Дэлхийн хамгийн цуутай эмэгтэйчүүдийн гэмт хэргийн бүлэглэлүүд

2020-03-05, 17:01
5,523

Дан эмэгтэйчүүдээс бүрдэх дээрэмчдийн бүлэглэл эрт дээр үеэс л оршсоор иржээ. Зохион байгуулалттай гэмт хэрэг үйлддэг эмэгтэйчүүдийн тухай эртний Грек, Хятад, Ойрх Дорнодын ном сударт тэмдэглэсэн байдаг бөгөөд дэлхийд алдартай дайчин Амазоны дүр нь чухам их замын дээрэмчин болсон эмэгтэйчүүдийн түүхээс үүдэлтэй байж болох юм.  Эмэгтэй хүн гэдэг уян зөөлөн, халамжтай, эр нөхрийн үнэнч туслагч байх ёстой гэж ихэнх хүмүүс үздэг. Гэхдээ онцгой нөхцөлд эмэгтэйчүүд гартаа зэвсэг барин хуулийн эсрэг боссон тохиолдол цөөнгүй билээ. Ингээд өнөө цагийн хамгийн цуутай эмэгтэйчүүдийн 5 бүлэглэлийг танилцуулж байна. 

Дэлхийн хамгийн цуутай эмэгтэйчүүдийн гэмт хэргийн бүлэглэлүүд

1 "Шаргал үстний бүлэг", Бразил

Сан-Паулугийн хэсэг бүсгүйчүүд нэгдэн, ийм өвөрмөц нэрээр бүлгээ нэрлэжээ. Бразилын энэхүү том хот нь тухайн улсын гэмт хэргийн төв боловч “шаргал үст бүсгүйчүүд” маань нутгийн гэмт хэрэгтнүүдээс тэс өөр зарчмаар ажилладаг байна. Дээрмийн бүлгийн гишүүн бүсгүйчүүд боловсрол эзэмшсэн, дор хаяж гадаадын хоёр хэлээр ярьж чаддаг хүмүүс бөгөөд өөрсдийн гадаад байдал, өмсөх хувцаст онцгой анхаарал хандуулдаг, бүгд шаргал үстэй гэнэ. 

Тэдний гадаад төрхдөө их анхаарал хандуулдаг нь дээрмийн үйл ажиллагаа явуулах нэг зэвсэг нь болдог байсан юм. Шаргал үстнүүдийн хийдэг дээрмийг гэмт хэргийн ертөнцөд “экспресс-хулгай” гэж нэрлэдэг ба тэд том худалдааны төв, авто зогсоол дээр очиж үнэтэй хувцас өмссөн эмэгтэйчүүдийг хулгайлдаг байжээ.

"Шаргал үстний бүлэг", Бразил

Хулгайлсан эмэгтэйчүүдийнхээ төлөө мөнгө нэхдэггүй, харин хохирогчийн банкны карт л хэрэгтэй. Хэдэн цагийн турш хулгайлсан эмэгтэйгээ хорих ба энэ хооронд банкны картыг нь хоосолж бэлэн мөнгө гарган авах, эсвэл үнэтэй гоё сайхан эд зүйл худалдан авна.

Бүлэг дотроо хоёр хэсэгт хуваагдах бөгөөд нэг хэсэг нь хүн хулгайлах, хорих ажил хариуцаж байхад нөгөө хэсэг нь мөнгө бэлэн болгох, бараа худалдан авах ажлыг хийдэг зохион байгуулалттай. Сан-Паулугын цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр тус бүлгэм байгуулагдаад 4 жил болсон бөгөөд энэ хугацаанд 50 гаруй эмэгтэйчүүдийг дээрэмдсэн байна.

