XX зууны хамгийн сайхан эр Ален Делоны генийг өвлөн төрсөн хүүхдүүдийн амьдрал

2020-11-14, 16:10
18,984

Тэрээр 100 гаруй кино, олон ангит кинонд дүр бүтээсний зэрэгцээ түүний оролцон тоглосон театрын жүжгүүдийг үзэх гэж мянга мянган хүмүүс үзвэрийн танхимд цуглардаг байсан юм. Түүний амьдрал аз жаргалтай, гайхалтай хайр сэтгэлийн түүхээр дүүрэн байсан бөгөөд энэ хугацаандаа 4 хүүхэдтэй болжээ. Гэвч тэрээр хүүхдүүдээ хүлээн зөвшөөрөх тал дээр нэлээд асуудалтай нэгэн аж. Ингээд жүжигчин эрийн хүүхдүүд хаана, юу хийж байгаа талаар сонирхоцгооё.

XX зууны хамгийн сайхан эр Ален Делоны генийг өвлөн төрсөн хүүхдүүдийн амьдрал
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Кристиан Аарон Булонь (Christian Aaron Boulogne)

Германы алдарт дуучин Нико (Nico) болон Ален Делон нар хэсэг хугацаанд амрагийн холбоотой байжээ. Дуучин бүсгүй 1962 онд хүү төрүүлсэн боловч Ален Делон түүнийг хэзээ ч хүүгээ гэж хүлээн зөвшөөрч байгаагүй бөгөөд цаашдаа ч хүлээн зөвшөөрөхгүй болохоо хэлсэн байна. Гэвч бүх асуудалд цэг тавих боломжтой ДНХ-ийн шинжилгээг өгөхөөс тэрээр татгалзсан юм.

Кристиан Аарон Булонь (Christian Aaron Boulogne)

Хүүгийн нэрийг Ари Пэффген гэдэг байсан бөгөөд Ален Делоны эцэг эхийн гэрт бага насаа өнгөрүүлжээ. Хожим нь жүжигчний хойд эцэг Поль Булонь хүүг үрчлэн авч өөрийнхөө овгийг өгсөн байна. 

Эмээ нь Ариг өөрийнх нь ач хүү гэдэгт итгэлтэй байсан учир түүнд маш их анхаарал хандуулж, төрсөн хүү шигээ өсгөж хүмүүжүүлсэн юм. Харин Ален бага байхад нь хайраар дутааж өсгөсөн ээждээ төдийлөн таатай ханддаггүй байв. Эцэг эхийндээ ирэх үедээ Ален хүүхдээсээ зугтаж, аль болох түүнтэй таарахгүй байхыг хичээдэг байсан гэнэ.

Ари хэсэг хугацаанд католик коллежид суралцаж, харин дараа нь нарийн боовчноор ажилласан байна. Тэр үед нь хүмүүс эцгийнх нь талаар асуухад маш их баярладаг байсан аж. 

Гэвч эцгийнх нь өөрт нь хандах хандлага өсөж том болсон ч өөрчлөгдөхгүй байлаа. Хүү гэрэл зурагчин мэргэжилтэй болж хэд хэдэн кинонд туслах дүр бүтээж, дурсгалын ном гаргасан байна.

Нэгэн удаа Ален Аригийн нүд рүү харж “Чи хэзээ ч миний хүү болохгүй. Бид зүгээр л найзууд” гэж хэлэх үед Аригийн хувьд эцэг гэх хүн үгүй болсон гэнэ.

Хожим Ари буюу Кристиан Аарон Булонь хар тамхины хамааралтай болж, тэр ч байтугай комд орсон ч донтолтоосоо салах талаар огт бодож байгаагүй аж. Түүнийг цус харван эмнэлэгт хүргэгдэж, сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байхад ч Ален түүнд туслаагүй.

Ари ч эцгээсээ ямар нэг зүйл хүлээхээ больсон бөгөөд өөрийн хүү Шарль болон охин Бланш нар нь түүний мэдэрсэн "хэнд ч хэрэггүй" байдлыг битгий мэдрээсэй гэж хүсдэг учир хүүхдүүддээ цаг зав хангалттай зарцуулдаг байна.

2 Энтони Делон (Anthony Delon)

1964 онд Ален Делон болон жүжигчин Натали Бартелеми нарын дундаас Энтони хүү төржээ. Хосууд хамтдаа 4 жилийг өнгөрүүлсэн бөгөөд дараа нь хувь хувийнхаа карьерийг хөөх болсноор Энтони дураараа, эрх чөлөөтэй, эцэг эхгүй мэт өссөн байна.

Хэдийгээр багаасаа биеэ даасан ч Энтонигийн хүүхэд наснаас үлдсэн хамгийн том дурсамж нь айдас гэнэ. Тэрээр эцгээсээ маш ихээр айдаг байжээ. Ален 5 настай хүүтэйгээ бараг л насанд хүрсэн хүнтэй харьцаж байгаа мэт харьцдаг байсан аж.

