Эдгэршгүй өвчин туссан 27 настай бүсгүйн бичсэн захидал

2020-03-31, 15:01
2,022

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид амьдардаг, 27 настай Холли Бутчер хэмээх эмэгтэй ховор тохиолдох хорт хавдрын улмаас удаан хугацаагаар өвдөж байгаад жил гаруйн өмнө нас барсан билээ. Бүтэн жил үхэлтэй тэмцэлдсэн боловч ялагдаж дийлдэхээ мэдсэний дараа тэрээр өөрийн фейсбүүкээр дамжуулан дэлхий дахины бүх хүмүүст нэгэн захидал илгээсэн бөгөөд түүний энэ энгийн боловч ер бусын үнэн үгс бүхий захиаг уншсан ямар ч хүний зүрх сэтгэл өөрийн эрхгүй зөөлрөх болов уу.

Эдгэршгүй өвчин туссан 27 настай бүсгүйн бичсэн захидал
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Түүний өвдөж зовж байхдаа ойлгосон хамгийн чухал зүйл нь амьдралын цаг минут болгон, гэр бүл, ойр дотнынхонтойгоо өнгөрүүлсэн мөч болгон асар их үнэтэй зүйл байдгийг мэдэрч түүнийг үнэлж хайрлаж сурахыг энэ бүсгүй захиа дээрээ бичсэн байна. Ингээд хүн болгон унших хэрэгтэй уг захианы зарим хэсгээс танилцуулъя.

“Ердөө 26-хан настай боловч чи удалгүй үхнэ гэдгээ мэдэрч, хүлээнэ гэдэг нэг л хачин. Ийм насны хүмүүс үхлийн тухай огт боддоггүй, бүх л амьдрал энэ чигээрээ үргэлжлэх юм шиг явдаг байх. Би ч бас өөрийгөө нэгэн цагт хөгширч, үрчлээ суусан буурал эмгэн болоод үр ач нараа тойруулсан сайхан гэр бүлтэй болж, насныхаа хайрыг олж хамтдаа амьдарч байх болно гэж төсөөлдөг байсан билээ. Одоо ч гэсэн ингэж мөрөөдөх бөгөөд ингэж бодох тусам элэг зүрх маань эмтэрч байна.

Амьдралд хамгийн гол зүйл юу вэ? Амьдрал бол эмзэг, үнэтэй, урьдчилж хэлж болох аргагүй зүйл. Тийм учраас шинэ өдөр болгон нь бурхны өгч байгаа бэлэг бөгөөд үүнийг жирийн нэгэн зүйл гэж битгий бодоорой.

Одоо би 27 настай, би амьдрахыг хүсэж байна. Би бүх амьдралынхаа туршид амьдралыг хайрлаж байж. Би аз жаргалтай ч байж... Энэ бол миний ойр дотнын хүмүүсийн маань ач. Ингээд одоо миний цаг дуусах болж байгаа бололтой.

Би энэхүү сүүлийн захиагаа бичиж байхдаа хэн нэг хүнийг үхлээс айдаг болоосой гэж бичээгүй бөгөөд хүн хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ бараг мэдэхгүй явдаг нь сайхан зүйл юм... Би энэхүү хэн хүнд тохиолдохгүй юм шиг санагдах үхлийн тухай л ярих гэсэн юм. Хэцүү хүнд зүйл мэт санагдах жижиг бэрхшээлийг үл тоож, бага зэргийн зовлонд шаналж гутралгүйгээр, харин өөрийн амьдралын тухай, бид бүгдийг хүлээж байгаа төгсгөлийн тухай бодож байгаасай гэж хүсэж байна. Хүн өөрийнхөө амьдралыг нэр төртэй, сайхан байлгаж бусад жижиг зүйлийг үл тоон хаяж байгаасай.

Би одоо өөрийн олон бодол санааг дор бичих бөгөөд сүүлийн саруудад надад энэ тухай бодох зав чөлөө их байжээ. Сонирхолтой нь энэ тохиолдлын гэмээр санаа бодол маань ихэнхдээ шөнө дунд ирдэг байсныг яана.

