Хүн төрөлхтөн архийг хориглосноор юунд хүрэв?

Согтууруулах ундаа  муу муухай бүхний шалтгаан болдог гэсэн үзэл бүр 19-р зууны эхэн үед Их Британид  үүсжээ. Ялангуяа христ шүтлэгтнүүд архийг хүн төрөлхтөний  асуудал болсон ядуурал, нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал, нийгмийн зарим гишүүдийн ёс зүйгүй асуудал, гэр бүлийн салалтанд ихээр нөлөөлдөг гэдэгт итгэдэг байв.

Хүн төрөлхтөн архийг хориглосноор юунд хүрэв?
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

АНУ-д үндсэн хуулинд засвар оруулан архийг бүрэн хориглосон бол Шинэ Зеландад  бүхэл бүтэн 50 жилийн туршид согтууруулах ундаа хэрэглэгчдийн эрхийг бууруулан дарж байв.

Үүнтэй зэрэгцэн дөнгөж бий болж байсан дарс үйлдвэрлэгчдийн салбар бараг устаж үгүй болж байлаа. Гэвч дарс, вискинд дурлах хүний жам ёсны хүсэл сонирхлыг хэзээ ч нугачан дарж чадаагүй юм.

1. ШИНЭ ЗЕЛАНД

Эмэгтэйчүүдийн дуу хоолой

Энэ улсад архины эсрэг тэмцэлд “Хүчирхэг  Шинэ Зеланд  Аллянс” хөдөлгөөн гол үүрэг гүйцэтгэсэн. Түүний эгнээнд либералиуд, дэвшилтэт хөдөлгөөнийхөн, үндсэрхэг үзэлтнүүд, католик шүтлэгтнүүд байсан боловч шийдвэрлэх үүргийг эмэгтэйчүүд гүйцэтгэжээ.

Христийн эмэгтэйчүүдийн холбоо /WCTU/ хориг тогтоохын төлөө улайран тэмцэж байлаа. Гэр бүлийн хүчирхийлэл, хэрүүл  маргаан тухайн үед тасралтгүй гарч байсан бөгөөд тус улсын нүүр царай болсон виски, коньякын хэрэглээ “гал дээр тос нэмж” байв. Далайчдын эхнэрүүд архины хэрэглээг тууштай эсэргүүцэж байв. Учир нь далайн давалгаа, шуурга гэх мэт амь өрссөн аюулын үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн далайчид живж осолдох тохиолдол их байлаа.

Ингээд архины лицензийн тоог бууруулах, өөрийн газар нутаг дээр бүрэн хориглох тухай хуулийг хэлэлцсэн нь дээрхи хөдөлгөөний эхний ялалт байлаа. Архины худалдааг бүрэн хориглохын тулд сонгуулийн эрхтэй оршин суугчдын 50% хүрэлцэн ирж, эдгээрийн  3/5 нь “дэмжсэн” санал өгөх ёстой байв.

Гэвч саналыг зөвхөн эрчүүд өгдөг явдлаас шалтгаалан  хуурай хууль дэмжигдэхгүй байв. Эдгээр эрчүүд өөрсдийн дуртай хоббиноос тийм амар татгалзахгүй. 1893 онд Шинэ Зеландад  дэлхийд анх удаа эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй болсноор  хүнд цохилтоор хариу барьж чадлаа. Шар айраг, вискитэй тэмцэж эхлээд эмэгтэйчүүд тэгш эрх, эрх чөлөөтэй болсон нь тэдний хамгийн өндөр амжилт байв.

2. ИХ БРИТАНИ

Бүх Нийтээр Хориглох Тэмцэл

Үүгээр архины эсрэг тэмцэгчид зогссонгүй. Дэлгүүрүүдэд архи худалдах насны доод хязгаарыг тогтмол дээшлүүлж, бүх тойргуудад хатуу ундааны эсрэг идвэхтэй суртал ухуулга өрнүүлж байв. 1908 он гэхэд 12 тойрогт “хуурай хууль” бүрэн үйлчиллээ. Гэвч энэ хуулиар зэргэлдээ тойргийн нутаг дэвсгэр дээр өөрийн хэрэгцээнд зориулан согтууруулах ундаа худалдан авахыг хориглоогүй юм.

