Дайн дууссанаас хойш 30 жилийн турш ганцаараа бууж өгөлгүй тэмцсэн Япон цэргийн түүх

2020-11-22, 14:45
2,562

Бүх цэргүүд зэвсгээ хаяж, тулаанаа зогсоосон үед л дайн дуусдаг гэсэн үг бий. Хэрэв тийм бол Дэлхийн 2-р дайн энх тайвны гэрээнд гарын үсэг зурснаас хойш бараг гучин жил үргэлжилсэн гэсэн үг юм. Тодруулбал ширэнгэн ойд үлдэж, бүх зүйл аль хэдийн дууссан гэдэгт итгэж чадахгүй байсан цөөн хэдэн Япон цэрэг, офицеруудын хувьд дайн 1945 оноос хойш дахин 30 жил үргэлжилсэн байна. Ийм түүх хэд хэд байдаг боловч "зөрүүд цэргүүд" -ийн хамгийн алдартай нь Онода Хироо байсан юм.

Дайн дууссанаас хойш 30 жилийн турш ганцаараа бууж өгөлгүй тэмцсэн Япон цэргийн түүх
Хаах
Сурталчилгаа

Энэ хүн мэргэжлийн цэргийн албан хаагч ч байсангүй. Сургуулиа төгсөөд тэрээр хувийн худалдааны компанид ажилд орж, бизнесмен болсон боловч хэтийн төлөвлөгөө нь дайны улмаас тасалджээ. 1942 онд Онода цэрэгт татагдан эх орондоо чадах чинээгээрээ зүтгэхийн тулд хичээнгүйлэн бэлтгэл хийж эхлэв. 

Сургуулилтын дундуур түүнийг яаралтай Филиппин рүү илгээсэн байна. Шууд дэслэгч цол хүртсэн тэрбээр хорлон сүйтгэх тусгай отрядын командлагч болж, дайсны шугамын ард цэргийн ажиллагаа явуулахад бэлдэж эхлэв.

Тэрээр Филиппиний Лубанг арал руу илгээгдэхээсээ өмнө штабын даргаасаа дараах тушаалыг авчээ.

“Амиа хорлохыг хатуу хориглоно! 3-5 жил тэсэх ёстой. Бид таны араас заавал ирнэ. Та ядаж нэг цэргийг амьд үлдээхийн төлөө бүхнээ зориул. Давтан хэлье, амиа хорлохыг хатуу хориглоно!"

Арал дээр хорлон сүйтгэх бүлэг дөнгөж ирэхэд Америкийн арми Японы фронтыг хялбархан бут цохисон тул Онодагийн бүлэглэл тушаалын дагуу партизаны дайн эхлүүлэхээр ууланд бүгсэн байна. Хоёр байлдагч, нэг бага дарга Онодагийн удирдлага дор байв. Тэдэнд винтов, хос гранат, 1500 ширхэг сум л байжээ. Энэ явдал 1944 оны намар болсон байна.  Харин 1945 оны 9-р сарын 2-нд Япон улс үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурав.

Ууланд бүгсэн Онода тэргүүтэй партизанууд удалгүй дайн дууссан тухай Америкийн ухуулах хуудсыг олж үзжээ. Үүгээрээ дайснууд тэднийг мэхлэх гэж оролдож байна хэмээн Онада бодож, бууж өгөхөөс татгалзсан байна. Ийнхүү жил орчим хугацаанд Японы партизануудын салангид бүлгүүд тулалдсаар байжээ. Хироогийн багийнхныг төрөлх нутагт нь амиа алдсан гэж бүртгэсэн байсан юм.

Уг хачирхалтай дайны дараагийн хэдэн жилийн хугацаанд тэдний отрядаас нэг цэрэг амь үрэгдэж, өөр нэг цэрэг бууж өгсөн байна. Үлдсэн хоёр болох Онода, бага дарга Козука нар бууж өгсөн цэргийг урвагч гэж үзээд байршлаа даруй өөрчилж, тэмцлээ үргэлжлүүлсэн юм. Ширэнгэн ойд бөглүү хэсэгт тэд газар доор маш сайн далдалсан хоргодох байр ухаж, эрлийн багуудаас нуугдаж байв. Заримдаа тэднийг хайж явсан Филиппиний цагдаа нар руу гал нээх ч тохиолдол гардаг байжээ. 