Хүний хийдэг тэнэг зүйлсийг ойлгох гэж хичээх үедээ (сүүлийн хэдэн сар би ийм явдлыг улам бүр сайн ялган хардаг боллоо) өөр бусад хүнд хэцүү нөхцөлд байгаа хүний тухай бодохыг хичээгээрэй. Таны бэрхшээл нь ердөө л нэг үл ялих зүйл байгаад баярлаж, бусад хүмүүсийн сэтгэл санаанд муугаар нөлөөлдөг байсан таны тэр жижиг асуудлыг одоо тоохоо больж, мартах хэрэгтэй.

Одоо гудамжинд гарч дүүрэн амьсгалаад тэнгэр ямар сайхан хөх өнгөтэй, өвс модны навч ямар сайхан ногоорсныг харж, сайн сайхан зүйл болгоныг мэдэр. Та амьсгалж байх боломжтой байна гэдэг чинь ямар сайхан, азтай зүйл гэдгийг нэг бодож үзээрэй.

Магадгүй та өнөөдөр авто замын түгжээнд өдөржингөө зогссон, хүүхэд тань уйлаад нойр дутуу яваа, үсчин үсийг тань хэтэрхий богино тайрсан, хиймэл хумс чинь мултарч унасан байж болно. Бүр та дэндүү жижиг хөхтэй юмуу эсвэл целлюлит бий болсон, гүзээ унжиж эхэлсэн байж ч магадгүй.

Энэ бүхнийг үл тоо. Таны энэ хорвоогоос явах цаг болоход эдгээрийн тухай та эргэж санах ч үгүй гэдгийг би баталж байна. Амьдралын сүүлийн мөчдөө өөрийнхөө амьдралыг эргэн харах үед эдгээр нь дэндүү өөдгүй, жижиг зүйл байх учир таны оюун ухаанд энэ бүхэн эргэн буухгүй юм.  Миний бие надад захирагдахаа больсоор байгааг би харж байгаа бөгөөд үүний эсрэг би юу ч хийж чадахгүй нь. Миний хувьд дахиад нэг төрсөн өдөр, эсвэл зул сарын баяр хийж, гэрийнхэнтэйгээ, хайртай хүнтэйгээ, нохойтойгоо цугтаа тэмдэглэх юмсан гэж мөрөөдөж байна. Ердөө л ганц ч гэсэн хоног дахиад байгаасай.

Хүмүүс дургүй ажлаа муулж, спорт зааланд явах гэж ямар их зовдог тухайгаа ярьж байхыг би сонсож байна. Та ийм юманд уурлаж дургүйцэж чадаж байгаадаа баярлах хэрэгтэй. Ажилдаа явж, спортоор хичээллэх гэдэг өдөр тутмын жирийн зүйл мэт санагдавч энэ нь таны биеийн байдал энэ бүхнийг хийж чадахгүй болох хүртэл л энгийн, жирийн зүйл мэт байна.

Би эрүүл байдлаар амьдрах гэж хичээж байсан төдийгүй энэ нь миний амьдралын нэг гол зорилго байсан юм. Өөрийн эрүүл мэнд, бүрэн бүтэн биеэ хайрлаж явах хэрэгтэй бөгөөд таны биеийн  хэлбэр галбир сайхан муухай байх нь энд огт хамаагүй юм шүү. Өөрийн биеийг харж, ямар сайхан зүйл болохыг мэдэрч, баярлах хэрэгтэй. Хөдөл, сайхан хоолоор эрхлүүл. Үүнийхээ төлөө битгий зов.

Эрүүл мэнд гэдэг бол биеийн нэг хэсэг төдий зүйл биш юм. Бас сэтгэл санаан, оюун ухааны аз жаргал олж авахын тулд ажилла. Ингэснээр та нийгмийн янз бүрийн мэдээллийн сувгаар бидэнд сурталчлан байгаа тэрхүү сайн, сайхан бие галбир гээч нь яг үнэндээ юу ч биш зүйл гэдгийг ойлгох болно. Нэгэнт энэ тухай яриа гарсан хойно та боломжтой бол таныг ямар нэг байдлаар эвгүй байдалд оруулж байгаа сошиал сүлжээнээс гарах юм уу, тийм хүмүүсээс харилцаагаа тасал. Найз нөхөд байсан ч хамаагүй. Өөрийнхөө сайн сайхан байдлын төлөө эвлэршгүй тэмц.