“Шаргал үстнүүд” нэг удаа дээрх аргаараа 9000 доллар олж, үүнийгээ цахилгаан  хэрэгслийн  дэлгүүр,  брэндийн  хувцаст  зарцуулсан нь тэдний нэг удаагийн үйлдлээр олсон хамгийн их мөнгө нь байжээ. Сан Паулугын хүн хулгайлах хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга Хоаким Диас Алвес хэлэхдээ тэд ихэнхдээ гадаад бүсгүйчүүд, тэр тусмаа цайвар шаргал үстэй бүсгүйчүүдийг хохирогчоо болгон сонгон авдаг. Тэд хохирогчийн банкны картаар худалдаа хийх болон бэлэн мөнгө болгох үед анзаарагдахгүй байхын тулд ийм арга хэрэглэдэг гэжээ. Гадаадын иргэд газар мэдэхгүй, хэлний бэрхшээл зэргээс болж цаг хугацаа алддаг зэргийг дээрэмчин бүсгүйчүүд сайтар тооцсон бололтой.

Гэмт хэрэгтнүүдийн мөрөөр хайсан 3 жилийн хугацаанд бүлгийн хоёр л гишүүнийг барьж чадсан бөгөөд тэдний нэг нь бүлэг доторх цорын ганц хар хүрэн үстэй, хүн хулгайлах үед машин барих үүрэгтэй байсан бол нөгөө цайвар үст дээрэмчин бүсгүйн гэм буруутайг бүрэн тогтоож чадаагүй байна. Энэ бүхнээс харахад  хэрвээ та Сан Паулу явах гэж байгаа бол үснийхээ өнгийг хар хэвээр байлгасан нь дээр бололтой.

2 "Флоридын дур булаам бүсгүй", Майами, АНУ

АНУ дахь гэмт хэргийн бүлэглэлүүдийн 2 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд тэдний дийлэнхийн гадаад төрх нь томоохон бизнесмен, улс төрчдийн эхнэр мэт харагдана. Флоридын сайхан байгальд ирж амран, залуухан сайхан бүсгүйчүүдтэй наадан жаргах гэсэн зузаан түрийвчтэн ихээр цуглах бөгөөд 22-27 насны дур булаам залуу бүсгүйчүүд тэдэнтэй “тохиолдлоор” танилцан яваандаа хамаг мөнгийг нь хуу хамна. Дур булаам бүсгүйчүүд ер бусын сайхан шөнийг амлаж зочид буудлынх нь өрөөнд ороод унтуулах бодис бүхий ундаа, ус өгч унагаад хүссэн бүхнээ авч оддог байна. Нас өндөр болсон зарим нэг нь үүний дараа дахин сэрэхгүй байх тохиолдол их байх бөгөөд гэмт бүсгүйчүүдэд энэ нь огт хамаагүй бололтой маш өндөр “дооз” хэрэглэсээр байгаа ажээ. 

"Флоридын дур булаам бүсгүй", Майами, АНУ

Ийнхүү тэд маш их хэмжээний мөнгө олдог ба тэднийг барьж авна гэдэг маш хэцүү. Хохирогчид цагдаад хандах нь цөөн, ирсэн нэг нь болсон үйл явдлыг бараг санахгүй учир гэмт хэрэгтнийг барихад тустай мэдээ олж авахад их хэцүү байдаг гэнэ.

Флоридад бас нэг эмэгтэйчүүдийн дээрмийн бүлэг байдаг нь өмнөхөөсөө бүр ч илүү шийдэмгий, хатуу ширүүн үйл ажиллагаатай. Дээрэмчин бүсгүйчүүд дан ганц дотуур хувцастайгаар оройн цагаар гарч замаар алхах ба энэ үед бүсгүйчүүдэд туслах гэсэн, зүгээр дэмий ярих гэж зогссон жолооч нарын духанд буу тулгаж халаасыг нь хоосолдог  байна.

3 "Каморра ба сайхан бүсгүйчүүд", Итали

Гэрийн эзэгтэй шиг гэмгүй харагдах бүсгүй нэгэн үсчний газар зодоон хийсэн хэргээр баригдсан нь Анна Скаралло гэгч бөгөөд тэрээр Сицилийн Понтичелли Каморра бүлгийн толгойлогч юм.

Италийн мафийг улам бүр эмэгтэйчүүдийн нөлөөнд орж байгаа гэдэг бөгөөд одоо ийм бүлэглэлд байх эмэгтэйчүүдийн тоо нь XX зууны төгсгөл үед Италийн мафид харьяалагддаг байсан эмэгтэйчүүдээс 10 дахин их болсон аж. Хүйсийн энэхүү өөрчлөлт нь гэмт хэргийн бүлэглэлүүдийн удирдагч нарын зарим нэг нь баригдаж хоригдсон, өөр бусад нь алуулсан гэх мэт шалтгаанаар үгүй болсонтой холбоотой бололтой.