Үүнийг Ассид Корбан гэгч эр овжин ашиглаж, бараг л замын эсрэг талд жижиг дэлгүүр нээх болсон бөгөөд эндээс “чөлөөт” бүс эхэлдэг болжээ.

1919 оны 12-р сард архийг нийтээр хориглох тухай сонгогчдын 49,7% дэмжсэн санал өгсөн нь “бодит аюул” дагуулж мэдэх байв. Эх орны хувь заяаг Лондон хотод саналаа өгсөн 40000 цэргийн санал шийдвэрлэв. Тэмцэгч хөдөлгөөнийхөн ийм олон нийтийн дэмжлэгийг дахин хэзээ ч авч чадаагүй билээ. 1989 он хүртэл энэ асуудлыг нийтийн саналаар хэлэлцүүлж байсан боловч 1999 он гэхэд хуурай хууль үйлчилдэг сүүлчийн гурван тойрог согтууруулах ундааг зөвшөөрсөн байна.

18:00 цагаас өмнө амжих уралдаан

Их британичууд “гайт” согтууруулах ундааны эсрэг дуу хоолойгоо нэмэрлэж эхлэв. Тус улсын ерөнхий сайд Дэвид Лойд Жорж Дэлхийн 1-р дайны үед “Бид Герман, Австри болон архитай дайтаж байна. Үүнээс хамгийн аймшигтай нь архи” гэж мэдэгдлээ. Үүний дараа пабуудын ажиллах цаг богиносож эхлэв. Энэ жишээг Австрали  болон Шинэ Зеланд улсуудад ч үлгэрлэн дагах болжээ. Шинэ хуулиар архины төрлийн бүтээгдэхүүний бүх худалдаа, үйлчилгээг оройны 18:00 цагт зогсоов. Дайны үеийн хууль үйлчилж байсан нь ойлгомжтой ч дэлхийн их дайн дууссаны дараа ч энэ хууль, журмыг өөрчлөөгүй юм.

Ингээд Их Британи улс 1918 онд согтууруулах ундааг хориглох хуультай болж амжлаа. Эдгээр хязгаарлалтыг баримтлагч талынхан эрчүүд архи хэрэглэхийг боливол тэд эрүүл, сайхан сэтгэлтэй болж, гэр бүлдээ их цаг зарцуулна гэсэн хэт оптимист үзэлд автаж байв.

Гэвч бүх зүйл санасанаар болсонгүй

Цагийн хязгаарлалтад орсон хүмүүс “18:00 цагаас өмнө амжиж уух” гэсэн шинэ нэршилд дасах хэрэг гарлаа. Өөрөөр хэлбэл хүмүүс 17:00 цагт ажлаа тараад шууд уушийн газар очиж, хаахаас нь өмнө амжиж уух шаардлага үүсэв.

“Хуурай хууль”-ийн гайгаар төрөл бүрийн заль, хууль бус явдал, сүүдэр дагасан сөрөг асуудлууд босч ирсэн юм. Жишээ нь, олон хундага тавьж, тэдгээрийг сүүлийн минутад дүүргэх, данханд хийж авч гарах, бүр заалаар шланк барьсан үйлчлэгч явж, хурдан дүүргэлт хийх болсон бөгөөд шар айрагны торх, коктейль, дарсыг бүр мартах шахав.

Ням гарагт архийг бүрэн хориглож байсан бөгөөд зөвхөн хагас сайн өдрийг л үлдээв. Энэ өдөр л амжиж “уух” боломжтой. Тухайн үед хэрэгжиж байсан энэхүү амьдралгүй хуурай хуулийн тухай нэгэн дурсамж бичигдэн үлдсэн байдаг. “1945 онд өглөө 10:30 цагт пабд 87 хүн байсан бол 12:15-д 250 үйлчлүүлэгч тоологддог байв” гэжээ.