Өвчин зовлонгүй өнгөрөх өдөр болгонд баярлаж байх хэрэгтэй ба бүр ханиад томуу хүрээд гэртээ хэвтэж өнгөрүүлсэн, нуруугаа өвтгөсөн, шагайгаа булгалсан тэр өдрүүдийг ч бас бүү орхи. Эдгээр өвчнийг баатарлагаар тэвчиж өнгөрөөх хэрэгтэй. Энэ мэтийн өвчин зовлон нь таны амьдралд ямар ч аюул занал учруулахгүй, удахгүй бүх зүйл эргээд сайхан болно гэдгийг ойлгож, хүлээж аваарай.

Бага баашилж, нэг нэгэндээ аль болох их тусалж байгаарай.

Авахаасаа илүү өгөхийг бод. Хүн өөрөө өртөө ямар нэг юм хийхээс илүү бусдын төлөө юм хийх нь илүү сайхан байдаг юм. Би бусад хүнд хангалттай тусалж чадаагүйдээ харамсаж байна. Өвдөж эхэлснээсээ хойш би ер бусын хүч чадалтай, сайхан сэтгэлтэй олон хүнийг мэддэг болж, олон сайхан дулаан зөөлөн үг, үйлийг гэр бүл найз нөхдөөсөө, танихгүй хүнээс сонсож, хүлээн авч байлаа. Би энэ бүхнийг хэзээ ч мартахгүй, энэ хүмүүст үргэлж талархаж байх болно.

Зарж үрж амжаагүй мөнгө байж байхад...гэтэл чи удахгүй үхэх гэж байх гэдгээ мэдрэх их хачин санагдана. Хүн нэг л мэдэхэд урьд өмнөх шигээ янз бүрийн эд зүйлийг үл тоох үе гардаг юм байна. Энэ бүх материаллаг сонирхол, хэрэгтэй хэрэггүй шинэ цагийн моод болсон зүйлд ямар ч их мөнгө зардаг нь ямар тэнэг явдал байж вэ гэж өөрийн эрхгүй бодох болно.

Ээлжит даашинз, эсвэл гоо сайхны хэрэгтэй үгүй нь мэдэгдэхгүй элдэв эд хэрэглэл авч байснаас найз нөхдөдөө сайн сайхан зүйл хийж өг. Найз нөхдөө цуг хоол идэхээр хаа нэг газар урих, эсвэл тэдэндээ зориулж өөрөө хоол хийх нь ямар сайхан байдаг гэж бодно. Тэдэндээ кофе аваачиж өг, янз бүрийн цэцэг ургамал бэлэглэ, сайхан лаа зэрэг бэлэг бэлдэж байхдаа та бүхэндээ хайртай гэж дотроо хэлж бай.

Бусдын цагийг хайрла. Өөрийн цаг барьдаггүй зангаасаа болж бусдыг бүү хүлээлгэ. Хэрвээ та дандаа хоцордог бол арай эртнээс бэлдэж байх хэрэгтэй ба найз нөхөд тань тантай цуг цаг өнгөрөөхийг хүсэж байгаа болохоос таныг хэзээ ирэх бол гэж хүлээж суух гээгүй юм шүү. Цаг барьсны тань төлөө тэд бүхэн таныг хүндлэх болно. Бурхан ивээг, эгч дүүс минь ээ.

Энэ жил хэдийгээр шинэ жилийн гацуур мод маань өрөвдмөөр харагдаж байсан боловч бид нэг нэгэндээ бэлэг өгөхгүй гэж тохирсон нь зөв байжээ. Учир нь хүмүүс янз бүрийн бэлэг авах гэж цагаа үрэлгүй, ил захидал зэрэг зүйлд илүү их анхааралтай хандсан юм. Бас миний ойр дотнын хүмүүс маань надад бэлэг бэлдээд тэр нь удахгүй эзэнгүй хоцорно гэдгийг нэг төсөөлөөд үз. Хачирхалтай мэт боловч энгийн ил захидал нь миний хувьд үнэтэй гэнэт таарсан бэлгээс илүү сайхан зүйл байлаа. Энэ бүхнээс харахад сайн сайхан шинэ жил тэмдэглэхийн тулд заавал их бэлэг сэлт бэлдээд байх хэрэггүй юм байна. Цааш үргэлжлүүлье.

Мөнгийг сэтгэлийн хөдлөлд зориулж хэрэглэ. Үгүй дээ л алив нэг материаллаг хогонд бүх мөнгөө үрж байлаа ч эндээс сайн сайхан сэтгэл хөдлөл олж авахыг хичээ.

