"Лондоны их өмхий" - Дэлхий даяар цэвэрлэх байгууламжийн хэрэгцээг авчирсан гамшгийн түүх

Хэт халуунд бүгчим агаарт байж, суухад мэдээж хэрэг хүн бүрт хэцүү байна. Тэгвэл түүхэнд "Great Stink" буюу "Их Өмхий" хэмээн тэмдэглэгдэн үлдсэн нэгэн гамшгийн тухай хүргэе. "Standard" сонинд бичсэнчлэн 1858 оны 6-р сарын дунд үе гэхэд Лондон хотын агаарын температур хэдэн өдөр дараалан цельсийн 30 градус хүртэл халж, үүнтэй зэрэгцэн хотын дундуур урсах Темза мөрний ус өмхийрчээ.

"Лондоны их өмхий" - Дэлхий даяар цэвэрлэх байгууламжийн хэрэгцээг авчирсан гамшгийн түүх
Хаах
Сурталчилгаа

Тухайн үед Лондон хотод бохирын систем өнөөгийнх шиг боловсронгуй байсангүй. Тиймээс хотын нийт бохир, амьтдын сэг зэм, муудсан хоол хүнс зэрэг хүмүүст хэрэгцээгүй болсон бүхий л хаягдлыг Лондончууд Темза мөрөн рүү хаядаг байв. 

Харин үйлдвэрлэлийн хог хаягдалд бойны газрын сэг зэм, эрэг дагуух арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн химийн бодис багтаж байв.

Тухайн үед Темзагийн боржин чулуун эрэг хараахан баригдаагүй байсан бөгөөд хүмүүс голын усанд живж нас барах нь элбэг байжээ. 

Үүнээс гадна морь нь бүх тээврийн хэрэгцээг хангадаг байсан тул  хотын гудамжинд асар их адууны хомоол хуримтлагддаг байв. Их хэмжээний бохирдолд ялаа, шавж цугладаг байсан нь иргэд үй олноор суулгалт, хижиг өвчнөөр өвчлөх шалтгаан болсон гэж шинжээч тайлбарласан юм.

Ингээд бохирдол 1858 оны хэт халуунд улам дордож, хотыг бүхэлд нь өмхий үнэр бүрхсэн байна. Мөрөн рүү ойртоход л бөөлжис хүрэм бохир агаар угтаж байсан ажээ.

Энэ явдал түүхэнд "Их өмхий" гэж нэрлэгдэх болсон бөгөөд бодит амьдрал дээр энэ нь  хий хоосон хэтрүүлэг байсангүй.

1850-аад оны үед Лондон 2.5 сая гаруй хүн амтай, ундны усны нэгдсэн түгээлт, цэвэр бохирын системгүй дэлхийн хамгийн том хот байв.

Чарльз Диккенс 1850-аад онд бичсэн "Бяцхан Доррит" роман дээрээ Темза мөрнийг "Хотыг дундуур урсах үзэсгэлэнт голын оронд шавартай хутгалдсан бохир урсаж байсан" гэж дүрсэлж байжээ. 

Хамгийн аймшигтай нь Темзад цутгадаг голуудын дийлэнх нь Темзатай дүйцэхүйц бохирдсон нь ундны усны эх үүсвэрийг аюулд оруулсан байна. Улмаар Лондончуудын дунд "зуны суулгалт" гэсэн нэр томъёо өргөн тархсан бөгөөд олон хүн хижиг өвчнөөр шаналж байснаас тэр аж. Үүгээр зогсохгүй хумхаа өвчин тархаж, олон мянган хүний амийг авч одсон юм.

Мөрөн бүхэл бүтэн хотыг дайран өнгөрдөг тул үүнээс зайлсхийхэд хэцүү байсан нь ойлгомжтой. Ялангуяа ойрхон очих үедээ нүүрээ маск эсвэл даавуугаар таглахаас өөрөөр тэвчихийн аргагүй аймшигтай үнэр ханхалдаг байсан гэнэ. 

