Гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга болсон Витасын нууцлаг амьдрал

2020-11-12, 15:05
43,488

2000-аад оны эхэн үед байлдан дагуулж байсан дуучин Витас “Опера №2” дуугаараа олны анхааралд өртөж оросын хамгийн нууцлаг, авъяаслаг уран бүтээлчдийн тоонд багтсан юм. Залуу дуучин ийнхүү нэг дуугаараа л хөгжмийн ертөнцийн бүхий л амжилтыг эвдсэн гэхэд болно. Тэр өөрийнхөө хувийн амьдралын талаар төдийлөн ярьдаггүй байсан нь түүнийг нууцлаг гэгдэхэд нөлөөлсөн бөгөөд хэдэн жилийн дараа Витас анх гарч ирсэн шигээ гэнэтхэн ор сураггүй алга болсон. Харин одоо энэхүү нууцлаг уран бүтээлч хаана, юу хийж яваа бол?

Гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга болсон Витасын нууцлаг амьдрал
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

Мэдээж, тэр өөр гаригаас ирээгүй. Витас 1979 онд Латвийн Даугавпилс хотод төрсөн бөгөөд түүний бүтэн нэр нь Виталий Владасович Грачев юм.

Залуу Виталий Грачев өвөөгийнхөө хамтаар.

Харин Витас гэдэг нь дуучин залуугийн латви нэр боловч Витасыг төрмөгц тэдний гэр бүл Одесса руу нүүсэн учир тэрээр Латвид тийм ч удаан амьдраагүй гэнэ. Тэр багадаа хөгжмийн сургуульд баян хуур дарж сурсан ба тэрээр хүүхэд байхаасаа л урлагт хайртай хүү байсан ажээ.

Оросын хамгийн нууцлаг уран бүтээлч

Виталийгийн өвөө түүнийг цэргийн хүн болгох мөрөөдөлтэй байсан бол эцэг нь түүнийг хөл бөмбөгчин болгохыг хүсэж байсан гэнэ. Харин хүү өөрийн хүсэл, сонирхлоо дагаж, урлагийн тайзанд гарахыг хүссэн учир 14-хөн насандаа “Опера №2” дуугаа бичсэн бөгөөд тэрээр сургуулиа төгссөн даруйдаа дуу хөгжмийн ертөнцийг байлдан дагуулах аялалд гарсан байна. Ингээд Москвад ирж залуухан продюсер Сергей Пудовкинтэй хамтран ажиллах болсноор “Опера №2” дууны клипээ гаргав.

Витас болон түүний продюсер Сергей Пудовкин

Витас 2000 оноос эхлэн соло уран бүтээл хийх болсон нь түүний амьдралын бас нэгэн шинэ үе байсан юм. Энгийн нэгэн залуу Виталий Грачеваас нууцлаг, алдартай дуучин Витас гарч ирсэн бөгөөд тэрээр зөвхөн дуугаараа төдийгүй, өвөрмөц гадаад төрхөөрөө бусдын анхаарлыг татсан.

Дууны клипэн дээр залуугийн хүзүүн дээр заламгай байсан нь түүнийг удаан хүгацааны туршид усгүй байж чаддаггүй, хоёр нутагтан хүмүүс болох Ихтиандрагийн үр сад гэх цуурхал тарааснаар барахгүй,  зүрхээ өөрөө зогсоож, нөгөө ертөнцтэй холбогдож чаддаг нэгэн мэтээр хэвлэл мэдээлллийн хэрэгслээр шуугиж эхэлсэн билээ.  Хэдий чинээ энэ төрлийн мэдээ гарна, төдий чинээ дэлхий даяар нууцлаг залуугийн талаар мэдэх хүсэл нэмэгдэж байсан юм.  

Дуучин залуу сэтгүүлчдэд ярилцлага өгөхөөс татгалзаж, харин түүний продюсер нь багахан мэдээлэл өгч байсан аж. Энэ талаар хожим нь 2019 онд өгсөн ярилцлагандаа тэрээр:

"Бүх зүйл бага багаар, шат дараалалтай явах хэрэгтэй. Хүмүүсийн зохиосон цууу яриа, элдэв нууцууд, төсөөллийн түүх гээд бүх яриа бидний маркетинг болж байсан. Учир битүүлэг зүйлийг хүмүүс бүр ч илүү сонирхож, нууцыг нь олж мэдэхийг хүсдэг шүү дээ.”  гэжээ.

