Гоц ухаантан, луйварчдын хаан, орголтын мастер Стивен Жей Расселлын амьдралын түүх

2021-01-02, 11:30
6,286

Бүх хүмүүс өөр өөр зүйл үзэж туулдаг. Чухамдаа хүмүүс туулсан зүйлээсээ болж ямар зан авир, мэргэжилтэй болох нь аажимдаа тодорч ирдэг билээ. Америкийн иргэн Стивен Жей Расселл асар өндөр оюуны чадавхитай (IQ нь 163) хэдий ч амьдралын онцлогоосоо болон луйварчин болсон юм. Тэрбээр олон жилийн туршид асар их хэмжээний хөрөнгө залилсан учраас "Луйварчдын хаан" гэсэн хоч авчээ.

Гоц ухаантан, луйварчдын хаан, орголтын мастер Стивен Жей Расселлын амьдралын түүх
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

Түүний эцэг эх Дэвид, Жоржиа Башам нар Стивенг нялх байхад нь айлд үрчлүүлэн өгчээ. Тэрбээр 9 настайдаа өөрийгөө өргөмөл хүүхэд гэдгийг мэдээд төрсөн ээж, аавыгаа идэвхтэй хайж эхлэв. Гэхдээ үүнтэй зэрэгцэн тэрбээр юмс сүйтгэж галдан шатааж эхэлснээр асуудалд орох болжээ.

12 настайдаа Стивен анх удаа засан хүмүүжүүлэх газар руу илгээгдсэн байна. Тэрбээр хоригдож байхдаа өөрийгөө ижил хүйстэн гэдгийг, мөн асар өндөр IQ-тэй болохоо олж мэдсэн байна.

Ахлах сургуулиа төгсөөд тэрбээр Гэмт хэргийн үндэсний мэдээллийн төвийн мэдээллийн сан руу нэвтрэх, дээр нь жинхэнэ эцэг эхээ олох далд зорилгоор цагдаагийн байгууллагад ажилд орсон байна. Рассел удалгүй эцэг эх нь өөрийг нь өргүүлсний дараа эргэн нийлсэн төдийгүй 3 хүүхэдтэй болсон гэдгийг мэдэж авчээ.

1976 онд тэрээр цагдаагийн газрын ахлах нарийн бичгийн дарга Дебби Дэвистэй гэрлэжээ. Хоёр жилийн дараа охин Стефани нь мэндэлсэн байна. Энэ үеэр түүний өргөж авсан эцэг Томас Расселл нас барсан нь хүнд сэтгэлийн хямралын эхлэл болсон юм. Үүний үр дүнд Стивен ижил хүйстэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрбээр эхнэртээ үнэнээ хэлсний дараа тэд салцгаав.

Рассел хүн ятгах гайхалтай чадвартай бөгөөд бусдыг амархан үгэндээ оруулдаг төдийгүй ямар ч зүйлийг маш түргэн сурдаг аж. Нэг удаа тэр ижил хүйстнүүдийн уулздаг газар гэгддэг Хьюстоны цэцэрлэгт хүрээлэнд баривчлагдсан нь түүний эрүүгийн замналын эхлэл байв.

1993 оны хавар Стивен тамхи татахаар гарсан хамгаалагчдын хувцасыг өмсөж Техасын Хьюстон хотын Харрис тойргийн шоронгоос оргосон юм. Хожим нь тэрээр хуурамч бичиг баримтаар Хойд Америкийн даатгалын компанид санхүүгийн захирлын албан тушаал хашиж, данснаас 800,000 орчим ам.доллар хулгайлсан байна. Жилийн дараа тэрээр залилангийн хэргээр баривчлагдаж шоронд оржээ. Тус шоронд байхдаа тэрбээр Филипп Моррис гэдэг эртэй уулзсан бөгөөд тэд бие биедээ ухаангүй дурлажээ.

