Орчин цагийн хамгийн алдартай бадарчид (Тэдний хувь заяа хэрхэн эргэсэн бэ?)

2020-08-05, 23:22
4,239

АНУ-ын Мэн мужийн Ром хотын цагдаа нар хэдэн арван жил мөшгөсний эцэст буюу 2013 онд нууцлаг "бадарчин"-ыг барьж чадсан байна. Кристофер Найт гэгч нь 27 жилийн туршид ойн гүнд амьдарсан бөгөөд хүмүүсээс тусгаарлагдмал байсан ч хулгай хийх зорилгоор амралтын газар, дэлгүүр, хувийн сууц зэргээр ордог байж. Тэрбээр 1000 гаруй хулгайн хэрэгт холбогдоод байсан юм. Бид та бүхэнд уг бадарчны адилаар амьдарч ирсэн хүмүүсийн тухай сонирхолтой мэдээллийг бэлдлээ. 

Орчин цагийн хамгийн алдартай бадарчид (Тэдний хувь заяа хэрхэн эргэсэн бэ?)
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Кристофер Найт (Christopher Knight)

Кристофер Найт 1965 онд төрсөн бөгөөд 1986-2013 хооронд ойд амьдарсан. Тэрбээр боломжийн амьдралтай гэр бүлд өссөн бөгөөд компьютерийн мэргэжилтнээр сурах хүсэлтэй байжээ. 

Кристофер Найт (Christopher Knight)

Гэвч тэрбээр яагаад ч юм хотын амьдралаас залхаж ойд амьдарч эхэлжээ.

Сүүлд нь цагдаа нарт баригдсаныхаа дараагаар Найт уг шийдвэрийг Чернобылийн ослоос болж гаргасан гэсэн ч эцэст нь зүгээр ганцаараа байхыг хүссэн тухайгаа хэлжээ. 

Цагдаа нарын хийсэн мөрдлөгийн явцад Найт ойд амьдарч байх хугацаандаа 1000 гаруй хулгайн хэрэгтэй холбоотой байж таарсан ч тэдгээр нь зайлшгүй шаардлагатай хоол ба ном гэх мэт зүйлс байжээ.

2013 оны 10-р сарын 28-ны өдөр Найтыг 7 сарын хорих ялаар шийтгэсэн байна. Мөн эд зүйлсээ алдсан хохирогчдод тэрээр 2.5 мянган ам.долларын нөхөн төлбөр өгөх шаардлагатай болжээ. 

2 Кристофер Маккэндлесс (Christopher McCandless)

Кристофер Маккэндлесс нь орчин цагийн хамгийн алдартай бадарчин байсан. Тэрбээр өндөр боловсролтой нэгэн байсан ч бусдын нөлөөнд хэт автаж, даяаршлын болон нийгмийн эсрэг үзэлтэн болжээ. Ийм учраас тэр сайн дураараа төрөлх хотоосоо явж Аляскийг зорьсон байна.

Кристофер Маккэндлесс (Christopher McCandless)

Крисийн эцэг эх удалгүй хүү нь OXFAM (Оксфам) хэмээх ядууралтай тэмцэх ОУ-ын байгууллага руу 24 мянган ам.доллар шилжүүлээд өөрөө алга болсныг олж мэджээ.

Залуу Аляскад замын унаанд дайгдан хүрч, ойн дундаас хаягдсан автобус олон тэндээ амьдарч эхэлжээ. Автобусанд 113 өдрийг өнгөрүүлснийхээ дараа буюу 1992 онд Маккэндлесс үл мэдэгдэх ойн жимсэнд хордож үхсэн байна. 

Шүүхийн шинжилгээгээр бадарчин тухайн оны 8-р сарын 18-нд нас барсан бөгөөд үүнээс 19 өдрийн дараагаар л хүмүүс цогцсыг нь олсон аж.

Маккэндлессийн аяллаас сэдэвлэсэн "Into The Wild" хэмээх кино хийгдсэн байдаг. 