Витасыг эстрадад хөл тавьсны дараа түүний гайхалтай хоолой бусдын анхаарлыг татсан бөгөөд энэ үед Сергей Пудовкин нь Витасын хоолойны онцлогийг тайлбарлаж, энэ хоолойтой байхад Сергей Пенкиний 4 октавыг ч давж дуулах боломжтой гэж үзсэн байна.

Мэргэжлийн хүмүүс анх Витасын хоолойг өвөрмөц, ер бусын авьяас биш харин компьютерийн тусламжтай гаргадаг хуурамч гэж байжээ. Харин продюсер нь өөрийн уран бүтээлчийг өмгөөлөн түүнийг үргэлж амьд тоглолт хийдэг талаар мэдэгдэл хийдэг байсан ба Витас ч үүнийг баталж, үзэгчдийнхээ өмнө амьдаар дуулдаг байв. 

Мөн хөгжмийн шүүмжлэгчид Витасыг нэгэн хэвийн уйтгартай дуу дуулдаг хэмээн шүүмжилснээс хэсэг хугацааны дараа Витасын карьер унаж, тэр олны хараанаас гарсан байна. Түүний алга болсон талаар мөн л их цуу яриа гарч, дунд нь залуу дуучныг согтууруулах ундаанд донтсон гэх мэдээлэл тархсан юм. 

2007 онд дуучин залуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, 2 жилээр эрхээ хасуулсан бол 2013 онд тэр дугуйтай эмэгтэйг дайрч, азаар эмэгтэй амьд гарсан. Мөн тэрээр цагдаагийн албан хаагчийн биед халдаж, эмчийн үзлэгт хамрагдахаас татгалзсан аж. Шүүх хурлын үеэр тэр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, олны өмнө уучлалт гуйсан байна.  

2018 онд Витас дахин нэгэн асуудал дэгдээсэн нь гэрийнхээ гадаа буюу Рублёвкагийн ойролцоо шувуу буудсан хэрэг байсан ба үүнээс болж 7 хоног хоригдсон аж.  Эдгээрээс болж олон нийт түүнийг карьераа алдсанаасаа болж буруу замаар орсон гэж амнаас ам дамжин цуурч байсан юм. 

Дуучин залуу 2018 он.

Гэтэл үнэн хэрэгтээ энэ бүх хугацаанд Витас дуугаа эх орондоо бус харин хилийн чанадад үргэлжлүүлэн дуулж байсан гэнэ. Тэрээр дэлхийн 10 гаруй орноор аялан тоглолт хийж, Хятад улсыг өөрийн дуу хоолойгоор байлдан дагуулсан байна.

Хятадын Витасыг дэмжигчдийн клуб сая гаруй гишүүдтэй бөгөөд тэд Витаст зориулж Шанхайд лааны тосон баримал барьжээ.  Үүнээс гадна дуучин залуу Хятадад хэд хэдэн кинонд дүр бүтээсэн бөгөөд кино үзэгчдийн таашаалд нийцсэн байна. Харин эх орондоо тэр зурагтын нэвтрүүлгээр л сонсогчидтойгоо уулзаж байсан юм.

"Мулан" кинонд дүр бүтээсэн Витас, 2009 он.

Дуучин залуугийн гэр бүлийн амьдрал удаан хугацааны туршид нууц хэвээр байсан билээ. Саяхнаас Витас эхнэр, хоёр хүүхэдтэй болох нь ил болжээ. Тэрээр эхнэртэйгээ 19 настай байхдаа театрт танилцаж байсан гэнэ. Витас Светланад анхны харцаар дурлаж, энэ үеэс хойш тэд огт салаагүй бөгөөд хамтдаа Москваг зорьсон аж.

Дуучин гэр бүлийнхээ хамтаар.

Витас өөрийн карьерыг орхих бодолгүй байгаа бөгөөд АНУ, Мексик, Бразилаар аялах зорилготой байгаа аж.  Тэрээр өөрийн гадаад төрхийг өөрчилж, хэд хэдэн англи дууг дуулж, америкийн хип-хоп дуучинтай хамтарч дуу хүртэл бичүүлсэн байна. 

Одоо Витас 41 настай бөгөөд  дахин алдрын оргилд дахин мандахыг нь хэн ч үгүйсгэж чадахгүй биз.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()