Алив аялал зугаалга, бүр ойрхон байх наран шарлагын газраар нэг ороод гарах байсан ч үүнд буурьтай хандах хэрэгтэй. Хөлөө далайн усанд дүрж, эргийн элсийг хөлийн хурууны завсраар орж байгааг мэдрэн, давстай усаар нүүр биеэ булхан угаа. Байгальд аль болох их байхыг хичээгээрэй.

Алив сайхан үеийг утас болон бусад хэрэгсэлд буулгаж авах гэж хичээхийн оронд  мэдэрч, түүгээрээ баярлаж, таашаал авч сур. Амьдрал гэдэг бол дэлгэцэд харагдах сайхан зурагны төлөөх тэмцэл биш... зүгээр л жаргах хэрэгтэй шүү дээ! Өөр бусдад тэр сайхан үеэ үзүүлэх гэж оролдох хэрэггүй.

Нэгэн чухал асуулт байна. Эмэгтэйчүүд өдрийн багагүй цагийг үс засалт, нүүр будагт зардаг. Ингэх ямар хэрэг байна вэ? Би эмэгтэйчүүдийн ийм занг ерөөсөө ойлгодоггүй юм.

  • Заримдаа эрт сэрж шувууд жиргэхийг сонсон, нар хэрхэн мандах тэр сайхан үеийг харах хэрэгтэй.
  • Хөгжим сонс... бүр жинхэнээр нь сонс. Хөгжим бол хүнийг эмнэгч эм. Ялангуяа хуучны хөгжмүүд үү!
  • Нохойтой тогло. Нөгөө ертөнцөд энэ маань их дутагдах болно.
  • Найз нөхөдтэйгөө ярь. Гэхдээ утсаар биш шүү. Тэд маань зүгээр биз?
  • Аялах хүсэл байвал аял. Ийм хүсэл үгүй бол битгий аял.
  • Амьдралын төлөө ажиллаж байгаа болохоос биш ажлын төлөө амьдарч байгаа юм биш шүү.
  • Танд баяр хөөр өгдөг аливаа ажлыг үнэн санаанаасаа хий.
  • Бялуу ид. Үүнийхээ төлөө өөрийгөө бүү зэмлэ.
  • Хүсэхгүй байгаа зүйл болгондоо үгүй гэж хэлж сур.
  • Сайхан амьдрал гэж ямар зүйл болох талаарх бусдын үг сургаалыг бүү дага. Магадгүй та өөрөөр амьдрахыг хүсдэг байж болох юм. Үүнд муу юм ер үгүй.
  • Ойр дотнын хүмүүстээ хайртай гэдгээ аль болох олон хэлж, тэднийгээ ч бүх л боломжоороо хайрла.

Хэрвээ та ямар нэг юмнаас болж гуньж гутарч байгаа бол, энэ нь ажил төрөл, хайр дурлал, ямар ч зүйлтэй холбоотой байсан хамаагүй, та энэ бүхнийг өөрчилж чадна. Ингэж өөрчлөх хүч чадалтай бай. Танд хичнээн хугацааны амьдрал үлдсэнийг бид мэдэхгүй учир энэ сайхан зүйлээ гуньж гутарч өнгөрүүлж болохгүй шүү. Та энэ бүхнийг олон удаа,бүр зуу зуун удаа сонссон байх. Гэхдээ энэ бол цэвэр үнэн юм шүү.

Бас энэ бол нэгэн жирийн эмэгтэйн амьдралын хичээлээс сурч ойлгосон зүйл. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй байлаа ч би таныг буруутгахгүй.

Бас нэг зүйл мартаж. Хэрвээ та хүн төрөлхтөнд (эсвэл надад) ямар нэг сайн үйл хийе гэж бодож байгаа бол цусаа тогтмол өгдөг хүн бол. Бас нэг хүний амь аврахад тус боллоо гэдгээ мэдрэн байх сайхан байлгүй яахав. Нэг удаа цусаа өгөхөд  3 хүний амийг аварч байна гэсэн үг. Хүн болгон үүнийг хийж чадах бөгөөд, хийхэд ч хэцүү зүйл биш шүү дээ.

Бусад хүмүүсийн өгсөн цусны ачаар би дахин нэг жил амьд явж чадлаа. Гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгөө, нохойтойгоо дахин нэг жил. Миний амьдралын хамгийн сайхан үе болох бас нэг жил. Үүний төлөө би үргэлж талархаж явах болно....

... дахин уулзах хүртлээ.

Холли

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()