Тэдгээр жилүүдэд Онада нутгийн тариачдад ихээхэн төвөг учруулжээ. Тэд хоёр япон эрийг "ойн чөтгөрүүд" гэж нэрлэдэг байсан бөгөөд эд зүйл, хоол хүнсийг нь зэвсгээр сүрдүүлэн булаахад яаж ч чаддаггүй байжээ.

Гучин жилийн турш Онода ба түүний цорын ганц цэрэг ширэнгэн ойд зүдрэлгүй амьдрах чадвартай болсон байна. Тэд тав хоног тутамд байршлаа сольж, мөр хөөж байж болзошгүй мөрдөгчдийг төөрөлдүүлж байв. Мөн өнгөлөн далдлалтын жинхэнэ мастерууд болж, уул дамжин чимээгүй нүүж, ойн шувуудын жиргээнээс хүн ойртож байгаа эсэхийг нь мэдэж чаддаг болжээ.

Хоол тэжээлийн асуудлын хувьд тэд ширэнгэн ой, тариалангийн талбайгаас хүнсээ цуглуулдаг байв. Гадил, наргил мод, ойн харх, зэрлэг тахиа зэрэг нь тэдний гол цэс байжээ.

Мөн нутгийн тариачдын гэрээс болон мод бэлтгэгчдийн отгоос шаардлагатай бүх хэрэгцээгээ (давс, чүдэнз, заримдаа хувцас, лаазалсан хүнс) хулгайлан авдаг байсан байна. Халуун орны гол асуудал болох хорт шавьж, могой, бүгчим халуун, чийгшилд дасан зохицож сурчээ. 

Өдөр бүр тэр хоёр далдуу модны утсаар шүдээ цэвэрлэж, эрүүл ахуйг сахихыг хичээн зөвхөн буцалсан ус уудаг байв. Гучин жилийг ширэнгэн ойд өнгөрүүлэхдээ тэд хоёр удаа л халуурч байжээ.

1965 онд Онода нэг айлаас хүлээн авагчийн транзистор хулгайлж овоохойдоо авчран радио хийснээр даян дэлхийд юу болж байгааг мэдэж чаддаг болжээ. Гэхдээ тэр хоёр радиогоор сонссон зүйлсдээ бүрэн итгэсэнгүй. Онода шинэ Япон орныг Америкийн утсан хүүхэлдэй, харин жинхэнэ Японы эзэнт гүрэн Манжуурт байсаар байгаа гэж боджээ.

Мөн тэрээр Вьетнамын дайны тухай сонсоод өдрөөс өдөрт бэлэн байдлаа хангасаар байсан юм. Улмаар эх орныхоо ялагдалд итгэхийг хүсээгүй Онода даргынхаа тушаалыг үргэлжлүүлэн биелүүлж, партизаны дайнаа дахин эхлүүлсэн байна. Нийтдээ эдгээр "байлдааны ажиллагаа" -ны үеэр Онода, бага дарга хоёр Филиппиний нисэх хүчний радарын бааз, албан тушаалтнууд, цагдаа нар, тариачид руу 100 гаруй дайралт хийжээ. Үүний үр дүнд тэр хоёр 30 хүнийг хөнөөж, 100 гаруй цэрэг, энгийн иргэдийг хүнд шархдуулсан байна. 

Ийм дайралт бүрийн дараа Филиппиний цагдаа нар "ойн чөтгөрүүд" -ийг хайж байсан боловч барьж чадаагүй юм.

Онода Хироо, Норио Сузуки нар

Гэсэн хэдий ч энэ нь үүрд үргэлжлэх боломжгүй байв. 1972 оны 10-р сарын 19-нд Филиппиний цагдаа нар Онодагийн цорын ганц цэрэг, зэвсэг нэгт нөхөр Киншичи Козукаг буудан хөнөөжээ. Тэр жилдээ Японы засгийн газар дайны төгсгөлд итгээгүй үнэнч дайчдаа буцааж авах арга хэмжээг авч эхэлжээ. Ингэснээр Онодагийн отряд цорын ганц биш байсан нь тогтоогдсон юм. Дараагийн хоёр жил ширэнгэн ойд ганцаараа үлдсэн Онодагийн хувьд хамгийн хүнд хэцүү үе болов.