Зочид буудлын дэргэдэх бааруудад 18:00 цагаас хойш үйлчлүүлэх боломжтой байсан учир эдгээр буудлын эзэд тухайн газар орны хамгийн нэр хүндтэй хүнээр тодрох болсон байна.

Хөдөө орон нутагт энэ дүрмийг хатуу баримталдаггүй байв. Хяналт сул газар хамгийн түрүүнд хууль “гоожиж” эхлэв. Нэгэн тойргийн шүүгч орон нутгийн пабд зөрчил илрүүлэх шалгалт хийх зөвшөөрөл өгсөн бөгөөд харин тэр шүүгч өөрөө тухайн пабд зөвшөөрөгдөөгүй цаг шар айраг ууж байхыг цагдаа нар илрүүлсэн инээдтэй жишээ ч тасрахаа болив.

3. АНУ

Ухралт, Дарсны Анхны Карт

Архи дарс хориглосон хууль бүхэл бүтэн 50 жил үргэлжилсэн ч тодорхой ахицтай ямар ч үр дүнд хүрээгүй. Харин ч “архигүй” энэ 50 жилд хүн амд ноогдох архины хэрэглээ 40 %-иар өссөн гэх эсрэг парадокс үлджээ. 1960 оноос засгийн удирдлагууд аргагүй эрхэнд буулт хийж эхэллээ. Эхлээд ресторануудад хоол захиалах үед шар айраг, дарсаар үйлчлэхийг зөвшөөрсөн бөгөөд  1963 оноос 23:30 цаг хүртэл архины төрлийн бүтээгдэхүүн зарахыг анх удаа нээлттэй болголоо.

Үүнээс хойш 10 жилийн дараа жижиг театруудад архи худалдахыг зөвшөөрөв. Учир нь сүүлийн 50 жил театр, спортын клуб болон цэнгээнт үзүүлбэрийн газруудад архины төрлийн бүтээгдэхүүн зарахыг бүрэн хориглож иржээ. Эцэст нь 1976 онд лиценз олгох дүрмийг бүрэн хялбарчилсан ба үйлчлүүлэгчдэд өөрсдөө дарс авч ирэхийг зөвшөөрөх болсон. Ер нь ихэнх үйлчлүүлэгчид өөрсдөө дарс авчирдаг  байлаа. 1954 онд Голланд улын иргэн Отто Грён Оклендэд Gourmet төрлийн ресторан нээсэн нь богино хугацаанд хэрэглэгчдийг олноор татав. Америк уламжлал ёсоор бүх үйлчлүүлэгчид мөстэй ус бүхий ваар болон хундага өгдөг байв. Ихэнх үйлчлүүлэгч усыг зориулалтын дагуу хэрэглэхгүйгээр нууцаар авч ирсэн дарсыг түүнд хийж,  даруулга болгон уудаг байв.

АНУ-д хүн амины хэрэг 80 хувиар өсөв

1933 оны 12-р сарын 5-ны мягмар гарагийг америкчууд хэзээ ч мартахгүй. Чухам энэ өдөр АНУ-ын үндсэн хуульд 21 дэх засвар оржээ. Үүгээр 1921 оны 12-р сарын 17-ны өдрийн 17 дахь заалтыг өөрчилсөн байна. Энэ нь 0,5%-ийн спиртийн агууламжаас дээш бүх төрлийн согтууруулах ундааг үйлдвэрлэх, худалдах, зөөвөрлөх явдлыг хориглох заалт байсан юм. “Согтууруулах ундааны хуурай хууль” 13 жилийн турш үргэлжилсэн бөгөөд үр дүн нь тайвширч боломгүй байв. Хамгийн аймшигтай нь энэ хугацаанд хүн амины хэрэг 80%-иар өсөж, төсөвт 14 тэрбум долларын алдагдал учрав. Их хямралын он жилүүдэд энэ мөнгө ихээхэн шаардлагатай  байсан бөгөөд хүмүүст итгэл л  чухал байсан юм. Энэ бол шампанск, шар айраг, виски болон дарс билээ.