1996 онд луйварчин маань шүүгчийн дүр эсгэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, түүнд оноосон барьцааны хэмжээг 900 мянган ам.доллараас 45 мянган ам.доллар болгон бууруулжээ. 10 хоногийн дараа Рассел дахин баригдаж, Техасын шорон руу буцаагдав.

Удалгүй тэрээр хамгийн бүтээлч орголтуудынхаа нэгийг 13-ны баасан гарагийн өдөр хийхээр бэлдэж эхлэв. Тэрээр шоронгийн зургийн дугуйланд элсэн орж өдөр бүр бага зэргийн ногоон будаг хулгайлан камертаа хадгалж эхлэв. Удалгүй тэрбээр шоронгийн хувцасаа эмчийнх шиг ногооноор будсан байна. Үүний ачаар Рассел өөрийгөө эмч хэмээн итгүүлэн шоронгоос зүгээр л алхаад гарсан байна. Полиэтилен хэмээх бодис биендээ түрхсэн учраас илрүүлэгч ноход үнэрийг нь авч чадаагүй аж.

Филипп Моррис

Хоёр жилийн дараа тэрээр дахин 800,000 ам.доллар хулгайлсныхаа төлөө дахиад л шоронд орж 45 жилийн ял сонссон байна. Тэрээр хайртай зарлуу Моррисыгоо өмгөөлөгчийн дүр эсгэн шоронгоос суллуулж авсан учраас ял нь мөн нэмэгджээ.

Энэ удаа тэрбээр саатуулах байранд байхдаа ДОХ туссан хэмээн бусдад итгүүлж, хуурамч шинжилгээний бичиг үйлдээд, тусгай эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа мөн оргон зайлжээ. Эмнэлгээс оргохдоо тэрээр эмчийн дүр эсгэн гарсан байна.

Рассел 1998 онд хуурамч бичиг баримтаар зээл авах гэж байгаад дахин баривчлагдсан байна. Банкны ажилтнууд цагдаа дуудсан боловч Рассел зүрхний шигдээс болж буй мэт дүр эсгэн эмнэлэгт хүргэгджээ. Тэрбээр эмнэлэгт өөрийг нь харгалзаж байсан Холбооны мөрдөх товчооны ажилтнуудын дүрийг эсгэж, оргон зайлж чаджээ.

Гэсэн хэдий ч Расселийг дахин баривчилж, 144 жилийн хорих ял оноожээ. Үүний 99 жил нь оргон зайлах, 45 нь залилангийн хэргээр ялласан байна.

Рассел одоо газар доорх шоронгийн камерт хоногийг 23 цагийг өнгөрөөдөг бөгөөд үлдсэн 1 цагт нь салхилж, гэр бүлийхэнтэйгээ утсаар ярих боломжтой байдаг аж.

Тэрээр мөн цагдаа нарт хэзээ баригдах бол гэж санаа зовохоо больсон тул одоогийн амьдралдаа хангалттай сэтгэл хангалуун байдаг гэнэ. Стефани охин нь шоронд үе үе эргэж ирдэг. Хуучин амраг Филлип Моррис 2006 онд суллагдсан бөгөөд одоо Арканзас мужид ганцаараа амьдарч байна.

Хьюстоны сэтгүүлч Стив МакВикерийн Расселийн намтар дээр үндэслэн 2009 онд "Би чамд хайртай Филлип Моррис" (I love you Phillip Morris) киног бүтээжээ. Расселлийн дүрд Жим Керри, Филлип Моррисд Эван МакГрегор нар тоглосон байдаг.

Рассел киног үзэж чадаагүй ч интернет дээрээс хэд хэдэн бичлэгийг нь үзээд Керригийн жүжиглэлтийг магтсан байна. Энэхүү кино нь олны талархлыг хүлээсэн бөгөөд 2010 онд Техасын захирагч Рик Перрид хаягласан "Стивен Жей Расселд эрх чөлөөг олго" гэсэн интернет өргөдөл хүртэл гарч байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()