Эмэгтэйчүүд илүү тооцоотой, болгоомжтой, бас хэрэгтэй үед өршөөлгүй хатуу ширүүн байж чаддаг нь гэмт хэргийн ертөнцөд тодорхой болжээ. Тэдний дундаас хамгийн их амжилттай яваа хүн бол таван хүүхдийн эх, леди-босс Нунциа Д`Амико юм.

"Каморра ба сайхан бүсгүйчүүд", Итали

Цагдаа нар Неаполь хавийн “нэр хүндтэй хүмүүс” болох ах дүү Жузеппе Антонио Сальваторе нарыг барьж авсны дараа дээрх бүсгүй Италийн өмнөд хэсгийг кокаинаар хангаж эхэлжээ. Хар тамхи зарсан хэргээр шоронд орсон гурвын оронд Нунциа ийм үр дүнтэй, ашиг орлоготой ажиллах сүлжээ байгуулна гэж хэний ч толгойд ороогүй байна.

Хатагтай Д`Амико нь өөрийн дайсан, өрсөлдөгч нартайгаа хатуу ширүүн тооцоо бодохдоо огт эргэлздэггүй бөгөөд  тэрээр “би гадаад байдлаараа эмэгтэй боловч дотроо олон эрчүүдээс илүү эршүүд хүн шүү” гэж өөрийн захиргаанд байгаа хүмүүст хэлэх дуртай байжээ. Түүнийг бага хүүхдийг бүүвэйлж байх үед нь үл таних хүн буудаж алсан гэдэг. Харин энэ захиалгат аллагын үед хүүхэд ямар нэг байдлаар гэмтэж шархдаагүй юм .

4 "Гулаби ганг буюу ягаан бүлэг", Энэтхэг

Энэхүү бүлэг Делигээс 500км зайтай Уттар-Прадеш муж дахь Бунделкханд хэмээх ядуу тосгон бий болсон юм. Уг тосгонд төрсөн  Сампат Дэви Пал гэгч эмэгтэй бүлгийг үүсгэж, одоо хүртэл удирдаж яваа. Дан эмэгтэйчүүдээс бүрдэх Гулаби ганг-ийн бүсгүйчүүд нь ягаан өнгөтэй сари өмсөж, гартаа хулс модон бороохой барьж явдаг, хүнийг алж хядаж, дээрэмдэхгүйгээр хорлохдоо гаргууд аж. 

Бүлгийн удирдагч 12 настайдаа мөхөөлдөс худалдагч зэрлэг эрийн эхнэр болжээ.15 насандаа хүүхэд гаргасан тэрээр дараа жил нь хажуу айлын нөхөр нь эхнэрээ зодож байхад нь хамгаалснаас болж өөрийн нөхөртөө маш зэрлэгээр зодуулсан байна.

Айлын хэрэгт хөндлөнгөөс орсон гэж зодуулсан Дэви Пал өөрийн таван найз бүсгүйтэй үгсэн тохирч, хулс модон саваагаар зэвсэглээд өнөөх айлын нөхрийг зодож эхэлсэн байна. Нийт тосгоныхны өмнө уучлал гуйна гэж амлах хүртэл нь балбасаар зорьсондоо хүрсэн нь анхны ялалт нь байжээ.

"Гулаби ганг буюу ягаан бүлэг", Энэтхэг

Үүнээс хойш бүсгүй зогсож чадалгүй амьдралын шударга бус явдлын эсрэг тэмцэж эхэлсэн бөгөөд түүний бүлэгт олон хүн элсэн орж, ойрын тосгонд хэн нэг Бабу нь (нөхөр) Гитагийн (эхнэр )хамрыг мурийлгасан гэсэн чимээ сонсогдвол ягаан хувцаст бүлгийн олон эмэгтэйчүүд саваа модоо барин шуугилдан тийшээ очдог болжээ.