3 Масафуми Нагасаки

Өмнө нь зурагчин байсан Масафуми Нагасаки одоогоос 20 жилийн өмнө соёлт ертөнцийг орхиж, Окинавагийн бүлэг арлуудын нэг болох Сотобанари хэмээх эзэнгүй бяцхан арал дээр амьдрах болжээ.

Масафуми Нагасаки

78 настай тэрээр тун ануухан харагдах бөгөөд тамхи татаж, будаа идэж, гадуур чармай нүцгэн явдаг. 7 хоног бүр тэрээр ойролцоо тосгонд очин хамаатнуудынхаа явуулсан мөнгийг авч, цэвэр ус, цагаан будаа базаан аралдаа эргэж ирнэ.

Өөрийгөө нийгмийн бус байгалийн хуулиар амьдрах ёстой гэж тэрээр үздэг гэнэ. Түүнийхээр бол хүн нэгэнт байгалийг эзэгнэж чадахгүй тул захирагдан амьдрахаас өөр аргагүй аж.

 "Эмнэлэгт ойр дотныхноороо хүрээлүүлэн амьсгал хураах нь бусдын сонголт. Харин би байгалийг сонгоно. Үүнээс дээр үхэл байгаа гэж үү?" хэмээсэн байна.

4 Максим Кавтарадзе

Гүржийн даяанч лам Максим Кавтарадзе нь Катсхигийн багана хэмээх 40 метр өндөр ургаа хадны дээр 1997 оноос хойш амьдарч байгаа аж. Ойролцоо байдаг Чиатурагийн сүмийн залуу лам нар түүнд ус, хоолыг нь авчирч өгдөг байна. 

Максим Кавтарадзе

Даяанчийн хувьд 7 хоногт хамгийн ихдээ 2 удаа доошоо бууж, бусад лам нартай залбирал үйлддэг.

Түүний хэлснээр ингэж даяанчлах нь өнгөрсөн амьдралынх нь гэм нүглийн төлөөс аж. Залуу байхдаа тэрээр архи их уудаг байсны зэрэгцээ хар тамхины наймаа хийсний улмаас шоронд хоригджээ. Суллагдсаныхаа тэрээр үлдсэн амьдралаа бурханд даатгасан байна.

5 Тимоти Трэдуэлл (Timothy Treadwell)

"Баавгай эр" хочтой тэрээр иргэншлээс зугтан Аляскад очиж, 13 жил амьдарчээ. Байгаль орчны төлөө тэмцэгч, баавгай судлаач, кино найруулагчийн мэргэжилтэй бөгөөд хүмүүсийг хотод амьдрахаас татгалзаж, байгальдаа эрүүл амьдрахыг уриалдаг байв.

Тимоти Трэдуэлл (Timothy Treadwell)

Их сургуульд сурч байхдаа нэгэн кинонд өөрийн хүссэн дүрдээ тоглож чадаагүй тул сэтгэл гутран архинд орж, мансууруулах бодис хэрэглэн хэсэг байсны эцэст зэрлэг байгальд гарахаар шийдсэн байна.

Харамсалтай нь 2003 онд Тимоти Трэдуэлл болон түүний найз охины цогцос Аляскийн зэрлэг байгалаас олдсон байна. Үргэлж судалж, бас хайрлаж хамгаалдаг байсан баавгайдаа тэд бариулсан байлаа.

6 Карп болон Акулино Лыков нар

Эхнэр нөхөр хоёр өнгөрсөн зууны 30-аад оноос тайгад амьдарч эхэлжээ. Үүнээс өмнө тэд Оросын Абакан голын эрэг дээрх Тиши гэдэг тосгонд амьдардаг байв. 

Хамтралжуулах ажил тосгонд нь өрнөж, цаашид тайван амьдарч чадахгүйгээ мэдсэн хоёр Саяны нурууны аглаг тайга руу явсан байна. 

Карп болон Акулино Лыков нар

Тэд уулын горхины дэргэд модон овоохой босгож, ан гөрөө хийн загас барьж, ойгоос мөөг, самар түүн амь зогоож эхлэв. Мөн ногооны талбайтай болж, хэт цахиураар гал асааж, олс түүн хувцас нэхдэг болжээ.

