Сфинксийн хамрыг хэн унагасан бэ?

2020-03-27, 14:18
3,409

Агуу сфинкс бол дэлхий дээрх хамгийн эртний, нууцлаг хөшөө дурсгалын нэг. Энэхүү хөшөөг судлах явцад урган гарсан олон асуултууд хариулт үгүй хэвээр үлдсэний нэг нь түүний хамар юм. Агуу Сфинксийн хамар чухам хэзээ, яагаад алга болов?

Сфинксийн хамрыг хэн унагасан бэ?

Мөнхийн харуул

Сфинксийг нарийн судалсан мянга мянган судалгааны ажлууд нийтлэгдсэн боловч одоог хүртэл тайлагдашгүй зүйлс олон бий. Египет дэх олон сфинксийн хөшөөнөөс хамгийн том  Нил мөрний баруун эрэг дээр, Хафра фараоны пирамидын хажууд байрлах 72 метр урт, 20 метр өндөр хөшөө юм. Хафра фараоны тушаалаар энэхүү хөшөөг барьсан гэж үздэг бөгөөд түүний царайг дуурайлган хийснээс гадна хааны мөнхийн нойрыг хамгаалахаар бүтээсэн гэдэг. 

Гэвч хөшөөний нүүрийг анхааралтай харвал хар арьст хүний шинж төрхтэй  ба Хафра фараон нь хар арьст хүмүүстэй ямар ч холбоогүй юм. Мөн компьютер анализын арга ашиглан Хафра хааны нүүр царай бүхий бусад баримал болон сфинксийг харьцуулан үзэхэд алдарт хөшөөн дээрх нүүр царай нь хааны дүр төрх биш гэдэг нь тогтоогдсон байдаг.

Угаас маргаантай байсан энэ асуудал дээр Огюст Мариетын олсон нэгэн булшны бичиг бүр ч их будлиан тарьсан юм. МЭӨ 1000-аад оны үед бичсэн  чулуун дээрх бичгээр бол  Сфинксийг  Египетчүүд  бариагүй, Хафра хааны эцэг Хуфу элс ухаж олж цэвэрлэн ил гаргасан гэж байжээ. Гэхдээ энэ бичиг нь уг болсон явдлаас хойш 1500 жилийн дараа бичигдсэн учраас эргэлзээ төрүүлж байгаа нь тодорхой. Зарим судлаачид энэ хөшөөг бүр 6000 жилийн настай гэж үзэх ба Сфинксийн нар салхи, ялангуяа борооны элэгдлийг тооцож үзэхэд ийм тоо гардаг аж. Цул хад чулуунд нөлөөлөх хэмжээний их бороо ордог байсан үе бол МЭӨ IV мянган байж. Иймэрхүү нууцлаг байдлаар сфинкс нь олон хүний сонирхлыг татаж, хэн яах гэж үүнийг байгуулав, хэзээ хийв, хэний нүүрийг харуулсан юм бол гэх мэт олон хариулт нь олдохгүй асуулт урган гарсаар...

Мөнхийн харуул

Сфинксийн хамар хэзээ яагаад алга болов?

Жуулчдад зориулсан хувилбар

Олон нийтэд тарсан ойлголтоор бол Напалеон Бонапартын цэргүүд Турк-Египетийн дайчидтай тулалдаж байх үед буудсан их бууны тэнэсэн сум нь Сфинксийн хамрыг онож үгүй болгосон гэдэг. Бас Францын эзэн хаан нь сфинксийн хамрыг тасалж аван нутагтаа, Парисийн Луврт тавих гэж байсан гэх бол өөр нэг хувилбараар франц цэргүүд буудлагын дасгал хийж байна гэж Сфинксийн хамрыг онилон буудсаар байгаад үгүй болгосон гэдэг аж.  Заримдаа муу муухай францчуудыг англичууд болон мамелюкаар солин ярих нь ч бий. Хэрвээ та Египетэд явж байгаад сфинксийн хамар алга болсон тухай асуувал тэд танд дээрх хэдэн хувилбарын аль нэгийг л хэлж өгөх болов уу.

Гэхдээ францууд, англичууд, мамелюкууд үүнд огт хамаагүй юм. 1810 онд болсон тулалдаан нь сфинксийн байгаа газраас нэлээд хол болсон учир  их бууны сум очиж онох боломж байхгүй. 

Энэ бүх яриа нь дэмий зүйл гэдгийг баталсан нэгэн баримт байдаг нь Данийн их аялагч Нордены 1737 онд зурсан зураг билээ. Түүний зурсан зурагт сфинкс нь хамаргүй зурагдсан байдаг. 

Сфинксийн хамар хэзээ яагаад алга болов?

Дундад зууны хувилбар

Египетийн түүхч аль-Макризигийн XIV зуунд бичсэнээр бол Агуу Сфинкс нь нутгийн тариачдын ариун шүтээн байжээ. Тэд энэ хөшөөг хур бороо, гол устай холбоотой нэгэн бурхан гэж үздэг, түүний хайр ивээлээр гол мөрөн нь усаар элбэг байснаар тариа будааны ургац өндөр байдаг гэж үзэж байнга  тахиж өргөл өргөдөг байсан гэнэ.

Гэтэл энэ байдал суфийн нэгэн хүнд огт таалагддаггүй байсан ба тэрээр иймэрхүү зүйлийг тахин шүтэх нь өөрөө нүгэлт хэрэг гэж үздэг байж. Ингээд төөрөгдөж байгаа олон түмнийг аврахын тулд Сфинксийг нураан устгах гэж оролдоод бүтэлгүйтжээ. Тариачид мань эрийг барьж аван зодож балбасаар алж орхисон гэдэг. Гэхдээ суфий эр Сфинксийн хамрыг ямар ч байсан гэмтээсэн гэх боловч яаж ганц хүн тэр том хамрыг унагасан, яагаад заавал хамрыг нь эхэлж устгасан бэ зэрэг олон ойлгомжгүй зүйлс байгаа юм.

Байгалийн нөлөө гэсэн хувилбар

Сфинксийн хамар унасан хамгийн боломжит шалтгааныг байгалийн нөлөө буюу салхи, чийгийн олон мянган жилийн үйлчилгээ байж болох юм гэж үздэг. Гэхдээ сфинксийн хамар унасан тэр үеийг одоо хүртэл тогтоож чадаагүй бөгөөд эртний Египетчүүд яагаад ч юм энэ тухай судар номдоо бичээгүй байдаг.

Гэхдээ Сфинксийн хөшөөнөөс алга болсон цор ганц эрхтэн нь хамар биш аж. Уг хөшөө нь нэгэг цагт хууз сахалтай байсан бөгөөд тэр хуузны үлдэгдлийг одоо Британийн болон Каирын музейд үзэж болно. Тэрхүү хуузыг хийсэн үе ч бас маргаантай. Мөн Сфинксийн нүүр царайг хэд хэдэн удаа өөрчилсөн гэж үздэг судлаачид ч бий. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()