Одоогоор хүний амь эрстсэн тохиолдол гараагүй боловч энд тэндхийн цөөнгүй нөхрүүд дээрх бүсгүйчүүдийн гарын чилээг гаргаж өгсөн байдаг бөгөөд бас орон нутгийн хэдэн түшмэд ч үүнд өртөөд авчээ. Харин цагдаа нар тэдний энэ үйлдлийг хараагүй мэт өнгөрөөдөг нь цагдаагийн хийх ёстой ажлыг хэл чимээ багатайгаар хийж өгдөг учраас тэр аж.

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэгч болсон Сампат Дэви Пал нь одоо олонд алдаршиж, феминистүүдийн хурал цуглаан, телевизэд ярилцлага өгдөг ба 300 000 гаруй дэмжигчтэй болсон гэдэг ч энэ нь тэрбум давсан хүн амтай Энэтхэгийн хувьд их биш тоо юм.

5 Сукэбан, Япон

Эрт дээр үеэс уламжлан ирсэн заншлаар эр хүний үүрэг роль их байдаг Япон улсад хоёрдугаар дайны дараагаас шинэ уур амьсгал бий болж иржээ. Эмэгтэйчүүд илүү биеэ дааж нийгмийн  олон салбарт эрчүүдийн өрсөлдөгч болж эхэлсэн бөгөөд тэд бизнес, шинжлэх ухаан, спортод олигтой амжилт олж чадаагүй ч Токио болон Осаки хотын гэмт хэргийн ертөнцөд аль хэдийн байр сууриа олсон байна.

60-аад оны эхээр Японд залуу үеийн дэд-соёл болох «сукэбан» бий болсон нь эмэгтэйчүүд гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүд хийхийг хэлж байгаа юм. Энэ үг нь “охин- босс” гэсэн утгатай,  эдгээр хүмүүс нь хэнээс ч үл хамаарах, шийдэмгий хүмүүс байв.

Сукэбан, Япон

Сукэбан эмэгтэйчүүд нь хулгай дээрэм хийх, архи согтууруулах ундаа  төдийгүй мансууруулах бодис ч хэрэглэнэ. Өөрийн гэсэн хувцаслах стиллтэй, олны дундаас ялгарч харагддаг байсан учир Японы цагдаа нар тэднийг жирийн сурагчдаас ялгаж харахад амар болсон үе бол 80-аад он байлаа.

Тэд сургуульдаа өмсөх ёстой цагаан оймсны орон хурц тод өнгөтэйг сонгож, богино банзал, богинохон цамц өмсөн, ханцуйгаа шамлан, энд тэндээ янз бүрийн шивээс хийлгэнэ. Мөн өөрийн бүлэглэлийн эмблем энгэртээ хадаж байсан ба ийм бүлэглэлүүд Япон даяар маш их байсан гэдэг.

90-ээд оноос хувцасны загвар нэлээд өөрчлөгдөн, үсээ хурц өнгөөр засаж, нүүрээ тод будах болжээ. Тэд төмөр замын өртөө, том дэлгүүр, компанийн үүдэн дээр бөөнөөрөө цуглаж хавь ойрын хүмүүсийг өдөн хоргооно.

Гудамжаар явах хүмүүс тэднийг эмх замбараатай байхыг шаардах нь цөөн ба ингэвэл тэд халааснаасаа хутга, унадаг дугуйн гинж гаргаж ирэн, ороолгож зодох нь энүүхэнд. 

Сукэбан бүлгийнхэн дэлгүүр, худалдааны жижиг лангуу, жирийн хүмүүсийн халааснаас эд зүйл хулгайлах төдийгүй заримдаа хар тамхины худалдаа, биеэ үнэлэх хэрэгт ч оролцдог байна. Ийм бүлгүүдийн дотроос хамгийн их томорч, алдаршсан бүлэг нь Канто-гийн дээрэмчин охидын бүлэг байсан бөгөөд тэдний тоо 20 000 хүрч байжээ. Тэдэнтэй бүр якуза нар ч болгоомжтой ханддаг байсан нь уг бүлэг ямар их “нэр хүндтэй” байсныг гэрчлэх болов уу. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()