Шинээр баригдсан орон сууцнууд голын ойролцоо байрладаг байсан бөгөөд Темза руу харсан цонхтой өрөөнд байх оршин суугчдад туйлын хүнд байсан гэнэ. Ингээд тэд амьдрахын эрхэнд хөшиг рүү цайруулагч гэгддэг кальцийн гипохлорит цацдаг байв.

Тус бодисыг үйлдвэрлэгчид өмхий үнэрийг дарна гэж мэдэгдэж байсан боловч үнэн хэрэгтээ энэхүү бодис нь аймшигтай үнэрийг дарж дийлэхгүй, сулхан агаар цэвэршүүлэгч төдий зүйл байсан юм.

Энд "аймшигтай" гэсэн үгийг шууд утгаар нь ойлгох хэрэгтэй бөгөөд хүмүүс өмхий үнэрт цөхөрч байсан гэнэ. Үүний хажуугаар зарим өвчин усаар дамжин халдварладаг гэдгийг тухайн үед хүмүүс дөнгөж мэдэж эхэлж байсан ажээ.  

Мөрний эрэг дээрх Вестминстерийн ордонд сууцгаадаг парламентын гишүүд зуны халуун өдрүүдэд, өмхий үнэр дунд хуралдсан нь болж буй үйл явдлын талаар яаралтай арга хэмжээ авах гол хөшүүрэг болсон байна.

Тухайн үед Санхүүгийн канцлераар ажиллаж байсан Бенжамин Дизраели  (Benjamin Disraeli) асуудлыг шийдэх ажлын хэсгийг ахалсан байна. Түүний санал болгосон хуулийн төслийг парламентын гишүүд 18 хоногийн дотор баталжээ.

1858 оны 7-р сарын 15-нд Дизраели парламентын гишүүдэд хандан: "Их Британий бахархал болсон энэ гол манай худалдаачдын их үйлс, яруу найрагчдын уран мөрүүдтэй холбоотой хэдий ч өдгөө намаг болон хувирч, тэсвэрлэхийн аргагүй аймшигтай үнэртэй болжээ. Үүнээс улбаалж хүн амын эрүүл мэнд эрсдэлд орж, Темзийн усан дахь бараг бүх амьд биетүүд устаж үгүй ​​болоод байна. Түүний эрэг дагуу оршин суугчдыг мөн адил хувь тавилан хүлээж байгаа нь айдас дагуулж байна" гэж..

Ийнхүү бохирдлыг шийдвэрлэх төсөл 1858 оны 8-р сарын 2-ны өдөр хуульчлагджээ. Тэр өдөр хотын түүхэн дэх хамгийн том инженерийн байгууламжийг хэрэгжүүлэх санхүү, эрх мэдлийг парламентаас гүйцэтгэгч нарт олгожээ. Дараа жил нь ажил эхэлж, төслийн удирдагчаар Жозеф Базалжет (Joseph Bazalgette) томилогджээ.

Базалжет хотын бохир зайлуулах системийг боловсруулсны зэрэгцээ Темза мөрний эргийг боржин чулуугаар хамгаалсан юм.

Кросснесийн цэвэрлэх байгууламж

Бохирыг сайтар боловсруулсан шахуургын станцуудыг ашиглан соруулдаг болсон бөгөөд үүнд алдартай Кроснес, Эбби Миллсийн станцууд багтжээ. Гэхдээ тэр үед соруулсан бохирыг зэлүүд газарт мөн л гол руу цутгаж байсан ч 20-р зуунд энэ явдал зогсож, цэвэрлэх байгууламжаар солигдсон байна.

Базалжетийг Лондончуудын эрүүл мэндийн төлөө их зүйл хийсэн баатар гэж нэрлэдэг.

Лондон хотын ус, ариун цэврийн байгууламжид өдгөө шинэчлэл хийж байгаа бөгөөд хотын хүн ам 2030 он гэхэд 10 саяд хүрэх төлөвтэй байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()