1
Илүү их алхаарай
Долоо хоногт дор хаяж 4 удаа 30-40 минут алхах хэрэгтэй. Гэхдээ энд үнэндээ дээд хязгаар гэж байхгүй, гол зүйл бол өөрийгөө хэт их ядраахгүй байх явдал юм. Хэрэв удаан алхах нь танд хэцүү байвал тодорхой хугацаанд хуваан алхаж болно. Хоол идсэнийхээ дараа бага ч болов алхах хэрэгтэйг санаарай. Энэ нь цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулахаас гадна бодисын солилцоог эрчимжүүлэх бөгөөд ингэснээр илүүдэл өөх тос хуримтлагдахаас сэргийлнэ.
Сөрөг, таагүй сэтгэл хөдлөлийн тухайд ч мөн адил хамаарна. Сэтгэлээр унаад байна уу? Алхах хэрэгтэй. Энэ нь таны сэтгэл санааг дээрдүүлэхийн хажуугаар илчлэг шатаах болно. Ингээд нэг сумаар хоёр туулай буудах нь байна шүү дээ!
2
Эрчээ нэмэгдүүлээрэй
Алхаа тань илүү их эрчимтэй байх тусам их хэмжээний илчлэг шатааж чаддаг. Энэ бол ердийн нэг таамаг биш, шинжлэх ухаанаар батлагдсан судалгаа юм. Алхах явцад хурдаа өөрчлөх буюу нэмэгдүүлэх нь тогтмол хурдаар алхсантай харьцуулахад 20 хувиар илүү илчлэг шатаадаг байна.
Жишээлбэл, та таван минутын турш хэвийн хэмнэлээр алхаж, гучин секундийн турш хурдаа нэмж, дараа нь гучин секундийн турш удаашруулж, хэвийн хэмнэлээр алхаж болно. Хамгийн гол нь зүрхээ хэт ачаалахгүйн тулд гүйхгүй байх явдал юм.
3
Явган явахдаа гараа савлаж байгаарай
Гаднаасаа харахад инээдтэй харагдаж магадгүй ч гараа далайцтай хөдөлгөх тусам их илчлэг шатаадаг. Ингэснээр биеийн дээд хэсгийн булчинг хөгжүүлэхэд тусалдаг.
4
Аль болох өгсүүр замаар явах
Өгсүүр замаар алхах үед биед мэдрэгдэх ачаалал ихэсдэг. Хэрэв та уул, толгодгүй газарт амьдардаг бол шатаар өгсөх боломжтой юм. Үүний зэрэгцээ, дасгал нь илүү үр дүнтэй байхын тулд авирахдаа биеэ урагш бөхийлгөж, богино алхам хий, мөн доошоо буух үеийнхээсээ илүү өвдөгөө нугалах хэрэгтэй. Энэ нь үе мөчний хэт ачааллахаас сэргийлнэ.
5
Зөв байрлалаа хадгал
Явган явахдаа нуруугаа тэгш байлгах хэрэгтэй юм. Мөр, хүзүүгээ сулласан байх ёстой. Энэ нь бие махбодыг хөдөлгөх үед булчинг илүү нарийн ажиллуулахад туслах ажээ.
6
Өөртөө зорилго тавь
Улиг болсон сонсогдож болох ч тодорхой зорилго, тэр байтугай хүрэх гэж байгаа зүйлийнхээ талаар тооцоололгүйнээс болж олон хүн хүссэн жиндээ хүрч чадахгүй байдаг. Үүнтэй ижил нөхцөл байдалд орохгүйн тулд та зорилгоо тодорхойлох хэрэгтэй юм.
Эхлээд алхаагаа аажмаар нэмэгдүүлж таван мянган алхмаас эхлээрэй. Улмаарг арван мянга, дараа нь арван таван мянгад хүргэхийг хичээгээрэй!
Хэр их алхаснаа өөрөө хэмжиж мэдэхгүй байвал ухаалаг утасныхаа эрүүл мэндийн аппликейшны тооцооллыг ашиглаарай.