"Монгол" нэрийг барууныхан яагаад хараалын үг болгон хэрэглэх болсон бэ?

"Монгол мунхаглал" (Mongolian idiocy), Монголизм, Монголойд өвчин зэрэг нь өнгөрсөн зуунд Дауны синдромын албан ёсны нэршлүүд байв. Тэр ч байтугай дауны синдромтой хүнийг "монгол" гэж нэрлэдэг байсан аж. Азаар анагаах ухааны мэргэжилтнүүд, эрдэмтэд, түүнчлэн ази, монгол гаралтай хүмүүсийн шаардлагаар энэхүү доромжилсон, буруу агуулга бүхий нэршлийг халсан юм.

"Монгол" нэрийг барууныхан яагаад хараалын үг болгон хэрэглэх болсон бэ?

"Идиот" буюу тэнэг гэдэг үг нь өнөөгийнх шиг мулгуу, мунхаг гэдэг утгаар биш харин оюун ухааны хоцролт, доголдолтой бага насны хүүхдийг нэрлэсэн мэргэжлийн нэршил байжээ. Орчин үед гутаан доромжлолын утгатай болох энэхүү үгийг "монгол" тэмдэг нэртэй нийлүүлж "Mongolian idiot" гэх нэршил гарч иржээ.

1862 онд Дауны синдромыг анх судалж, томьёолсон английн физикч Жон Лэндон Даун "монголойд" гэдэг нэрийг анх хэрэглэжээ. Германы эрдэмтэн Иоханн Блюменбах өмнө нь ази төрхтэй хүмүүсийг "Монгол арьстнууд" гэж тодорхойлж байв. Тиймээс тус синдромтой төрсөн хүмүүс нүүрний хэлбэр, төрхийн хувьд монголжуу хүмүүстэй төстэй байгааг Даун тэмдэглэж, дээрх нэр томьёог гаргаж ирсэн байна.

20-р зуун гарснаар "монголойд" нэрийг ашиглах нь улам түгээмэл болж, яваандаа гутаан доромжилсон, хараалын утгатай болж эхэлсэн байна.

Эрдэмтэн Бертрам Хилл 1908 онд "Монголизм ба түүний патологи", британийн физикч Ф. Крүүкшэнк 1924 онд "Бидний дундах Монгол" нэртэй Дауны синдромын тухай номууд тус тус хэвлүүлж байжээ.

Нэршлийг хориглосон нь

1961 онд хэсэг генетикийн мэргэжилтнүүд анагаах ухааны The Lancet сэтгүүлд захидал бичжээ. Тус захидалд:

"Оюун ухааны нэгэн төрлийн согог өвчнийг Монголизм, Монголойд, монгол тэнэглэл гэж нэрлэсээр багагүй хугацаа өнгөрлөө. Европчуудын дунд дээрх согогтой төрсөн хүмүүст ази гени байхгүй нь нэгэнт тодорхой болсон, түүнчлэн Монголойд гэдэг нь ази хүмүүс, Хятад, Япончуудын нэр хүндийг гутаасан хэрэг болно. Иймд бид энэхүү өвчний нэршилд арьстны онцлогийг хамруулах явдлыг зогсоохыг хүсч байна" гэжээ.

1965 онд БНМАУ-ын хүсэлтийн дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "Монголойд" нэр томьёог албан ёсоор хориглож, "Дауны синдром" хэмээн нэрлэхээр тогтжээ.

Хэдийгээр дээрх нэршил анагаах ухааны салбарт үгүй болоод багагүй хугацаа өнгөрсөн ч орчин цагт хараалын үг хэлбэрээр оршсоор. "Тэнэг, эргүү, мал" гэдэгтэй дүйцэх "Mongoloid", "mongool" "mong" гэсэн хараалын үгс барууны улсуудад, ялангуяа цахим ертөнцөд өргөн хэрэглэгддэг хэвээр байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()