Онгоцны ослын газарт ажилладаг эрийн сонирхолтой яриа

2020-08-05, 21:36
42,104

Роберт Женсен өөрийн амьдралыг гамшигт явдлын дараа цэвэрлэгээ хийхэд зориулжээ. Амиа алдсан хүмүүсийг хэн байсныг тогтоох,  тэдгээрийн ар гэрийнхэнд санаа тавих, мөн хохирлыг нь барагдуулах ажиллагаа гэх мэт дэлхийн хамгийн хэцүү ажлуудын нэгийг тэрээр нэр төртэйгээр гүйцэтгэдэг байна.

Онгоцны ослын газарт ажилладаг эрийн сонирхолтой яриа
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Женсений хувьд гамшигт үйл явдал гэдэг бол зүгээр л нэг сонингийн нүүрэн дэх гарчиг биш юм. Тэрбээр 1995 оны Оклахомад гарсан алан хядах ажиллагаа, 2001 онд Пентагоныг онгоцоор мөргөсөн халдлага, "Катрина" хар шуурганы дараа хүмүүсийг эрэн сурвалжлах ажиллагаануудад баатарлагаар оролцсон нэгэн. 

Тэрээр олон хэргийн газар дээр ажиллаж, амиа алдагсдаас үлдсэн бичиг баримт, хувийн эд зүйлс, хувцас, гутал зэргийг олж, гэр бүлд нь буцааж өгөх ажлыг гүйцэтгэжээ. Хохирогчдын гэрийнхэнд жижиг зүйлс ч чухал дурсамж болон үлддэгийг тэрээр онцолсон юм.

Женсений удирддаг "Кеньон: ОУ-ын яаралтай тусламж" байгууллага нь нэг жилд томоохон сүйрэл гарсан 10-аад газарт ажилладаг бөгөөд нийтдээ 27 ажилтантай ч тухайн нөхцөл байдлаас хамаарч нэмэлт хүч авах нь бий. Ингэхдээ хамгаалалтын алба эсвэл шүүхийн шинжилгээний багийнхнаас тусламж авдаг байна.

Ослын газраас олдсон эд зүйл болон эзнийх нь хоорондын хамаарлыг олж илрүүлэхэд багагүй урт хугацааны ажил шаарддаг байна. Үүний тулд онгоцны буудлын камерын бичлэг, бүр хоолойн бичлэгийг ч сонсох шаардлага гардаг бөгөөд эдгээр нь жижигхэн ч гэсэн ихээхэн тус болдог ажээ.

Нэг удаа онгоцны сэг дундаас олдсон машины түлхүүрний эзэн нь хэн байсныг тогтоохын тулд авто үйлдвэрлэгч дээр очих шаардлага гарсан байна. 

Шинжээчид түлхүүрийг судлан машины серийн дугаарыг нь олж, улмаар тус машин Испанид зарагдсаныг тогтоожээ. Ингээд Женсен тус улсад очиж, эрлийн баазыг улам лавшруулсаар талийгаач хэн байсныг олж мэдсэн байна.

Нас барсан хүний эд зүйлийг судлах нь хохирогчийн хэн гэдгийг илрүүлэхээс ч хэцүү байдгийг тэрээр дурджээ.

"Хүний цогцсыг шинжлэх нь үзлэг хийж байна л гэсэн үг. Харин хувийн эд зүйлсийг нь шинжилснээр хэрэв амьд байсан бол талийгаачийн бараг л найз нь болно доо. Ямар хөгжим сонсдог байсан, нөүтбүк дээрээ юу хадгалсан гээд л. Хүний цогцос бол зүгээр л цогцос, харин эд зүйлсэд нь бүхэл бүтэн амьдрал нь агуулагдаж байдаг" гэжээ.

Энэ ажлын хамгийн хэцүү нь амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнтэй уулзах явдал юм. Ихэвчлэн хэрэггүй найдвар үлдээлгүй бүх зүйлийг шууд тодорхой хэлэх нь зүйтэй байдаг аж. 

Нислэгийн компаниуд "Кеньон"-оос тусламж авах үед Женсен нэн түрүүнд хохирогчийн гэр бүл рүү мэдэгдэж тухайн осол гарсан газрын ойролцоо байрлах буудалд өрөө түрээсэлдэг бөгөөд нас барагсдын ар гэрийнхэн хаана ч байсан ирдэг аж. 

Хүмүүст итгэл найдвар өгөхийг хүсдэг ч Женсен хатуу үнэнийг шууд хэлэхээс өөр аргагүй байдаг гэнэ. Эмгэнэлт мэдээг дуулгах гэж байгааг мэдэгдэхэд хүмүүс ойлгож, хүүхдүүдээ өрөөнөөс гаргаж, бэлтгэлтэй болдог ажээ. Дараа нь хохирогчийн эд зүйлсийг хайх үйл ажиллагаа эхэлдэг байна. 

Эд зүйлсийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөх маш утга учиртай бөгөөд ийнхүү сүүлчийн үлдээсэн эд зүйлсийг авсан хүмүүс сэтгэлийн тайтгарлыг багахан ч болов мэдэрдэг гэж хэлж болох юм. 

Эрлийн ажиллагаа дууссаны дараа осол болсон газраас олдсон эд зүйлсийг цэвэрлэж, боон савлаж Их Британийн жижигхэн хот Брекнелл дахь оффистоо хүргэдэг байна.

Дотроосоо энэ нь энгийн нэг оффис мэт харагдаж байгаа ч маш их зүйлсийг агуулдаг. Эд зүйлсээс гадна химийн гаралтай осол гарсан газарт өмсөх хамгаалалтын хувцаснууд, бусад хэрэгслүүд байна. Сонирхолтой нь фотошоп дээр олдсон эд зүйлсийн зургийг засч, ар гэрийнхэнд нь амархан таниулахаар болгодог ажилтан бас бий.

Эд зүйлс хамгийн ихдээ 2 жил хадгалагддаг бөгөөд эдгээрийг авахыг хүсдэггүй хүмүүс ч байдаг.

Женсен өөрөө үхлийн талаар бодож айдаст автдаггүй бөгөөд энэ нь хий дэмий цагаа үрсэн хэрэг гэж боддог аж. "Учирч болох аюулын талаар бодлоо гээд амьд үлдчихгүй шүү дээ" гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()