Дракулагийн амьдарч байсан цайз өнөө цагт хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Бран цайз бол Румыний хамгийн чухал дурсгалт газруудын нэг бөгөөд домогт Дракула уг цамхагт амьдарч байсан гэдгээрээ алдартай. Гэхдээ энэхүү цайзын түүх ард олны дунд тархсан түүхээс тэс өөр гэнэ. Ингээд алдарт Дракулагийн цайзтай танилцацгаая.

Дракулагийн амьдарч байсан цайз өнөө цагт хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Хаах
Сурталчилгаа

Бран цайз нь одоогийн Румын улсын Брашов гэх газарт байрладаг аж. Уг цайзыг Брашовын иргэд цус сорогч гүнгийн тушаалаар бус харин өөрсдийн гараар, өөрсдийн хөрөнгөөр байгуулсан гэнэ.

XIV зууны үед Туркийн халдан түрэмгийлэгчид энэ газар нутаг руу удаа дараа довтолж байсан учир Унгарын хаан Брашов нутгийн оршин суугчдын алба гувчуурыг багасгаж, хариуд нь энэхүү газар хамгаалалтын цайз барих санал тавьсан аж. Үүнээс гадна хилийн зурвас байгуулах хэрэгтэй ч гэж үзсэн байна.

Ингээд иргэд хааны саналыг зөвшөөрч хадны орой дээр бат бөх хана бүхий сүрлэг цайзыг барьсан бөгөөд дотор нь олзлогсдыг байлгах гол зорилготой байжээ. 

Сонирхолтой нь Браны цамхгийг барихаас өмнө буюу  1212 онд Тевтоний тушаалаар Дитрихштейн модон цайз барьсныг монголчууд 1242 онд сүйтгэсэн түүхтэй. 

ХХ зууны эхэнд Брашовын иргэд цайзыг Румыний нэгдүгээр Фердинанд хаанд бэлэглэж, харин хаан өөрийн хатан болох Мариад шилжүүлсэн байна. Мариа нь оросын хаан  II Александрын ач байсан гэнэ. Хатан хааны тушаалаар цайзыг сэргээн засварлаж, хиймэл нуур, усан оргилуур бүхий гайхалтай цэцэрлэгт хүрээлэнтэй болгосон байна. Ямар ч цус сорогч байхгүй шүү.

Хадан дээр байрладаг учир шатаар дээш өгсөх хэрэгтэй.

Хатан хаан Мариа цайзыг охин Илеандаа өвлүүлсэн бөгөөд дайны үеэр Илеана эмнэлгийн журмаар ашиглах болсон байна. Гэвч 1948 онд хатан хааны гэр бүл Румынаас хөөгдөж, цайзад хар бараан өдрүүд нүүрлэж эхэлжээ. 1950 оны үед цайзыг феодалын нийгмийг харуулсан музей болгох санаа гаргасан боловч Бран он цагийн эрхэнд элэгдсэн байсан юм. Цайзыг сэргээн засварлах ажил бараг 40 жил үргэлжилжээ.

Браны цайз өвлийн улиралд.

Харин 2000 онд  цайзыг Мариа хатны ач болох Доминик Габсбургт шилжүүлэн өгсөн байна. Хааны ургийн хүн болох Габсбург АНУ-д удаан хугацааны туршид амьдарсан архитектурч байсан учир цайзыг гайхалтайгаар өөрчилж чаджээ. Харамсалтай нь дотор нь байсан хуучны бүх эд зүйлсийг музейд хүлээлгэж өгсөн учир Габсбург зүгээр л хоосон үлдсэн гэнэ.

Үүдэнд байх сахиус.

Орчин үеийн дотоод засал чимэглэл.

Цайзын голд орших гадна талбай

Гэхдээ Браны цамхаг алдарт цус сорогч Дракула буюу Влад Цепештэй холбоотой болов уу? Энэ талаар хэд хэдэн тайлбар байдаг боловч аль нь ч бодит үнэн гэсэн баталгаа байдаггүй. Зарим нь Дракула анд гарахынхаа өмнө энэхүү цайзад хэдэн шөнийг өнгөрүүлсэн гэж ярина. Харин зарим нь түүнийг цамхгийн ойролцоо байрлах ойд ан хийдэг байсан гэж ч үздэг.

Түүнчлэн цайзын хонгилын өрөөнд туркууд Дракулаг хорьж байсан гэх ч энэ түүх мөн л албан ёсоор батлагдаагүй юм. Ерөнхийдөө Влад Цепеш зүгээр л Бран цайзын "хажуугаар өнгөрч" байсан нэгэн бололтой.

Цамхаг доторх бүх тавилгыг дахин шинээр хийсэн байна.

Браны цайзыг ийнхүү цус сорогчдын ордон мэт ойлголтыг төрүүлэхэд хоёр хүн нөлөөлсөн аж.

1897 онд зохиолч Брэм Стокерийн хамгийн анхны зохиол хэвлэгдсэн бөгөөд уг зохиолд Трансильваний аймшигт цус сорогч болох Дракула буюу Влад Цепешийн талаар өгүүлсэн байдаг. Уг ном маш олон уншигчдын анхаарлыг татсанаар Трансильвани бараг л цус сорогчдын орон болсон байна.  Уншигчид Дракулагийн амьдарч байсан цайзын байршлыг тодорхойлох оролдлого хэд хэдэн удаа хийж эцэст нь Браны цайз дээр буусан аж. Учир нь Стокер цамхгийн талаар маш дэлгэрэнгүй бичиж, хажуудаа хоёр бэхлэлттэй болохыг хүртэл дурьдсан байна.  Гэтэл үнэн хэрэгтээ Стокер хэзээ ч Румынд очиж байгаагүй бөгөөд Бран цайзыг ч харж байгаагүй гэнэ. Энэ зүгээр л нэг давхцал эсвэл зохиолч цайзыг ямар нэг зураг дээр харсан байх магадлалтай. Эсвэл зохиолчийн бүтээлч чадвар гайхалтай нууцлаг цайзыг зохиоход нөлөөлж, харин Бран цайзүнэхээр үлгэр домгоор баялаг юм болов уу. Ямар ч байсан Стокерийн номын эхний нүүрэн дээр Бран цайз бий. Азаар орчин үед Бран цайзыг номын зохиолын баатрын амьдарч байсан газар гэж үзэх болжээ.

Харин цайзын шинэхэн эзэн Доминик Габсбург эртний түүхийг нь ашиглаж орлого олохоор шийдсэн байна. Цайз дотор дундад зууны үеийн музей байрлах бөгөөд үүнд бууны цуглуулга, эрүүдэн шүүлтийн багаж зэвсгүүд байгаа аж. Жуулчид Дракулатай холбоотой бэлэг дурсгалын зүйлийг худалдаж авч болно. Үүнээс гадна цамхгийг аймшгийн баяр хийхээр түрээслэх ч боломжтой.  Ийнхүү Румыний аймшигт түүх бүхий цайз  орчин үеийн түүхийн дурсгалт газар болжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()