Бизнес ба хууралт

Үндсэн хуулийн энэ өөрчлөлт хүчин төгөлдөр болсон явдал сонгогчдын хувьд том шок дагуулсан билээ. Ихэнх нь өндөр градустай бүтээгдэхүүнүүд хориглолтонд хамрагдаж, шар айраг ба дарс чөлөөтэй үлдэнэ гэсэн бодолтой байв. Гэвч ийм зүйл болоогүйгээр барахгүй хууртагдсан сонгогчид нөөц бүрдүүлэх үйлсэд шамдан орлоо. 3 сарын хугацаанд 141 сая шил дарс нөөцөлжээ.

Цаг үеэ мэдэрсэн бизнесмэнүүд хөрөнгөжиж эхлэв. Оратио Ланса сонголт явагдах хугацаанаас хэдэн сарын өмнө ард түмний сэтгэл санааг ойлгожээ. Энэхүү худалдаачин  бараг 6 сая шил бүтээгдэхүүн худалдан авч дараа нь өндөр ашигтай зарсан гэдэг. Тэр бол АНУ-ын түүхэн дэх архины далд худалдааны эцэг болсон нэгэн гэж түүхнээ үлджээ.

Шинэ бодит байдал ерөнхийлөгч асныг ч тойроогүй юм. 1921 онд Вудро Вильсон Цагаан ордныг орхих ёстой байлаа. Гэвч шинэ хуулийн дагуу согтууруулах ундааны тээвэрлэлтийг бас хориглосон байв. Иймээс түүний зүгээс тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг Конгресст хүргүүлэх шаардлага гарчээ. Ерөнхийлөгч асны дарсны цуглуулга бүрэн бүтнээрээ зөөвөрлөгдсөн түүхтэй билээ. Ардчилал ялсан оронд захиргааны түвшинд танилтай байх сайхан хэрэг.

4. ЗХУ ба ОХУ

Орос орон архидалттай эртнээс тэмцэж байсан ч, тухай бүртээ үр дүн муутай байв. Анхны хуурай хууль дэлхийн 1-р дайны эхэнд гарсан. Энэ нь хүн амд нөлөөлсөнгүй, харин хөдөөгийн оршин суугчид “самогон” нэрж, хотуудад идвэхтэй нийлүүлдэг болоход хүргэсэн юм. Түр засгийн газар хоригийг цуцалсан боловч большевикууд харин түүнээс татгалзсангүй.

Түүнээс гадна тэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсон бөгөөд самогон нэрсэн тохиолдолд 5 жилээр хорих, олон нийтийн газруудад согтууруулах ундаа хэрэглэсэн бол 1 жил хүртэл хорьж шийтгэхээр болжээ. Энэ нь үр дүнгээ өгөөгүй бөгөөд самогоны чанар л  улам муудсан байдаг.

1924 онд засгийн газар “Аврах алхам” хийж,  30%-иас дээш хатуулагтай улсын үйлдвэрийн архийг чөлөөтэй зарлаа. 1930-аад оны 2-р хагаст  шар айраг ба дарсыг худалдаалдаг кафе, баарууд нээгдэж эхэллээ.  1937 оны 7-р сард дарс үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай тогтоол гарчээ.

Ингээд ХХ зууны сүүл үед зөвлөлтийн өөр нэгэн удирдагч Горбачев архитай тэмцэж эхлэв. 1985 онд тэрээр согтууруулах ундааны эсрэг компанит ажил зарласан бөгөөд архи болон дарс үүнд хачирхалтай байдлаар хамрагдах боллоо. Тэрээр дэнжигнэж байсан социалист дэглэмээ энэ шийдвэрээрээ түлхэн унагахад гар биеэ оролцсоноо өөрөө ч ойлгоогүй

ЗХУ-ын сүүлийн жилүүдэд ард түмний эрүүл мэндийн асуудал сэтгэл зовоох асуудлын нэг болсон тухай намын удирдах түвшинд яригдаж эхлэв.