1978 онд геологчдийн бүлэг тэднийг санамсаргүй олсон байна. Бүл нэмсэн хос хоёр дэлхийн 2-р дайн гараад дууссан, Хирошима, Нагасакиг бөмбөгдсөн зэрэг 40 жилийн хугацаанд болсон томоохон үйл явдлуудаас ганцыг ч мэдээгүй байжээ.

Эхнэр нөхөр хоёрын тусгаарлагдмал амьдрал харамсалтайгаар дууссан юм. Хүмүүсээс хол байсан тул тэр хоёр ямар ч дархлаагүй болсон байжээ. Анх уулзсан геологчдоос тэд вирусын халдвар авч, улмаар 1988 онд Карп нас барсан байна. 

Тэр хоёрын охин Агафя өдгөө 74 насыг зооглон амьдарч байна.

7 Дэвид Глашин

1987 онд хөрөнгийн зах зээл унасны улмаас саятан Дэвид Глашин 6.5 сая фунтыг алджээ. Ингээд тэрээр соёлт ертөнцийг орхихоор шийдсэн байна.

Дэвид Глашин

Хэдий ихээхэн мөнгө алдсан ч бүр мөсөн хоосроогүй тул тэрээр Австралийн умард эргээс холгүй Ренессанс хэмээх жижигхэн арлыг 43 жилээр түрээслэн авсан байна. Түрээсийн жилийн төлбөр 13,000 фунт байв.

Арал дээр интернет тавиулсан тул тэр цахимаар хувьцааны тоглолт хийж, үргэлжлүүлэн мөнгө олж эхлэв. Түүнчлэн арал дээрээ нарны зайн хураагуур суурилуулж, байнгын цахилгаантай болжээ.

Глашин мөн ногоо тарьж, загас, хавч барьж, өөрөө шар айраг исгэн уудаг байна.

Тэрээр Кваси нохой, "Лусын дагина" нэртэй эмэгтэй манекентай хамт амьдрах тул төдийлөн ганцаарддаггүй.

8 Тед Качински (Ted Kacyzinski)

Теодор Жон Качинскийд Холбооны мөрдөх товчооноос "UNiversities and Airlines BOMbings" гэдэг үгсийн товчлол "УНАБОМБЕР" гэх хоч өгсөн нь их сонирхолтой шалтгаантай.

Тед Качински (Ted Kacyzinski)

24 жилийн турш нийгмээс тусгаарлагдан амьдрахынхаа өмнө тэрээр гоц ухаантан хэмээн нэрлэгддэг байв. Тед 20 настайдаа их сургуулиа төгсөж, 26-тайдаа математикийн ухааны доктор профессор болсон байна. Гэвч нэгэн үе тэрээр сэтгэцийн хямралд орж, улмаар орчин үеийн технологиос айх болжээ.

Беркелигийн их сургуульд хэсэг хугацаанд ажилласныхаа дараа ажлаа хаяж, Монтанагийн уулс дунд өөрийн барьсан модон байшин руугаа нүүжээ. Удалгүй тэр өөрийн гэсэн үзэл санаатай болж, цахилгаан, орчин үеийн багаж хэрэгсэл ашиглахаа болив. Өөрийн бүтээлээ туурвихдаа компьютер биш бичгийн машин хэрэглэдэг болжээ.

Энэ бүхний үр дүнд Тед Качински терроризмын хэргээр бүх насаараа хоригдох ял авав. 1978 оноос эхлэн тэрээр онгоцны буудлууд руу "байгалийг сүйтгэх үйл явцыг зогсоо" гэсэн шаардлагатай, тэсрэх бөмбөг бүхий илгээмжүүдийг байнга явуулах болсон нь үүнд хүргэжээ.

Тэрээр нийт 16 хайрцаг илгээмжийг явуулсан юм. Дэлбэрэлтийн улмаас 3 хүн амиа алдаж, 26 хүн шархаджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()