1974 оны 2-р сард арал дээр Норио Сузуки хэмээх япон оюутан ирж, зөрүүд элэг нэгтнээ олж уулзахаар шийджээ. Гайхалтай нь ердөө дөрөв хоногийн дараа тэрээр Онодаг ширэнгэн ойгоос олж, уулзан ярилцаж чаджээ. Гэсэн хэдий ч Онода даргынхаа тушаалыг зөрчиж чадахгүйгээ хэлж, бууж өгөхөөс татгалзав.

Ингээд Японы засгийн газраас Эзэн хааны армийн бэлтгэл хошууч, тагнуулын ангийн командлагч асан Ёшими Танигүчи-г яаралтай олохыг даалгажээ. Онодад тушаал өгч байсан тэрбээр энэ хугацаанд номын дэлгүүрт олон жил ажиллаж байж. 1974 оны 3-р сарын 9-нд Танигүчи дүрэмт хувцасаа дахин өмсөөд Лубанг руу нисч Онодатай холбоо барьж түүнд дараах тушаалыг өгчээ.

“1. Эрхэм дээдсийн зарлигийн дагуу бүх цэргийн ангиуд байлдааны ажиллагаа явуулахаас чөлөөлөгдсөн.
2. Байлдааны ажиллагааны  "2003-А" дугаарт зарлигийн дагуу 14-р армийн жанжин штабын тусгай бүлэг бүх үйл ажиллагаанаас чөлөөлөгдсөн болно.
3. 14-р армийн жанжин штабын тусгай бүлэгт захирагддаг бүх анги, цэргүүд байлдаан, маневраа нэн даруй зогсоож, хамгийн ойр байрлах офицеруудын удирдлага дор орох ёстой. Хэрэв боломжгүй бол АНУ-ын арми эсвэл холбоотнуудын армитай шууд холбоо барьж, зааврыг нь дагаж мөрдөх ёстой."

Маргааш нь Онода өөрийг нь олон жил мөшгисөн радарын станц дээр очиж Филиппиний эрх баригчдад бууж өгөв. Тэрээр 1945 онд Япон улс бууж өгсөн нь үнэн болохыг мэдээд нулимс дуслуулжээ.

Онода өөрийн винтов, зуугаад сум, чинжаал, самурай сэлэмнээс гадна газрын зураг, Танигүчи-д зориулсан отрядын үйл ажиллагааны тайланг гардуулж өгсөн байна. Харин Филиппиний цэргийн ангийн дарга сэлмийг нь Онодад буцааж өгөөд түүнийг "үнэнч дайчны үлгэр жишээ" гэж нэрлэв. 

Хэдий Онодаг аллага, дээрмийн хэргээр цаазаар авах ялаар шийтгэх ёстой байсан ч тэрээр өршөөлд хамрагдаж, хоёр хоногийн дараа эх орондоо ёслол төгөлдөр буцаж ирсэн байна.

Японд Онодаг баатар шиг угтаж авав. Нисэх онгоцны буудлаас тэр том ах, 86 настай аав, 88 настай ээжийгээ олж харжээ. Агуу эр зоригийн энэ жишээг олон нийт янз бүрээр хүлээн авч байсан боловч ихэнх япончууд түүний тууштай, үнэнч занг биширч байсан юм.

Өөрчлөгдсөн амьдралд дасан зохицож чадахгүй хэвээр байсан Онода дурсамж, эргэцүүллийн хэд хэдэн ном бичиж, эрүүл залуу үеийг хүмүүжүүлэх зорилгоор "Байгалийн сургууль" төрийн бус байгууллагыг байгуулжээ. 

Хироо 2014 оны 1-р сарын 16-нд Токио хотод 91 насандаа таалал төгссөн ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()