сахилга бат маш хатуу байсныг дурдаад үүнд гол нөлөөлсөн хүчин зүйл нь дивиз доторх уур амьсгал гэж тайлбарласан байдаг. Унгерн нь хэн нэг цэрэг нөгөө цэргээ бодох санах юмгүй ховлох, матахыг өөгшүүлж байсан бөгөөд  сүшиг бишрэл ихтэй цэргүүд нь  энэ хүнийг ер бусын их ид шидийн хүч чадалтай гэж итгэдэг, айдаг байсан байна. Монголчуудын хувьд Унгерныг ялагдашгүй, дайны биелсэн бурхан гэж үздэг, түүнийг даурын тал нутгийг эзлэхэд нь чоно замыг нь зааж өгч байсан гэж итгэдэг байжээ.

Дивиз дотор гарсан жижиг зөрчлийг банздах  зэрэг аргаар шийтгэх бол илүү хүнд хэрэг хийсэн хүнийг янз бүрийн аргаар цаазлан алдаг байв. Унгерн нь энэ талаар их “бүтээлч” сэтгэлгээтэй хүн байсан учир хүнийг алах арга нь барагтаа бол давтагддаггүй, бууддаг, хөвчилж алдаг, мориор тас татуулдаг, шонд сүвлэдэг, амьдаар шатаадаг гээд янз бүрийн арга хэлбэр хэрэглэнэ. Олзлогдсон цэргүүдийг мөн л дээр хэлсэн аргуудаар алж хядах ба харин хүүрийг нь олны харагдах газар хаяж, өлгөн бусдыг айлган бишрүүлдэг зантай хүн байв.

Энэ бароны дивизийг цөөвөр чоно, сэг зэмээр хооллох шувууд дагалдан явдаг байсан нь уг хүнийг жирийн нэг хүн биш ид шидтэй, далдын хүн гэдэг итгэлийг олон хүнд төрүүлж байжээ. Дээрээс нь 1919 онд барон нь манжийн нэгэн гүнжтэй хуримлан сууснаар Монголчуудын хувьд тэрээр өөрийн хүн болж харагдах болсон байна.

Дайн тулалдааны завсар хооронд Унгерн Европ руу хийх аян дайныхаа тухай их боддог байсан ба Европ бол түүний хувьд эд мөнгө, баян тансаг амьдралд бузарлагдсан газар учир тэрээр Европыг эзэлж авах төдийгүй, Чингис хаан ч байгуулж чадаагүй Номхон далайгаас Энэтхэгийн далай хүртэлх асар уудам эзэнт гүрэн байгуулахыг хүсэж элдэв төлөвлөгөө боловсруулна.  

Энэ бодол төлөвлөгөөндөө бүрэн автсан барон гэв гэнэт большевикуудтай тулалдах талбараа хаян одож хятадуудын эзэлсэн Монголын Өргөө (Улаанбаатар) хотыг чөлөөлөхөөр морджээ. Энэ томоохон эсгий хотод Богд гэгээний ордон байрладаг, Богд гэгээн нь өөрөө Монголын шашин төрийг хослон баригч байв.

Хэдийгээр Унгернд ердөө 1460 цэрэг байсан ч тэрээр пулемёт, их буу бүхий 10 000 хятад цэрэг эзлэн суусан Өргөө хотыг хоёр ч удаа дайран бүтэлгүй оролдлого хийснийхээ дараа Барон партизаны дайнд шилжлээ. Түүнийг Монгол лам нар, ноёд дэмжиж байсан ба түвдүүдийг Унгернд туслахаар явуулж, өөрсдийн хамжлагат ард олноос цэрэг гаргуулан өгсөөр байв.

Шийдвэрлэх дайралт хийхийн өмнөх шөнө Унгерн өөрийн биеэр тагнуулд явахдаа Монгол хувцас өмсөж, морь унан явсаар хүрээний хүмүүстэй уулзан ярилцаж, бүр Хятадын амбан захирагчийн гэрийн гадна хүртэл очсон байна. Тэр үед унтаж байсан Хятад харуул цэргийг цохин босгоод, “харуулд гарч байхдаа унтаж болохгүй” гэж Хятадаар загнасан гэх яриа бий.Удалгүй буцаж өөрийн багахан цэрэгтэйгээ нийлж аваад 1924 оны 2-р сарын 4 нд Өргөөг дахин дайрч гудамжны тулаан хийж байж эзлэн авчээ. Хотыг эзлэн аваад хийсэн хамгийн эхний зүйл нь тэнд байсан бүх Еврейчүүдийг алж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн явдал гэдэг.

2-р сарын 22 нд Богдыг хаан ширээнд залснаар Унгерн нь бодит байдал дээрээ Монголын хаан болсон хэрэг байв.

Хавар гэхэд Унгерн Монголын нутгаас Хятадын цэргийг бүрэн хөөж гаргаад дараагийн том хүсэл мөрөөдөл болох Европ руу хийх аян дайндаа бэлдэж эхэлжээ. 1921 оны 5-р сарын 15 нд тэрээр 15-р тушаал гээчийг гаргаж, энэ тушаалдаа Орос улсад дайн зарлаж, дайрах болсон тухай бичсэн байна.

Чингис хааны амилсан дүр хэмээгдсэн барон Унгерн энэ үед 15 үндэстэн ястан нийлсэн 11 000 цэрэгтэй болоод байсан ба Орос руу аян дайн хийж Иркутск муж, өвөр байгалийг гартаа оруулж авахыг эхний шат гэж үзэж байлаа. Дараа нь Алтай...

Бароны энэ аян дайнд Япончууд, атаман Семенов нар тус болно гэж амласан боловч эдгээр холбоотнууд нь хэлсэн үгэндээ хүрээгүй учир “зэрлэг дивизийнхэн” удалгүй улаан армийн цэргүүдэд бут цохиулсан байна.

1921 оны 8-р сард Унгерн өөрийн үлдсэн цэргээ хоёр хувааж дорнод Сибирээс Төвдийн уулархаг нутаг руу зугтаж явах замдаа ялагдаж дарагдсан уураа ойр торондоо гаргаж ёстой баруун солгойгүй алж хядаж явснаас түүнийг дагаж яваа хүмүүс бароны ид шид, хүч чадалд нь эргэлзэж эхэлснээр удалгүй отрядад бослого гарч Роман Федорович тал нутаг руу зугтаажээ.

Дэлхийг эзлэх том хүсэлт эрийн аян үүгээр төгсгөл болж Петр Щетинкин тэргүүтэй улаан армийн ангид баригдан, 9-р сарын 15 нд товчхон шүүх хурал болж Барон Унгернийг Зөвлөлт засгийн эсрэг боссон, энгийн ард иргэдийг бөөнөөр нь хядсан хэрэгт буруутган цаазын ял оноосон байна. 

Тухайн үед большевикуудын хувьд цаазын нэг л арга байсан нь буудан хороох байсан бөгөөд шүүхийн шийдвэр гарангуут Унгернийг буудан газарт булсанаар, түүний түүх төгсгөл болсон юм. Барон Унгерний нэр олон Монголчуудын хувьд чухал ач холбогдолтой зүйл байсан боловч удалгүй мартагдан, Азийн морин дивизийн хөрөнгө болох асар их хэмжээний алт мөнгө нуусантай холбоотой хааяа нэг дурсагдах төдий болсон гэдэг. Харин энэ баялгийг өвөр байгаль, Монголын нутгийн хаа нэгтээ байгаа гэж олон хүн одоо хүртэл хайсаар байдаг аж. 

12
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()