“Архи болон архидалттай тэмцэх арга хэмжээний тухай” намын баримт бичигт: “Коммунист ёс суртахууны зарчмуудыг хатуу баримтлах нь дорд үзэгдэл болох архидалт зэрэг хортой дадал зуршлуудыг даван туулахад онцгой ач холбогдолтой” гэж бичсэн байдаг. Тэмцлийг өргөн фронтоор явуулсан бөгөөд урлаг соёлын зүтгэлтнүүдэд дарс, херес, портвейн байдаг тухай мартахыг тушаасан.

Киноны хальснаас согтууруулах ундаатай холбогдол бүхий хэсгүүдийг хаслаа. Тэр ч бүү хэл тухайн үеийн “фото шопийн” аргыг ашиглан Гагарины зурган дээрээс хундагатай зүйлийг алга болгож байлаа.  Харин ард түмэн зоригтой бас хошин байдлаар хүлээж авсан юм.

Горбачевийг “рашааны нарийн бичиг”, “сокны хүү” гэх зэргээр нэрлэж байсан бөгөөд “архигүй хурим-хэврэг гэр бүлийн эхний алхам” гэх хэлц үг бий болжээ. Засгийн газрын төлөвлөгөөнд архины үйлдвэрлэлийг жилд 10%-иар багасгах, дарснаас бүрэн татгалзах, зөвхөн жүүс уух зэрэг ажлууд тусгагдаж байв.

Согтууруулах ундааг өдрийн 14:00-19:00 цагийн хооронд, зөвхөн 1 шил архи гар дээр худалдах зарчмаар явуулах болсон бөгөөд архины үнэ 4 рублиэс 9 рубль хүртэл өсчээ. Ард иргэд  үүнд хазаарлагдсангүй өглөөнөөс эхлэн дэлгүүрийн урт дараалалд зогсох болов.

Горбачев буруутай

30 жилийн дараа 2015 онд Горбачев архиний эсрэг компанит ажил алдаатай байсныг хүлээн зөвшөөрсөн байдаг. “Худалдааг хааж, самогон нэрэх ажил руу түлхэх хэрэггүй байсан юм. Бүх зүйлийг  алгуур хийх хэрэгтэй байлаа. Толгойг нь тайрах хэрэггүй байсан” гэж тэрээр хэлжээ. Хожмоо архитай тэмцэхээр сэтгэл шулуудах бүх улстөрчдөд хэрэгтэй зөвлөгөө.

Тэр үеийн зарим үзүүлэлтээс харахад архины эсрэг компанит ажлын эхний жилд төсөв      37 тэрбум рублиэр тасарсан байдаг. Түүнээс гадна ЗХУ-д дарс идвэхитэй нийлүүлэгч социалист нөхөрлөлийн орнууд болох Болгар, Румын, Унгар улсуудтай харилцах харилцаанд сэв суусан түүхтэй.

Үүний зэрэгцээ сахарын хэрэгцээ ихээр нэмэгдсэн нь хүн ам хувиараа самогон нэрэх болсныг илтгэдэг. Хүмүүс гэртээ самогон нэрж, энэ нь ажлын хөлс мөнгөний оронд ашиглагдах болсон байна. Энэ хэрээрээ ч чанарын асуудал хурцаар тавигдаж, илүү далд хэлбэрт шилжсэнээр архитай тэмцэх Зөвлөлтийн улстөрчдийн арга мухардсан түүхтэй. Зөвлөлтийн засаглал нуран унасан бас нэг шалтгааныг архины хориг гэж түүхчид тодорхойлдог билээ.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.