Энтони Делон (Anthony Delon)

Ийнхүү эцэг эхийн анхаарал халамжаас холуур өссөн Энтони 18 насандаа хууль бусаар биедээ зэвсэг авч явсан, автомашин хулгайлсан хэргээр 10 сарын хорих ял авч, нэг сарыг нь биеэр эдэлсэн аж.

Гэхдээ тэрээр 19 насандаа өөрийн гэсэн хувцасны үйлдвэртэй болж багагүй амжилтанд хүрсэн байна. Гэвч эцэг нь хүүгээ түүний нэрийг ашигласан хэмээн буруутгаж шүүхэд гомдол гаргажээ. Үүнээс гадна татвар ихтэй байсан нь Энтониг энэ төрлийн бизнесээс татгалзахад хүргэсэн гэнэ.   

Ингээд тэрээр зугаа цэнгээний салбарт хүч үзэхээр шийдэж, хэд хэдэн шөнийн клубын хамтран эзэмшигч болсон ч тэр даруй шахагдан гарсан байна.  Эцэст нь Энтони АНУ-ыг зорьж, кинонд тоглох болжээ.

Энтони Делон зурагтын нэвтрүүлэгт оролцож, театрын тайзнаа гарах дуртай бөгөөд хүмүүс түүнийг эцэгтэй нь харьцуулахад ихээхэн дургүй байдаг аж. Хэдийгээр тэр өөрийн жүжигчний карьерийг нэлээд орой эхлүүлсэн ч амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байгаа юм.

3 Анушка Делон (Anouchka Delon)

Франц жүжигчин болон Нидерландын модель Росали ван Бремен нарын охин Анушка Делон 1990 онд төрсөн байна. Тэрээр хамгийн анх 12 настай байхдаа эцгийнхээ хамт Жозеф Кесселийн “Lion” дэлгэцийн бүтээлд тоглосон аж.

Анушка нь Алены хүсэн хүлээсэн хүүхэд байсан учир охин юугаар ч дутаагүй өсжээ. Тэрээр Парисын "Cours d'art dramatique René-Simon" сургуулийг дүүргэж, 2011 оноос хойш "Буфф-Паризьен" театрт ажиллаж байгаа гэнэ.

Анушка Делон (Anouchka Delon)

Тэрээр хааяа кинонд тоглож, аав нь жүжигчний карьераа дуусгах хүртэл түүнтэй хамтаар театрын тайзнаа гарч байсан аж. Шүүмжлэгчид Анушкаг алдартай жүжигчин болох магадлал өндөртэй гэж дүгнэсэн байна. 2020 оны 2-р сард Анушка ээж болсон учир хэсэг хугацаанд жүжигчний карьераа орхижээ.

4 Ален-Фабьян Делон (Alain-Fabien Delon)

Анушкаг төрсний 3 жилийн дараа Ален Делон болон Росали ван Бремен нар Ален-Фабьен Делон хэмээх хүүтэй болсон байна. Хүүг 7 настай байхад Делон, Бремен нар салсан нь түүний хүмүүжилд сөргөөр нөлөөлсөн юм.

Өсвөр насандаа Фабьян хар тамхи хэрэглэж эхэлсэн бөгөөд эх нь түүнийг донтолтын эмчилгээнд явуулах гэтэл Ален Делон хүүгээ өсгөх эрхээ өөртөө авсан аж.

Ален-Фабьян Делон (Alain-Fabien Delon)

17 насандаа Фабьян эцгийнхээ хамт шүүхийн хаалга татсан байна. Учир нь тэр үдэшлэгийн үеэр аавынхаа буугаар зочноо буудаж шархдуулсан аж. Эцэг хүү хоёр багагүй торгууль төлж ялаас мултарсан гэнэ.

Энэ нь бага Делоны хувьд нэлээд том сургамж болсон бололтой. Тэр энэхүү явдлаас хойш дахин ямар нэгэн асуудалд орооцолдоогүй бөгөөд жүжигчний болон моделийн карьераа босгож эхэлсэн юм.

Фабьян хамгийн анхны гол дүрээ 2011 онд “Je m'appelle Bernadette” кинонд бүтээсэн бол 2 жилийн дараа Ян Гонсалесийн “You and the Night” кинонд дахин тогложээ. 2014 оноос Фабьян сурталчилгаанд тоглох болж жилийн дараа "Dior"-ын нүүр царай болсон гэнэ.  2019 онд тэр өөрийн анхны номоо хэвлэн гаргасан байна.

Өдгөө бага хүү нь Алентай хамт байж, цус харвасан түүнийг асарч байгаа гэнэ. Тэрээр өөрийн цахим хуудсандаа эцэгтэйгээ авахуулсан зургаа нийтлэж, шүтэн бишрэгчдэд нь зориулж аавынхаа эрүүл мэндийн талаар байнга бичдэг байна.

Мэдээж Ален Делоныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр "хамгийн муу эцэг" хэмээн цоллож байсан. Харин францчуудын хувьд тэр үндэсний бэлгэ тэмдэг, бахархууштай хүмүүсийн нэг яах аргагүй мөн юм.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()